1.3 тэрбум мод тарихад ойгоор бүрхсэн талбай 8.2 хувь болно

2022 оны 04 сарын 05

-Байгалиас авчирсан мод нь явцын дунд үхэх магадлал өндөр байдаг. Тийм болохоор үрнээс эхэлж үрслүүлсэн мод тарих нь илүү үр дүнтэй-

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш улс орон даяар Монгол Улсын ойн нөөцийг нэмэхэд анхаарч эхэллээ. Тун удахгүй хаврын Мод тарих үндэсний өдөр тохиох юм. Албан байгууллагууд, хувь хүмүүс сайн дураар мод тарих аянд нэгдсээр байгаа билээ. Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор модны арчилгаа, үрсэлгээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын хэлтсийн дарга, доктор Б.Удвал, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Н.Цагаанцоож болон Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Г.Батсайхан нартай ярилцлаа.


-Энэ хавраас эхлээд орон даяар мод тарих ажил эрчимжихээр байна. Улсын хэмжээнд нэг тэрбум мод тарихаар болсон шүү дээ. Манай улсын одоогийн нөхцөл байдалд нэг тэрбум мод тарих нь хэр боломж, бололцоотой вэ. Мэргэжлийн хүний хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлэхгүй юү?

Б.Удвал: -Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол эрчимтэй явагдаж буй энэ үед “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ олсон ажил. Цар тахлаас шалтгаалж ядуурал, ажилгүйдэл нэмэгдлээ. Тэгэхээр тус хөдөлгөөний хүрээнд иргэд үр түүж бэлтгэх, мод, тарьц, суулгац ургуулах, зарах болон цэцэрлэгжүүлэлт зэрэгт оролцож, амьжиргааныхаа эх үүсвэрийг бүрдүүлэх боломж хэмээн харж байгаа. Нөгөө талаас уг хөдөлгөөний хүрээнд урт, дунд, богино хугацааны төлөвлөгөөг гаргасан. Улсын хэмжээнд стратеги төлөвлөгөөг мэргэжлийн боловсон хүчний оролцоотойгоор БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулж байгаа. Стратеги төлөвлөгөөг хэлэлцэж, батлах шатандаа явж байна.

Уг төлөвлөгөөнд үндэсний судлаачид, мэргэжлийн хүмүүсийн харах өнцгөөр үр дүнтэй, сайн хэрэгжүүлэх үүднээс ажлаа төлөвлөж байгаа. Аймаг, сум, томоохон уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд гэх мэтээр бүхий л талаас мод тарихад оролцож байна. Тэдэнтэй хариуцлагын гэрээ байгуулж байгаа. Тэгэхээр нэг тэрбум мод тарих нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хийх ажил бус хүн бүрийн оролцоотойгоор, үндэсний хэмжээнд хийх ажил болж байгаа юм. Ингээд үзвэл тэрбум мод тарих боломж бидэнд байна. Тэрбум мод хэмээх тоо гаргасан ч нэг тэрбум 300 сая болсон гэх тоо бий. Бүгдийг нь тарьж чадвал ойгоор бүрхсэн талбай 7.9-өөс 8.2 хувь болж нэмэгдэх юм билээ.

Г.Батсайхан: -Манай орон ойн нөөцөөр хомс. Ой бүхий талбай нь нийт газар нутгийн найм хүрэхгүй хувийг эзэлдэг. Мөн тархалтын хувьд хойд бүс, хангайн нуруугаар байх жишээтэй. Тэгэхээр ой бүхий талбайгаа зайлшгүй нэмэх шаардлагатай болж байгаа юм. Ойн сангаа нэмэгдүүлэхэд хоёр л арга зам бий. Нэгдүгээрт, байгалиасаа сэргэх ургалтыг дэмжих, хоёрдугаарт, зориудаар мод тарих юм. Тэгэхээр энэхүү төсөл нь зориудаар мод тарих аргыг ашиглаж буй буюу товчхондоо ойн сангаа нэмэгдүүлэх ажил юм.

Н.Цагаанцоож: -Хүмүүс энэхүү хөдөлгөөнийг сөргөөр хараад байх шаардлагагүй. Болж өгвөл бүтэх талаас нь зөвөөр харж, тал талаасаа нэгдэж, дэмжиж ажиллах нь зүйтэй. Бид мод ургуулж сурвал одоо болон ирээдүйд ихээхэн хэрэгтэй.

