Нийслэлд хөрсний бохирдол ноёлох хэмжээнд хүрээд байна. Эрдэмтдийн судалгаа, яриа, шүүмжлэл үүнийг гэрчлэх ажээ. Эрдэмтэд нарийвчилсан судалгааг хийж, тодорхой баримтад тулгуурлан энэ талаарх бодит мэдээллийг бидэнд өгч байна. Хөрс бидний нүдэн дээр хэрхэн үхжиж, үгүйрч байгааг энгийн иргэд ч аль хэдийнэ гадарлаад эхэлсэн. Шавар шавхай тогтсон, элдэв үнэр ханхлуулсан хөрс нийслэлийн хаа сайгүй байгаа болохоор хөрсний бохирдол хэрээс хэтэрч байгааг хэлсэн, халагласан, сануулсан хүн цөөнгүй ажээ.
Гэр хороололд 300 мянга гаруй хашаа байдаг гэсэн тоо байна. Эдгээр хашаа бүр модон жорлон, муу усны нүхтэй гэж тооцвол хөрсний бохирдлыг ёстой нэг “үйлдвэрлэж” байгааг бид мэднэ. Намаг, сул шороо зэргээс шалтгаалж, айлууд жорлонгоо байн байн сэлгэх нь мөн л хөрсний бохирдлыг ихэсгэхэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. XXI зууны нийслэл Улаанбаатарт утаанаас илүү уршиг дагуулж буй нэг зүйл нь хөрсний бохирдол болчихоод байна. Учир нь утааг улирлын чанартай гэж болно. Хүйтэн, сэрүүний улиралд л утаа асуудал болно. Харин хөрсний бохирдол бол жилийн дөрвөн улиралд хадгалагдан, улмаар хүн амын эрүүл мэнд хийгээд улс орны хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ удаад уншигчдадаа нэгэн судалгааны дүнг танилцуулахаар бэлтгэлээ.
Цэвэр агаар сангийн захиалгаар ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэд нийслэлийн хөрсний бохирдлын судалгааг хийсэн байна. Тэд нийт 219 цэгээс хөрсний дээж авч бохирдолт, экогеохимийн судалгаа явуулжээ. Тодруулбал, хөрсөн бүрхэвч, голын ёроолын хурдас, тоосны химийн бохирдолт, барилга байшин доторх шорооны бохирдолтын түвшинг тогтоосон байна. Эл судалгааны дүнгээр хөрсний бохирдолтын түвшин өндөр гарчээ. Зарим газарт нь хэт их бохирдолт ажиглагдсан байна. Хөрсний бохирдлыг хамгийн ихээр агуулж буй газраар Арьс ширний үйлдвэр, Ногоон нуур, 100 айл орчим “тодорсон” байх юм. Мөн хэн дуртай нь “морь харж”, элдэв хогоо чулуудаж орхидог томоохон хүнс, барааны зах орчим, түүнчлэн гэр хорооллын хөрсөнд агуулагдах хром, хар тугалга, никель зэрэг хүнд металл байх ёстой хэмжээнээсээ 3-4 дахин их гарчээ. Арьс ширний үйлдвэр, гэр хороолол гэсэн ялгаваргүйгээр ийн хүнд металл хэмжээнээсээ хэд дахин давсан үзүүлэлттэй гарсан нь хотын хөрс нэлэнхүйдээ хэр ихээр бохирлогдсоныг гэрчлээд өгөх биз ээ.
Нарийвчилбал, Улаанбаатарын хөрсний хромын дундаж агууламж өмнө нь 71.3 ррm байсан бол зарим газарт 1512-1548.8 ppm хүрсэн нь дээрх судалгаагаар тогтоогджээ. Харин Арьс ширны үйлдвэр, Урьдчилан цэвэрлэх байгууламжийн орчимд хромын бохирдолт 637-555 ppm байжээ. Энэ нь бохирдоогүй хөрснөөс 20-30 дахин их байгаа юм. Энэ нь стандарт хэмжээнээс 3-4 дахин их гэсэн үг. Түүнчлэн хар тугалга агаарт дэгдэж буй тоосонд 254.2 ppm байсан аж. Энэ нь мөн л стандарт хэмжээнээс 2.5 дахин илүү үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, хар тугалганы агаарт дэгдэж тоосонд 700.9 ppm хүрсэн тохиолдол ч гарчээ. Мөн хөрсний бохирдлоор дээгүүр толгой цохих газар гэгддэг Ногоон нуур орчмын хөрсөнд 870.3 ppm байжээ. Энэ нь тус газрын ойролцоох Авто засварын газрын хөрсний судалгаагаар тогтоогдсон байна. Дээрх судалгаагаар никелийн хөрсөн дэх агууламж нь стандартаас бага буюу 9.9ppm, хамгийн ихдээ 52 ppm хүрсэн ажээ. Харин цайрынх дунджаар 194.9 ppm, тоосонд харьцангуй их буюу 253.9 ppm байжээ.
Зөвхөн эдгээр элемент хөрсийг бохирдуулаагүй гэдгийг судалгааны дүнгээс харж болохоор байна. Тухайлбал, хөрснөөс авсан нийт дээжний 65 хувь нь молибден, бор, 21.6 хувьд селений агууламж стандартаас давсан байжээ. Стандартаас давсан үзүүлэлттэй гарах нь бохирдолттой гарсан гэдгийг хэлж байгаа хэрэг юм. Дээрх гурван элементийн хувьд авч үзвэл стандартаас давсан хэмжээ нь амьд организмд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг байх юм. Элдэв халдварт өвчин үүсэх нөхцлийг тэд бүрдүүлдэг ажээ. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд хөрсийг ариутгах нь хүн амыг элдэв халдварт өвчнөөс сэргийлэх арга гэдгийг онцолдог биз ээ. Хөрсний бохирдолт нь хотын зөвхөн нэг цэг бус дийлэнхдээ хүн ам олноор бөөгнөрдөг, мөн авто засвар үйлчилгээ хийдэг газарт ажиглагдаж буй юм. Микробиологийн шинжилгээгээр нийт дээжний 74 хувь нь их буюу онцгой их бактерийн бохирдолттой гарчээ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Шувуун фабрик, Бөхөгийн голын адагт хуримтлагдсан хогийн цэгээс авсан хөрсний дээжинд E.Coli, эмгэг төрөгч бактер, мөөгөнцөр их хэмжээгээр илэрсэн байна. Мөн Өлзийт хорооллын хөрсөнд E.Coli болон мөөгөнцрийн холимог, Яармагийн наймдугаар хорооны нутаг, гэр хорооллын дунд үүссэн хогийн цэг орчмын хөрснөөс E.Coli болон мөөгөнцөр илэрчээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн Амгалангийн вокзал орчмын хөрс гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle бактертай байжээ. Харин Сонгинохайрхан дүүргийн “Сонгины амралт” орчмын хөрснөөс E.Coli бүлгийн бактериас гадна мөөгөнцөр их хэмжээгээр илэрсэн гэнэ.
