ОХУ, Украины мөргөлдөөн Азийн эдийн засагт НОЦТОЙ эрсдэл дагуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Азийн хөгжлийн банкнаас 2022 онд Монголын эдийн засгийг 2.3 хувиар өснө гэж төсөөлсөн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тэгвэл тус байгууллагаас танилцуулсан “Азийн хөгжлийн төлөв 2022” шинэ тайланд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн тооцоолж, төсөөлснийг хүргэе.

Дотоодын эрэлт хурдтай сэргэж, экспорт өсөн нэмэгдсэнээр Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 5.2%, 2023 онд 5.3%-иар өсөх төлөвтэй байна. Гэвч ОХУ, Украины асуудал, коронавируст цар тахлын улмаас үүссэн тодорхойгүй байдал, мөн АНУ-ын Холбооны нөөцийн банкны мөнгөний хатуу бодлого нь эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл учруулж буйг эхэнд тодотгожээ.

Өмнөд Ази, Зүүн Ази зэрэг хэд хэдэн дэд бүсүүдийн эдийн засгийн өсөлтийн түвшин цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрэх төлөвтэй байгааг танилцуулсан. Бүс нутгийн хэмжээнд инфляцын түвшин удирдан зохицуулж хяналтанд байлгах боломжтой хэмжээнд байгаа хэдий ч энэ онд 3.7%-д хүрч өсөх, харин 2023 онд 3.1% болж буурах төлөвтэй байна.

Украин дахь ОХУ-ын халдлага нь хөгжиж буй Азийн эдийн засгийн төлөвт хамгийн ноцтой эрсдлийг дагуулж байна. Уг дайн нь газрын тос зэрэг түүхий эдийн үнийг огцом өсгөх замаар бүс нутгийн эдийн засагт аль хэдийнэ нөлөөлсөөр байгаа бөгөөд дэлхийн санхүүгийн зах зээлд тогтворгүй байдлын эрсдэлийг ч нэмэгдүүлж байна. Ковид цар тахал нь Азийн хөгжиж буй олон оронд сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа ба халдварын тоо зарим улсад огцом нэмэгдэж байна.

АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Парк “Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг ковид цар тахлын хамгийн хүнд цаг үеийг аажмаар давж, хөлөө олж эхэлж байна. Гэвч геополитикийн тодорхой бус байдал, ковидын шинэ дэгдэлт, вирусын шинэ хувилбарууд зэрэг нь одоогийн эрчмийг бууруулж болзошгүй юм. Бүс нутгийн хэмжээнд засгийн газрууд сэрэмжтэй байж, эдгээр эрсдэлийг бууруулах, сөрөг үр дагавартай тэмцэх арга хэмжээ авахад бэлэн байх шаардлагатай. Үүнд аль болох олон иргэдийг ковидын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулах ажил багтана. Төв банкууд инфляцын төлөв байдлыг сайтар хянаж, инфляцын эсрэг бодлогын шийдвэрийг цаг хугацааны хувьд хоцрохгүйгээр гаргаж байх хэрэгтэй" хэмээн тодотгов.

Вакцинжуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хөл хорио суларч, дотоодын эрэлт нэмэгдсэн, мөн экспорт өссөн нь өнгөрсөн онд хөгжиж буй Азийн эдийн засаг сэргэхэд эергээр нөлөөлсөн. Бүс нутгийн хэмжээнд урсгал шилжүүлгүүд ч нэмэгдэж байна. Ялангуяа Бангладеш, Киргизстан, Пакистан, Тажикистан зэрэг гадаад орноос шилжүүлэх мөнгөн гуйвуулгаас ихээхэн хамааралтай орнуудад мөнгөн гуйвуулгын дотогшлох урсгал тогтвортой сэргэж байна. Мальдив, Шри Ланка болон Номхон далайн зарим орнууд хилээ нээсэнтэй уялдан олон улсын аялал жуулчлалд сэргэх шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ.

Хөгжиж буй Азийн ихэнх орнууд 2022-2023 онд тогтвортой өсөлт үзүүлэхээр байна. Кавказ болон Төв Азийн орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 3.6%, ирэх онд 4.0%-иар өсөх төлөвтэй. Гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай Зүүн өмнөд Азийн эдийн засаг энэ онд 4.9%, 2023 онд 5.2%-иар өсөхөөр байна. Аялал жуулчлалаас ихээхэн хамаардаг Номхон далайн орнуудын эдийн засаг 2021 онд 0.6%-иар агшсан бол энэ онд 3.9%, 2023 онд 5.4%-иар өсөх төлөвтэй байна.

Зүүн Азийн эдийн засгийн өсөлт энэ онд 4.7%, ирэх онд 4.5% байх төлөвтэй байна. Тус бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засаг экспортын өсөлтийн эерэг нөлөөгөөр энэ онд 5.0%, ирэх онд 4.8%-иар тус тус өсөх төсөөлөлтэй байгаа юм. Өмнөд Азийн эдийн засаг 2022 онд 7.0%, 2023 онд 7.4%-иар тэлэх бол тус дэд бүсийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ төсвийн жилд 7.5%, ирэх төсвийн жилд 8.0%-иар тус тус өсөх төлөвтэй байна.

Азийн хөгжлийн төлөв 2022 тайланд ковид цар тахлын үед хичээл сургууль хаагдсаны улмаас сурагчдын дунд үүссэн мэдлэг ба сургалтын хоцрогдолд тусгайлсан дүн шинжилгээ хийж тусгасан аж. Сурагчдын дунд үүссэн сургалтын хоцрогдол нь ядуу өрхийн охид, сурагчдад илүү зонхилсон байгаа нь тэдний ирээдүйд олох орлогын боломжийг улам хумигдуулж, улмаар тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байгааг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top