-Монгол Улсын газарзүйн онцлог нь бүс бүсээсээ хамаараад өөр өөрийн онцлогтой байдаг. Тэгэхээр бидний хувьд тухайн бүсийн уур амьсгалд зохицсон модыг тарих шаардлага тулгараад байна гэсэн үг, тийм үү?

Б.Удвал: -Тийм ээ. Ойт хээр, тайга, хээр, говь гэх мэтээр бүс бүсэд нь тохирсон модыг тарих технологи, модны төрөл зүйлийг сонгох сонголт зэргийг зайлшгүй дурдах ёстой. Тухайлбал, говьд шилмүүст мод таривал ургах орчны нөхцөлөөс хамаараад ургаж чадахгүй. Говьд ургах ургамлыг хангай газарт таривал мөн л ургахгүй байх жишээтэй. Тэгэхээр орчны нөхцөлд тохирсон модны төрөл зүйлийг сонгох, технологийн дагуу тарих нь хамгийн чухал.

Г.Батсайхан: -Манай орны хувьд ойжуулалт хийх бүсийг гаргасан байдаг. Үүнд юу харагдаж байна вэ гэхээр газар нутгийн өндөршил, хөрсний хэв шинж, цаг уурын нөхцөлийг үндэслэсэн байгаа юм. Говийн бүсэд, заг, улаан сухай, жигж гэх мэт чийг бага шаардах мод тарих нь зөв. Мөн ганд тэсвэртэй мод байх хэрэгтэй. Хангайн бүсэд гацуур, шинэс гэх мэт мод тарих нь оновчтой байдаг. Нам дор, элсэрхэг газар бол шилмүүст модны төрлийг тарина. Тухайн газрын цочир хүйтэн хавар хэдэн сард явагдах, ургамал ургалтын үргэлжлэх хугацаа, хоног гэх мэтийг ч харах шаардлага тулгардаг.

-Ойн модны эзлэх хэмжээ нийт газар нутгийн найман хувьд ч хүрэхгүй байна. Тэгвэл манай улстай ижил нөхцөл байдлаас ойн нөөцөө нэмж чадсан ямар улсууд байгаа вэ. Тухайн улсын жишээг хэр судалсан бол?

Б.Удвал: -Маш олон орон бий. Солонгос улсаар жишээ авъя. Энэхүү улс дайны дараа ойн модгүйн улмаас үерт автах, ургацгүй болох, өлсгөлөнд нэрвэгдэж байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч нь мод тарих кампанит ажлыг зохион байгуулснаар ойн сангаа нөхөн сэргээж чадсан юм. Улмаар үерээс сэргийлж, ургац сайн авч, өлсгөлөнгөөс ангижирч байсан түүхтэй. Эргээд үүсэж буй асуудал нь юу вэ гэвэл их хэмжээний эдийн засгийн үр ашиг багатай мод тарьсантай холбоотой байгаа юм. Эдийн засгийн үр ашигтай модыг хэрхэн тарих вэ гэдэг нь бас нэгэн ярих асуудал болоод байна. Олон улсын туршлагууд их байгаа. Манай орны хувьд анхнаасаа төлөвлөгөө сайтайгаар ажиллах нь чухал юм. Мэдээжийн хэрэг энэ мэт туршлагуудыг судалж, харсны үндсэн дээр хөрсөн дээр буух боломжтой өөрсдийн гэсэн стратегийн бодлогыг боловсруулж, “Тэрбум мод” хөтөлбөрт тусгасан.

-Манай улсад жилд хоёр өдрийг Мод тарих үндэсний өдөр болгосон. Тэгэхээр зөвхөн тухайн өдрүүдэд мод тарих ёстой байдаг юм уу. Эсвэл өөр өдрүүдэд ч тарьж болдог юм уу?

Г.Батсайхан: -Манай улс хавар болон намрын улиралд мод тарьж байгаа. Ойд, талбайд шилжүүлэн суулгаж буй тарьц нь тайван байдалд байгаа буюу хаврын улиралд нахиа нь задраагүй, өсөж эхлээгүй байх үед нь суулгадаг гэсэн үг. Харин намрын улиралд өсөлт нь зогсож, нахиа зангидсаны дараа тарьж байгаа гэсэн үг юм. Тарьцыг ургаж буй үед нь шилжүүлэн суулгавал амьдрал даадаггүй. Тиймээс тайван байх үед нь тарьдаг юм.

Энэ нь улирлаас хамааралтай хийх ажил. Үүний эсрэг хийж буй зүйл нь бортгонд ургуулсан, бортготой тарьцын ургамал ургалтын хугацаа буюу таван сараас есөн сарын хооронд дурын улиралдаа шилжүүлэн суулгах боломжтой. Нэг тухайн ургамал бортготой хөрсөндөө ургаж байхад хөрсийг нь гэмтээхгүйгээр гаднах бортгыг нь урж, хөрстэй нь гэмтээхгүйгээр тарьж буй учраас тухайн тарьцын амьдрал нэлээн өндөр байдаг. Мод тарьж, ойжуулалт хийж, нөхөн сэргээж буй үед ихээхэн үр дүнтэй явагдах нөхцөл бүрддэг.

-2010-2016 онд тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлигаар 10 сая мод тарьж байсан. Ер нь мод тарих өдөртэй болсноосоо хойш хэдэн зуун мод тарьсаар байна. Гэтэл өнөөдрийн байдлаар эргээд тухайн тарьсан моднуудын хэдэн хувь нь амьдарч байна вэ гээд дүгнэхээр бага үзүүлэлттэй байна шүү дээ. Бид юун дээр нь алдаад байна вэ?

Н.Цагаанцоож: -Нэг үеэ бодвол мод тарьж сурч байна. Тарьсан модоо цаашдаа арчилж, хамгаалах асуудал тулгараад байгаа юм. Арчилж, хамгаалахын тулд мэргэжлийн түвшинд тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулсныхаа үндсэн дээр хамгаалах ёстой л доо. Тэрхүү мод маань янз бүрийн шалтгааны улмаас үхээд, үрэгдээд байна. Нэгдүгээрт, төрөл бүрийн хортон шавж нөлөөлж байгаа. Хоёрдугаарт, янз бүрийн өвчин гарч байна. Ерөөсөө л арчилж, хамгаалахгүй бол болохгүй. Гэхдээ үүнд нэг зүйлийг дурдах хэрэгтэй.

Байгалийн ойгоос мод авч ирээд тарьж буй нь үхээд байгаа учраас л таны асуусан шиг тарьсан мод үхэж буй мэт харагдаад байгаа юм. Бид өөрсдөө модыг зөв технологиор, хүлэмжид үрнээс нь өсгөж, тарьж, ургуулбал 100 хувийн амьдралттай байна. Гэтэл сүүлийн үед том модыг байгалиас авч ирж тарьснаар тухайн мод нь тодорхой нөхцөлд өөрийн инерцээрээ ургаж, явцын дунд үхэж буй дутагдалтай тал байгаа. Тийм болохоор ойжуулах, ургуулах талбайдаа үрнээс нь эхэлж үрслүүлсэн модыг тарих нь илүү үр дүнтэй.

-Модны хамгийн их арчилгаа шаардлагатай үе хэзээ вэ?

Г.Батсайхан: -Модыг тарина гэдэг нь тодорхой нэг хугацаанд анхаарал хандуулаад, арчилж байгаад орхих зүйл биш. Мод үржүүлгийн газраас тарьц эсвэл суулгацыг ухаж авахдаа шилжүүлэн суулгаж буй тохиолдолд нөгөө тарьц нь шинэ орчиндоо дасан зохицох, тээвэрлэлтийн горим алдагдах гэх мэтээр тодорхой хугацаанд “стрессдэнэ”. Тиймээс суулгацыг шинэ орчинд байх үед хамгийн их арчилгаа шаарддаг.

Энэ үед үндэсний өсөлтийг хангах бордоо сайн хийх, зохих ёсоор нь услах, хөрс сийрүүлэх, хөл газрын ургамлыг түүх гэх мэтээр ургамал ургалтын хугацааны туршид ажиллах хэрэгтэй. Эхний өвөлжилтийн дараа хорогдолт их байх шинжтэй болдог. Тэр тусмаа ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлын үеэр. Хоёр дахь жилээсээ хойш тогтворжоод, амьдардаг. Гэлээ ч арчилгаа, усалгааны асуудал эхний хэдэн жилийн турш үргэлжилнэ.

-Ер нь үрслүүлсэн модыг тарих нь үр дүнтэй байдаг гэлээ. Тэгвэл яагаад ууланд ургаж буй модыг хотын төв рүү шилжүүлэн суулгаад байдаг юм бэ?

Б.Удвал: -Хот цэцэрлэгжүүлэлтийн стандарт гэж бий. Бидний мод үржүүлгийн газарт ургуулж буй 2-3 настай, бойжуулах талбайд суулгасан 5-6 настай мод бол ихэнхдээ өндрийнх нь стандартыг хангадаггүй. Иймээс ойгоос байгалийн аясаар ургасан нэг га талбайд таван мянга, зургаан мянгаар гэх мэт шигүү ургаж буй хэсгийг сийрэгжүүлж, хотын ногоон байгууламжид тарьдаг. Гэхдээ хотод шилжүүлэн тарьж буй том модонд стандарт тогтоож өгөх шаардлагатай гэж бидний зүгээс харж байгаа. Модны өндөрт стандарт тогтоогоогүйн улмаас хэт өндөр мод шилжүүлэн суулгаснаар газрын хөрсөнд буй үндэсний хэмжээ тэр дайны их байдаг. Тэгэхээр тухайн модыг ухаж авснаар хөрсийг нь тэр хэрээр гэмтээж байгаа гэсэн үг. Хэт гэмтэлтэй модыг өөр хөрсөнд суулгасан ч амьдрахгүй байгаа шалтгаан нь тэр. Үүнд стандартын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж харж байгаа.

Н.Цагаанцоож: -Байгалийн сэргэх ургалтыг дэмжих гэдэг нь ой хамгааллын нэг хэсэг. Үүний талаарх ойлголт манайд маш муу байдаг. Тэр ч үүднээсээ байгальд ургаж буй том том модыг суулгаад үхүүлж байна. Хэрвээ том мод авна гэвэл үүнд стандартаа барьж, ажиллах ёстой. Нөгөө талаар байгалийн сэргэх ургалтын дэмжсэн цагт ойн талбай тэлж, мод ургаж байх ёстой. Товчхондоо уулнаас мод авч байсан ч эргээд тэр зайд нь мод ургаж байх ёстой гэсэн үг. Байгальдаа ч хотдоо ч ургаж чадахгүй устаж байгаа нь харамсалтай. Бид үүнтэй холбоотой саналаа холбогдох байгууллагуудад нь хүргүүлдэг. Зориудаар тарьж ургуулах дээр зайлшгүй арчилгаа шаардлагатай. Тарьц, суулгацаа суулгасны дараа 1-2 жил тогтвортой арчилснаар тогтвортой ургах тарьцтай болно.

-“Тэрбум мод” аяны хүрээнд дотоодын үрсэлгээний компаниа дэмжиж ажиллах юм билээ. Манай улсад үрсэлгээний компани хэр олон байгаа вэ. Хангалттай үрсэлгээг дотоодоосоо бэлдэж чадах болов уу. Мод тарих үед өнөөх импортын модны асуудал яригддаг шүү дээ?

Б.Удвал: -Ойн тухай хуулинд импортоор үр болон тарьц суулгац оруулж ирэх хориотой байдаг. Зөвхөн эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээнд зориулсныг зөвшөөрдөг юм. Тэгэхээр импортоор үр, суулгац оруулж ирэх бол зайлшгүй эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа хийсний үндсэн дээр Монголд нутагшуулж болно гэх дүгнэлтээр оруулж ирэхийг зөвшөөрнө. Манай орны хувьд жижиг хэмжээний газарт иргэд өөрсдөө мод үржүүлэх нь бий. Аж ахуйн нэгжүүд том хэмжээний үйлдвэрлэл явуулах нь байна. Тэгэхээр хөдөлгөөний хүрээнд тухайн аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр яамнаас ажиллаж байгаа.

Уг аяныг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг ашиглах, мод тарих сонирхолтой иргэдийг чадавхжуулах, сургах, анхнаас нь гарааг зөв тавьж мод тарих аргад сургах юм. Манай хүрээлэнгээс Олон улсын ойн өдрийг тохиолдуулаад цахим хэлбэрээр иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан. Үнэ төлбөргүй энэхүү цахим сургалтад маань 200 гаруй хүн оролцсон. Харин дараа нь 5000 гаруй хүн уг бичлэгийг үзсэн тоон мэдээлэл байна. Үүнээс харахад хүмүүс мод тарих чиглэлээр сургалт, мэдлэг мэдээлэл авах хүсэл эрмэлзэл их байгааг харж болох юм.

Н.Цагаанцоож: -Судлаач бидний хувьд гаднаас тарьц суулгац авахад эсрэг саналтай байдаг. Шалтгааныг тайлбарлая. Нэгдүгээрт, суулгацын хамгаалал, ариутгал, ариун цэврийн стандартыг баримталдаггүй. Үүнтэй холбоотой гашуун сургамжууд байгаа. Өмнө жилүүдэд урд хөршөөс их хэмжээний хайлаасны тарьц оруулж ирсэн. Тэдгээр тарьц нь маш олон тооны шавж, өвчинтэй ирсэн тохиолдол бий. Хөрсөнд суулгахад эргээд эргэн тойрондоо халдварлах жишээтэй. Үнэхээр импортын суулгац оруулж ирэх шаардлагатай болвол хил дээр ариутгал хийх шаардлагатай юм. Ариутгал хийсний оруулж ирэх боломжтой. Ер нь  гаднаас суулгац авах шаардлага байхгүй.

Г.Баярсайхан: -Бодлого зохицуулалтын газраас хийсэн нэг ажил бол мод үржүүлгийн ажил эрхэлдэг газрын тоо, нийт хэчнээн хэмжээний ямар суулгац байгаа талаарх бодитой тоо гаргах ажил байсан юм. Нарийн тоог сайн санахгүй байгаа ч одоо байгаа мод үржүүлгийн газрууд одоогийн хүчин чадлаараа ажиллавал шаардлагатай тарьц, суулгацыг хангаж ажиллаж чадахгүй. Тийм учраас тэднийг чадавхжуулах, үүрэгжүүлэх, бодит техник туслалцаа үзүүлэх тал дээр улсаас анхаарч ажиллах хэрэгтэй юм. Ингэсэн цагт тухайн ажлууд бодит үр дүнгээ өгөхөд их хувь нэмэр болно.

-Дотооддоо үрийн нөөцөө хангаж чадаж байгаа юу. Хэрэв хангаж чадахгүй бол “Тэрбум мод” хөтөлбөр зогсонги байдалд орох юм биш үү?

Б.Удвал: -Энэхүү ажил нь доройтсон ойг нөхөн сэргээх ажил. Нөхөн сэргээхдээ шилмүүст модоор сэргээнэ. Дараагийн хийж буй том ажил бол голын татам, эхийг ойжуулах юм. Улиас, бургасны мөчрийг тайрах болон тарих ажил. Гуравдугаарт, говь хээрийн бүсийг ойжуулах гэсэн гурван хэсэгт ажиллаж байна. Тэгэхээр бид дотооддоо үрийн нөөцөө эхний гурван жилдээ хангаж чадахгүй тохиолдол гарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаар зэргээс шалтгаалан байгальд модны үрлэх нь муу байна. Ийм тохиолдолд голын татмын нөхөн сэргээлтдээ анхаарч, тайрсан ногоон мөчрөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр харагдаж байна. Нэгэнд нь хугацаа шаардлагатай үед нөгөө ажлаа хийж байна гэсэн үг.

-Үрсэлгээнээс гадна усалгааны арга механизм бол тулгарч буй асуудлуудын нэг шүү дээ. Ер нь энэ их модыг тарихын тулд бид усалгаагаа хэрхэн шийдэх ёстой вэ?

Н.Цагаанцоож: -Таны хэлдэг зөв. Усалгаа бол зайлшгүй тулгамдаж буй зүйлсийн нэг. Бид гүний усаараа усалгаа хийж байна. Үүнийг хэрхэн хөнгөвчлөх вэ гэвэл усалгааг хийх технологио зөв сонгох явдал юм. Сүүлийн үед говьд тарьж буй ихэнх ургамал, модоо дуслын системийн аргаар шийдэж байна. Нэгдүгээрт, ус бага ордог. Хоёрдугаарт, усыг хязгаарлалттай хэрэглэдэг явдал юм. Аль болохоор ус бага шаардах технологийг л судлах хэрэгтэй байна.

Б.Удвал: -Ойжуулалт хийж байгаа шүү дээ. Ой байгаад шатсан хэсэг, 1500, 2000 га талбайг ойжууллаа. Тэгэхээр байгалийн ойн талбайд усалгаа хийхгүй. Бороо орох буюу байгальд нь даатгаж, ойжуулах ажлыг хийдэг. Ойн санд ойжуулсан тохиолдолд усалгаа хийдэггүй. Ногоон байгууламж болон хөрсөндөө чийг багатай газар л усалгаа хийх шаардлагатай. Тавдугаар сарын хур тунадас орохтой зэрэгцээд мод тарих нь оновчтой байдаг. Хөрс чийгтэй байх тусмаа тарьсан мод амьдрах баталгаа нь нэмэгддэг юм.

-Улиасны талаар дурдсаных үүнтэй холбоотой асуулт байна л даа. Хүмүүс энэ модыг тарих хэрэгтэй, хэрэггүй хэмээн хоёр талын байр суурьтай байдаг. Томрох тусмаа хөрсний шим тэжээлийг сордог, эсвэл ус ихтэй газарт тарина гэх мэтээр янз бүрийн зүйл ярьж байна. Үүнд тайлбар өгөхгүй юү. Хаана, хэрхэн тарих нь оновчтой вэ?

Б.Удвал: -Улиас модонд хүмүүс их дургүй байдаг. Хөвөн хаядаг, хөрсний үржил шимтэй холбоотойгоор. Улиасыг хаана тарих вэ гэдэг л чухал. Усны түвшин, нөөц багатай газар улиас тарих нь тохиромжгүй. Улиас нь том навчтай, ургалтын явцдаа их хэмжээний усыг ашигладаг учраас ус багатай газар дэмий. Харин голын эх, татам хэсэгт улиасыг тарих нь тохиромжтой. Яагаад гэвэл хөрсний элэгдлийг хамгаалах, урсны урсцыг тогтоон барих гэх мэт эко системдээ олон эерэг үр нөлөөтэй юм. Хотын ногоон бүсэд ойгоос зөөн авч ирсэн нарснууд тоосонд дарагдаж, доройтоод, шилмүүс нь унаж, сийрэгжих гэх мэт өнгө үзэмж нэмэхээс илүүтэй сөрөг үр дагавар нь их байна.

Гэтэл улиасны хувьд жил болгон навчаа гөвөөд, шинэ навч ургаснаар маш их анхилам үнэртэй, хотын агаарыг цэвэршүүлэх, дуу чимээг багасгах зэрэг эерэг үр нөлөөтэй. Ингээд үзвэл хотын ногоон байгууламжид улиас их хэрэгтэй. Тиймээс цэцэглэж, хөвөн хаяхаас урьтаж тайралт хийх, усаар шүрших гэх мэтээр зохистой арга хэмжээг авч явбал улиас шиг хэрэгтэй мод байхгүй гэж хэлмээр байна.

-Хаврын улирал ирж байна. Харшлын улирал ч гэж нэрлэдэг. Модны хөвөн хаях цаг болж байна. Бид хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Н.Цагаанцоож: -Хөвөн хаях нь улиас модонд л голчлон ажиглагдаад байгаа юм. Улиас модонд эр, эм гэж бий. Эр улиасаас мөчир ургах юм бол хөвөн хаях нь багасдаг. Эм улиасыг ургуулсан тохиолдолд тандалт, тайралт, арчилгааг сайн хийх хэрэгтэй. Товчхондоо үрээ хаях гэдэг нь хөвөн юм.

Б.Удвал: -Тухайн жил цэцэглэхээс өмнө мөчрүүдэд тандалт, тайралт хийж, модоо хэлбэржүүлж, хөвөн хаях цэцгийг огтолбол үр хаяхгүй, цэцэглэхгүй гэсэн үг. Манайх ногоон бүсийн ойдоо арчилгааны ажлыг цаг тухай бүрд нь хийх шаардлагатай юм. Энэ жил ч зарим улиасны тайралтыг хийгээгүй. Тэгэхээр удахгүй үрээ хаях нь тодорхой.

Г.Батсайхан: -Нэмээд хэлэхэд ТҮК тайралтыг хийдэг боловч тэд төсөв санхүүдээ тохируулж хийдэг. Тэгэхээр төсөв хангалттай байж чадахгүй бол тайралт хийх хугацаа оройтох нэг шалтгаан болдог юм.

-Мод тайрах тал дээр дэлгэрүүлж асуух нэг асуулт байна л даа. Хүмүүс ойд ургаж буй модыг огтолж, тайрдаг. Хэрэгцээндээ ашиглах гээд байна шүү дээ. Бид модыг огтолж, тайрах нь зөв юм уу. Яг ямар модыг нь огтолж, хэрэгцээндээ ашиглах ёстой байдаг юм бэ?

Б.Удвал: -Ойн түймэрт өртсөн, босоогоороо хатсан, хортонд идэгдсэн моднуудыг зайлшгүй огтлох шаардлагатай. Огтолж байж оронд нь ойжуулах, нөхөн сэргээлтийн ажлыг хийх боломжтой болдог. Ногоон мод огтлохыг хуулиараа хориглодог. Хууль бус мод огтлолт их хэмжээгээр явагдахгүй байгаа.

Г.Батсайхан: -Ойд ойн аж ахуй, арга хэмжээ гэх ажлыг хэрэгжүүлдэг. Үүнд арчилгааны болон цэвэрлэгээний огтлол гэж бий. Цэвэрлэгээний огтлол гэдэг нь Б.Удвал даргын хэлсэн огтлол юм. Мөн арчилгааны огтлол гэж бий. Ногоон ойд буй модыг бус босоо хатсан, үржил нөхөлт оройтсон, бусдынхаа өсөлтөд саад болсон, тахир мурий иштэй модыг огтлохыг хэлдэг. Өндөр мод ихтэй, сайхан ой бий болгох арга юм. Ямар хэлбэрийн арчилгааны огтлол явуулах, ямар модыг авах гэх мэт тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч тухайн тайлбайг тусгаарладаг. Тусгаарласан талбайд огтлох модны нөөцийг тогтоож өгдөг.

Н.Цагаанцоож: -Тодорхой хэмжээний талбай тусгаарлаад, түүнд судалгааны ажлыг хийнэ гэсэн үг. Судалгаанд үндэслэж огтлолоо хийнэ.

-Модны насыг хэрхэн мэдэх боломжтой вэ. Мэргэжлийн хүмүүс л мэдэх боломжтой юм уу, эсвэл хүмүүс хараад шууд насыг нь хэлэх боломжтой байдаг уу?

Г.Батсайхан: -Бид тарьц, суулгацын насыг хараад тогтоох боломжтой. Тухайн жилд хэдэн см ургаснаар нь хэмжээд мэдэх боломжтой байх жишээтэй. Мод томрох тусам их туршлагатай хүн л гаднах байдлаас нь дүгнээд хэлэх боломжтой боловч ингэх нь маш хэцүү. Тиймээс бид тусгай зориулалтын багажаар модны цагаригийг тоолж насыг нь тогтоодог. Ойд явж байхад таардаг хожуулан дээрх цагаригийн тоолж насыг тогтоох боломжтой.

-Шарга морьт, Яргайт, Жигжид, Богд уулын аманд арц мод байсан гэдэг. Одоо ч бараг ховорджээ. Зарим хүмүүс арц модыг устсан гэх юм?

Б.Удвал: -Яагаад устсан гэж хэлснийг сайн хэлж мэдэхгүй л байна. Арц мод ховордсон нь хүмүүс ойн сан руугаа зуслангийн байшин барих болсонтой холбоотой. Байшин барихдаа мод ихээр огтолж, талхлалт ихээр явагдсан, ойн хэв шинжээ алдах, ойд ургах ургамлууд ургахаа болих, зүй бус ашиглалт гэх мэт хүний үйл ажиллагаанаас болж хохирсон мод. Зөвхөн арц мод уу гээд харвал үгүй. Ховордсон мод, ургамлууд их бий. Устсан гэж хэлж болохгүй. Харин тархац багассан нь бол үнэн. Манай хүрээлэнд арц мод тэргүүтэй ховордсон ургамлуудын нөхөн сэргээлтийн судалгааны ажлыг хийдэггүй. Гэхдээ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд энэ ажлыг тодорхой хэмжээнд хийж явдаг.

-Ойжуулалтын ажлын үр дүнг ер нь хэрхэн мэддэг вэ?

Г.Батсайхан: -Бид жилд 5000 орчим га талбайг ойжуулах, зориудаар нөхөн сэргээх зорилго тавьж, ойжуулалтын ажлыг хийдэг. Ойжуулалтын ажлын үр дүн, чанар юунд харагддаг вэ гэвэл ойжуулсан талбайн моднууд өөрөө ургаад, одоо мөрдөгдөж буй журмын дагуу улсын санд хүлээн авснаар ой боллоо хэмээн үздэг. Улсын хэмжээнд аваад үзвэл таримал ой болоод улсын санд орсон нь бага хувьтай байдаг л даа. Тэгэхээр үүнээс хараад үзвэл ойжуулалтын ажил хангалтгүй байгааг харж болно. Цаашдаа стандартын тарьц авах, ойжуулсны дараах арчилгаа гэх мэтэд анхаарах хэрэгтэйг л харуулаад байгаа юм. Нэг талдаа аж ахуйн нэгжүүд буруу тариад байгаа явдалд биш. Нөгөө талаасаа уур амьсгалын хуурайшилттай цаг үе маань ч нөлөөлж байгаа юм.

Н.Цагаанцоож: -Бүс бүсдээ ойжуулалт хийсний бодит жишээнүүд бий. Жишээлбэл, Өмнөговь аймагт 3000 га талбайг загаар ойжуулсан. Одоо бол 100 хувийн амьдралттай, сайхан ургаж байна.

Б.Удвал: -Үүнд Тужийн нарсын жишээг ч дурдах хэрэгтэй. Тужийн нарсан ой зах зээлийн эдийн засагт шилжих үеэр маш их түймэрт өртсөн. Түймэрт өртсөн моднуудаа огтолсон. Огтлолтын хажуугаар хулгайн аргаар огтолсон тохиолдлууд бий. Түймэрт өртсөн үед буцаан сэргээх кампанит ажил өрнөсөн. Өнөөдрийн байдлаар нийт модны 90 гаруй хувь нь амьдарч байна. Хамгийн сайн ойжуулсан хэсэг дээ.

-Ярилцлагынхаа сүүлийн асуултыг боловсролтой холбож асуумаар байна л даа. Бид хүүхэд, дүү нараа багаас нь мод тарих, цэцэг тарих зэрэг үйлийг хичээл дээр нь хийлгэснээр дараа дараагийн үеийнхэн маань илүү байгалиа багаасаа хайрлаж сурах юм шиг санагддаг. Та бүхний хувьд үүнд ямар бодолтой байдаг вэ?

Б.Удвал: -Миний хувьд тантай ижил бодолтой байдаг. Хүүхдэд онолын шугамаар заахаас илүүтэй талбайд мод тарих, цэцэг арчлахыг заадаг ерөнхий боловсролын сургууль харьцангуй бага байдаг юм шиг санагддаг л даа. Хувийн сургуулиуд төгсөгчдөөрөө хүндэтгэлийн байдалтайгаар мод тариулдаг байх жишээтэй. Ер нь бол экологийн боловрол гэдгийг багаас нь заах хэрэгтэй. Япон улсад бага ангийн, цэцэрлэгийн хүүхдүүдээ ойгоор дагуулж явж, танилцуулж, бодит хичээлийг бүтээлч байдлаар ордог юм билээ. Ингэхээр хүүхдэд байгалиа хамгаалах, хайрлах сэтгэхүй сууж байгаа юм. Манай орны хувьд 50-60 хүүхэд нэг ангид хичээллэдэг бол ойгоор авч явахад хүндрэлтэй. Тийм болохоор ядаж сургуулийнхаа гадаа хүүхдүүдээр мод тариулах зэрэг ажлыг хийвэл үр нөлөөтэй байх гэж боддог. Хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэхийн тулд сургуулиуд хажуудаа бяцхан хүлэмжтэй байж болно. Тэднээр ургамал, мод тариулж, мэдрүүлээгүй цагт хэчнээн үг хэллээ гээд зүрхэнд нь гүйцэд хүрэхгүй болов уу.

Г.Батсайхан: -Мэдээжийн хэрэг багаас нь экологийн боловсрол олгох хамгийн чухал зүйл. “Тэрбум мод” хөдөлгөөн нийгэмд нөлөөлж эхэлсэн байна. Хэнтий аймагт “Нэг хүүхэд нэг нахиа” аяныг өрнүүлсэн. Хүүхдүүдэд агч модны нахиа өгөөд хэрхэн тарих зааврыг өгөөд, тэднээр тариулж байх жишээтэй. Магадгүй нэг хүүхэд бортгондоо тарьснаар гэрийнхэн, ойр тойрныхондоо нөлөөлөх боломжтой. Энэ төрлийн үйл ажиллагааг дэмждэг болно. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид руу чиглэсэн энэ мэт ажлыг хийж байгаа нь авууштай. Их дээд сургууль, арван жилийн сургуулиуд ч дэргэдээ эко клубтай болж байна. Энэ мэт сайн үр дүнгүүд их байгаад баяртай байгаа.

Н.Цагаанцоож: -Сүүлийн үед мод тарих ажлууд эрчимтэй өргөжиж байна. Бусад докторууд маань сая жишээ хэллээ. Бид өөрсдөө мод ургуулж, түүнийгээ ургаж буйг харж урамшина. Өшөө олон мод тарья хэмээн арчилж, тордож, хайрлаж эхэлдэг. Бага наснаас нь хүүхдэд мод тарихыг суулгаж өгөх нь илүү дадал, зуршил болж тогтох үр нөлөөтэй хэмээн хардаг даа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top