Багш минь 1947 онд долоодугаар анги төгсөөд Сайншандаас 16 настай нийслэл Улаанбаатар хотыг зорьсон хүн. Улмаар МУИС-ийн бэлтгэл ангид бүртгүүлж онц дүнтэй сураад, бүрэн дунд боловсролтой болж дэвшсэн бөгөөд МУИС-ийн Сурган хүмүүжүүлэх тэнхимд Түүх, эрх зүйчийн ангийн оюутнаар суралцаж 1953 онд багш хэмээх эрхэм дээд мэргэжил эзэмшсэн байдаг.
Аймагтаа ирээд Сайншанд сум /хот/-ын Ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуульд багшилж байхдаа та манай тавдугаар ангийн “А” бүлэг хариуцан авч “Б” бүлэгтэй нэгтгэн, 1958 онд анх наймдугаар анги, 1960 онд аравдугаар ангийг төгсгөснөөс эхлэн, номын их ач буянаас тань мэдэх төдийгөө товчхон дурсая.
Таны сургалтын арга, холч ухаан, ээжийн энэрэл ивээл сурлага, сахилга тааруу намайг МХЗЭ-д элсүүлж урагш тэмүүлэх урам хайрлан, ангийнхаа идэвхтэн нартай эн зэрэгцэх боломж олгосон их ач буяныг өчүүхэн шавь нь мартаагүй ээ.
Сургуулийн дотуур байранд өнчин ядуу намайг оруулаад хичээлд шамдуулахын зэрэгцээ, номонд дотно нөхөрлүүлж дотоод гадаадын шилмэл, сонгодог зохиол уншиж ертөнцийг танин мэдрэх гэгээн алс руу хөтөлсөнд их баярладаг шүү.
Миний өчүүхэн авьяасийг дэмжиж, морьт баатар дүрсэлсэн бал харандаан таталбар, өргөн үзгээр дармалдсан гарчиг мэтийг ихэд үнэлж “Чи чадна, аа” гэж ангийн ханын сонины толгой, заавал унших номын жагсаалт гэх зэрэг зүйлийг зурж бичүүлдэг байсан нь хариуцуулсан ажилд нягт нямбай хандаж, итгэл даах дадалд зүгшрүүлэн, насан туршдаа суралцаж мэргэших төлөвшил олгосон юм.
Багш минь наймдугаар анги төгсгөсөн “Бүрэн бус дунд боловсрол” гэрчилгээг, “Барилгын салбарт үргэлжлэн суралцаж мэргэжилтэй ажилчин болгох илгээлт”, албан томилгооны хамт надад 1958 онд гардуулж өгсөн нь ажил амьдралын гарааны зурвас, боловсролын шат өөд өгсөх гишгүүрт хүргэсэн баярт мөч гэж санадаг. Багшийн сонгосон “Зураг төсөлч” мэргэжлээр “тусгай” бүрэн дунд боловсролтой болсон минь, АИХ-ын депутат таны итгэлийн хариу анхны том амжилт байлаа.
Барилгын зургийн инситутд техникчээр гурван жил ажиллаж, Болгар улсын София хотод хуваарь авч суралцан, Архитектор мэргэжил эзэмшээд, таны минь ерөөл бүрэн биелэж, салбарын их бүтээн байгуулалтад оролцохоор алс хэтийн ажил, амьдралын хариуцлагатай аян замыг шавь нь 1969 онд тууштай зорьсон билээ. Архитектурын боловсролоор мэргэшсэн, Техникийн шинжлэх ухааны магистр “Зөвлөх Архитектор”, Монгол Улсын тэргүүний, Алдарт барилгачин болсон шавьдаа та итгэх буй заа. Таныхаа зааж замнасан боловсрол, гэгээрлийн замаар тань шат алгасалгүй шавь нь мацаж явна даа. Миний ижил амьдралын их зам руу гарахыг яарсан анд Гадас, Элбэгбаяр, Маниа Ухнаа, Дондог, Маршаал зэрэг олон сурагчдын угтах ирээдүй өөд маш гэгээлэг харж, ажил мэргэжлээ оновчтой сонгоход шуурхай тусалсан ачийг тань бид нар хэзээ ч мартах ёс үгүй. Наймдугаар ангийг хамт төгссөн андууд минь, авто тээврийн манлай аваргууд эзэмшсэн мэргэжлээрээ төр түмэнд үнэлэгдэж хүндлэгдэн, Европ, Азийн орноор аялан өнөр бүл тэргүүлээд, Аймаг сумандаа одоо амар мэнд жаргаж сууна.
Сайн сайхан амьдарч байгаагаа нутгийн олон түмний их тус, багш Г.Долгоржав Таны минь ач буян хишиг гэж шавь бид нар хойч үедээ байнга захидаг шүү.
Ачит багш Г.Долгоржавын гар дээр 1958 онд анхны наймдугаар ангийг хамт төгсгөсөн Г.Элбэгбаяр Д.Маршаал Ма.Ухнаа, мөн аравдугаар ангийг нь 1960 онд анх төгсгөсөн Ардын жүжигчин Д.Ухнаа нарын хүсэлтийг нь доор уламжилахын ялдамд та бүхэндээ ажлын өндөр амжилт, сайн сайхны дээдийг хүсье. Буянтай багш тандаа болон гэр бүлд тань, мөн олон зуун шавь нарт нь эрүүл энх, сайн сайханы дээдийг хүсээд, урт насалж өнө удаан жаргах өлзийтэй ерөөлийг дээш өргөн дэвшүүлж байна.
А.Дагвасамбуу
/Монгол Улсын зөвлөх Архитектор ахмад Эксперт/
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )