Европын холбоо дэлхийн томоохон нийлүүлэгч ОХУ-ын нүүрсэнд хориг тавьснаар нүүрсний үнэ өсөж, эрчим хүчний хангамж, аюулгүй байдлын асуудалд түгшүүр төрүүлж байна. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч Хятадын хувьд нийлүүлэлтийн ердөө найман хувь нь импортоос хамааралтай байдаг. Тиймээс нүүрсний үнэ болон нийлүүлэлтийн хямрал нь дотоодын нийлүүлэлтэд бага нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Баасан гарагт Европын холбоо Москвагийн эсрэг тав дахь багц хориг арга хэмжээ авсны дотор Оросоос бүх төрлийн нүүрс импортлохыг хориглосон.
Энэ нь Оросын нийт нүүрсний экспортын дөрөвний нэгд нөлөөлж, тус улс жил бүр найман тэрбум евро буюу 8.7 тэрбум ам.долларын орлогоо алдахаар байгаа талаар Европын комисс мэдээлжээ. ОХУ 2021 онд 200 гаруй сая тонн нүүрс экспортлосон нь дэлхийн нүүрсний экспортын 17 хувийг эзэлж байна. Түүнчлэн ХБНГУ байгалийн хийнийхээ 55, нүүрсний 50, газрын тосны хэрэгцээний 35 хувийг ОХУ-аас авдаг тухай Германы Эдийн засгийн сайд мэдэгдсэн билээ.
Хоригийн улмаас ОХУ 50 орчим сая тонн нүүрсээ гаргах, Европын холбоо Оросын 50 сая тонн нүүрсний цоорхойг нөхөх өөр эх үүсвэр хайх шаардлагатай болж байгаа юм. Дэлхийн эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа бөгөөд 2022 онд улс орнуудын нүүрсний хэрэглээ найман тэрбум тонн болно гэсэн урьдчилсан судалгаа бий.
Хамгийн том импортлогч
2021 онд Хятад улс 323 сая тонн нүүрс импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.6 хувиар өсөж, импортын нийт хэмжээ 231.93 тэрбум юань буюу 36.4 тэрбум ам.доллар болсон. Гаалийн статистик мэдээгээр 2021 онд Хятадын эрчим хүчний нүүрсний импортын гол эх үүсвэр нь Индонез, Орос, Монгол, Өмнөд Африк, Колумб, АНУ, Канад, Казахстан, Филиппин байжээ. Индонез бол Хятадын хамгийн том нүүрс импортлогч орон юм. 2021 онд Хятад улс Индонезээс 190 сая тонн нүүрс импортлосон нь тус улсын импортын 60 орчим хувийг эзэлж байна.
Нүүрсний шинжээчид “Индонезийн нүүрсний үнэ өсөх нь дотоодын нүүрсний болон Хятадын хойд хэсгийн нүүрсний импортод нөлөөлнө” гэж үзэж байна. Дөрөвдүгээр сард Индонезийн эрчим хүчний нүүрсний жишиг үнэ нэг тонн нь 288.4 ам.долларт хүрсэн нь гуравдугаар сарынхаас 41.59 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 232.72 хувиар өсөж, шинэ дээд амжилт тогтоосон билээ.
ХАМГИЙН ТОМ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Хятад хэдийгээр дэлхийн хамгийн том нүүрсний импортлогч хэдий ч мөн томоохон үйлдвэрлэгч учраас импортын нүүрснээс харьцангуй бага хамааралтай. Тус улс жиллийн хэрэгцээнийхээ ердөө найм орчим хувийг л импортоор авдаг.
Гэхдээ дэлхийн нүүрсний худалдааны цар хүрээ жилд 1.3 тэрбум тонн орчимд хэлбэлздэг учраас Хятадын 300 сая тоннын импорт нь дэлхийн хэмжээнд гол байр суурь эзэлдэг. Дэлхийн нүүрсний худалдааг Хятадын нүүрсний зах зээл хөдөлгөж, ихээхэн нөлөө үзүүлдэг. Ерөнхийдөө Хятадын нүүрсний эрэлт нийлүүлэлт дэлхийн нүүрсний үнийн чиг хандлагыг тодорхойлдог. 2021 оны эцэс гэхэд Хятадын нүүрсний аж үйлдвэрийн үр ашигтай үйлдвэрлэлийн хүчин чадал дөрвөн тэрбум 150 сая тоннд хүрсэн байна. Хятадын Нүүрсний холбооны шинжээч
Ли Хятадын нүүрсний импортын эх үүсвэрүүд төрөлжиж байгаа нь нийлүүлэлт болон үнийн хямралын эрсдэлийг бууруулахад тус дөхөм болсон гэдгийг тодотгожээ.Тэрбээр "БНХАУ ирэх таван жилд дэлхийн хамгийн том нүүрс импортлогч хэвээр байх магадлалтай тул Бээжинд нүүрс худалдах хүсэлтэй улс орон улам олон болж байна. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн төлөв байдал муу байна. Нүүрс болон бусад ашигт малтмалыг экспортлох нь эрчим хүч экспортлогчдын хувьд эдийн засгийн манангаас гарах хамгийн зөв замуудын нэг юм" гэжээ. Европын холбоо ОХУ-ын нүүрсэнд хориг тавьсан учраас тус улсын нүүрсний зарим хэсгийг Хятад улс шингээж авах боломжтой. Гэвч Орос-Украины мөргөлдөөний нөхцөл байдал үе үе өөрчлөгдөж байгаа тул хориг үнэхээр үр дүнтэй байх эсэх талаар дүгнэлт хийхэд хэцүү гэдгийг шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Болгоомжтой\nТа санхүүжилт хайж байна\nнэг хаягаар санаа зоволтгүй\n\nwhatsapp: 33 7 57 82 43 21\n\nayudafinancesa@gmail.com\n\nОйлгосонд баярлалаа