БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны Даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 1228 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Гиринд 1055, Шанхайд 96, Шаньдунд 12, Ляонинд 10 халдвар илэрчээ.
Хятадын аж үйлдвэр, худалдаа, эдийн засгийн том төв Шанхай хотод халдвар тасрахгүй байгаа тул хатуу арга хэмжээ авч эхэлсэн.
Хотын Эрүүлийг хамгаалах газрын дарга У Цяньюй-гийн мэдэгдсэнээр одоогийн байдлаар 14 сая иргэн эсрэг биеийг үүсгэгч антигенийн шинжилгээнд хамрагдсан байгаа.
Өчигдөр өглөөний 05.00 цагаас Шанхайд бүх иргэдээ ковидын шинжилгээнд хамруулах ажил эхэллээ.
Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл Хуанпу голын зүүн өмнөд талын дүүргүүд, Пудун дүүрэгт хатуу хөл хорио тогтоож, иргэдийг нь шинжилгээнд оруулна.
Дараа нь дөрөвдүгээр сарын 1-ний 03.00 цагаас дөрөвдүгээр сарын 5-ны 03.00 цаг хүртэл Хуанпу голын баруун талын дүүргүүдэд мөн хатуу хөл хорио тогтоож, шинжилгээ хийх юм.
Энэ маягаар хотын 26 сая иргэнийг бүрэн шинжилгээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Хатуу хөл хорионы үед тухайн дүүрэгт нийтийн унаа ажиллахгүй, иргэд гэрээсээ гарч болохгүй, хэрэгцээт зүйлийг хавьталгүй гэрт нь хүргэх аргаар гүйцэтгэнэ.
Тог ус зэрэг нийтийн үйлчилгээний газраас бусад бүх албан газар зайнаас ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )