АНУ-ын тэрбумтан бизнесмен Илон Маск 2.9 тэрбум ам.доллароор “Twitter” компанийн хувьцааны 9.2 хувийг худалдан авч, тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ. Ингэснээр түүний хувь тус нийгмийн сүлжээг үндэслэгч Жек Дорсийн хувиас /2.25%/ даруй дөрөв дахин илүү болжээ.
Илон Маск “Twitter” компанийн хувьцаа худалдан авсан мэдээлэл гарсны дараахан тус компанийн хувьцааны үнэ 26 хувиар өссөн байна.
Илон Маск нь 80 сая дагагчтай идэвхтэй жиргээч. Тэрбээр ямар зорилгоор “Twitter” компанийн хувьцааг худалдан авсан талаар одоогоор мэдээлээгүй байна. Гэсэн хэдий ч түүний энэ шийдвэр тус компанийн шинэ ерөнхий захирал Параг Агравалын хувьд томоохон сорилт болно гэж шинжээчид үзэж байна. Агравал компанийн хэрэглэгчдийн өмнө хүлээсэн хариуцлагыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах амлалт өгөөд байгаа билээ. Үүнээс гадна тус компани жилийн орлогоо 7.5 тэрбум ам.долларт хүргэж, 2023 оны сүүлч гэхэд идэвхтэй хэрэглэгчдийнхээ эгнээг 315 сая болгож, өргөжүүлэх томоохон зорилт тавиад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )