УИХ-ын чуулган өчигдөр /2022.03.24/ хуралдав. Хуралдаанд 53 гишүүн суух ёстойгоос 39 нь ирсэн. Харин өвчтэй, чөлөөтэй 23 гишүүн байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм.
Хуралдааны эхэнд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ “Хөдөө тойргоороо явж иргэдтэй уулзалт хийсэн. Иргэд нэлээн чухал асуудлыг хөндсөн, гишүүний үүрэг бол иргэдийн үгийг төрд дамжуулах юм. Тэгэхээр Булган сумын иргэн арьс шир өндөр үнэтэй байх тал дээр анхаарч, хөрөнгө оруулалт хийгээч ээ гэж дамжуулж байна. Алтай сумын иргэн тэр хөндийд 25 айл байдаг, тэдний 15 айл нь тэнсэн харгалзах ял авчихаад байна, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Чандмань сумын иргэнээс нөхөр нь гавьяат болоод байна, тэр арын албанд ажилладаг эхнэрүүд ямар ч шагнал авахгүй байна гэж ярьж байна" гэв.
ТӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ТҮР ЗОГСООНО
Энэ сарын 11-ний өдөр Засгийн газраас өргөн барьсан Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж, холбогдох байнгын хороодод шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ: Бизнесийг дэмжих гээд байгаа бол татвараа бууруул. Тэр Азийн хөлөг улс боллоо л гээд яриад байна. Үгүй шүү дээ, өдрөөс өдөрт Азийн гөлөг улс болчихлоо. Тэр Азийн хөлөг улсдаа хэдэн дарга нар нь л амьдраад байна. Монголын ард түмэн тэгж амьдрахгүй байгаа шүү, нөхөд өө" хэмээн ярилаа.
МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖ: Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтыг зогсоох тухай юм. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоож байна гэж ойлгож байна. Гэхдээ огт хяналт, шалгалтгүй болчихгүй л дээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтаа зогсоож, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцоод явах юм. Ер нь төрийн хяналт шалгалтын хандлага, ажлын чиглэлээ өөрчлөх, мэргэжлийн болгоё, бизнес эрхлэгчидтэйгээ ойлголцох чиглэлд л явж байна гэж ойлгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН: Хууль бусаар ажлаас нь халсан олон тохиолдол байна. Говь-Алтай аймагт 180 гаруй хүнийг хууль бусаар ажлаас нь халсан байна. Тэдний 120 орчмыг нь Төрийн албаны зөвлөл тогтоогоод ажилд нь авах шийдвэр гарсан ч одоо хэр нь ажилд нь буцааж аваагүй байна. Дөнгөж буцааж авчихаад ажлаас нь халж байгаа тохиолдол ч гарч байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: Хуулийн төслийг дэмжиж байна. Бид саяхан намрын чуулганы төгсгөлд Эдийн засгийг сэргээх шинэ бодлогын төслийг баталсан. Энэ дотор төрийн хяналт шалгалтыг багасгах, давхардлыг арилгах асуудал багтсан. Төрийн хяналт шалгалтыг хэд, хэдэн чиглэлээр нь авч үзэх ёстой. Хүнс, эмийн аюулгүй байдал дээр хяналт шалгалт байх ёстой. Зүгээр найман нэрийн дэлгүүрийн хяналт шалгалтыг зогсоож болно. Ажлын хэсэг гаргах хэрэгтэй.
ТООН ГАРЫН ҮСГИЙГ ТАВАН ЖИЛД НЭГ УДАА ШИНЭЧИЛНЭ
Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА: Ер нь бол хувь хүний гэрийн хаяг ч хамаагүй бичигдээд байх ёсгүй. Иргэний үнэмлэх гэхээр бүх хүн шинэчлэх болно. Нийслэлийн дөрвөн дүүрэгт 30 хороо нэмж байгуулсан. Иргэд хороо нь өөрчлөгдсөн эсэхийг ч мэдэхгүй л сууж байгаа шүү. Хоёрт, хаягжуулалтынхаа асуудлыг шийдэхгүй юм уу, шийдмээр байна. Энэ ажлыг хэзээ яаж хийх вэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Зардал гаргахгүй. Жилд дунджаар 100-120 мянган хүн иргэний үнэмлэх авдаг. Дээр нь хаяж гээсэн 100-120 мянган иргэний үнэмлэх шинээр авдаг. Тэгэхээр жилд ойролцоогоор 250 мянган хүний иргэний үнэмлэхийг шинэчлээд явна. Ойрын 3-4 жилдээ шинэчлэх ажил явагдана. Төрөөс ямар ч зардал гарахгүй. Хоёрт, Хаягжилтын тухай хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн. Таны хэлээд байгаа ойлгомжгүй, задгай гэсэн хаягийг цэгцлэхээс гадна үл хөдлөх хөрөнгөнд суурилсан дахин давтагдашгүй хаяжилтын асуудал яригдаж байгаа гэхэд болно.
УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА: Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болсон нь давуу тал. Одоо 30 хорооны иргэдийн асуудал байна. Тэр хүмүүс мэдээгүй сууж байтал хороо нь өөрчлөгдсөн. Хэрэв төр шийдвэр гаргаад тэр хүний бичиг баримтад нь өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэр хүнээс биш төрөөс мөнгийг нь гаргах боломжтой юу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Улаанбаатар хот 152 хороотой байсан. Одоо 190 гаруй хороотой болсон. Хороог 10.000-аас доош хүн амтай байх нэгж гэж тооцож, хороодын тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэний бичиг баримт, газар эзэмших эрхийг өөрчлөх шаардлага гарсан. Яг энэ чиглэлээр тусдаа хамтраад тухайн иргэний бичиг баримт, газар үл хөдлөхийн бичиг баримтыг шинэчлэх ажлыг зохион байгуулна.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: Хуулийн төслийг талархан дэмжиж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд гэвэл яг иргэдэд мэдрэгдэхүйц, хүнд суртал авлигатай бодитойгоор тэмцэж байгаа сайн хууль баг Бүртгэлийн багц хууль болсон. Энэ амар хялбар, богино хугацаанд хийгдээгүй. С.Баярын Засгийн газар 2008 онд л ярьж байсан. Тэр үеэс л олон зуун сая цаасан мэдээллийг цахим болгох суурийг хийсэн. Бүртгэлийн маш олон ажилчин цаасны харшилтай болж үлдсэн. Өнөөдрийн чуулганы танхимд ялангуяа 20 жилийн хугацаанд бүртгэлийн байгууллагад ажиллаж, тэр нөр их хөдөлмөр, хэдэн сая цаасыг далд фронтын дайчдад баярлаала. Энэ ажлыг улам төгөлдөршүүлэх ажлыг Х.Нямбаатар сайд манлайлж хийж байна. Энэ бүртгэлийн шинэтгэл цахим болсноор иргэдэд ямар давуу тал бий болж байна. Иргэдийн хэдэн төгрөгийг хэмнэж байна вэ. Энэ бас авлига, хүнд суртлыг байхгүй болгож байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Бид тоон гарын үсэгт шилжснээр цахим шилжилтийнхээ дэд бүтцийг бий болгоно гэж тооцож байна. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлж улсын бүртгэлийн бүх нэгжээр дамжуулж, Монгол Улсын 16 нас хүрсэн 2.5 сая иргэдэд тоон гарын үсэг өгнө. Байгууллага, албан тушаалтнууд өөрсдөө давхан тоон гарын үсгийг хэрэглэж болно. Тоон гарын үсгийг таван жилд нэг удаа шинэчилж, аюулгүй байдлыг нь хангана. Төрийн үйлчилгээний бүх цэг, салбарт иргэний үнэмлэхний ард ялтсанд байдаг мэдээллийг унших төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Дээр нь бид дөрвөн төрлийн үйлчилгээг л биеэр очиж үзүүлнэ. Гэрлэлт , гэрлэлт цуцлалт, Монгол Улсын иргэний харьяатаас гарах, орох болон элдэв хоригтой холбоотой үйлчилгээ, хурууны хээний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ заавал биеэр очно. Бусад тохиолдолд цахимаар үйлчилгээгээ авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 122 төрлийн үйлчилгээг цахимаар авах эрхтэй болж байна.
ХУУЛИЙН ТӨСӨЛД ХҮНИЙ АМЬ НАСЫГ ҮНЭЛЭХДЭЭ 63 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ БАЙХААР ТУСГАЖЭЭ
Дараа нь Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн барьсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ: Ийм нарийн чухал хуулийн төсөл орж ирж байгааг дэмжиж байна. Энэ хуулийн төсөлд хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоох гэдэг заалт орж ирж байна. Үүнийг яаж тогтоох юм. Ер нь манайх хохиролд механик хандаж ирсэн. Ихэвчлэн эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг тооцож ирсэн. Харин сэтгэл санааны хохирлыг тооцож ирээгүй. Нэг нь сэтгэц, нөгөө нь сэтгэл санааны хохирол гэж орж ирж байна. Энэ хоёрын ялгааг хэрхэн тусгаж байна вэ. Дээр нь, боловсон хүчний бэлтгэл хэр байна. Төлбөрийн асуудал хөндөгдөнө. Энэ асуудлыг хэрхэн шийдэгдэхээр тусгав.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Бидний сүүлийн 30 жилд эрх зүйн хөгжлийнхөө хүрээнд хийж чадаагүй асуудал бол сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлдэг аргачлал юм. Хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой үнэлгээ байдаггүй. Эрх зүйн хөгжлийн хувьд хоцорч яваа юм. Хүний нөөцийн асуудал байна. Шүүх шинжилгээний байгууллага бол цэвэр шинжлэх ухааны байгууллага. Харьцангуй хараат бус, бие даасан байдалтай ажиллах нөхцөл байдлыг нь хангаж өгөх үүднээс хуульд өөрчлөлт оруулсан. Шүүх шинжилгээний шинжээч бэлдэх анги төгсөлтөө хийгээд удаж байна. Дотооддоо ингэж боловсон хүчнээ бэлтгэж байна. Гадаадад шинжээч эмч нараа сургаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ: Энэ бол эргээд Үндсэн хуулийн асуудал болно. Хүн зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх ёстой. Төр баталгааг нь хангах ёстой юм. Гэтэл өнөөдөр хүн гэмт хэргийн улмаас амь насаа алдахад ар гэрт нь оршуулгын зардлыг нь л өгдөг. Энэ нь хууль эрх зүйн тодорхойгүй орчинтой ч холбоотой. Нөгөө талаараа шүүх зүгээр суугаагүй. Тодорхой жишиг тогтоож байгаа жишээ ч бий. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдлаа гэхэд 10-15 сая төгрөг олгох шийдвэрийг гаргасан тохиолдол ч бий.Тэр Зам тээврийн хөгжлийн яаманд хүний амь нас хохирсон. Тэр амиа алдсан этгээдийн ар гэрт зөвхөн сэтгэл санааны болон тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой асуудалд 500 сая төгрөг гаргасан жишээ байна. Хүний амь насыг үнэлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлж оруулж ирж байгаа юм. Доод тал нь. Харин бас нэг аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн амь насаа алдсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 71 байгаа бол 20 настай залуу амиа алдлаа гэхэд 51 насны зөрүү гарч ирнэ. Тэр хүн 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан байна. Үүнийг үнэлээд 111 сая 600 мянган төгрөг тухайн ар гэрт нь олгох бололцоотой байдлаар үнэлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Баян хүн л хүний амь нас хохироохгүй бол, жирийн иргэд нь төлөх боломжгүй, төлөхийн тулд ар гэрээ давхар ялд унагана, хохирол төлөөгүй бол хорихоос хүн суллагдана гэж байхгүй, хохирол төлбөртэй хүмүүсээр шорон дүүрнэ. Амь насны даатгал хэлбэрээр сан үүсгэх хэрэгтэй мэт. Хүний амь үнэгүй байж болохгүй. Гэхдээ маш зөв шийдвэр гаргах хэрэгтэй. 80 настай хүн амь хохирвол сүүлийн хувилбараар мөнгө авах боломжгүй юм байна.\n