Дөрөвдүгээр сарын 7, 8-нд зохион байгуулагдах Монголын Эдийн Засгийн чуулганыг угтан энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд өчигдөр /2022.03.22/ "Төрийн бүтээмжийн сэргэлт" хэлэлцүүлэг зохион байгуулагдаж дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
"Төрийн бүтээмжийн сэргэлт" хэлэлцүүлэгт оролцогчдын байр сууриас хүргэе.
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо:
Цахимжилттай холбоотой төсвийг оновчтой, үр дүнтэй зарцуулах хэрэгтэй
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд томоохон ажлууд хийгдэж байна. Төрийн бүтээмжийн сэргэлт хэлэлцүүлгийн хүрээнд төрийн өмчит компанийн засаглал, үйл ажиллагааны ашигтай байдлыг сайжруулахын тулд эрх зүйн ямар шинэчлэлт хийх вэ гэдэг дээр төвлөрч ярилцсан. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд яаж хүнд сурталгүй хүргэдэг байх вэ. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг яаж хурдан нэмэгдүүлэх вэ. Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, хурдан шуурхай олгодог болох, процессын хувьд хялбарчлах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх явцад төрөөс хийдэг хяналт, шалгалтыг давхардуулахгүй байх, иргэддээ, бизнес эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлдэг байхын тулд хууль эрх зүйн хүрээнд ямар шинэчлэлт хийх шаардлагатай вэ гэдэг дээр төвлөрч ярилаа.
Шинэ сэргэлтийн бодлого батлагдахад, нэн тэргүүнд УИХ-аар батлах шаардлагатай хуулийн жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад Зөвшөөрлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулиуд орсон. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлууд хэлэлцэгдэх байх.
Мөн хэлэлцүүлгийн хүрээнд мэдээллийн технологи, цахим шилжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэдэг болоход зайлшгүй шаардлагатай зүйл бол цахим шилжилт. Нэг талаас бид цахимжуулах нь чухал боловч гол нь төсвийг үр дүнтэй зарцуулах, цахимжилттай холбоотой төсвийг аль болох оновчтой дэд бүтцүүдэд зарцуулах, төрийн цахим үйлчилгээ илүү хүртээмжтэй байх, иргэн бүрт хүрч үйлчилдэг байх зэрэг асуудлууд яригдлаа.
Шилэн кабель хаана хүрсэн байгаа билээ, алслагдмал бүсэд амьдарч байгаа иргэддээ яаж интернэтийн үйлчилгээг хүргэх вэ. Мэдээллийн технологийн ололт амжилтыг иргэддээ тэгш хүртээмжтэй хүргэх вэ гэдэг асуудлыг бодлогын хэмжээнд сайн судлах хэрэгтэй. Цахим шилжилтийн хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл зайлшгүй шаардлагатай.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Сангийн яамнаас санаачилж, боловсруулсан. Мэдээллийн технологийн салбарт төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах вэ. Мэдээллийн технологийн компаниуд юу хүсээд байгаа юм бэ гэдэгт төвлөрч хэлэлцлээ. Цахим шилжилтэд шаардлагатай ажлыг төр дангаараа хийж чадахгүй. Төр юу хүсээд байгаагаа зөв тодорхойлоод, компаниуддаа нээлттэй хэлэх юм бол, компаниуд хамтарч ажиллахад бэлэн шүү гэдгээ хэлж байна.
“Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар:
Хувийн хэвшлийнхэн асуудлыг том зургаар хардаг болсон
Төр аж ахуйн ажлаасаа салах алхмууд хийж байгаа нь таалагдаж байна. УИХ, Засгийн газар төрийн хүнд суртлыг багасгах, хөгжлийг түргэтгэх хэд хэдэн уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан. Маш сайн үр дүнд хүрэхийн тулд бид ярилцаж байна. Хууль эрх зүйн орчин илүү сайжрах хүлээлт байна.
Хувийн хэвшлийнхэн асуудлыг том зургаар хардаг болсон. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Тэргүүлэгчид том төслүүдийг хэрэгжүүлж байж монголчуудын амьдрал дээшилнэ гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Олон нийтийн хувьцаат компани байгуулаад аль нэг том төслийг төртэй хамтраад хэрэгжүүлье. Төслүүдийн ТЭЗҮ хийх болон судалгаа шинжилгээ хийхэд хувийн хэвшил хурдтай манлайлж ажиллах боломжтой.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:
Төр хувийн хэвшлийн түншлэл Шинэ сэргэлтийн амин сүнс нь байх ёстой
МҮХАҮТ, Сангийн яамтай хамтран хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Олон компаниудын өмнө тулгамддаг асуудлууд энэ хуулийн төсөлд тусгагджээ гэдэгтэй санал нэгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг энгийнээр авч үзвэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэх үйл явц.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 орчим их наяд төгрөгийн санхүүжилт шаардах 90 гаруй төсөл яригдаж байгааг бид эдийн засгаа тэлэх том боломж гэж харж байна. Төр хувийн хэвшилдээ итгэл үзүүлж, дэмжих замаар үүнийг шийдэх боломжтой. Нөгөө талаас төр өөрөө хамтын түншлэлд бэлэн үү, хувийн хэвшлийнхэндээ бүрэн дүүрэн итгэж байна уу гэдэг асуудал байна.
Дотоодын аж ахуйн нэгжүүддээ итгэж, дэмжихгүй бол гадны хөрөнгө оруулагчид яаж итгэж манай улсад хөрөнгө оруулах вэ?
Дэлхийн танхимуудын конгресс АНЭУ-ын Дубай хотноо 11 дүгээр сард болсон, төр, хувийн хэвшлийн түншлэл, ойлголцол, танхимуудын цахимжилтын талаар яригдсан цаг үетэй давхцаад ХАҮТ-ын тухай хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Хуулийн төсөлд бүх салбарын уялдаа холбоог хангасан, хэвтээ болон босоо интеграцийг маш зөв уялдуулсан.
Төрийн дангаараа хийх гэж буй төсөлд хувийн хэвшлийн оролцоог хангая, хувийн хэвшлийн төсөлд төрийн концессын олон хэлбэрүүдийг нэвтрүүлье гээд хамтрах боломжтой төслүүдэд зөв уялдаа холбоог нь хангах зорилготой төслийн нэгжийг байгуулсан.
Төр хувийн хэвшлийн түншлэл нь Шинэ сэргэлтийн амин сүнс нь байх ёстой. Төр хатуу итгэл үнэмшилтэйгээр аж ахуйн үйл ажиллагаанаас татгалзчих, төрд байгаа 106 компанийн ихэнх нь алдагдалтай, цөөн хэдэн компанийнхаа орлогоор нийт алдагдлаа балансалдаг. Хувьчлах юм бол илүү ашигтай. Эцсийн дүндээ үр дүн, гарц чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, хувийн хэвшил тэлэх тусам татварын орлого нэмэгдэж, итгэлцэл бий болно” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
ЗА ДАА ЭНЭ БАРДАК ГАНБААТАР ЮУ ХЭЛЭХ ВЭДЭЭ