ОХУ-ын эдийн засаг хүнд байдалд байгаа бөгөөд өнгөрсөн сард Украинд халдсанаас хойших анхны ам.долларын бондын төлбөрийг гуравдугаар сарын 16-нд төлөх ёстой байсан.
Москва ам.доллароор үнэлэгдсэн бондын хүүнд 117 сая ам.доллар төлөх ёстой. ОХУ Украинд халдан довтолсноос хойш АНУ, Европын холбоо тэргүүтэй орнууд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан. Хориг арга хэмжээний хүрээнд тус улсын Төв банкны 300 тэрбум ам.долларын хөрөнгийг царцааснаар рублийн ам.доллартай харьцах ханш 35 хувиар унаад байна.
Түүнчлэн барууны олон зуун фирм ОХУ-аас бизнесээ татаж гаргаад буй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Москва төлбөрөө төлөх болно. Хориг арга хэмжээнүүд ам.доллароор тооцоо хийхийг зөвшөөрөхгүй бол рублиэр төлнө” хэмээсэн. Төлбөрийг ам.доллароор бус үндэсний валютаар хийх нь өмнө төсөөлж ч байгаагүй томоохон хэмжээний дефолтыг үүсгэж болзошгүй юм. Үүнтэй холбоотойгоор Орос төлөхөөс татгалзвал юу болох уу, энэ удаагийнх дефолтуудын томоохон давалгааг эхлүүлэх үү, дэлхийн улс орнуудын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ зэрэг олон асуулт урган гарч ирж байгаа юм.
ОРОС ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ ЮУ БОЛОХ УУ
Бондыг 30 хоногийн дотор төлөх ёстой байдаг. Хэрэв Москва төлбөрөө хийхгүй бол зээлжих зэрэглэлийн агентлагууд үүнийг дефолтод тооцож, бонд эзэмшигчидтэй хэлэлцээр хийж эхэлнэ. Гэвч Оросын эдийн засгийг боомилсон байдал, өсөн нэмэгдэж буй тусгаарлалтыг харгалзан үзвэл эдгээр хэлэлцээр тийм ч таатай биш бололтой. Барууны орнууд хориг арга хэмжээ авахаа зарласнаас хойш рублийн ханш огцом унасан. ОХУ-ын гаргасан бондуудын зарим нь рублиэр төлөхийг зөвшөөрсөн заалттай ч лхагва гарагт төлөх хүүгийн төлбөрийг заавал ам.доллароор төлөх ёстой.
ОРОС ТӨЛБӨРИЙГ РУБЛИЭР ХИЙВЭЛ ЯАХ ВЭ
Засгийн газар гэрээг хүчингүй болгохыг оролдож болох юм. Энэ нь нэг ёсонд огт төлөхгүй гэхээсээ илүү "Бид төлбөрөө рублиэр төлье" гэж хэлэх арга юм.
ОРОС ОГТ ТӨЛӨХГҮЙ БОЛ ЮУ БОЛОХ УУ
Өрийн дефолт нь ОХУ-д үлдсэн цөөн тооны гадаадын хөрөнгө оруулагчдыг тус улсаас үргээж, улмаар ОХУ-ыг бүрэн тусгаарлаж болзошгүй юм. Засгийн газар дефолт хийвэл компаниуд ч дагах эрсдэлтэй. Шинээр хөгжиж буй зах зээлийн хувьд энэ удаагийн ОХУ-д тохиолдож буй үйл явдал 2020 онд Аргентинд болсон үйл явдалтай ижил төстэй гэж Стратегийн болон олон улсын судалгааны төвийн эдийн засгийн ахлах мэргэжилтэн Жерард ДиПиппо онцолжээ.
Рублийн ханш унаж, худалдан авах чадвар нь огцом унасан нь Оросын энгийн иргэдэд хамгийн их нөлөөлж байна. Хэрэв Орос өрөө төлөхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчид тус улстай бизнес хийхдээ улам их эргэлзэх болно.
ОРОС ӨӨР ЯМАР ӨР ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ
Оросын Засгийн газар тийм ч өртэй биш. Тэдний "Орос цайз" стратегийн нэг хэсэг нь балансаа гадаад валютын нөөц, тодорхой хэмжээний алтаар бүрдүүлж, өрөө бага түвшинд байлгах явдал юм. ОХУ-ын дотоод өр өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 13 орчим хувьтай тэнцэж байв. Гадаад өр нь ойролцоогоор 150 тэрбум ам.доллар бөгөөд үүний ердөө 45 тэрбум ам.доллар нь Оросын Засгийн газрын төлөх ёстой өр. Үүний дийлэнх хувийг Оросын компаниуд болон Оросын банкууд эзэмшдэг аж.
ОРОСЫН КОМПАНИУД
Хамгийн их өртэй нь газрын тосны аварга Газпром боловч Оросын газрын тос, байгалийн хийн салбар барууны хориг арга хэмжээнээс тусгаарлагдсан. Гэхдээ оросууд хориг арга хэмжээ авах вий гэсэн болгоомжлолоос болж газрын тосоо борлуулахад хэцүү байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )