Филип Малоун: Монголд ажилласан хугацааны тод дурсамж нь монгол залуус байх болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай ярилцлаа.


-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд дөрвөн жил болох гэж байна. Анх ирж байсан үеийн сэтгэгдэл одоогийнхтой харьцуулахад хэр өөрчлөгдсөн талаар яриагаа эхлүүлье?

-Дөрвөн жилийн өмнө анх удаа Монголд хөл тавьж байлаа. Өмнө нь Монголд айлчилж байгаагүй учраас миний хувьд цоо шинэ улс байсан. Анх ирэхэд монголчууд намайг зочломтгой, найрсгаар хүлээн авсан  нь надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Түүнчлэн Улаанбаатар миний төсөөлж байснаас хамаагүй илүү хөгжилтэй хот байсан. Томилогдон ирснээс хойш Монгол орны олон газраар ажлын шугамаар болон аяллаар явлаа. Энэ хугацаанд Монгол Улс богино хугацаанд, хурдацтайгаар хөгжиж, өөрчлөгдөж байгаа нь ажиглагдаж байна. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлж, эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар авчирлаа.

Гэхдээ Монголын эдийн засаг цар тахлын дараа хурдацтайгаар сэргэж байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Тэр тусмаа Монголын одоогийн Засгийн газар эдийн засгаа сэргээх тал дээр ихээхэн ач холбогдол өгч байна. Анх томилогдон ирж байх үетэй харьцуулахад Монголын Засгийн газар эдийн засгаа хөгжүүлэх, шүүх засаглал болоод бизнесийн орчинг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, авлигатай тэмцэх зэрэг  чухал асуудлуудад ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Түүнчлэн энд ажиллаж, амьдарсан хугацаанд минь сэтгэлд минь хамгийн тодоор үлдэх зүйл нь Монголын залуус байх болов уу гэж бодож байна. Монгол залуусын бизнесийн салбараас эхлээд урлаг, уран сайхны салбарт хүртэл амжилт үзүүлж байгаа нь  үнэхээр бахархмаар байдаг. Монгол Улсын  талаарх миний сэтгэгдэл үргэлж эерэг байх болно. Ялангуяа,  Монголын Засгийн газрын хэрэгжүүлж  буй бодлого, залуусын эрч хүчтэй, шинийг санаачлагч байгааг нь хараад баяртай байна.

-Элчин сайд өмнө нь ч гэсэн монгол залуусыг өндрөөр үнэлдгээ ярьж байсан?

-Монгол дахь өөр бусад орны Элчин сайд нартай уулзах үеэрээ бид Монголын ирээдүйг босгох гол хүч нь залуус гэдэгт санал нэгддэг.

-Элчин сайдаар томилогдсоноосоо хойш болон цар тахлын үед хэрэгжүүлсэн болон эхлүүлсэн томоохон төслүүдийнхээ талаар товчхон дурдаж болохуу. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлэхээр яригдаж байгаа томоохон төсөл байгаа юу?

-Худалдаа хөрөнгө оруулалтын салбар бол манай хоёр улсын чухал салбарын нэг байсааар  ирсэн. Хэдийгээр цар тахал нөлөөлсөн ч Их Британиас Монгол руу чиглэсэн экспорт өссөн. Элчин сайдын яамны хувьд Монгол дахь Их Британийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилласаар ирсэн билээ. Рио Тинто болон Монголын Засгийн газар хэлэлцээрт хүрсэнд бидний зүгээс мөн баяртай байгаа. Үүнээс гадна Монгол Улсыг “Худалдааны хөнгөлөлтийн системд” хамруулахад Элчин сайдын яамнаас ихээхэн ач холбогдол өгч ажилласан. Уг систем нь Их Британи Европын холбооноос гарснаас хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улс 2021 онд уг хөтөлбөрт багтсан. Ингэснээр Монгол Улс Их Британи руу  бараа бүтээгдэхүүн экспортлохдоо татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм. Намайг Элчин сайдаар томилогдсоноос хойш мөн Их Британий Экспортын санхүүжилтийн агентлагийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж эхэлсэн. Уг байгууллагад хамрагдсанаас хойш хэдэн хэдэн төсөл хэрэгжээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Их Британийн экспортлогч Монгол руу бараа бүтээгдэхүүнээ экспортлоход дэмжлэг үзүүлэх, эргээд Монголоос Их Британи импорт хийхэд санхүүгийн тусламж үзүүлдэг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд бид Монгол Улстай хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотод НҮБ-ын COP 26 уулзалт болсон. Энэ үеэр хоёр орон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлсэн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр ч багтаж байгаа. Нөгөөтэйгүүр, Их Британи Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжиж ажиллаж эхэлсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Үүний үр дүнд  газрын гүний дулааныг Монголд ашиглах боломжтой эсэхийг судлаад, судалгааний үр дүнгээ Засгийн газарт танилцуулаад байна. Ерөнхийдөө олон улсын тавцан дээр Монгол болон Их Британи санал нийлж, хамтран ажиллаж байгаа.

Мөн хоёр улс  Батлан хамгаалахын салбарт  хамтран ажиллаж байна. Монголын батлан хамгаалахын алба хаагчид Их Британид суралцаж эхэлсэн. Энэ жил Их Британийн Эзэн хааны батлан хамгаалах коллежид анх удаа Монголоос хүн суралцсан.  Монголын энхийг сахиулагчид Англи хэлний сургалт өгөхөд мөн хамтарч ажиллаж байна. Боловсролын салбар дахь хамтын ажиллагаа ч урагшилсаар байна. Тухайлбал, Чевнинг хөтөлбөрт хамрагдах оюутнуудын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Монголын Боловсролын яам Кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан. Өнгөрсөн жил Их Британийн Гадаад хэргийн болон Хөгжлийн яам нэгдсэн.

Өмнө нь Гадаад хэргийн болон Хөгжлийн яам тусдаа байсан болон одоо Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болсон. Хөгжлийн яамтай гадаад бодлого уялдсанаар хөгжлийн төслүүдэд ажиллах боломж илүү нээгдэж байгаа юм. Ерөнхийдөө манай улс Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкаар дамжуулан Монгол Улсад маш олон төсөлт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн Лондоны амьтан, ургамал судлалын хүрээлэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн байгууллагад Их Британийн Засгийн газраас хөрөнгө оруулдаг. Уг хөрөнгө оруулалтаараа Монголд байгаль хамгаалах зорилго бүхий олон төсөл хэрэгжүүлдэг. Түүнчлэн намайг Элчин сайдаар ажиллах хугацаанд бид бүхэн бууриа сэлгэсэн нь надад сайхан санагддаг. 50 гаруй жил байсан хуучин барилгаасаа нүүж, орчин үеийн ийм оффистой болсондоо баяртай байна.

-Их Британиас Монгол чиглэсэн  импорт өссөн тухай та дурдлаа. Манай улс ямар төрлийн бараа бүтээгдэхүүн голчон Их Британиас авдаг вэ?

-Уул уурхайн томоохон тоног төхөөрөмж, тэр тусмаа дизель генератор, “Jaguar”, “Land Rover”-ийн машин болон машин механизм, хүнс, шингэн бүтээгдэхүүний импорт өссөн. 2021, 2022 онд Их Британиас  Монголд орж ирсэн үйлчилгээний салбар өссөн гэсэн статик байгаа. Гэхдээ яг ямар үйлчилгээ өссөн гэдгийг хэлж  мэдэхгүй байна. Ерөнхийдөө уул уурхайн салбарт буюу Оюу Толгойтой холбоотой үйлчилгээ авах нь нэмэгдсэн.

-Хоёр улсын харилцааны хамгийн чухал үндсийг та юу гэж бодож байна вэ?

-Их Британи бол Монголтой дипломат харилцаа тогтоосон барууны анхны орон. Энэ нь хоёр орны харилцааг бататгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Манай хоёр улс эдийн засаг болон олон улсын тавцанд  үнэт зүйл нэгтэй байж, хамтарч ажилладаг. Энэ нь манай хоёр улсыг холбодог гол үндэс юм. Үүнээс гадна хүн хоорондын харилцааг дурдаж болох юм. Их Британид суралцаж буй монгол оюутнуудын тоо жил ирэх тусам өсөж буй нь харагдаж байна. Түүнчлэн манай улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Монголтой дипломат харилцаа тогтоосон болохоор монголчууд Их Британид ихээхэн нааштай ханддаг нь манай хоёр улсын харилцааны чухал үндэс болж өгдөг болов уу гэж хардаг.

-Их Британид суралцаж буй оюутны тоо жил ирэх тусам өсөж буй тухай дурдлаа. Чевнинг хөтөлбөрийн хүрээнд жилдээ хэчнээн монгол хүн суралцаж байгаа вэ. Уг хөтөлбөрөөр суралцаж буй хүний тоо жил бүр тогтмол байдаг уу эсвэл харилцан адилгүй байдаг уу?

-Хуучин цөөхөн хүн уг хөтөлбөрт хамрагддаг байсан. Харин сүүлийн жилүүдэд  тогтмол өссөөр одоо бол жил бүр 10-12 орчим хүнийг хамруулдаг болсон. Монголын Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран ажиллаж, суралцагчийн зардлын тодорхой хувийг Монголын талаас гаргадаг. Одоогоор Монголд Чевнинг хөтөлбөрт хамрагдаж төгссөн 200 гаруй төгсөгч байгаа. Сүүлийн үед Их Британид суралцах монгол оюутны тоо эрчимтэй өссөөр байна. Өнгөрсөн жилийн  байдлаар 300 орчим  оюутан Их Британид суралцаж байна. 

-Элчин сайдын хувьд   манай хоёр улс яг ямар салбарт хамтран ажиллавал илүү ирээдүйтэй гэж хардаг вэ?

-Манай хоёр улс эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэж бодож байна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах сонирхолтой байдаг. Энэ сарын эхээр Уул уурхайн дэд сайд Лондон хотод айлчилж, холбогдох хүмүүстэй уулзаж, Монголын авч хэрэгжүүлж буй шинэ санаачилгуудыг танилцуулсан. Тиймээс энэ нь эргээд хөрөнгө оруулалт татах болов уу гэж харж байна. Нөгөөтэйгүүр манай хоёр улс сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах боломжтой гэж би хувьдаа боддог. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх, хүлэмжийн хийгээ бууруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа.

Монголын хувьд, салхи, нар болон гүний дулааныг ашиглахад ихээхэн нөөц бололцоотой. Үүнээс гадна боловсролын салбарыг орхигдуулж болохгүй. Манай хоёр орон  боловсролын салбарт гаргасан ололт амжилтаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ долоо хоногт Боловсролын яам болон УИХ-ын Байнгын хорооны гишүүд Их Британид айлчилна. Айлчлалын хүрээнд боловсролын салбараас туршлага судлах бөгөөд хэд хэдэн чухал уулзалт болох байх.

-Сүүлийн үед дэлхий нийтээрээ Орос, Украины асуудалд  анхаарлаа хандуулж байна. Энэ тал дээр Британи улс ямар байр суурьтай байгаа вэ?

-ОХУ Украинд халдан довтолсон нь огтхон ч хүлээн зөвөөрч болохгүй, хууль бус гэнэтийн зүйл гэж Их Британи үзэж байгаа.  Украин руу халдсан нь дэлхийн дахин тэр тусмаа эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байна. ОХУ-ын энэ үйлдэл ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг уландаа гишгэсэн, тусгаар улсын тусгаар тогтнолд заналхийлсэн, НҮБ-ын тунхаглалыг зөрчсөн үйлдэл гэж манай улс харж байна. Орос Украин руу дайрснаас 21 хоног өнгөрч, үүний улмаас энгийн  иргэд олноороо амиа алдаад байна. Энэ хугацаанд Оросын тал үүсээд буй нөхцөл байдлыг дипломат аргаар шийдэх хүсэлгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Түүнчлэн Оросын эцсийн зорилго нь газар  нутгаа тэлэх гэдэг нь тодорхой байна.  Оросын талаас Украин руу хийсэн довтлогооны талаар худал мэдээлэл тарааж, бодит явдал болоод үнэнийг хазайлгах гэж оролдож байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Их Британийн хувьд Украины талд зогсож байгаа бөгөөд украинчууд өөрсдийн ирээдүйг сонгох ёстой гэсэн үзэл баримтлалд бат зогсож байгаа.

-Их Британи украин дүрвэгчдийг хүлээж аван орон байр хангах хувь хүн болоод байгууллагад Засгийн газраасаа тодорхой хэмжээний урамшуулал олгохоо мэдэгдсэн?

-Манай улс Украинд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, түнш орнуудтай хамтран арга хэмжээ авах гэсэн гурван үндсэн зарчмаар тусалж байна. Одоогийн байдлаар  400 сая фунт стерлингийг хүмүүнлэгийн тусламж байдлаар Украинд олгохоор төлөвлөөд байна. Үүнээс гадна эдийн  засгийн бусад тусламж үзүүлнэ. Мөн Украинаас ирсэн цагаач иргэдийг хүлээж авахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор визний журмандаа өөрчлөлт оруулсан. Дээр дурдсанчлан Британи иргэн гэр бүл украин дүрвэгчийг гэртээ байрлуулсан тохиолдолд сар бүр 350 паундын дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар 122 мянган гэр бүл цагаач иргэдийг  гэртээ байлгах хүсэлтээ гаргаад байна.

Түүнчлэн 5000 орчим украин цагаачдыг Их Британи улсдаа нэвтрүүлээд байна. Манай улс сүүлийн жилүүдэд хэрэгжүүлээгүй томоохон хориг арга хэмжээг ОХУ-д тавьсан.  Тодруулбал, Оросын 1000 гаруй олигарх болон  хөрөнгөтний эсрэг хориг арга хэмжээ авсан.  Оросын Төв болоод бусад банкуудад хориг тавьсан. Ингэснээр тус улсын банкууд Их Британиар дамжуулан мөнгөө өсгөх боломжгүй болох юм. Оросоос импортлодог бараа бүтээгдэхүүнд мөн өндөр тариф буюу өмнө нь авдаг байсан татварыг дахин 35 хүртэлх хувиар өсгөсөн. Энэ бүх хориг арга хэмжээг Оросоос гадна Беларусьт мөн тавьж байгаа. Үүнээс гадна Их Британи тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг Орос руу экспортлохоо зогсоосон.

Оросоос ирэх усан болон нисэх онгоцуудыг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн. Энэ мэтчилэн өргөн хүрээг хамарсан томоохон хориг арга хэмжээ аваад байна. Дэлхий нийтээрээ хамтраад Оросын эсрэг арга хэмжээ авч эхлээд буй. НҮБ-ын Ерөнхий ассемблейн явуулсан санал асуулгаар 141 орон ОХУ-ын үйлдлийг буруутгаж буйгаа илэрхийлсэн бол таван улс ОХУ-ын халдлагыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дэмжиж буй таван орны нэг нь ОХУ өөрөө байсан. Олон улсын эрүүгийн шүүхэд дэлхийн 92 улс ОХУ-ын өдүүлсэн дайны гэмт хэргийг шалгахыг хүссэн хүсэлт гаргасан. Олон улсын хүний эрхийн байгууллагад ч гэсэн дэлхийн олон оронд хандаж, Оросын өдүүлсэн гэмт хэргийг шалгах хүсэлт гаргаад байна.

-Ойрын хугацаанд Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байгаа үйл ажиллагаа юу байгаа вэ. Хоёр орны хооронд ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй харилцан айлчлал байгаа юу?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалаад томоохон айлчлал хийх боломжгүй байсан. Харин энэ жилээс харилцан айлчлах боломж бүрдэх байх гэж харж байна. Британийн Ерөнхий сайдын томилсон Монголыг хариуцсан худалдааны элч солигдсон. Уг шинэ худалдааны элч ирэх дөрөвдүгээр сард Монголд айлчлах тухай яригдаж байгаа. Харин тавдугаар сард манай Гадаад харилцааны яамны Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан сайд мөн айлчилж магадгүй. Энэ жил мөн манай Хатан хааны хаан ширээнд суусны 70 жилийн ой тохиож буй. Тиймээс бид зургаадугаар сард уг тэмдэглэлт баяраа өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна.

-Ирэх жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Энэ хүрээнд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоохондоо ярилцаж эхэлж байгаа бөгөөд төлөвлөгөө хараахан гараагүй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2022 оны 03 сарын 28

yahavdee gene tsailgan itgemtgii bas jaahan oivorgon mongol zaluysiig gariin uzuurtee zarj hussenee hiilgeh amarhan bolohoor l ter.Hujaa yapon solongos tuv aziin stanuudiin zaluus bol ednii dohiur bolj guihguildee

0  |  0
Зочин(103.26.195.62) 2022 оны 03 сарын 28

Гомо юм уу

0  |  0
zochin(192.82.83.98) 2022 оны 03 сарын 28

belfats mongole ulaanbatar

0  |  0
zochin(192.82.83.98) 2022 оны 03 сарын 28

hubin salbar hubin bannhubin restran geel buhel salabart hubin zah bugdig bulaj deremdej abjna shde ene reekt abagi reket tuuni duu .

0  |  0
zochin(192.82.83.98) 2022 оны 03 сарын 28

olon reket buleg dolor hinal mongold.

0  |  0
Top