УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.12/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тэгэхээр 2012-2016 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулсан, эргэлтийн хөрөнгийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ хүрээнд 2016 оноос хойш эдийн засгийн өсөлт бий болсон гэж үздэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг маш их улстөржүүлсний хүчинд та бүхэн 2016 онд ялалт байгуулсан гэж хардаг. Өнөөдрийн оруулж ирж байгаа хууль нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нэг хувилбар юм. Харин өнөөдрийн оруулж ирж байгаа хууль нь зөв. Гэхдээ хэрэгжүүлэх арга хэмжээ нь үнэ тогтворжуулах хөтөлбөр мөн үү" гэлээ.
Үүнд, Сангийн сайд Б.Жавхлан "Б.Пүрэвдорж гишүүн ээ, 10 жилийн өмнө төрсөн хүүхэд 10 нас хүрсэн явж байна. Өнөөдөр төрсөн хүүхэд 10 нас хүрч байна мөн үү гэдэгтэй адил л зүйл асуугаад байх юм. Хямралт нөхцөл байдал бол адилхан шүү дээ. Өнөөдрийн үүссэн эдийн засгийн хүндрэл, 10 жилийн өмнөх болон 10 жилийн дараа гарах "шок"-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга бол том агуулгаараа бүгд л ойролцоо байна. Энд шинэ дугуй зохиогоод, цоо шинэ арга гаргаж ирээд ухаанаа уралдуулаад байх шаардлага байхгүй. Гол нь оношоо зөв тавиад зөв эмчилгээгээ хэрэглэх нь л чухал. Хууль оруулж ирж байгааг дэмжиж байгаад талархалтай байна. Ер нь, хуульчлаад хэн хэн нь ямар эрх үүрэгтэй оролцох вэ гэдгээ маш тодорхой болгочих хэрэгтэй, илүү үр дүн гарна. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гэдэг дээр гурван асуудал дээр л төвлөрөх юм. Тэр нь, шатахуун, мах, гурил юм. Үнийн өсөлт, савлагаанаас сэргийлж, сөрөг нөлөөллийг бууруулах хууль болгон оруулж ирж байна" гэх хариулт, тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )