Украины дайны Азийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар дэлхийн томоохон хоёр банк өөр өөрсдийн тайланг танилцууллаа. Дэлхийн банк нэлээд гутранги байр суурь илэрхийлж байгаа бол Азийн хөгжлийн банк бүс нутгийн эдийн засгийн өсөлт цаашдаа ч хүчтэй хэвээр байна гэдэгт итгэлтэй байна. Мягмар гарагт нийтэлсэн 2022 оны эдийн засгийн төлөв байдлын талаарх тайландаа Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 5.4 хувиас тав болгон буурууллаа.
Түүнчлэн тус банк Украины дайн бүс нутагт өрнөж буй эмх замбараагүй байдал цар тахлаас ч илүү аюул заналхийлж магадгүйг анхааруулав. Түүнчлэн Азийн орнууд энэ онд Украины дайн, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн өсөлт гэсэн эдийн засгийн гурван том цочролыг даван туулах шаардлагатай болно гэдгийг Дэлхийн банкнаас тодотгосон байна.
Харин өнгөрсөн лхагва гарагт хамгийн сүүлийн үеийн төлөвийн тайлангаа нийтэлсэн Азийн хөгжлийн банк Украины дайнаас үүдэлтэй түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж буй тэргүүтэй сөрөг нөлөөг үл харгалзан 2022 онд Азийн эдийн засгийн өсөлтийг 5.2 хувь гэж таамаглаж байна.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Аадитя Маттоо “Nikkei Asia” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Украины дайн эдийн засгийн сэргэлтийг хойшлуулах нь эргэлзээгүй" хэмээжээ. Тэрбээр “Тус бүс нутагт өсөлтийн эрчмийг бууруулах хэд хэдэн цочрол нүүрлэж байна. Эхнийх нь Украины дайн. Уг дайн хүнс, шатахууны хангамжийг тасалдуулж, үнийн огцом өсөлтийг бий болгосон. Энэ нь санхүүгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Харин дараагийнх нь БНХАУ-ын КОВИД-19-ийн халдварын тохиолдлыг тэг байлгах бодлого. Гуравдугаарт, АНУ бодлогын хүүгээ өсгөх замаар инфляцын өсөлтөд хариу үйлдэл үзүүлж байгаа нь” гэжээ.
Харин Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Альберт Парк “Азийн орнуудын инфляц дэлхийн бусад орныхоос хамаагүй доогуур байгаа бөгөөд будаа, гахайн мах зэрэг чухал хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан байна. Ази тивийн хувьд инфляц дэлхийн бусад орнуудынх шиг тийм ч том асуудал болохгүй гэж бид харж байна" гэжээ. Украины дайнд эдийн засгийн хувьд ихээхэн өртөмтгий байгаа орнуудыг мөн дээрх хоёр банк мөн онцолсон байна. Монгол болон Төв Азийн хэд хэдэн орон Оростой худалдааны гүнзгий харилцаатай учраас дайн шууд нөлөөлөх хандлагатай гэнэ.
Альберт Парк "Төв Азийн орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхээс бага зэрэг буурсан нь дайн шууд байдлаар нөлөөлж байгааг илэрхийлж байна” гэжээ. Харин Дэлхийн Банкны Маттоо “Шатахууны үнийн өсөлт нь Камбож, Тайланд, Филиппин, Вьетнам зэрэг импортлогчдод сөргөөр нөлөөлөх бол Индонез, Малайз зэрэг цэвэр эрчим хүч экспортлогч орнуудад төдийлөн мэдэгдэхгүй. Үүнээс гадна АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хүүгийн өсөлт нь гадаад санхүүжилтэд түшиглэдэг Лаос, Камбож зэрэг урсгал дансны алдагдал ихтэй Азийн орнууд хүнд цохилт болохоор байна. Өр нэмэгдсэн учраас төсвийн орон зай хумигдаж, инфляц өссөн учраас мөнгөний орон зай хумигдаж байна” гэжээ. Хоёр эдийн засагч хоёулаа Азийн орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш суларч байгааг сайтар хянах хэрэгтэйг анхааруулжээ.
Альберт Парк “Валютын ханшийн уналт үргэлжилж магадгүй. Улс орнууд үүнийг хэрхэн зохицуулахаа эртнээс шийдэх ёстой. Валютын ханш сулрах нь гадаад валютаар илэрхийлэгдсэн их өртэй орнуудад дарамт болж, импортын барааны үнийг өсөлтийг өдөөх болно” гэдгийг онцолжээ.
Тэрбээр мөн цар тахал эрсдэлт хүчин зүйл хэвээр байгаа байгааг онцлоод "Хятад бол үнэхээр том эрсдэлт хүчин зүйл. Хэрвээ тэд хотуудынхаа тэн хагасыг түгжих юм бол энэ нь дэлхийн, ялангуяа бүс нутгийн эдийн засагт асар их нөлөө үзүүлэх болно" гэв.
Дэлхийн банкны эдийн засагч Маттоо "Худалдаа, хөрөнгө оруулалт, хөрөнгийн урсгалаас ихээхэн хамааралтай байсан улс орнууд цочролд өртөмтгий байх болно” гэв. Украины дайны улмаас үүссэн цочрол нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлснээр бүс нутагт тодорхойгүй байдал бий болгож буй юм. Дайн болон хориг арга хэмжээнүүд нь олон улсын хэмжээнд хүнс, түлшний үнийг өсгөсөөр байгаа бөгөөд хэрэв үр тарианы үнэ дахин 10 хувиар өсвөл Филиппинд ядуусын тоо 1.1 саяар нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )