Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2022 оны 04 сарын 08

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.04.07/ хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 59 дүгээр зарлиг гарган ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлснээр Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдана хэмээн үзэж буй бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ гэж сайд хэллээ.

Ойн үрийн аж ахуйг судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодлого чиглэлтэй хөгжүүлснээр шилмэл сортын ойн үрийн сан бүрдүүлэх, улмаар ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ. Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгодог тогтолцоог өөрчилж магадлан итгэмжлэлд хамрагдан зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага нь ойн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болох зохицуулалт хийсэн байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдэд учрах хүндрэл бэрхшээлийг арилгаж, төрийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж үзжээ. Модлог ургамлын үр, үржлийн материалын асуудлыг хуульд тусгайлан заасан бөгөөд ойн үрийн гарал үүсэл, чанар, үрийн улсын нөөцийн сан, үрийн удмын сангийн хадгаламж байгуулах, судалгаа туршилтын лаборатори ажиллуулах эрх хэмжээг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж хариулт авсанаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

УИХ-ын гишүүд ойн аж ахуй байгуулах, шинээр мод тарьж ойжуулах нь чухал хэдий ч  тарихаас гадна ургаж буй ойгоо хамгаалахын чухалыг дурдаад энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахыг тодруулсан юм. Сайд Б.Бат-Эрдэнэ, 60.8 мянган га газарт хортон шавжаас урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай, үүнд хоёр орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог Ойн судалгаа хөгжлийн төвөөс гаргасан. Энэ мөнгийг шийдвэрлэхээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн байгаа. 175 мянган га газрыг хортон шавжаас хамгаалвал 500 сая модыг авч үлдэх юм. 297 мянган га газрыг хамгаалж чадвал 1.1 тэрбум модыг бид авч үлдэх боломж бий. 297 мянган га газрыг хамгаалахын тулд 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. 175 мянган га газрыг хамгаалахад 9.6 тэрбум шаардлагатай бөгөөд бид нэмэлт санхүүжилт хайж байгаа гэлээ.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төсөлд ойн агентлагтай болгохоор тусгаж, ойн асуудалд анхаарал хандуулж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ойн зохистой хэрэглээнд хяналт тавьж, ойн цэвэрлэгээний асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллах шаардлагатай гэж байв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан тэрбум мод тарихад зарцуулах хөрөнгө, одоо байгаа ой модоо хамгаалахад зарцуулах санхүүжилтийн харьцуулалтыг хийх, цаашлаад ой модоо хамгаалах уриалга гарган ажиллах шаардлагатай талаар,  Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ойг хортон шавжаас хамгаалахад химийн бус биологийн аргаар тэмцдэг болсон тул ойг цэвэрлэх шинэ технологийг нэвтрүүлэх, хуш модоо хамгаалахад анхаарах талаар,  Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хамгийн их цөлжилт, хөрсний доройтолд орсон  говь, хээрийн бүс нутагт хийх тариалалтын 34 хувийг нэмэгдүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон моджуулалт үржүүлгийг хийх хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.  Түүнчлэн гишүүдийн  зүгээс ойн менежменттэй холбоотой асуудалд нөхөрлөлүүд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаж байгаа эсэх, цаашдаа ойн нөхөрлөлд тавих шаардлага болон Монгол Улсын хувьд ойн талаар баримталж буй бодлогыг илүүтэй лавлаж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хариултдаа, Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ойн тухай хуулийн дагуу ой бүхий нутгийн  байнга оршин суугч иргэдийн 80-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэй ойн нөхөрлөлийг баг, хороодын иргэдийн Нийтийн Хурлын саналаар сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн шийдвэрээр байгуулдаг. Ойн нөөцийг тодорхой болзол нөхцөлтэйгөөр ашиглуулдаг. Одоогийн байдлаар 22 мянган хүнтэй 1535 ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нөхөрлөлүүдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх байдал харилцан адилгүй байгаа. Хуулийн дагуу ойн нөхөрлөлүүд эзэмшлийн ойдоо хортон шавжтай тэмцэх, устгал хийх үүрэгтэй ч биелэлт хангалтгүй байгааг онцолсон. Цаашдаа ойн асуудалд нөхөрлөл, орон нутгийн иргэдэд түшиглэж явуулах бөгөөд  хариуцлага, мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудалд анхаарч ажиллах болно гэв.

Монгол Улс нэн тэргүүнд одоо байгаа ойгоо хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх бодлогыг баримталж байгаа. Ой бол нөхөн сэргээгддэг баялаг тул цаашдаа зүй зохистойгоор ашиглана гэдгийг Ажлын хэсгийн зүгээс тодотгоод Монгол орны ойн нөөц 1,2 тэрбум шоо метр гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Ингээд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top