Орос, Украины дайнаас хэн ашиг, хэн алдагдал хүлээх вэ!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

ОХУ Украинд  цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн нь зарим оронд ашигтай тусаж байгаа бол нөгөө хэсэгт нь сөргөөр нөлөөлж буй. Одоогийн байдлаар хоёр тал дайсагналцсан хэвээр, улс төрийн шийдэлд хүрээгүй байгаа тул хүний амь нас болоод  эдийн засагт асар их хэмжээний хохирол учирсан хэвээр байна. Гэхдээ ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа тасалсны  улмаас Европын холбоо ихээхэн хохирол амсаж буйг ажиглагчид онцолж байгаа юм.

Европын орнуудын  гол сорилт нь  Оросын газрын тос, байгалийн хий, металл болон бусад түүхий эдийн импортыг өөр орноор орлуулах явдал юм. Энэ нь Европын холбооны  эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлнө.

Гэхдээ  Оросын түүхий эдийг орлуулж болно гэдгийг мартаж болохгүй.  Газрын тосны хувьд тийм ч их хугацаа шаардагдахгүй, харин Оросын  байгалийн хийг орлуулахад амаргүй гэдгийг шинжээчид хэлж байна. ОХУ-аас хэр хэмжээний байгалийн хий импортлодогоос шалтгаалан орлуулах эх үүсвэр олоход нэг орчим жил шаардлагатай гэнэ. Нөгөө талаас  Европын холбоо Украины дүрвэгсдэд анхаарал тавих ёстой. Энэ мэдээж амар ажил биш. Европын олон орон нийгмийн хөтөлбөрүүддээ илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Гэхдээ  энэ нь дунд хугацаанд Европын холбоонд ашигтай гэнэ.

Исламын орнуудаас ирсэн цагаачдаас ялгаатай нь украинчууд соёлын хувьд европчуудаас тийм ч их ялгаатай биш. Тэд илүү боловсролтойгоос гадна, илүү хурдан дасан зохицох бөгөөд эдийн засгийн хувьд энэ нь хүн ам зүйн томоохон сэлбэлт болох аж. Тиймээс Европын холбооны хувьд Орос, Украины дайн бүхэлдээ ялалт байх болно гэдгийг RT агентлаг онцолжээ. Харин АНУ-ын хувьд гаднаас нь харахад Оросын нефтийг хориглох нь дотооддоо зарим сөрөг үр дагавар, тухайлбал хийн үнэ өсөх зэрэг хүндрэл учруулж болзошгүй юм. Гэсэн хэдий ч Вашингтоны гол бэрхшээл өөр газар байгаа аж. Учир нь, Украины хямрал НАТО болон ОХУ-ын хооронд дайн болж хувирч магадгүй хэмээн Америк бас санаа зовж байгаа юм.

Хэт туйлширвал энэ нь цөмийн зэвсгийн хурцадмал байдалд хүргэж болзошгүй. Вашингтон Москваг хязгаарлах ёстой. Гэхдээ хурцадмал байдлаас зайлсхийхийн тулд тодорхой хилийн хүрээнд ажиллах болно.  Харин бусад зүйл  дээр АНУ ашиг олох нь гарцаагүй гэдэгтээ судлаачид санал нийлж байна. Нөгөө талаас  НАТО улам бүр өргөжин тэлж магадгүй байна. Төвийг сахисан Швед, Финландын гишүүнчлэлийн асуудлыг одоо хэлэлцэж байгаа бөгөөд хоёр ч улсаар хүрээгээ тэлэх нь. Хэрэв Хельсинк НАТО-д элсэх юм бол уг эвслийн  хүч Оросын баруун хойд бүс нутгийг хамарна.

Онолын хувьд АНУ ч мөн адил нөөцөө Европ руу шилжүүлэх хэрэгцээг өөртөө ашигтайгаар ашиглаж болох юм. Одоо америкчуудын хувьд  Оросыг дэлхийн зэвсгийн зах зээлээс шахах нь илүү хялбар байх болно. Хятад, Энэтхэг Оросын зэвсгийн гол хэрэглэгч хэвээр байх ч АНУ-ын хүчтэй шахалтаас болж Москва бусад зах зээлд өрсөлдөхөд хэцүү байх болно.

Европын холбоо болон АНУ-аас ялгаатай нь Хятад улс өнөөгийн хямралаас маш бага алдагдал хүлээхээр байгаа аж. Сүүлийн үед  Вашингтоны Бээжинд үзүүлэх цэрэг, улс төрийн дарамт багасаж байна. ОХУ-ын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр Хятад улс барууны хамтын нийгэмлэгээс чөлөөлөгдсөн Оросын зах зээлийг эзэмших эрхтэй болох юм. Цаашилбал, Хятад улс Оросын санхүүгийн гол түнш болох хандлагатай байгаа бөгөөд энэ түншлэл нь Хятадын талд ихээхэн ашигтай тусахаар байгаа юм. Ийнхүү Бээжин хойд болон зүүн хойд хил дээрээ байр сууриа улам бэхжүүлж байна.

Харин Японы хувьд алдагдал нь ашгаас давах эрсдэлтэй. Японы хувьд Оростой энхийн гэрээ байгуулах хэтийн төлөв бүрхэг болж байна. Сөргөлдөөн  эхлэхээс өмнө Орос, Япон хоёр хэлэлцээр мухардалд орох нь тодорхой байсан. 2014 оны үйл явдлын дараа Токио тэнцвэртэй, прагматик гадаад бодлого баримталж, Оросын эсрэг гол төлөв бэлгэдлийн чанартай хориг арга хэмжээ авч, Оросын зах зээлд идэвхтэй байж, Москватай сайн харилцаатай байсаар ирсэн. Харин 2022 оны хоёрдугаар  сарын 24-нд болсон үйл явдлын  дараа Япон энэ арга барилаасаа татгалзаж, АНУ болон Европын холбооны талд зогсохыг сонгосон. Тэгвэл Орос, Украины хямралд бараг өртөхгүй орны тоонд Энэтхэг орж байна.

Дели Москватай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагаанд саад учруулах оролдлогыг таслан зогсоох болно. Ерөнхийдөө хямралын үр дүнд Хятад улс улам бүр хүчирхэгжиж байгаа нь Энэтхэгийн хувьд асуудал болж магадгүй байгаа аж.  Украины хямрал нь өөр  хэд хэдэн оронд ашигтай байж магадгүй гэнэ.  Тухайлбал,  Венесуэль, Иранд хамгийн ашигтай тусахаар байгаа аж. Вашингтон Оросын нефтийн импортыг хориглосны улмаас учирсан хохирлыг нөхөхийн тулд Венесуэль болон Иранд авсан хориг арга хэмжээгээ цуцлахаар байгаа юм. Венесуэль АНУ-ын зах зээл дээрх Оросын импортыг орлох боломжтой бол Николас Мадурогийн дэглэм тайван амьсгалах боломж бүрдэж, гадаад валютаар тодорхой хэмжээний ашиг олох боломжтой болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатарчулуун(139.5.217.73) 2022 оны 03 сарын 25

Орос 200 тэрбум $ дайны төлбөрт унах нь тодорхой

0  |  2
Top