НҮБ-ын Хүүхдийн Сан болон Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia) талууд хүүхдийн сайн сайхан байдлыг бэхжүүлэхийн төлөө хамтарсан санаачилга өрнүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”, “Хүүхдэд ээлтэй гэр бүлийн бодлого”-ыг бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа бататган үргэлжлүүлэхээр санамж бичигт өнөөдөр (2022.04.11) гарын үсэг зурлаа.
Аливаа бизнес хүүхэдтэй ямар нэг байдлаар холбогддог. Тэд бүтээгдэхүүний хэрэглэгч, тухайн компанийн ажилчдын гэр бүл, тухайн аймаг, хот, сум дүүргийн оршиг суугч байдаг учир тэдэнтэй өдөр тутам харилцан хамтран ажиллаж байдаг билээ. Тийм учраас бизнесийн үйл ажиллагаанд хандив тусламжаар зогсохгүй, тухайн үйл ажиллагаа анхнаасаа эхлэн хүүхдэд ээлтэй байх нь ямар утга учиртай вэ гэдгийг энэхүү бизнесийн зарчмууд нь заан таниулж өгдөг.
Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд хэмээх энэхүү баримт бичиг нь зөвхөн IWFCI-ийн гишүүн байгууллагаас гадна бизнесийн бүхий л байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжих нь ирээдүйн үр хойчид нөлөөлөх чухал зүйлсийн нэг юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан:
“НҮБ-ын Хүүхдийн Сан дэлхийн улс орон бүрд Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг бизнесийн холбоодоор дамжуулан түгээн сурталчилдаг билээ. IWFCI Монгол байгууллага нь үүний адилаар 2019 оноос хойш бидний үйл ажиллагааг дэмжин өөрийн гишүүн компаниуддаа хүүхдийн эрхийг таниулан сурталчилж ирсэн билээ. Тиймээс өнөөдрийн энэхүү үзэглэж буй санамж бичиг нь бидний хамтын ажиллагааг улам бататгаж, цаашдын хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа билээ”
-Энэхүү санамж бичгийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх чухал ажлуудаас дурдвал?
-Өнөөрийн хамтын ажиллагааны санамж бичиг маш өндөр ач холбогдолтой гэж манай байгууллагын зүгээс үзэж байгаа. Энэхүү ажлын хүрээнд нэгдүгээрт хүүхдэд ээлтэй бизнесийн зарчим гэж юу вэ гэдэг тухай ажлыг хийнэ. Хоёрдугаарт үүнийг хэрхэн хэрэгжүүлж үйл ажиллагаандаа тусгах вэ гэдэг тухай зааварчилгаа, сургалт зохион байгуулна. Гуравдугаарт гэр бүлд ээлтэй бодлогыг байгууллагуудад хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг тухай сургалт хийнэ. Дөрөвдүгээрт эдгээр хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа хүүхдийн эрхийн зарчмаа амжилттай хэрэгжүүлж байна вэ гэдэг дээр хяналт хийх. Тавдугаарт мэдлэгийн менежментийг сайн хэрэгжүүлсэн байгууллагууд бусад байгууллагуудад хэрхэн хэрэгжүүлэх тухай хуваалцах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
-Бизнесийн орчинд хүүхдийн эрхийн тухай тусгаж өгөх нь ямар давуу тал, ач холбогдолтой байдаг вэ?
-Хүүхдийн эрх бизнестэй хэрхэн холбогдож байна вэ гэвэл эмэгтэй ажилтан, албан хаагчидтай байгууллагууд жишээ нь хөхүүл эмэгтэйчүүдтэй бол тусад нь хөхүүлэх өрөө гаргаж өгөх замаар ажиллах таатай орчныг бий болгох. Ингэснээр ажлын бүтээмж нэмэгддэг. Энэ нь ажилтан, ажил олгогч, гэр бүлийнхэнд нь гээд хэн хэнд нь ашигтай.
Дараагийн жишээ бол компаниуд хүүхдийн хөдөлмөрийн мөлжихгүй байх, тэднийг ажиллуулахгүй байх. 18 нас хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд цагаа зарцуулж, хөгжиж байх хэрэгтэй байдаг.
Мөн компаниуд сахарын агууламж хэт их орсон бүтээгдэхүүн хийх, борлуулахыг багасгах, хориглох. Алкохол, спиртний төрлийн бүтээгдэхүүнийг борлуулахгүй байх тал дээр анхаарах гэх зэрэг маш олон жишээ авч болно.
-Өнгөрсөн хугацаанд бизнесийн байгууллагуудаас хэрэгжүүлсэн жишиг болохуйц арга хэмжээ юу байсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Go Blue гээд хөдөлгөөн байна. Манай байгууллагын брэнд өнгө болох цэнхэр өнгөөр бүх зүйлсийг будах компанит ажлыг Дэлхийн хүүхдийн өдөрт зориулж хийсэн. Үйл ажиллагаагаа таниулах зорилгоор хийсэн уг ажил нь олон нийтэд ихээхэн нөлөөлсөн.
Мөн хүүхдийн эрх, бизнесийн зарчмын тухай сургалтуудыг байгууллагуудад хийсэн. Тухайн сургалтан дээр өөрсдийн хийсэн заавар, гарын авлагаа мөн танилцуулсан.
-Хамтран ажиллаж буй эдгээр байгууллагуудаас өөр байгууллага хүүхдийн эрхийг зөрчиж байгаа тохиолдолд та бүхэн ямар арга хэмжээ авдаг вэ?
-Маш сайхан асуулт байна. Манай байгууллагын зүгээс арга хэмжээ авна гэхээсээ илүү урьдчилсан байдлаар чадавхыг бэхжүүлэх, сэргийлэх, танин мэдүүлэх ажлыг түлхүү хийдэг. Олон төрлийн сургалтыг байгууллагуудад хийдэг. Үүнээс гадна Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ТОП-100 компани шалгаруулахдаа Хүүхдийн эрх, бизнесийн зарчмын тухай сургалт авсан байна уу, үгүй юу гэдгийг харгалзан үзэх гэх мэт шаардлага тавидаг.
Мөн Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажилладаг. Үүний хүрээнд хууль, эрхзүйн орчныг сайжруулах тал дээр, заавар зөвлөмж өгч ажилладаг байгаа.
-Цар тахлын үед ямар үйл ажиллагаануудыг хийсэн бэ. Цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлс?
- Сүүлийн хоёр жилийн ковидтой байх хугацаанд манай байгууллага олон зүйл хийсэн. Хамгийн том ажлуудаас дурдвал вакцин оруулж ирэх ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан.
Түүнээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг хийсэн. Сумын түвшинд хүртэл хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлсэн. Мөн олон нийтэд мэдээлэл түгээх ажлын хүрээнд хэрхэн зай барих, гараа ариутгах, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэрэг мэдээллийг түгээж ажилласан.
Ирээдүйд хийх бидний үндсэн ажил бол хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулах. Үүн дээр бид ЭМЯ-тай хамтраад шаардлагатай эмийн хангамжийг Монгол улсад нийлүүлэх ажлыг хийнэ. Хүүхдийн урьдчилсан үзлэгийн ажлуудыг мөн зохион байгуулах гэж байгаа. Яагаад гэвэл маш олон хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, хэт таргалалттай болж байна. Үүнийг урьдчилан илрүүлснээр эдгээр асуудлаас сэрггийлж чадна.
Боловсролын салбарын хувьд онлайнаар сурах тал дээр түлхүү ажиллаж байна. Хүүхэд хамгааллын ажлууд мөн хийгдэж байгаа. Хүүхдүүд мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах тохиолдол их бий. Цахим халдлагад мөн ихээр өртөж байна. Энэ тал дээр ажиллаж байна. Ус, ариун цэврийн хангамж, ундны усны чанарыг сайжруулах ажил мөн хийгдэж байгаа.
IWFCI Mongolia байгууллага 2017 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд байгаль орчин, нийгэм, эдийн засагт ээлтэй хувийн хэвшлийн засаглалыг бэхжүүлэх, тэгш хүртээмжтэй нийгмийг бий болгоход хувийн хэвшлийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2019 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник туслалцаатайгаар гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаанд “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг нэвтрүүлэх, таниулан сурталчлах ажлыг шат дараатайгаар эхлүүлээд байна.
IWFCI Mongolia байгууллагын ТУЗ-ын дарга О.Байгаль:
“Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг өөрийн гишүүн 22 байгууллагын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, цар тахлын нөхцөл байдлын үед бизнесийн байгууллагуудыг “Гэр бүлд ээлтэй бодлого”-ыг хэрэгжүүлэх ажиллахыг уриалж, сурталчлан таниулах чиглэлээр болон бусад ажлуудад идэвх санаачилгатай оролцон хүчин чармайлтаа ахиулж ирлээ. Өнөөдрийн энэхүү үйл явдал бол манай хоёр байгууллагын хувьд шинэ түншлэл, шинэ түүхийг бүтээх амжилтын эхлэл болоод бидний хувьд өндөр нэр хүндтэй бөгөөд байгууллагын 5 жилийн хүрээнд хийгдэж буй томоохон алхам, боломж юм"
-Гишүүн байгууллагуудаас өнгөрсөн хугацаанд хамгийн сайн гэж болохуйц үйл ажиллагаа явуулж, жишиг тогтоосон байгууллагуудаасаа нэрлэвэл?
- Жишээ нь "MDSKhanLex" гээд хуулийн фирм байна. Ажлын уян хатан системийг нэвтрүүлсэн. Сард нэг удаа эцэг эх нь хүүхэдтэйгээ хамт байх өдрийг гаргаж өгсөн. Тэр өдрийг нотолсноороо ажилчид цалинтай чөлөө авдаг гэсэн үг. Сарын аль ч өдөр байж болно. Тухай эцэг, эх, асран хамгаалагч хүүхэдтэйгээ нэг өдрийг өнгөрөөгөөд, үүнийгээ батлаад цалинтай чөлөө авах энэхүү журмыг нэвтрүүлсэн байгаа.
"Монос" групп мөн хөдөлмөрийн журмандаа өөрчлөлт оруулаад 0-12 насны хүүхэдтэй ажилтан албан хаагчиддаа зориулсан цагийн уян хатан системийг нэвтрүүлсэн. Мөн түүнчлэн олон ажлыг өөсрдийн групп компанийнхаа хүрээнд явуулж байгаа.
"Бөмбөгөр" худалдааны төв мөн энэхүү ажлын хүрээнд гадаа талбайдаа насанд хүрээгүй хүүхэд ачаа тээвэр зөөх, зохисгүй хөдөлмөр эрхлэхийг хориглосон. Мөн гэртээ асран хамгаалагчгүй болоод гэр бүлийнхэнтэйгээ лангуун дээр байгаа тохиолдолд хүүхдийн байх ёстой зохист орчинг бүрдүүлж, ямар нэг байдлаар хичээл хийх тохиолдолд орчныг нь бүрдүүлж өгөх боломжийн тухай судалж байна.
-Боловсролын салбарт та бүхэн ямар оролцоотой байгаа вэ?
-Бид бүхэн хувийн хэвшлийн дэргэдэх хүүхэд асрах, болон цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахыг уриалсан ажлыг эхлүүлээд байгаа. Үүнд нэр бүхий компаниуд нэгдэн тодорхой хэмжээнд арга хэмжээ авч ажиллахаар судалж байна. Цэцэрлэг биш юмаа гэхэд хүүхэдтэйгээ ирсэн тохиолдолд зохист байдлаар өрөө гаргаж өгөх, олон ажиллагсадтай бол хүүхдээ цэцэрлэгт явуулах боломжоор нь хангах нөхцлийг судалж үзэх ажил руу ороод байна. Дөрөвдүгээр сарын 21-нд бид энэ тухай уулзалтыг хийнэ. Энэ үеэр нэлээн хэдэн байгууллагууд үүрэг амлалтаа өгөөд, хамтарч ажиллая гээд хандсан байгаа.
-Дээр дурдсан Go Blue шиг олон нийт рүү чиглэсэн ямар нөлөөллийн ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-11-р сарын 20-ны өдөр "Дэлхийн хүүхдийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Бизнес ба хүүхдийн эрхийн зарчмуудад нэгдэж орсон байгууллагууд бүгд нэг бүрчлэн өөрсдийн амлалтыг өгдөг. Нэг дор бүгдийг нь хэрэгжүүлнэ гэсэн утга биш. Тухайн байгууллага ямар салбарт үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгээс хамаараад алхам алхмаар хэрэгжүүлдэг. Байгууллагууд дангаараа хэрэгжүүлж болно, хамтран хэрэгжүүлж бас болдог.
-Хамтран хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал?
-Жишээ нь хамтран хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал ханган нийлүүлэлтийн сүлжээ байна. АПУ хувьцаат компанийг дурдвал "Шилээ дахин амьдруулъя" хэмээх төсөл байна. Энэ нь хэрэглэгч хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ шилийг эргэн хандивалж байна гэдэг нь хэрэглэгчдээ уриалж байгаа нэг хэлбэр.
Байгаль орчинд ээлтэй байна гэдэг маань өөрөө үр хүүхдүүддээ одоо байгаа байгалиа эрүүл цэврээр нь үлдээнэ гэсэн утгатай. Үүний цар хүрээ маш өргөн гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд хэрхэн нэгдэж ажиллаж байна вэ?
-Зарим телевизүүд гэхэд хүүхдийн эрхийг зөрчсөн ямар нэгэн контент цацахгүй байх. Цахим орчинд хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлсэн ямар нэгэн байдлаар цөөнхийн эрхийг зөрчсөн контентийг нэвтрүүлэхгүй байх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгддэг. Нийтэд шууд түгээн дэлгэрүүлэх хэрэгсэл бол хэвлэл мэдээлэл. Тийм учраас энэхүү үйл ажиллагаануудыг олон нийтэд түгээн дэлгэрүүлснээр дараа дараачийн компаниудыг энэхүү ажилд нэгдэх уриалгыг гаргаж байна гэж харж болно.
Нэг талдаа компанийн гаргаж байгаа хүчин чармайлт мэт боловч эргээд компанидаа үлэмж хэмжээний тогтвортой байдлыг, нэр хүндийг дээшлүүлэх, экспорт болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад давхар нөлөөтэй хоёр талын өндөр ач холбогдолтой зүйл гэдгийг ойлгох нь чухал.
Сэтгэгдэл ( 0 )