УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас аймгуудын Онцгой комисстой хурал хийлээ

2022 оны 04 сарын 12

2022 он гарсаар нийт 20 аймгийн 193 суманд малын гоц халдварт шүлхий өвчний 422 голомт бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 76 сумын 145 голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжиж, 15 аймгийн 41 сумын 85 голомт хязгаарлалтын дэглэмд шилжиж, 17 аймгийн 76 сумын 192 голомтын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлаад байна.

Тэгвэл өнөөдөр малын гоц халдварт өвчний тархалттай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас нийслэл болон 21 аймгийн Онцгой комисстой цахим хуралдааныг зохион байгуулав.

Цахим хуралдаанд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, МЭЕГ-ын дарга Д.Батчулуун, МХЕГ-ын тэргүүн дэд дарга Л.Төгсбаяр нараар ахлуулсан албаны хүмүүс оролцож, малын гоц халдварт өвчний тархалтын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө.

Шүлхий өвчний голомтыг хязгаарлах, халдварын тархалтыг хумих дархлаажуулалтын арга хэмжээг 17 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраас зохион байгуулж байгаа бөгөөд 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 85,1 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа аж.

Түүнчлэн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас УОК-ын 2022 оны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Шадар сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамтарсан тушаалаар батлуулсан байна.

Цаашид мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг тус төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэхийг аймгуудын Онцгой комисст танилцууллаа.

Мөн хуралдаанаар аймгуудын Онцгой комисс, Мал эмнэлгийн газарт,

– Хорио цээрийн дэглэмийн хяналтыг сайжруулах, зөрчсөн иргэн, албан тушаалтан, ААНБайгууллагад хариуцлага тооцох;

– Өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх, гарал үүслийн гэрчилгээ олгосон малын эмч, ААНБайгуулагад хариуцлага тооцох;

– Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосоор байтал хөдөлгөөн хийгээд байгаа малчид, уяачдад хариуцлага тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг УОК-ын Нэгдсэн шуурхай штабт эргэж тайлагнах;

– Дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд дайчлагдан ажиллах хүн, хүчний нөөцийг бүрдүүлж, хариуцлагын гэрээ байгуулж, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгөх;

– Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай малчид, мал бүхий иргэдэд тухай бүр хүргэх,

– Дархлаажуулалт хийхэд зарцуулагдах шатахууны зардлыг аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах;

– Вакцин хадгалах хүйтэн хэлхээг шалгах, тухай бүр хяналт тавих;

– Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зүү тариур, багаж, техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх;

– Вакцин тээвэрлэх, сумдад хүргэх төлөвлөгөө гаргах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

– Дархлаажуулалт хийх ажлын зураглал, маршрут гаргах;

– Өөр аймгаас отроор ирсэн малчин өрхийн судалгаа гаргаж, зорилтод малыг дархлаажуулалт бүрэн хамруулахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top