Канад улс согтууруулах ундаанд татвар ногдуулахдаа тухайн бүтээгдэхүүнд орсон спиртийн агууламжаас хамаараад татварын хэмжээг тооцдог аж.
Өөрөөр хэлбэл агуулагдах спиртийн хэмжээ их байх тусам татвар нь өндөр байдаг байна. Татварын хэмжээг нэмснээр хэрэглээ багасаж, үүнийг даган иргэдийн эрүүл мэндэд учрах сөрөг нөлөө буурна гэж үздэг.
Канадад 2019 онд нэг литрт 7 хувиас ихгүй этилийн спирттэй бол 0.313 доллар, 7 хувиас их бол 12.375 долларын татвартай байжээ. 2020 онд нэг литрт 7 хувиас ихгүйд 0.322 доллар, их бол 12.376 доллар болгож нэмсэн байна.
Монгол Улсын хувьд, өндөр хатуулагтай спиртийн агууламж бүхий архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр аж. Үүнийг дагаад гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагавар маш их байна. Дэлхийн олон оронд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хатуулгийг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Манай улсад архины хатуулгийг үе шаттайгаар бууруулах бодлого хэрэгжүүлж, архины зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэхээр 10 жилийн хугацаанд жил бүр хатуулагийн хувийг хоёр хувиар бууруулахаар болсон.
Монгол Улсад 40 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15 660 төгрөг аж. Үүнийг өөрчилж, 36 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 15 660 төгрөг болгох юм. УИХ-ын хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулж, зарлигийн заалтуудыг тусгана гэлээ.
Дэлхий дахинд тамхины хэрэглээг зохицуулснаар архины хэрэглээ багассан үзүүлэлт байдаг. Архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэхээр гэмт хэрэг, нас баралтын тохиолдол ихэсдэг гэсэн судалгаанууд ч бий.
Сэтгэгдэл ( 0 )