Нүүрсний үнэ өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд тонн нь 186 ам.доллар байсан бол гуравдугаар сарын 10-нд 462 ам.доллар хүрсэн бөгөөд цаашлаад 500 ам.долларт хүрч магадгүй нь “Rystad Energy”-ийн судалгаанаас харагдаж буйг судлаачид онцолж байна.
Орос Украинд дайн өдүүлсэний улмаас газрын тос, байгалийн хий, никелийн үнэ гэрлийн хурдаар өсөж буйд Европ болон дэлхийн олон орон анхаарлаа хандуулж байгаа энэ үед нүүрсний үнийн өсөлт олны анхаарлын төвөөс холуур байгаа юм.
ОХУ Европын эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч. Евростатын мэдээлснээр, тул улс өнгөрсөн онд Европын холбооны гишүүн орнуудад 36 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлсэн нь нийт эрчим хүчний нүүрсний импортын 70 хувийг эзэлж байсан аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд нүүрсний эрэлт буурах хандлагатай байгаа ч Европ дахь нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүрүүд Оросын нүүрснээс улам бүр хамааралтай болж, тус улсын нүүрсний зах зээлд эзлэх хувь цаг хугацааны явцад мэдэгдэхүйц өссөөр байгаа юм.
“Rystad Energy” компанийн Нүүрс хариуцсан дэд захирал Стив Хултон “Дэлхий даяар эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл буурсан. Тодруулбал, нийлүүлэлт нь эрэлтээ л хангаж байна. Харин үнэ нь 400 ам. долларыг давсан бөгөөд 500 ам. доллар болохыг үгүйсгэхгүй” гэжээ. Шатахууны үнэ өссөөр байгаа тул Европын засаг захиргаа хийн хэрэглээ багасаж байгаа. Тиймээс цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн дутагдлыг нөхөхийн тулд нүүрс ашиглаж магадгүй юм.
ЯМАР ҮЕД НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨХ ВЭ
Хэрэв ОХУ-ын нүүрсний худалдаанд хориг арга хэмжээ авбал, эсвэл Оросын төмөр зам, боомтын тээвэрлэлтэд саад учрах юм бол нүүрсний үнэ тэнгэрт тулна. Нэмэлт эрэлт үүсэж, нийлүүлэлт хомсдох аюул зах зээлийг улам хөдөлгөж байна. Сүүлийн долоо хоногт Европ, Номхон далайн аль алинд нь нүүрсний үнэ огцом өссөн байна.
Хэдийгээр Европын орнууд нүүрсний нөөцтэй ч Германаас эхлээд битумэн нүүрс, антрацит үйлдвэрлэхээ больсон. Хүрэн нүүрсний гадарга дээрх олборлолт хийгдэж байгаа боловч импортын нүүрс нь өндөр илчлэгтэй тул дулааны цахилгаан станцуудын хэрэгцээг хангахад амин чухал юм.
Харин Польш бол Европын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувийг нүүрснээс гаргаж авдаг. Польшийн нүүрсний олборлолт 2021 онд бага зэрэг өсөж, тус улс 52 сая тонн хүрэн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар, чулуун нүүрс 55 сая тонныг олборлосон нь нэг хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гэсэн хэдий ч урт хугацааны үйлдвэрлэл нь буурах хандлагатай байгааг ажиглагчид онцолж байна.
Хэдийгээр Польш улс эрчим хүчний болон коксжих нүүрсний тодорхой хэсгийг Европын холбооны хөрш орнуудад экспортлож байгаа ч гүний уурхайн дотоодын олборлолтын өртөг нь өндөр тусаж байгаатай холбоотойгоор ОХУ-аас эрчим хүчний нүүрсний импортыг нэмэгдүүлсэн. Хэрэв Европын орнууд ОХУ-ын нүүрсэнд хориг тавибал худалдан авагчдын хамгийн түрүүнд хандах газруудын нэг нь Колумб болон Өмнөд Африкийн ханган нийлүүлэгч байх болно.
Колумбын нүүрсний олборлолт 2020 онд цар тахлын улмаас буурсан ч 2021 онд сэргэсэн. Үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 59.6 сая тонн болж өссөн бол өмнөх жил нь 49.3 сая тонн байжээ. Энэ жил олборлолт дахин нэмэгдэж, экспортын зах зээлд нэмэлт 10 сая тонныг гаргах боломжтой аж. Харин Өмнөд Африкийн нүүрсний экспорт хэдэн жилийн турш төлөвлөсөн хэмжээнээс доогуур байна. Экспорт өнгөрсөн онд 60 сая тонноос доошилж буурсан байна.
Үүнээс гадна АНУ-ын нүүрсний олборлолт хэдэн жил уналтад орсны дараа дахин сэргэж байгаа бөгөөд энэ нь нүүрсний эрэлт хэрэгцээ, дотоод болон гадаад дахь тогтвортой үнийн нөлөөгөөр нэмэгджээ. АНУ-ын эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгчид өнгөрсөн жил ойролцоогоор 36 сая тонныг экспортлохоор төлөвлөж байсан нь 2020 онтой харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ зөвхөн таван сая тонныг Европ руу гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт дутмаг, хөрөнгө оруулагчид энэ салбараас татгалзаж байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд АНУ-ын хэд хэдэн нүүрсний уурхай хаагдсан нь Европын зах зээлд, ялангуяа АНУ-ын цахилгаан станцууд эрчимтэй ажиллаж байгаа үед ихээхэн саад болж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Гэтэл манайх төмөр зам ч үгүй сууж байна. Нямдорж, Баттулга хоёр ч гай нь дуусахгүй улс юм.