Шри Ланкийн эдийн засгийн нөхцөл байдалд бухимдсан олон өнгөрсөн баасан гарагт Коломбо хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар Ерөнхийлөгч Готабая Раджапаксагийн гэрийн ойролцоо жагсаж, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан юм. Эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан бол жагсаалд оролцогчид Ерөнхийлөгчийн ордон руу хүрэх замыг хаасан автобусыг шатаасан байна.
Шри Ланка улсад нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний хомсдол үүсэж иргэдийн амьдрал хүндрээд байгаа аж. Улмаар эрчим хүчний хомсдол нүүрлэсэн тул өдөрт 12-оос дээш цагийн хугацаанд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж байгаа юм байна. Шри Ланка 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойших хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгараад байгаа бөгөөд хоол хүнс, түлш шатахуун, хий, эм тарианы хомсдолд орж, үндсэн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөөр байна.
Хөргөгч, агааржуулагч, сэнс ажиллуулж чадахгүй байгаа тул дэлгүүрүүд хаагдахаас өөр аргагүйд хүрч, халуунд олон цагаар жагсаж, шатахууны саваа дүүргэх гэж дугаарласан үйлчлүүлэгчдийн дунд эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд цэргүүд шатахуун түгээх станцуудыг хамгаалалтдаа аваад байна. Хэдийгээр бямба гарагийн орой Шри Ланка улс орон даяар 36 цагийн хөл хорио зарлаж, ням гарагт хийхээр төлөвлөж байсан эсэргүүцлийн жагсаалыг хориглосон боловч жагсаал үргэлжилсээр байгаа юм.
Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газар ОУВС-гаас санхүүгийн дэмжлэг хүсэж, бус нутгийн орнуудадаа хандан туслахыг уриалсан байна. Гэвч шинжээчид нөхцөл байдал сайжрахаас өмнө улам дордох магадлалтайг анхааруулж байна. Шри Ланкад талхны үнэ 60 рупи (0.20 доллар) байснаас 125 рупи (0.42 доллар) болж хоёр дахин өсжээ. Тус улсын эдийн засгийн инфляц 13.3 хувь болсон нь сүүлийн 10 жилийн дээд хэмжээнд хүрээд байна.
Ерөнхийлөгч Ражапакса нь ОУВС-тай хамтран ажиллахын давуу болон сул талуудыг эргэцүүлэн дүгнэж, Вашингтонд төвтэй тус байгууллагаас тусламж авахаар төлөвлөж байсан ч Засгийн газар нь эсэргүүцээд байсан юм. Гуравдугаар сарын 16-нд Ражапакса "Бид энэ алдагдлыг нөхөж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд арга хэмжээ авах ёстой. Үүний тулд бид олон улсын санхүүгийн байгууллагууд болон манай найрсаг харилцаатай орнуудтайгаа зээлийн төлбөрөө төлөх асуудлаар ярилцаж эхэлсэн" гэж мэдэгдэж байжээ.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс "Шри Ланкийн эрх баригчид ОУВС-гийн дэмжлэгтэй санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид ойрын өдрүүдэд эдгээр хэлэлцүүлгийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Шри Ланкийн Сангийн сайдын дөрөвдүгээр сард болох хаврын уулзалтуудаар Вашингтонд хийх айлчлал багтах болно" хэмээсэн байна.
Шри Ланка мөн Хятад, Энэтхэгээс тусламж хүссэн бөгөөд Шинэ Дели аль хэдийн нэг тэрбум ам.долларын зээлийн шугам гаргаад буй талаар Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкар гуравдугаар сарын 17-нд Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Коломбо хотод төвтэй Бодлогын хувилбаруудын төвийн гүйцэтгэх захирал Паикиасоти Сараванамутту хүмүүсийн бухимдал улам даамжирч магадгүй хэмээжээ. Тэрбээр “Энэ байдал сайжрахаасаа өмнө улам дордох нь ойлгомжтой болоод байна. Хүмүүсийн Ерөнхийлөгч болон Засгийн газраа үзэн ядах хандлага улам нэмэгдэж байна. Засгийн газрын хууль тогтоогчид сонгогчидтой нүүр тулахаас эмээж байна" гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )