“ТВ8” телевизээс бэлтгэн хүргэдэг “Эрэл” сурвалжилга багийнхан “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсад хэр ашигтай эсэх асуудлыг хөндөж, цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэд энэ удаад УИХ-ын гишүүдээс уг гэрээний талаар хэр мэдээлэлтэй байдаг эсэхийг тодруулж, “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх, улмаар нийтээрээ хэлэлцэх цаг нь болсон гэх асуудлыг хөнджээ. Эл асуудлыг “76 ба НЭГ СЭДВЭЭР” буландаа онцолж, гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс л батлагдаж гардаг. Тэнд л бүх мэдээлэл нь байгаа байх даа. Түүнээс ямар ч мэдээлэлгүй байна. Харин “Петрочайна дачин тамсаг”-тай байгуулсан эрх шилжүүлэн авсан бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар судалж үзээд эргээд байр сууриа илэрхийлж болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авсан бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ямар нэгэн мэдээлэл алга. Ер нь бол энэ гэрээ их олон жил болж байгаа шүү дээ.
Бид чинь нефтийн үйлдвэртэй болно. Нефтийн үйлдвэрийнхээ гол түүхий эдийг тэндээс л авна. Тэгэхээр эртхэн тэдэнтэй яриа хийж, тэдэнтэй гэрээгээ хийж, тэр гэрээндээ тусгаад нефтийн үйлдвэр бэлэн болоход шууд л бүтээгдэхүүнээ авдаг нөхцөл байдлыг л бэлэн болгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Надад ямар ч мэдээлэл алга. Судлаагүй байна, судалж байгаад хариу тайлбар хэлье.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Одоогоор бол “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар мэдээлэл алга. Өмнө дэд сайд, Засгийн газрын сайдаар ажиллаж байхдаа мэдээлэл авч байсан. Ойрд УИХ-ын гишүүдэд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Яах вэ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа тэнд ажиллаж байгаа Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлт зөрчигдөж байгаа эсэх, нийгмийн хамгаалалттай холбоотой асуудал нь шийдэгдэхгүй байгаа зэргээр үг хэл гардаг байсан. Бид тухайн үед Ажлын хэсэг дээр ажиллаж байсан асуудал бол бий. Одоогоор бол бүтээгдэхүүн хуваах гэрээний биелэлт, нөөц, Засгийн газрын хүлээсэн мэдээлэл зэрэг нь бол алга байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ер нь тодорхой мэдээлэл бол алга. Байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж, газар дээр нь очиж ажиллах хүсэлт тавьсан. Намрын чуулганы үеэр ажиллаж чадаагүй. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр асуудлыг дахин хөндсөн. Ажлын хэсэг очиж ажиллах байх. Миний ойлгож байгаагаар бол 1990-ээд оны эхээр Америкийн компани лицензийг авсан. Тэр үед жигтэйхэн хачин сайхан юм болох нь гээд л гадаадын гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирж байна гэж л ярьж байсан. Яг бодит байдал дээр бол “Оюутолгой”-той адилхан.
Нөгөө ашиг харж байгаа гадаадын компани чинь аргагүй шүү дээ. Хятадын компанид өгчихөөд яваад өгсөн. Одоо үүсэж байгаа нөхцөл байдал дээр анхаарал тавихгүй бол нефть дотооддоо үйлдвэрлэнэ гэж том зорилт тавьсан, Дорноговь аймагт үйлдвэр нь баригдаж байна. Гэтэл түүхий эдээ хаанаас нийлүүлэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Миний авсан мэдээллээр бол нефть бүтээгдэхүүний 24 хувь нь л Монголд үлддэг юм билээ. Ийм л гэрээ тэр үед хийсэн юм билээ, дэндүү харамсалтай. Энэ гэрээг өөрчлөх гэж 2013 онд Х.Болорчулуун гишүүн чадаагүй. Уг нь, нэмэгдүүлээд 50, 50 хувь болгоё гээд чадаагүй. Энэ гэрээ өөрчлөх ёстой. Баялаг ордуудаа хэдхэн хувийг нь авч үлдээд байхад эдийн засгийн хүндрэл, улс орны асуудлыг шийдэх юм. Энэ гэрээг хамгаалдаг хүмүүс байдаг. Манайд байгаа ганц, хоёр хүн л энэ гэрээний улаан хамгаалагч болоод явж байдаг.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Мэдээлэлтэй байж болно гэхдээ та нар байнгын хороо, УИХ, Засгийн газрын хуралдаанаар орсон үед нь асуух ёстой. Түүнээс хувь гишүүнийхээ талаас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгмөөргүй байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Надад ямар нэгэн мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Энэ асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Ажлын хэсэг одоогоор мэдээллээ цуглуулж байна. Учир нь, өнгөрсөн жил ярьж байж төрийн аудит оруулсан юм. Бүх талынх нь мэдээллийг авч байгаад ярихгүй бол дутуу мэдээлэл яваад байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Гэрээг нь хараагүй. Миний хувьд Монгол Улстай гэрээ байгуулаад гэрээнийхээ дагуу явж байдаг л гэсэн ойлголттой байна. Өөр ямар ч мэдээлэл, ойлголт алга.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ямар ч мэдээлэл алга, гэрээг нь хараагүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Гэрээг уншаагүй, хараагүй. Ямар нэгэн мэдээлэл алга. Өмнө нь Монгол, Хятад ажилчдын харьцааны асуудал, олон Хятад иргэд ажиллаж байна, Монгол иргэдийн цалингийн зөрүүний асуудлаар уулзалт хийж, тодорхой шийдвэр гаргаж байсан. Бусдаар бол тодорхой мэдээлэл алга байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Гэрээний талаар мэдээлэл алга. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад олон жил болчихлоо шүү дээ. Хятадын тэр компани нь ямар гэрээгээр юм аа дамжуулдаг юм, мэдэхгүй. Миний ойлгосноор хяналт их тааруу байдаг гэж боддог. Гэрээ нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа л явдаг болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нээх сайн мэдээлэлгүй байна. Гэрээг нь хараагүй.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Гэрээг нь хараагүй, компанийн талаар сонсоогүй.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Гэрээний талаар мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Гэрээг нь хараагүй, тэр талаар “А” ч мэдлэг алга, мэдээлэл алга. Хуулийг нь өөрчлөхгүй л бол болохгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэр талаар мэдээлэл байхгүй болохоор ярих боломжгүй байна. Ер нь манай УИХ дахь АН-ын бүлгээс ярилцахаар холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авахаар болсон. Дараагийн бүлгийн хуралдаанаар асуудлыг хөндөж, зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаад хариу хэлье.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Гэрээг нь харсан. Танай цуврал нэвтрүүлгийг үзсэн, нэлээд ойлголттой байгаа. Одоо УИХ-ын холбогдох байнгын хороогоор холбогдох хүмүүсийг нь дуудаж, сайн мэдээлэл авна. Тэрний дараа Ажлын хэсэг гаргаж, тухайн газарт нь очиж ажиллана. Тэр үед нэлээн мэдээлэлтэй болох байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Надад ямар ч мэдээлэл алга. Мэдээллийг нь авч байгаад тайлбар хэлэх нь зөв байх. Судалж үзье.
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан: Гэрээг хараагүй. Гэхдээ ерөнхий мэдээлэл бол байна. Харин нарийн мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Тэр гэрээг дуулаагүй юм байна. Анх удаа л сонсож байна.
УИХ-ын гишүүн Б.Булгантуяа: Гэрээг хараагүй, компанийн талаар ямар нэгэн мэдээлэл алга.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хараагүй, яг тодорхой хэлчихээр мэдээлэл алга. Та нар гэрээг хаанаас авсан юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Мэдээлэл алга, гэрээг нь хараагүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй байдаг гэдэг л мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Гэрээг нь бол хараагүй. Дорнодод байдаг талбай. Байгаль орчин сүйдэж байна, орон нутгийн ажилчдын асуудал хурцаар тавигддаг. Улсын төсөвт жин дарах хэмжээний хөрөнгө орж ирдэг гэж ойлгодог.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Гэрээг нь мэднэ. Яг энэ газрын тосны салбарт ажиллаж байсан, ажил хөдөлмөрийнхөө гарааг тэндээс эхлүүлсэн. Дөрвөн жил гаруй хугацаанд газрын тосны салбарт ажилласан, жаргал зовлонг нь сайн мэднэ. Хамгийн анхных гэж хэлж болохоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн нэг нь “Петрочайна дачин тамсаг” байх. Ерөнхийдөө анхдагч хоёр, гурван гэрээ бий. Ашигтай, ашиггүй гэдгийг ярихаасаа эхлүүлээд байгуулсан гэрээнүүд газар, тэнгэр шиг ялгаатай болоод байгаа юм. Эрх зүйн орчин талаасаа гэрээг сайжруулж ажиллах хэрэгтэй. Энэ бол УИХ-ын анхаарч ажиллах зүйл мөн юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Бүтээгдэхүүн хуваах гэрээг хараагүй. Газрын тос олборлодог гэдэг л мэдээлэл байна. Гэхдээ тэр 26 хувийг судлах хэрэгтэй. Нэг талаас Монгол Улсын эрх ашиг хангагдаж байна уу гэдэг асуудал хөндөгдөх нь тодорхой. Нөгөө талаас хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх нь их чухал шүү дээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нарийвчилж бол хараагүй. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчилж, шинэчлэхгүй бол манайхаас хилээр үнэ дээр алдаа их байна гэдэг асуудал хөндөгдөж байсан. Бид бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой өөрчлөлтийн талаар тухай үеийн Сангийн сайдад өгч байсан. Сангийн яамнаас Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэж ойлгож байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хараагүй, сүүлийн үед маш олон сэтгүүлч асуугаад байх шиг байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаарх мэдээллийг УИХ дээр сонсчихмоор байгаа юм. Өнөөдөр дайны байдалтай байгаа үед Монгол Улс нефтээ хаанаас авах вэ, цаашид өөрсдөө үйлдвэрлэх нь зүйтэй гэж яриад байсан шүү дээ. Газрын тос олборлох, хайх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Сү.Батболд: Гэрээний талаар тодорхой мэдээлэл алга байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би нарийн хараагүй, үзээгүй. Олон жилийн өмнө байгуулсан гэрээ байх ёстой. Тиймээс судалж үзэх нь зүйтэй байх. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж ерөнхийд нь л мэдэж байна. Өнөөдөр надад хэлэх зүйл алга.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Петрочайна дачин тамсаг”-тай танилцах Ажлын хэсэг байгуулж ажиллана гэж өнгөрсөн онд төлөвлөсөн юм. Цар тахлаас болж хойшлуулчихсан байгаа. Гэхдээ ирэх сард явж үзнэ, холбогдох хяналтын байгууллагыг оруулсан хэлэлцүүлгийг хийнэ. Харин бүтээгдэхүүн хуваах гэрээг бол харж байсан, хэдэн хувь гэдгийг нь бол сонсож байсан.
Сэтгэгдэл ( 7 )
Авдартаа байгаа алтаа мэдэхгүй гэрийн эздээр яанан бэ ? Тэнэг хогнууд шүү
Хамгийн ПОП хариулт өгсөн нь Ж.Ганбаатар байна хаха. Мэдэхгүй л гэвэл барав байгаа даа
Мэдэх ёстой юмаа мэддэггүй мануухайг яах вэ. Авдран доторхи юмаа мэддэггүй гэрийн эзэн байх ёсгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргадаг шүү дээ
Монгол улсыг ийм арчаагүй байдалд хүргэсэн, замыг нь маш сайн тавьж өгсөн очирбат гэгчээс асуух хэрэгтэй, тэр хүн ял эдлэх, элбэгдорж ял эдлэх цаг ирэхээр л наад асуудал чинь тодорхой болно байх
Fitec гэрээ мэддэг хүн энэ 76 мануухай дотор ганц ч байхгүй ээ. Боловсролгүй тэнэг бөхчүүд, дуучид, сэтгүүлчид, наймаачдаар дүүрсэн ийм парламентаас олигтой юм гарахгүй. Харин ЖДҮ, ХБ-ны луйврын зээл мэтийн юм л гарна. Хууль хяналтын олигтойхон шиг дарга нартай бол амархан цэгцэлж болох асуудал. Эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг хогийн новшнууд хяналтын байгууллагуудад шигдчихсэн байхад хөгжил яриад ч хэрэггүй.
Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орох нь асуудалтай. Баярлаад хэрэггүй
Та нар арй бишээ монгол хүн мөн үү\nЭх ороноо ямар байхыг бүнд мэдэхгүй\nЕр нь та нар уих нишүүд юу хийдэг хүмүүс бэ \nГадныхан наад та нарын нүдэн дээр эх оронг минь тоноод идээд суулаа\nАрайчдээ та нар Мэдээгүй Хараагүй Сонсоогүй гээд Ам Нүд Чихээ тагласан Сармагчин шиг\nИчиж үхмээр бялдууч гайхайнууд мэргэжил мэдлэг байхгүй зүгээр хүн сүгүүд