Биеийн тамир, спортын улсын хорооны харьяаны Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс (САУЭШТ) өчигдөр (2022.04.05) спортын салбарын эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ үеэр тус байгууллага бие даан үйл ажиллагаа явуулснаас хойш одоог хүртэл хийсэн ажил болон хэтийн төлөвийг танилцуулсан юм.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нь Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа алба байсан бол жилийн өмнөөс бие даасан байгууллага болжээ.
Одоогийн байдлаар 21 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 10 нь спортын гэмтлийн эмч аж.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг "Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв үүсгэн байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд биеийн тамир, спортын салбарын эрдэмтэн судлаачидтайгаа уулзаж, спортын шинжлэх ухааны хөгжлийг тодорхойлох байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм. Улмаар уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Уулзалтаар өнгөрсөн хугацаанд спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвийн хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судлаач, эрдэмтэн нартайгаа санал солилцож байна.
САУЭШТ нь өмнө нь Биеийн тамир, спортын газрын харьяа алба байх үед үндэсний шигшээ багийн 22 төрөлд есөн эмч, эмнэлгийн ажилтнууд тамирчдын бэлтгэл, тэмцээн гэх мэт бүхий л үйл ажиллагаанд хүрч ажилладаг байсан. Харин одоо бие даасан төв болсноор бидний ажлын чиг үүрэг, хүрээлэл илүү өргөжсөн. Үүний нэг жишээ бол зөвхөн үндэсний шигшээ багийн тусламж үйлчилгээ биш, нийт 21 аймгийн өсвөрийн болон залуучуудын шигшээ баг, нийтийн биеийн тамир гэх мэт маш олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр цаашдаа бид үндэсний шигшээ багийн эмч нарыг тухайн спортын төрөл тус бүрт нь орон тооны эмч, массажист гаргаж өгөхөөр ажиллаж байна" гэлээ.
БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Мөнх-Эрдэнэ "Төрөөс биеийн тамир, спортын салбар дахь эрдэм шинжилгээ судалгааны ажлын бодлогыг тодорхойлсон.
Бодлогын гол үндэс нь биеийн тамир, спортын салбарт хэрэгжүүлж байгаа эрдэм шинжилгээ, судалгаа туршилт гэх мэт бүхий л ажилд олон улсад туршлагыг нэвтрүүлсэн хэлбэрээр ажиллана. Энэ хүрээнд биеийн тамир, спортын улсын хорооноос спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнд төрөөс тодорхой санхүүжилтийг олгодог болно.
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нь 21 орон тоотой. Үүнээс 10 нь эмч байдаг. Эдгээр эмч нар дотроо их эмч, дунд мэргэжлийн эмч гэж хуваагддаг. Манай улсын үндэсний шигшээ баг 20 орчим төрөл бий. Үндэсний шигшээ багийн тамирчдыг уралдаан, тэмцээнд явахад дор хаяж нэг эмч дагаж явдаг. Харин олон улсын томоохон наадмуудад 2-3 эмч явдаг. Манай улсад спортын гэмтлийн эмчийн хүрэлцээ бага байдаг. Улсаас олгож байгаа орон тооны хязгаар нь л энэ. Тэмцээнд оролцож байгаа бусад улсын багууд их эмч, дунд эмч, тераписттай оролцдог. Спортын салбарт хуваарилагдах төсвийн хэмжээ нэмэгдвэл энэ тоог нэмж болно" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )