Насанд хүрсэн хүмүүс үргэлж л бусдыг сонсож сурах хэрэгтэй гэдэг. Хүүхдүүдэд эсвэл өөрөөсөө дүү хүмүүст “Би чамайг ямар ч цаг үед сонсож өгч чадна шүү” хэмээн уриалгахан хэлэх нь бий. Гэвч бодит нөхцөл байдалд хэлсэн амандаа хүрдэггүй. Огт сонсдоггүй юм. Заримдаа бүр сонсохыг ч хүсдэггүй. Ямар ч нөхцөлд, хэзээ ч байсан, юу ч болсон сонсож өгнө хэмээн ярьдаг ч сонсохоос урьтаж ярихыг илүүд үздэг. Нөгөө хүний яриаг таслаад ч хамаагүй хэлдэг. Ихэвчлэн зөвлөгөө өгөх, зэмлэх бүр шалтгаангүйгээр өнгөрснөө ярих маягаар шүү дээ. Хэрэв зөвлөгөө авахыг хүссэн бол сэтгэл зүйч дээр ч очих боломжтой. Эсвэл хэзээ ч хамаагүй “Надад зөвлөгөө хэрэгтэй байна, би өнгөрснийг тань сонсмоор байна” хэмээн асууна шүү дээ.
Гэтэл зүгээр л яриаг нь хэн нэгэн сонсоосой хэмээн хүсэхэд бүхий л хүмүүс сонсогчийн байр сууринаас бус зөвлөгчийн байр сууринаас ханддаг. Сонсох гэдэг бол ярина гэсэн үг биш. Сонсох гэдэг зөвхөн сонсох л үйл.
Нэг жишээ дурдъя л даа. “Том хүний өөдөөс ямар их зүйл асуудаг юм, том хүнтэй юу яриад байгаа юм” гэх мэт асуултыг сонсож байсан уу. Үгүй гэж хариулах хүн олдохгүй л байх. “Том хүн юм асууж байхад хариулаач, одооны хүүхдүүд гэж дугарч ядсан юм бэ” гэх өгүүлбэрийг сонсож байв уу. Тийм гэж хариулах хүн мундахгүй биз. Бусдыг сонсож сураагүй хүмүүс хамгийн түрүүнд энэ мэт авир гаргах нь бий.
Сонсохоос урьтаж, ярихыг илүүд үздэг гэсэн үг. Ах нь сургадаг, дүү нь сонсдог бус ах дүү хоёр сурснаа хуваалцаж, бие биенээ сонсдог байвал сайн сан. Заавал бие биендээ сурснаа хуваалцдаггүй юм аа гэхэд зүгээр л сонсох чадварт суралцаасай.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )