Хоёр жил завсардсан хүүхдийн насан туршийн орлогын алдагдал 1.25 их наяд ам.доллар болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Энэтхэгийн 15 мужийн 1400 орчим сурагчдын дунд явуулсан судалгаагаар хөдөө орон нутгийн хүүхдүүдийн ердөө найм, хот суурин газрын хүүхдүүдийн 24 хувь нь онлайн сургалтдаа тогтмол хамрагдсан байна.

Энэтхэгийн оюутнууд болон сурагчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бараг л танхимаар хичээллээгүй. Гэхдээ Энэтхэг ганцаараа биш, дэлхий даяар 1.6 тэрбум хүүхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургууль завсарджээ.

Судалгаанаас харахад  бага, дунд орлоготой орнууд өндөр орлоготой орнуудаас урт  хугацаанд сургуулиа хаасан байна. Өмнөд Ази, Латин Америк, Африкийн зарим хэсэгт сургуулиуд 80 гаруй долоо хоногийн турш бүрэн хаагджээ. 2022 оны нэгдүгээр сард сургуулиудаа дахин нээсэн Уганда улс 82 долоо хоногийн турш бүх шатны сургуулиудаа хааснаар жагсаалтыг тэргүүлж байгаа аж.

Азийн хөгжлийн банкнаас 2021 онд хийсэн судалгаагаар Азийн бага, дунд орлоготой айл, өрхүүдийн дөнгөж 41 хувь нь интернетэд холбогдсон байна. Баруун болон Төв Африкт интернетийн хүртээмж хязгаарлагдмал, хөдөө орон нутгийн нийт өрхийн дөнгөж 26 хувь нь телевизтэй байжээ.

Түүнчлэн Пратхам хэмээх төрийн бус байгууллагын судалгаагаар Энэтхэгийн алслагдсан бүс нутагт амьдардаг сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдийн дөнгөж 68 хувь нь ухаалаг утас эзэмшдэг нь тогтоогджээ. Харин тэдний дөрөвний нэг нь л утас ашиглах боломжтой байсан учраас тэд бараг хоёр жил сургуульд сураагүй гэсэн үг юм. Түүнчлэн гурав болон тавдугаар  ангийн сурагчдын унших чадвар 15 гаруй хувиар буурсан болох нь судалгаагаар тогтоогдоод буй. Арифметикийн хувьд ч гэсэн хүүхдийн чадвар буурсан байна.  Ерөнхийдөө сургууль ийм удаан хугацаанд завсарласан нь насан туршийн бүтээмжид нөлөөлөхөөр байгаа аж.

Саяхны нэгэн судалгаагаар 2005 оны газар хөдлөлтийн дараа 14 долоо хоног бүх шатны сургуулиа хаасан Пакистан оюутнуудад уг хичээл завсардалт хэрхэн нөлөөлж буйг судалж үзэхэд, тухайн үед сурч байсан хүүхдүүдийн насан туршдаа олох орлого нь 15 хувиар буурах магадлал өндөр байжээ. Тэгэхээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургууль завсардсан хүүхдийн ирээдүйд олох орлогод хэрхэн нөлөөлөх нь олны анхаарлыг татаж байна.

Азийн хөгжлийн банкны мэдээлснээр  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээл завдардсан оюутнуудын ирээдүйн бүтээмж, насан туршийн орлогын алдагдал нь хөгжиж буй Азийн орнуудад 1.25 их наяд ам.доллар болж, бүс нутгийн ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх магадлалтай байгаа аж. Цар тахал дэгдээд хоёр жил өнгөрч байгаа учраас Энэтхэг тэргүүтэй орнууд сургуулиудыг дахин бүрэн  нээх арга хэмжээ авч эхлээд буй. 

Гэхдээ сургуулиуд ердийнх шигээ  хичээллэж эхэлснээр  хоёр жилийн сургалтын алдагдлыг нөхөж, урт хугацааны хохирлыг арилгах боломжгүй гэж ажиглагчид үзэж байна. Танхимын хичээлийг хориглох шийдвэрийн үргэлжлэх хугацаа ялгаатай байгаагаас хамаарч Өмнөд Азид хамгийн их хохирол учрахаар байгаа бол Номхон далайд хамгийн бага байхаар байна. Сургуулиуд удаан хаалттай байх тусам хохирлын хэмжээ улам бүр нэмэгдэх болно.

Цар тахлын улмаас сургууль хаагдсанаас болж сурагчид жилд дунджаар 180 ам.доллар буюу ирээдүйн орлогынхоо 2.4 хувийг  алдах хандлагатай байгааг НҮБ-ын судлагаа мөн харуулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш “Бид бүхэл бүтэн нэг үеийнхэнд шударга бус хандаж, тэдний ирээдүйг эрсдэлд оруулж байна. Иймээс сургуулиа нээж боловсролыг хэвийн горимд нь оруулах, цар тахлын үед боломжоо алдсан хүүхдүүдэд туслах шаардлагатай. Бидэнд алгуурлах цаг байхгүй” гэв. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал хатагтай Хэнриетта Фор "Хүүхдийн хувьд ангидаа өнгөрүүлэх цаг мөч бүр асар үнэ цэнтэй бөгөөд ертөнцийг үзэх үзлийг нь тэлж, бүрэн дүүрэн хөгжиж боловсрох бололцоог олгодог. Энэ хугацаанаас алдах тусам хүүхдийн ирээдүйн олон сайхан боломж мөн алдагдах эрсдэлтэй” хэмээн   онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн “Цагийн зүү эргэх тусам улам бүр нэмэгдсээр байгаа энэ хугацаа бол асар үнэ цэнтэй. КОВИД-19-ийн сөрөг нөлөөг бууруулахад анхаарч, хүүхдүүдийнхээ ирээдүйг эн тэргүүнд тавьж ажиллах нь үүнтэй нэгэн ижил үнэ цэнтэй юм. Бид танхимын сургалтыг аль болох хурдан нээх ёстой, нээж ч чадна. Цаг явсаар байна.” хэмээжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top