Ерөнхийлөгч Владимир Путиний Украинд хийсэн цэргийн довтолгооны хариуд дэлхийн улс орнууд хориг арга хэмжээ авч буй нь Оросын эдийн засагт хүндхэн цохилт болж, Москвагийн дэмжлэгийн эх үүсвэр нь хүчирхэг холбоотон болох Хятад л болоод байна.
ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов "БНХАУ-тай хийсэн түншлэл нь бидний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, цаашлаад өрнийн зах зээл хаагдаж байгаа энэ нөхцөлд шинэ гарц болно” гэж мэдэгдсэн. Хариуд нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Хориг арга хэмжээнээс зайлсхийх, Орост дэмжлэг үзүүлэх нь томоохон хэмжээний сөрөг үр дагавар дагуулна” гэдгийг Бээжинд анхааруулаад буй.
ХЯТАД ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХЭРХЭН ТУСЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ
Хэрвээ Хятад своп шугамаа Оростой нээхээр шийдсэн бол, Москвагийн хориг арга хэмжээний улмаас тасалдаад буй технологийн эд анги, хагас дамжуулагч зэрэг импортын чухал барааг худалдан авахад шаардлагатай төлбөрийг рублиэр авч болох юм. Гэхдээ энэ нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэх эсэх, хэр зэрэг сөрөг үр дагавар авчрах нь өөр асуудал. АНУ-ын Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн Төв Азийн мэргэжилтэн Максимилиан Хесс CNBC-д өгсөн ярилцлагадаа "Хятад ОХУ-д яаж бол яаж туслах боломжтой. Гэхдээ тэд өөрсдөдөө томоохон хориг арга хэмжээ авахуулах эрсдэлтэй бөгөөд АНУ болон Барууны орнуудтай дахин худалдааны дайн хийх магадлалтай. Харин Хятадын зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй, инфляц нэмэгдэж, Ковид-19 дэгдэлт эрчимжиж буй энэ үед барууныхантай сөргөлдөх нь тийм ч сайхан санаа биш” гэжээ.
"ХЯЗГААРГҮЙ" ТҮНШЛЭЛ
Гэсэн хэдий ч Бээжин Оросын хамгийн ойрын холбоотон бөгөөд Кремлийн энэ байдлаас ашиг хүртэх боломжтой. Барууны орнууд хориг арга хэмжээ авч эхлэх үеэр Бээжин, Москва хоёр "хязгааргүй" стратегийн түншлэлээ зарлаж, АНУ-ын нөлөөг эсэргүүцэх зорилготой гэж мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Оросыг өөрийн орны "хамгийн чухал стратегийн түнш" гэж нэрлээд "Олон улсын нөхцөл байдал хэчнээн аюултай байсан ч бид Хятад, Оросын иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх болно" гэжээ. Беренберг банкны ахлах эдийн засагч Холгер Шмидинг гуравдугаар сарын эхээр хийсэн судалгааны тайландаа "Ши Жиньпин Путин хоёр илүү нягт хамтран ажиллах сонирхолтой байгаа. Кремль барууныханд асуудал үүсгэж байгаад Хятад улс баяртай байгаа бөгөөд байр сууриа ашиглан Оросын газрын тос, байгалийн хий болон бусад түүхий эдийг Ирантай хийж байсантай хэлэлцээртэй адил хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой” гэжээ.
Хятад бол Европын холбооны дараа ОХУ-ын хамгийн том экспортын зах зээл юм. БНХАУ-ын Гаалийн агентлагийн мэдээлснээр, 2021 онд Хятад, Оросын худалдаа 146.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 35.9 хувиар өссөн байна. 2021 онд ОХУ-аас Хятад руу хийсэн экспорт 79.3 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүний 56 хувийг газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн эзэлж байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын Оросоос импортлосон бараа бүтээгдэхүүн экспортоосоо 10 тэрбум ам.доллароор давжээ. Шмидинг “Орос улс Хятадыг түүхий эдийн экспортынхоо томоохон зах зээл, барууны хориг арга хэмжээг тойрон гарахад туслах суваг болгон ашиглах тодорхой. Гэхдээ тэс өөр хоёр орны хувьд энэ нь Путинээс давж гарахгүй эмзэг холбоо байж магадгүй юм" гэдгийг онцолсон байна. Хэдийгээр АНУ, Европын холбоо, “Их-7”-гийн орнууд Хятадын эсрэг хориг арга хэмжээ авч болох ч энэ нь Оросоос илүү дэлхий дахинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, барууны орнуудад эдийн засгийн хүндрэл учруулж болзошгүй юм. Хятадын эдийн засаг дэлхийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний чухал хэсэг юм.
БНХАУ ОРОСЫГ ДЭМЖИХ, ЭСВЭЛ ДЭМЖИХГҮЙ ГЭСЭН ХУВИЛБАРЫН ХООРОНД ГУРАВДАГЧ ЗАМЫГ ХАЙЖ БАЙНА
Нью-Йоркт төвтэй “Rhodium Group” судалгааны фирмийн шинжээчид гуравдугаар сарын эхээр Бээжин "Оросыг дэмжих, эсвэл дэмжихгүй гэсэн хувилбарын хооронд гуравдагч замыг хайж байгаа байх. Энэ гуравдагч зам нь "Оростой эдийн засгийн харилцаа холбоо бий болгож байгаа сувгуудыг хадгалахын зэрэгцээ Хятадын санхүүгийн байгууллагуудыг барууны хориг арга хэмжээнд өртөхийг багасгах" гэжээ.
БЭЭЖИН 90 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БУЮУ ОРОСЫН ВАЛЮТЫН НӨӨЦИЙН 14 ОРЧИМ ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ЮАНИАР ХУДАЛДАА ХИЙХ БОЛОМЖИЙГ ОХУ-Д ОЛГОХ УУ
Хятад улс хориг арга хэмжээнд өртөөгүй Оросын банкуудаар дамжуулан тус улсын пүүсүүдтэй рубль, юаниар худалдаа хийх боломжтой хэвээр байна. Өөрсдийн мөнгөн тэмдэгтээр хийж буй хоёр талын худалдааг нэмэгдүүлэхийн Бээжин, Кремль хоёр олон жил зүтгэсэн ч худалдааны дийлэнх хувь, тэр дундаа Оросын экспортын 88 хувь нь доллар эсвэл еврогоор хэвээр байна. Ерөнхийдөө шинжээчдийн олонх нь "Хятад улс ОХУ-ын хувьд өвдөлт намдаах эм л гэсэн үг. Хэрэв БНХАУ бүх свопыг зөвшөөрвөл Оросын эдийн засгийн бүх өр төлбөр, эрсдэлийг үүрэх болно.Тиймээс энэ нь эдийн засгийн хувьд тийм ч ухаалаг алхам биш байж магадгүй. Гэхдээ улс төр бол өөр зүйл” хэмээжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Орос Улс америкаар удирдуулсан нато нэртэй бүлэглэлээс эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалж байна. Энэ том гүрний асуудал манай зарим гөлагнүүдэд хүртээлгүй. Ширхэг хадаас үйлдвэрлэж чадахгүй хилээ хамгаалах 1 ш өөрийн үйлдвэрлэсэн зэвсэггүй хамгийн сул доройгоо мэддэггүй энэ шинэ үеийн түүх мэддэггүй утасны голнуудад ямар ч хүртээлгүй.
chingis haan yadrah tsagtaa daisantaigaa ch tur nuhurluj l yavlaa, tuuh unshihaar uhaan telj hunees uu ereh busdiig buruutgah setgel zugshirdeg yum, delhiin tuuh, hun turluhtnii tuuh unshutsgaaj medlegee telie
Хятадууд Оросуудын тэнэгтэлийг мэдээж их дэмжинэ, сүйрсэнийх нь дараа Оросыг дуртай янзаараа л ”Бамбирдана” даа. Тэр нь нэг их удахгүй л болно, бид нар харна