Wood Mackenzie: Түүхий эдийн салбар хэдийнэ суперцикл рүү орсон

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 26

Дэлхийн цэвэршүүлсэн зэсийн зах зээл арванхоёрдугаар сард 92 мянган тоннын алдагдалтай гарсан бол арваннэгдүгээр сард 123 мянган тоннын алдагдалтай гарсан талаар Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) шинэ мэдээлэлдээ дурджээ.

Арванхоёрдугаар сард дэлхийн цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 2.11 сая тонн байсан бол хэрэглээ 2.2 сая тонн байсан аж. Хорио цээрийн улмаас дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч  Чили улсын үйлдвэрлэл 2021 онд 1.9 хувиар, баяжмалын үйлдвэрлэл 1.3 хувиар, SX-EW үйлдвэрлэл 3.6 хувиар буурчээ. Ерөнхийдөө  Чилийн 2021 оны нийт үйлдвэрлэл 2019 оныхоос 2.8 хувиар бага байжээ. Харин дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч Перугийн үйлдвэрлэл долоо орчим хувиар өссөн байна.

Хэдийгээр дэлхийн уул уурхайн олборлолт сэргэж байгаа ч  2019 оныхоос доогуур байна. Грасбергийн уурхайн гүний олборлолт  эрчимжсэний улмаас Индонезийн үйлдвэрлэл 49 орчим хувиар өссөн.

Үүнээс гадна ОХУ-ын зэсийн уурхайн олборлолт сүүлийн таван жилд 28 орчим хувиар өсөж, хоёр шинэ уурхай ашиглалтад орсноор 2021 онд 875 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт зэсийн үйлдвэрлэлийн дөрөв орчим хувийг бүрдүүлжээ. Олон улсын зэсийн судалгааны группийн мэдээлснээр Украинд одоогоор зэсийн уурхай үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд цэвэршүүлсэн үйлдвэрлэл, ашиглалт нь жилд 20 мянган тонн гэж тооцоолсон байна. Дэлхий даяар инфляц нэмэгдэж байгаа энэ үед Оросын металлын импортыг хориглох нь хомсдолд хүргэж, үнийн өсөлтөд хүргэж болзошгүй гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт тонн нь 10.845 ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоож, гуравдугаар сарын 18-нд 10.320 ам.долларт хүрсэн бол хамгийн сүүлд гуравдугаар сарын 22-нд нэг тонн нь 10.173 ам.доллароор арилжаалагдаж байна.

Түүнчлэн  Вуд Маккензигийн Металл болон уул уурхайн салбарын дэд захирал Робин Гриффин саяхан болсон дэлхийн уул уурхайн салбарын цахим хэлэлцүүлгийн үеэр түүхий эдийн зах зээл өнгөрсөн жилээс хүчирхэгжиж эхэлсэн энэ жил улам бэхжихээр байгаа тухай онцолжээ. Тэрбээр “Түүхий эдийн салбар аль хэдийнээ суперцикл руу орсон, бүтцийн алдагдлын тухай ярих нь одоогоор эрт байна. Суперцикл хараахан гараагүй байна” гэжээ.

Вуд Маккензи хар тугалга, цайрын өсөлтийг 50, зэс, хөнгөн цагааныг ойролцоогоор 20, никель 40, газрын ховор элемент, кобальт, бал чулууг 70-80 хувиар өснө гэж таамаглаж байна. Түүнчлэн литийн зах зээл гурав дахин өсөх төлөвтэй байгаа аж. Уул уурхайн түүхий эдийн 2030 оны хэтийн төлөв нь төмрийн хүдрийн хувьд тийм ч таатай биш байх бөгөөд жилийн тээвэрлэлтийн хэмжээ 100 сая тонноор буурах хандлагатай байгаа аж.

Төмрийн хүдрээс гадна эрчим хүчний нүүрсний зах зээл зогсонги байдалд орж, гангийн зах зээл бага зэрэг өсөхөөр байгаа аж. Вуд Маккензи хөнгөн цагаан, зэсийн хэрэглээ таван саяар өснө гэж таамаглаж байгаа бол литийн зах зээл 400 мянган тонн, кобальтынх 40 мянга орчим тонноор өсөх төлөвтэй байна. Металлын эрэлт мэдэгдэхүйц өссөнөөр нийлүүлэлтийн хариу арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд Вудмак 200 орчим тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолжээ. Гриффин “2050 он хүртэл дэлхийн температурыг 2.5-2.7 хэмд барих ёстой тймээс Парисын хэлэлцээрийн зорилгын дагуу шаардлагатай металлын эрэлт мэдэгдэхүйц өсөж, түүхий эдийн нийлүүлэлтэд онцгой дарамт учруулахаар байна” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top