Нянгийн бохирдлыг эрдэмтэд гэр хорооллын модон жорлон, булан тохой бараадан ил бие засах, муур, нохой, мал зэрэг амьтны хүүрийг ил хаясантай холбон тайлбарлаж байгаа юм. Хэдийгээр хотод мал байлгахгүй гэдэг ч малтай айлууд байгаад зогсохгүй, малын бууцаа гуу, жалга бараадуулан асгадаг нь энэ бохирдлыг бий болоход нөлөөлдөг аж. Шивтрийн бохирдолт буюу аммонийн дундаж агууламж 8.3 мг/кг байгаа нь хүлцэх агууламжаас 4.2 дахин, бохирдолгүй газрын хөрснөөс 5.5 дахин өндөр байгаа нь мөн л дээрх судалгаагаар тогтоогдсон байх юм. Тодруулбал, нийт бохирдлын судалгааны дээжний 66.7 хувь нь дэвсгэр агууламжаас давсан аммонийн агууламжтай, 33.3 хувь нь дэвсгэр агууламжтай ойролцоо буюу түүнээс бага хэмжээний аммони агуулжээ. Монголчууд бидний байнга шахуу зорин очдог газар бол Нарантуул зах. Тэгвэл тус захын ойролцоох хөрс шивтрийн бохирдолт хамгийн ихээр агуулдаг байх юм. Тодруулбал, энэ хавийн гэр хорооллын гудамжнаас авсан нэг кг хөрсөнд 73.4 мг аммонийн азот байгаа нь дэвсгэр агууламжаас 50 дахин их байсан аж. Нарийвчилсан энэ мэт судалгаанаас үзвэл хөрсний бохирдол яавч орхиж болохооргүй асуудал болтлоо “бойжжээ”. Манай нийслэл хот бусад улс орнуудын хотоос эрс ялгаатай гэж болно. Нүүдэлчин соёлтойгоо хотдоо тухалсан бидний хувьд хог хаягдлаа цэвэрлэх, улмаар хөрсний бохирдлыг арилгах арга нь ч хүртэл ондоо байх ёстой биз. Дэлхийн жишигт нийцсэн аргыг бол хэрэглээд нэмэргүй. “Нүүдлэн хотожсон” соёлын аргаар үүнийг шийдэх ёстой л доо. Гэвч тийм аргыг олсон хүн өнөөдөр Монголд алга. Дэлхийд ч бас байхгүй. Юу гэх гээд байна вэ гэхээр Монголын нөхцөлд тохирсон аргыг л олох хэрэгтэйг сануулах гэсэн юм.
Улаанбаатарын 470 мянга гаруй га талбайн 1000 га талбайг зөвхөн оршуулгын газар эзэлдэг гэсэн судалгаа байна. Далан давхар, Нарангийн энгэр зэрэг газарт бурхан болоочид маань бусадтайгаа хамт “амьдарсаар” л байна. Эдүгээгээс жаахан эрт бурхан болоочдыг нэг л аргаар нутаглуулдаг байсан. Тэр нь газарт оршуулах. Элдэв өвчин эмгэгтэй хүн байсан бол өдийд ч хөрсөндөө тэр нь хадгалагдан явааг үгүйсгэх аргагүй юм. Энэ нь хөрсний усаар дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлж байхыг үгүйсгэмгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хог хаягдал нь элдэв төрлийн өвчин үүсгэн нян, химийн хорт бодис агуулдгаараа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлж, халдварт өвчин хордлого үүсгэх хүчин зүйлийн нэг болдог. Хог хаягдлаас хүний биед үзүүлэх хортой нөлөө нь тэдгээрийн хими, механик үйлчилгээнээс хамаарна.
Химийн хорт нөлөө гэдэг нь хорт хий, шингэн хуурай бодис хүхэр, устөрөгч, шивтэр, индол, скаптол, меркаптон зэрэг хорт хий ялгаруулж байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг” гэж байна. Хөрсөнд энгийн эгэл биетэн, ялааны авгалдай, өт хорхой, бактери, вирус зэрэг бичил биетэн амьдардаг ажээ. Мөн хөрсөнд өвчин үүсгэгч нян удаан хугацаагаар хадгалагдаж, өвчин тархах нөхцлийг бүрдүүлдэг байх юм. Тухайлбал, хөрсөнд цусан суулга 25-100, балнадын нян 100-400, полимиелитийн вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг аж. Газовая гангрена нян хэдэн жилээр ч удаан хөрсөнд хадгалагдах чадвартай гэнэ. Эдгээр нь хөрснөөс хүнд халдварлаж өвчлүүлдэг байна. Хүн бохирдолттой хөрстэй хавьтсанаар, ийм хөрсөнд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээс, хүүхдүүд бохирдсон хөрс шороогоор тоглох үед, эсвэл жимс, хүнсний ногоог угааж цэвэрлэхгүйгээр хэрэглэсэн үед халдварлаж, өвчлөх магадлал өндөртэй гэнэ. Хамгийн аймшигтай нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болох ажээ. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг намжаах арга хайсан нь арай л үр дүнтэй ажил болж мэдэх юм. Ингэхийн тулд юуны түрүүнд ус, агаарын бохирдлыг багасгах хэрэгтэй. Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах юм. Мэдээж, хогийг ил задгай хаяхгүй байх нь хөрсний бохирдлыг хумих нэг арга юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )