Засгийн газар “Төр өмчөө авч байна” хэмээн хувьчлалаар гарсан үйлдвэр, объект, орд газар гэх мэт олон зүйлд ил далд халдаж эхэллээ гэх шүүмжлэл өрнөх болов. Тэр тусмаа сүүлийн таван жилд хувьчлалаар гарсан үйлдвэр, объект, орд газарт нэлээд ширүүн хандаж байна. Энэ хэрээр “Төр иргэдийнхээ өмчийг булаан авч байна” гэх шуугиан ч тасрахаа болилоо.
Үнэхээр хувь хүн, аж ахуйн нэгж хууль ёсны дагуу мөнгө төгрөгөө төлөөд тухайн үйлдвэр, объект, орд газрыг авсан бол тэр хүний хууль ёсны өмч мөн. Ийм зүйлд төр халдах ёсгүй. Харин тухайн этгээд хууль дүрэм зөрчиж, ямар нэг арга залиар тухайн объект, үйлдвэрийг өөрийн болгосон бол төр хувьчлалын асуудлыг эргэн харах учиртай. Бүр хууль бус бол өөртөө авах ёстой. Түүнээс бус хувийн өмчид шилжсэн бүхэн рүү халдана гэвэл эцэстээ орон сууц, мал сүрэг рүү хүртэл халдах болж байна уу.
Өмчөө “алдагсад”-ын зүгээс буюу “алдах” магадлалтай нөхөд “Ардчиллын зарчим зөрчиж байна. Ард түмний өмчийг дээрэмдлээ” хэмээн хэргээр шуугиан тарих аж. “Ардчиллын зарчим” гээд үнэ цэнэтэй үйлдвэр, объект, орд газрыг бүлэглэлийн гарт өгөөд байж бас болохгүй. Үнэн хэрэгтээ сүүлийн 30 гаруй жилд хувьчлал нэрээр гарсан зүйлсээс “ард түмний” гэж нэрлэж болох нь хэд вэ гэхээр асуудал бий. Тухайлбал, жүжигчин Д.Сосорбарамын “Ард” кино театрыг ард түмний өмч хэмээн нэрлэх ямар ч боломж алга.
Жүжигчин маань тухайн барилга байгууламжийг иргэдэд түрээслэн мөнгө олж байгаа болохоос ард түмэнд ямар ч хүртээлгүй зүйл. Яахав, Баянгол, АПУ гэх мэт компаниуд нэр дээрээ хувьцаа гаргаад эзэмшигчдээ хувь хүртээдэг зэргийг “Ард түмний өмч” гэж гөрдөж болох юм. Ерөөсөө хувийн өмчид шилжсэн л бол ард түмний гэж хэлэх үндэслэл байхгүй л дээ. Тэгэхээр төрөөс өмч хувьчлалын асуудлыг эргэн харж, хууль бус бол өөртөө авч, алдаа дутагдал байгааг засаж залруулах зайлшгүй шаардлага байгаа. Өмч хувьчлалын асуудал нэлээд төвөгтэй учраас хууль, эрх зүйн талаасаа маш нарийн зохицуулалтай байх ёстой.
Анх өмч хувьчлал хэмээх зүйлийг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Тэргүүн Шадар сайд Да.Ганболд нар схемыг нь зурж, гараанаас гаргасан. Өмчлөх эрхийн цэнхэр, ягаан тасалбар гаргаж байв даа. Ингэхдээ “Эдийн засгийн шинэчлэл, өмч хувьчлал” хэмээх лоозон гаргаж байгаад эхлүүлчихсэн юм.
Ийнхүү үе шаттай явагдсан их хувьчлалаар Монгол Улсын иргэн бүр өмчтэй болж байсан цагаас хойш 30 гаруй жил өнгөрчээ. Харин 1996 оноос өмч хувьчлалын цар хүрээ тэлж, улмаар нэгэн цагт алсаас харж мөрөөдөж явсан, хэзээ ч бүтэшгүй зүйлд монголчууд эзэн сууж эхэлсэн нь гайхамшиг байв. Тухайн цагт буюу өмч хувьчлал цэцэглэж байх 1996-2000 онд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нарын хүмүүс Ерөнхий сайдаар ажиллаж байв. Харин Засгийн газраас гаргасан өмч хувьчлалын шийдвэрийг гардан гүйцэтгэж байсан хүн нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд байсан. З.Энхболд хожим УИХ-ын даргаар ажиллахдаа Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нартай хамтран улсын өмчит Дулааны цахилгаан станц, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Шивээ-Овоо, Багануур, Эрдэнэс Тавантолгой, Хөдөө аж ахуйн бирж, Монгол шуудан зэрэг компаниудыг хувьчлах асуудал яригдаж, зарим тал дээр шийдвэртээ тулж байсан ч амжилгүй суудлаасаа бууцгаасан бололтой юм.
Үүний цаана ч асар том асуудал нуугдаж байгаа нь ойлгомжтой. Сүүлдээ өмч хувьчлалын арга улам бүр нарийсч, тусгай төлөвлөгөө, мафизмын шинжтэй болж ирсэн. Өмч хувьчлал хэмээх шинэ тутам зүйлд алдаа ч байсан байх, оноо ч байсан байх. Өнгөрснийг буцааж болохгүй ч өнөөдөр анзаарч харах зүйл бишгүй байна.
Юуны өмнө уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг хувийн хэвшлийнхэн оруулаад ирснийг төр эргүүлэн авав. Аанай л “Төр хувийн өмчид халдсан” гэх шуугиан дэгдсэн. Үүнд үнэхээр алдаа байсан. УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр эцэслэн шийдвэрлэх учиртай асуудлыг улс төр, бизнесийн бүлэглэл УИХ-д мэдэгдэлгүй оруулаад ирсэн. Тэр ч бүү хэл Засгийн газрын зарим гишүүд нь ч мэдээгүй байсан гэдэг. Төрийн өмчид олон жил талхиулж ирсэн хамгийн том татвар төлөгч үйлдвэрийн 49 хувийг ийнхүү хууль бусаар авчихсан учраас шүүхийн шат шатны байгууллагын шийдвэрээр эцэслэн шийдсэн. Тиймээс Монгол Улсын төр өмчөө эргүүлэн авч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсон юм. Үүний өмнө Салхитын мөнгөний орд газрыг төрийн тусгай хамгаалалт дор очиж, эзэмшиж байсан нөхдийг баривчлахыг нь баривчилж, хөөн гаргахыг нь гаргасан. Эцэст нь уг орд газарт холбогдох нөхөд болон авлигын хэргээр нэг хэсэг шүүгчид буруудсан. Гагцхүү төр “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг бүх зүйл рүү халдах гэвэл буруудна.
Хэдэн жилийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хандан, “Та тэр Цагаан суваргын орд газрыг өгөөрэй” хэмээн хэлж байсан. Харин Н.Номтойбаяр нь “Цагаан суврагын орд газрыг хулгай, луйвраар аваагүй. Авах гээд байгаа бол манай компаниас орд газарт оруулсан 400 сая ам.долларыг төлөөд аваарай” гэж байсан. Зөвхөн үүнээс харахад аливаа зүйлийг ном журмаар нь аваад өөрийн хөрөнгөө оруулахаас гадна олон жилийн хөдөлмөрөө зарсан зүйлс цөөнгүй байгааг ч төр анхаарах ёстой.
Нэг сарын өмнө “Эрдэнэт”-ийн хөрөнгөөр үйлдвэрийн дэргэд байгуулсан орчин цагийн техник технологи бүхий 'Эрдэнэт Мeдипас' эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлсэн байсныг төрд буцаан авсан нь хардлага сэрдлэг өдөөв. Мөн өнгөрөгч долоо хоногт Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд эргүүлэн авсан нь дуулиан шуугианы галыг нэмж өрдсөн асуудал байв. Үүний шилийг даран Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бичиг баримтыг АТГ-аас шалгаж эхэлсэн гээд олон асуудал байгааг зарим хүмүүс дээрэм мэтээр харагдуулахыг хүсэж байна. Энэ мэт удаа дараагийн үйлдэл нь өнөөх л “Төр хувийн өмчид халдаж байна, иргэдээ дээрэмдэж байна” гэх галыг улам бүр өрдөж байгаа юм.
Тэгвэл 'Эрдэнэт Мeдипас' эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийж, төлбөр тооцоо хийх ёстой ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүнд ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч мөн л өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. Гэтэл тус эмнэлэг нь Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12.7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан. Товчхондоо бол төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авч байгаа учраас цэвэр гэмт хэрэгийн шинжтэй гэж үзжээ. Тухайн асуудлыг хууль шүүхийн байгууллага шалгаж үзээд тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсын ихээхэн хэмжээний хөрөнгийг хувийн байгууллагад шилжүүлсэн нь тогтоогдон, шалгагдаж байна.
Мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь төрийн өмчид данстай 30 шахам жил ажиллахдаа алдагдал хүлээж байгаагүй ч 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, 2015 онд “өртэй нь хувьчлах” шийдвэр яаравчлан гаргасан. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Бэйзмент” компанид 1.3-хан тэрбум төгрөгөөр хувьчилсан. Жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн боруулалт хийн хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг ийнхүү нэг жилийн дотор дампууруулан, “ашиггүй ажилласан” хэмээн өөрсдөө хямдхан авсан нь шүүхээс нэгэнт тогтоогджээ. Нөгөө талаар үйлдвэр хувьчилж авсан хүн нь нас барсан бөгөөд өв залгамжлагчид үйлдвэрийг авахгүй гэсэн байна. Мөн нэг асуудал нь үйлдвэр авсан нөхөд 2012 онд үйлдвэрийн технологийн шинэчлэл, цогцолбор нэрээр Хөгжлийн банкнаас тухайн оны аравдугаар сарын 19-нд таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61.265.000 ам.долларын зээл авсан ч 10 жил болоход зээлийн төлөлт огт хийгээгүй гэдгийг албаныхан хэлнэ лээ.
Энэ мэт улс төр, бизнесийн бүлэглэлийнхээ тусгай төлөвлөгөөний дагуу улсын үнэ цэнтэй үйлдвэрийг үнэгүй шахам хувьчлал нэрээр авсан асуудлыг төр шалгах нь хууль ёсны асуудал мөн. Гагцхүү бүхий л зүйл дээр “Төрийнх” хэмээн хандаад байвал бас болохгүй. Иргэд, аж ахуйн нэгж ч аливаа зүйлийг хувьчлан авч болох ч бүлэглэл дамжихгүй, хууль журмын дагуу л авах учиртай. Тус ажиллагаанд маш сайн нэг л тал байна. Тэр нь олон жил улс төр, бизнест ноёрхсон бүлэглэлийн гар хөлийг тасдаж байгаа явдал юм.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )