Баялгаа дахин хуваарилах гэсэн үү, өөр учир байна уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

Монголын төр хувьчлалаар гарсан үйлдвэр, объект, орд газар гэх мэт олон зүйлийг “хууль бус” хэмээн шалгаж, өөртөө авч эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Үнэхээр хувьчлалд оролцсон өмчлөгчид хууль бус замаар авсан бол төр өөртөө авахаас эхлээд ямар нэгэн арга хэмжээ авах ёстой.

Харин төр ямар нэг аргаар өөрийн болгож байгаа бол буруу. Шил шилээ дарсан энэ ажиллагааг “Дээрэм тонуул” хэмээн үзэж байгаа бол албаныхан шүүхийн шийдвэр танилцуулж байгаа учраас уг асуудал нь одоогоор ямар нэг хариултгүй үлдэж байна. Энэ ажиллагаа нь эртнээс буюу 2016 оноос эхтэй.

Гэтэл 2019 оны гуравдугаар сард ҮАБЗ-өөс “Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 гаруй лицензийг улсын мэдэлд авах”-аар шийдвэрлэсэн нь олны анхаарлын төвд орж байв. Ингэхдээ “Үндсэн хуульд улсын өмч гэж заасан учраас хувийн өмчид халдахгүйгээр газар доорх улсын өмчөө л авч байгаа юм” гэх тайлбарыг өгч байсан. Тодотгоход, ҮАБЗ-ийн энэ зөвлөмж нь Үндсэн хуулийн 6.1-д заасан “байгалийн баялаг ард түмний өмч”, 6.2-т заасан “төрийн өмч менежмент хийж явна” гэдэг заалтыг хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байсан.

Гэхдээ энэ хуулийн заалтыг барьж хувийн өмч рүү халдах нь үндэслэл болж чадах уу гэдэг хуульчдын байр суурь ч олон салаа байгаа зэргээс харахад зөв буруу гэж дүгнэх аргагүй. Энэ утгаараа төр хувийн хэвшлийнхэн дунд маргаан гарсаар байна. Тэгэхээр хувийн хэвшил төр хоёр аль аль талдаа хохиролгүй, хууль ёсны байх талаас авч үзэх шаардлага байгааг ч удаа дараагийн үйлдэл харуулсан.

Ямартай ч төрөөс гаргасан удаа дараагийн шийдвэр, улс төрийн хүчнүүдийн дунд ил далд болж байгаа тэмцлээс харахад Монгол Улсад дахин улс төрийн хүчний болон баялгийн хуваарилалт явж байна уу гэмээр хараг­дана. Том агуулгаар нь харвал “нийгмийн системийг задалж байж, эргэж байгуулдаг” гэсэн онолч, судлаачдын үг ч байдаг сан. Юутай ч одоогийн байдлаар төр өөртөө эргүүлэн аваад байгаа үйлдвэр, объект, орд газрыг дурдъя.

 

"ЭРДЭНЭТ"-ИЙН 49 ХУВЬ
 

Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг хувийн хэвшлийнхэн оруулаад ирснийг 2017 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр төр эргүүлэн авах шийдвэр гаргав. Тус үйлдвэрийн ОХУ-д байх 49 хувийг оруулж ирсэн нөхөд УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрээр эцэслэн шийдвэрлэх учиртай асуудлыг улс төр, бизнесийн бүлэглэл УИХ-д мэдэгдэлгүй оруулаад ирсэн гэдэг. Тэр ч бүү хэл Засгийн газрын зарим гишүүд нь ч мэдээгүй байсан гэх том үндэслэл бий.

Төрийн өмчид олон жил талхиулж ирсэн хамгийн том татвар төлөгч үйлдвэрийн 49 хувийг ийнхүү хууль бусаар авчихсан учраас шүүхийн шат шатны байгууллагын шийдвэрээр эцэслэн шийдсэн юм билээ. Тиймээс Монгол Улсын төр өмчөө эргүүлэн авч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцсон юм. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг  худалдан авсан Монголын зэс корпорац компанийн 400 сая 270 мянган ам.доллар хэрхэн босгосон схемийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байв.

Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилсан. Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэр гарахын зэрэгцээ ҮАБЗ-өөс ч зөвлөмж гарлаа. Энэ дагуу албаны хүмүүс Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, нэр бүхий есөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн гэх мэт үйл явдал өрнөв. Энэ ажиллагааг хуульчид болон албаныхан төдийгүй ард түмэн ч зөв зүйтэй шийдвэр хэмээн үзсэн.

 

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД
 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордод  хууль, хяналтын байгууллагынхан 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тусгай ажиллагаа явуулж, төрийн мэдэлд авсан. Уг ажиллагааг тухайн үеийн Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж асан Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр прокурорын хяналтын дор зохион байгуулж байв.

Ингэхдээ Салхитын мөнгөний ордын 2043- 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улсын мэдэлд авсан юм. Уг орд нь зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонн батлагдсан нөөцтэй тус орд газрын ховор металлтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн компанийн 154 мянган тонн хүдрийг экспортод гаргах гэж байхад нь зогсоосон гэдэг.

Үүнээс гадна тус орд газрын зөвшөөрлыг олгоход авлига авсан шүүхийн ажилтнуудыг шалгаж байв. Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээж байснаараа тэглэсэн. Орд газрыг хятадууд эзэмшиж байсан бөгөөд хууль бус байсан гэдгийг олон талаар нотлон харуулсан.

 

''ЭРДЭНЭТ МEДИПАС'' ЭМНЭЛЭГ
 

“Эрдэнэт”-ийн хөрөнгөөр үйлдвэрийн дэргэд байгуулсан орчин цагийн техник технологи бүхий ''Эрдэнэт Мeдипас'' эмнэлгийг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр төрд буцаан авах шийдвэр гаргасан. Анх ''Эрдэнэт Мeдипас'' эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийж, төлбөр тооцоо хийх ёстой ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үүнд ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд  шилжүүлж авсан ч мөн л өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр тооцоо хийгээгүй.

Гэтэл тус эмнэлэг нь "Эрдэнэт үйлдвэр"-ээс 2016-2022 оны хооронд 12.7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан. Товчхондоо бол төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авч байгаа учраас цэвэр гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ. Тухайн асуудлыг хууль шүүхийн байгууллага шалгаж үзээд тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсын ихээхэн хэмжээний хөрөнгийг хувийн байгууллагад шилжүүлсэн нь тогтоогдон, шалгагдаж байна.

 

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР
 

Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөл цемент шохой үйлдвэрийг төрийн өмчид буцаан авахаар шийдвэр гаргасан. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь төрийн өмчид данстай 30 шахам жил ажиллахдаа алдагдал хүлээж байгаагүй ч 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, 2015 онд “өртэй нь хувьчлах” шийдвэр яаравчлан гаргасан.

Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Бэйзмент” компанид 1.3-хан тэрбум төгрөгөөр хувьчилсан. Жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хий хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг ийнхүү нэг жилийн дотор дампууруулан, “ашиггүй ажилласан” хэмээн өөрсдөө хямдхан авсан нь шүүхээс нэгэнт тогтоогджээ.

Нөгөө талаар үйлдвэр хувьчилж авсан хүн нь нас барсан бөгөөд өв залгамжлагчид үйлдвэрийг авахгүй гэсэн байна. Мөн нэг асуудал нь үйлдвэр авсан нөхөд 2012 онд үйлдвэрийн технологийн шинэчлэл, цогцолбор нэрээр Хөгжлийн банкнаас тухайн оны аравдугаар сарын 19-нд таван жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй, 61.265.000 ам.долларын зээл авсан ч 10 жил болоход зээлийн төлөлт огт хийгээгүй гэдгийг албаныхан хэлдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 03

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  0
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 03

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  0
о(66.181.181.63) 2022 оны 04 сарын 03

дарханы төмөрлөгийн үйлдвэрээ ав.хувьчлал бол хуульчилсан хулгай дээрэм тонуул луйвар

0  |  0
зочин(150.129.141.44) 2022 оны 04 сарын 02

төрөөс хулгай луйвар хийвэл хууль ёсны, харин төр нь тэр луйвардуулсан зүйлээ эргүүлж авбал хууль зөрчинө гээд байгаамаадаа. Энэ сониныхон ХХБ наас их ”зээл” авж дээ, янз нь

1  |  0
Нэс(66.181.183.246) 2022 оны 04 сарын 02

Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улсад буцаан авах хэрэгтэй

1  |  0
Top