Энэ удаагийн “Өглөөний зочин”-оороо УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Та ОХУ болон Украины хооронд үүсээд байгаа асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ. Таныг цэргийн хүн болохоор тань ийм асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодсон юм?
-Би УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн. Таныг бас тэр утгаар нь ийм асуулт асууж байна гэж ойлголоо. Ер нь тус байнгын хорооны чиг үүрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих байдаг. Аливаа асуудалд иргэн хүн, албан тушаалтан ч бай адилхан улс орныхоо оршин тогтнох аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг нэн тэргүүнд тавьж, бодож байх ёстой гэж боддог.
Хоёр улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бусдын л адил хэвлэл мэдээллээс авч байгаа мэдээлэлтэй байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өгсөн мэдээлэлтэй санал нэг байгаа. Манай улсын хувьд энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын үзэл баримтлалтай орон. Тиймээс гадаад бодлогын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг төрийн бодлогын баримт бичгээ барих ёстой. Нэмж хэлэхэд Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үндэс нь ард түмний эв нэгдэл, төрийн ухаалаг бодлого хэмээн үзэж байна.
-Тэгвэл байдал ийм байхад хөршүүдтэйгээ болон бусад улс орнуудтай хэрхэн ярилцах ёстой юм бэ?
-Манай улс мөнхийн хоёр хөрштэй, газар зүйн их онцлогтой орон. Нийтдээ 8252.6 км хилийн шугамын урттай, хүн ам цөөтэй. Манай ард түмэн өөрийн гэсэн үнэт зүйл, язгуур ашиг сонирхолтой. Тэгэхээр монгол хүн бүрийн зүрхэнд байдаг мөнхийн язгуур ашиг сонирхол нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өв соёл, хэл, Улсын хилийн халдашгүй дархан байдал зэрэг үндсэн асуудлууд байдаг.
Үндэсний язгуур ашиг сонирхол гээд ярихаар дагаад үндэсний аюулгүй байдал гэсэн ойлголт гарч ирнэ. Яагаад гэвэл, үндэсний аюулгүй байдлыг хангах гэдэг маань язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байдлыг хэлдэг. Манай хоёр хөрш маань дэлхийн хүчирхэг, геополитикийн бодлогыг тодорхойлоход голлон оролцдог, өөрсдийн аюулгүй байдлаа цэрэг зэвсгийн хүчээр хангах боломжтой улс орнууд. Тиймээс ч манай аюулгүй байдлын олон баталгаат нөхцөл байдал хоёр хөршөөс маань хамаардаг. Нэг үгээр манай улсын аюулгүй байдлын баталгаа нь хоёр хөрш маань гэсэн үг.
Онол талаас нь авч үзвэл хамгаалалт гэдэг ойлголт нь аюул, занал, заналхийлэл гэсэн ухагдахууныг хамт явч явдаг. Тиймээс манай улсын үндэсний аюулгүй байдалд бодитой аюул, занал, заналхийлэл байна уу гэдгийг бодож үзэх ёстой. Миний харж байгаагаар өнөөдөр манайд бодитой зэвсэгт түрэмгийллийн аюул байхгүй. Үүнтэй олон хүн санал нийлнэ байх. Манай улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харьцаатай. Энэ харилцаагаа агууллагын хувьд улам баяжуулаад явах ёстой. Энэ бол манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах суурь бодлого юм.
-Манайх ардчилсан улс учраас дайныг эсэргүүцсэн иргэд нь жагсаж, үзэл бодлоо илэрхийлж, аль нэгийг нь дэмжиж болно гэсэн хүмүүс бий. Гэтэл төрийн чухал өндөр дээд албан тушаалтан байсан, хашиж байгаа хүмүүс энэ талаар өөрийн үзэл бодлоо хэлж, аль нэгийг нь дэмжих нь хэр зохистой асуудал вэ?
- Ардчилсан орны хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхэд нь хэн ч халдах ёсгүй. Энэ бол ардчилалын үнэт зүйл. Харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлдог, боловсруулдаг, хэрэгжүүлдэг хүмүүс хуулиар хүлээсэн эрх, үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд л асуудалд хандах ёстой. Ялангуяа гадаад бодлогын асуудалд Монгол Улсын төр өөрийнхөө барих ёстой Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, Үндсэн хууль гэсэн томоохон бодлогын баримт бичгүүдээ барьж асуудалд хандах хэрэгтэй.
Эдгээрээс халихгүй байхаас гадна нэгдсэн байр суурьтай байх ёстой юм. Энэ утгаараа төрийн өндөр албан тушаалтнууд асуудалд хандаж байгаа гэдэгт итгэж байна. Монгол төрийг түшилцэж, шийдвэр гаргалцаж байгаа эрхмүүд аль нам, эвсэл байхаас үл хамаараад үзэл бодол, сэтгэл зүрхэнд нь улсынхаа оршин тогтнох, аюулгүй байдлын тухай асуудал л байх ёстой. Бусад нь дараагийн дугаарт гэж би боддог.
-Цар тахал, дайны асуудлаас болоод үнийн хөөрөгдөл, барааны хомсдол үүсэж байна. Тийм ч болохоор Засгийн газраас үнэ тогтворжуулах, барихтай холбоотой хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-КОВИД-19 бол хэн нэгний хүсэл зорилгоос үл хамаарч ирсэн гэнэтийн аюул, занал. Цар тахал болтлоо дэлхий нийтийг хамарсан. Үүнд манайх дэлхийн бусад улстай л адил бэлэн байгаагүй. Гэтэл үүнийг залгаад ОХУ, Украины асуудал үүслээ. Адилхан л манайхаас үл хамаарсан зүйл. Үүнээс шалтгаалаад өмнөд хөрштэй хиллэдэг хилийн боомтын ихэнх нь хаалттай, хойд хилийн боомтуудад нэг их хязгаарласан зүйлгүй байна. Гэсэн ч биднээс үл шалтгаалсан дээрх зүйлс манай улсад давхар нөлөө үзүүлж байгаа. Онцгой нөхцөл байдал учраас төр ард түмнийхээ тогтвортой амьжиргааг хангахын тулд зайлшгүй авч хэрэгжүүлэх зүйл рүү анхаарал хандуулдаг.
Тийм болохоор Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлын үед авах арга хэмжээнүүдээ хууль болгож өргөн барьсан. Үүн дотроо хамгийн чухал гэсэн гурван асуудлыг хөндсөн байна лээ. Нэгдүгээрт, шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, хангалтыг хэвийн байлгах. Хоёрдугаарт, мах, гурилын нөөцийг бүрдүүлэхэд шаардагдах арга хэмжээгээ тусгасан. Одоо ид хэлэлцэгдэж байна. Газрын тосны бүтээгдэхүүний хувьд гаднаас 100 хувь хараат учраас өөр аргагүй. Мөн би алт худалдан авалтыг урамшуулах нөөц нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.
-Тэгвэл мах, гурилын үнийг тогтвортой барих, хөөрөгдлийг арилгах тал дээр юу хэлэх вэ?
Нийслэл, аймгийн төвүүдэд үүссэн махны үнийн хөөрөгдлийг барих, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд төр анхаарах гэсэн бодлого гэж ойлгож байгаа. Нэг талдаа зөв. Гэхдээ сүүлийн хэдэн жил байгаль, цаг уур нэн таатай байсан учраас манай улсын мал сүрэг таван төрөлдөө байнга өссөн. Мал нь өсөөд байгаа хэрнээ махных нь үнэ нэмэгдээд байдаг сонин ойлголтыг судалж, нэг талд нь гаргах хэрэгтэй. Үнэхээр махных нь үнэ нэмэгдэхээс өөр аргагүй нөхцөл байдал байна уу. Эсхүл үүнийг зохиомлоор хөөрөгдөөд байна уу гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас нь бүрдсэн шалгалтын баг гарган тогтоож болно. Тэгээд буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстой. Уг нь бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гэж хуулиар хүлээсэн үүрэгтэй байгууллага байгаа.
-Дарга нь үнийн өсөлт бидэнд хамаагүй гээд хэлээд байсан шүү дээ?
-Махыг манайх гаднаас валютаар худалдаж авдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Үнэхээр шатахуун шиг гаднын орноос валютаар худалдаж авдаг бол бас яахав. Олон улсын нөхцөл байдал нөлөөлж гэж ойлгож болно. Хуулийн төсөл дээр махыг тодорхой хугацаагаар экспортлохыг хязгаарлах тухай заасан. Иймд махны үнэ тогтворжих байх. Нийлүүлэлт нь тогтворгүй, тасалдсанаас болсон бол зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Мах дээр нэмээд гурил байна. Өнгөрсөн жил чинь манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад цаана нь үрийн нөөцөө гаднаас авахааргүй ургац авсан. Дотоодынхоо нийт хэрэгцээг хангахаар ургац авчихаад байхад үнэ нь өсөөд байдаг. Үүнийг ч гэсэн судлах л ёстой асуудал. Засгийн газраас авч байгаа энэ арга хэмжээнүүд нь гадаад нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд учир шуурхай шийдэх ёстой.
-Хэдхэн сарын өмнө тариаланчдын гар дээр байгаа улаанбуудайг төр засаг худалдаж аваач гээд л байсан. Гэтэл үнэ нэмэгдээд байдаг. Үүнийг судалж “Цаад эзнийг нь” гэдэг шиг тогтоох ёстой л гэж үзээд байгаа юм байна, тийм үү?
-Харин тийм ээ. Та бид хоёр нэг зүйлийг олж хараад байх шиг байна. Үүнийг зайлшгүй судалж, тогтоох шаардлагатай гэж би бодоод байгаа юм. Ямар нэг зүйлд зайлшгүй шалтгаан байх ёстой шүү дээ. Үүн дээр нэг зүйлийг нэмээд хэлэхэд 90-ээд оны шилжилтийн үед дэлгүүрийн лангуун дээр давс, архи зэрэг л бараа байсан. Удалгүй ард түмний хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээний бараа бүтээгдэхүүнээр дэлгүүрийн лангуунууд дүүрсэн.
Яагаад гэхээр шинэ батлагдсан Үндсэн хуулиар иргэдийнхээ чөлөөт худалдаа эрхлэх, үнээ өөрсдөө тогтоох, гадаадад чөлөөтэй зорчих эрхийг нь нээж өгсөн. Энэ эрхийнхээ дагуу өөрсдийнхөө амьжиргааг дээшлүүлэхийн тулд иргэд маань хөрш болоод бусад орнууд руу чөлөөтэй явж, “Ганзагын наймаа” гэж нэрлэдэг үе бий болсон. Эдгээр жижиг худалдаа эрхлэгч нар манай улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрээс авч ирсэн. Тэр үед манайхан асуудлаа шийдэж чаддаг ард түмэн гэдгээ харуулсан. Чадах боломжийг нь ч Үндсэн хуулиараа олгоод өгчихсөн улс. Ганцхан өнөөдрийн нөхцөл байдал манай төр засаг, ард түмнээс шалтгаалахгүй үүссэн. Гэхдээ төр гэдэг ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх үндсэн үүрэгтэй учраас өнөөдрийн хямралт байдлыг зохицуулахын тулд дан ганц үнэ тогтворжуулах гэхээсээ илүүтэй улсынхаа нийгмийн зах зээлд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг тасалдуулахгүй байхад ч анхаарах ёстой.
-Ийм нөхцөлд тэгвэл таныхаар яах ёстой юм бэ?
-Боломжит нөхцөлөө ард түмэн өөрсдөө олоод харчихсан учраас Турк зэрэг бусад улсаас хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. Тиймээс хил хаагдчихлаа гээд зогсох биш энэ мэт гурав дахь гарцыг сайтар нээмээр байгаа юм. Ингэхийн тулд авиа компаниудын том оврын болон карго тээврийн парк шинэчлэлийг боломжтой бүхий л аргаар нэн яаралтай хийх хэрэгтэй. Хуурай болон нойтон түрээс, шууд худалдан авалт, зээл гээд олон арга байдаг. Нэг удаадаа зоригтойхон дэмжээд, агаарын тээврийн компаниудаа дэлхийн бусад улс орнууд руу гаргах хэрэгтэй.
Ингэвэл манай нийлүүлэлт нэмэгдэж, хомсдол багасна. Дээрээс нь валютын нөөц тэд байна, хомсдолд орлоо гэж яриад байгаа. Гэтэл нөөцийг яах гэж бүрдүүлдэг юм. Өнөөдрийнх шиг онцгой нөхцөл байдалд ашиглах гэж ердийн үед бүрдүүлдэг. Тиймээс би бүрдүүлсэн нөөцөө одоо ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Нийгэмд валютын хомсдол үүссэн байгаа учраас нөөцөөсөө нийлүүлж хомсдолоо арилгаад хажуугаар нь нөөцөө ч гэсэн бүрдүүлэх ажлуудыг давхар хийх хэрэгтэй байна. Хэрэв ингэвэл шилжилтийн үе шиг ард түмэн чөлөөтэй яваад тэр хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, хомсдолыг шийдвэрлэж чадна. Энэ бол төрөөс ард түмэндээ нөхцөлийг нь бий болгож өгч байгаа л хэлбэр.
-Боломжийг нь нээгээд элдэв хориг дарамтаа багасгах хэрэгтэй гэж үү?
-Тэгэх л хэрэгтэй байна. Ташрамд хэлэхэд, засаг төрдөө үүрүүлэхээс илүү өөрийнхөө нуруун дээр ачаагаа үүрч чаддаг нийгмийн тодорхой хэсэг нь жижиг бизнес, үйлдвэрлэл эрхлэгчид. Тэд хэнээс ч юу ч гуйхгүйгээс гадна цаанаа бас хэдэн хүний амьдралыг давхар болгоод явдаг юм. Тиймээс л хэцүү байгаа энэ үед нь тэдэнд чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой. Нэг удаа ч гэсэн үзүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна залуучуудаа ч гэсэн дэмжээд өдрийн болон цагийн ажлын байрыг ихээр бий болго. Харин тухайн ажлын хөлсөөс нь нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар авахгүйгээр нэг удаа шийдэж болно. Ер нь би төр засгаас ямар нэгэн элдэв дарамт, хүнд сурталгүйгээр ард түмнийхээ хийж чаддаг бүх зүйлийг нь чөлөөтэй хийх боломжийг нь олгох хэрэгтэй гэж боддог.
-Хотын захиргаанаас нэлээд хэдэн зөвшөөрлийг цуцалсан. Гэсэн хэдий ч ард түмэн нь хяналт шалгалтаас айдаг хэвээрээ л байна?
-Хотын захиргаанаас гаргасан тэр шийдвэрийг маш сайн шийдвэр болсон. Дээрээс нь улс орны аюулгүй байдалд хор хохирол учруулахаар л биш бол ихэнх зөвшөөрлүүдийг болж өгвөл цуцлах хэрэгтэй. Оронд нь сайн стандарт байх ёстой. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага хянаж шалгахаас гадна зөвлөн тусалдаг байх ёстой. Стандартаа л сайтар мөрдүүлээд зөвлөөд өгвөл хэн ч дуртай байна. Элдэв дарамтгүй болохоор хууран мэхлэлт, хээл хахууль гарахгүй.
Гэтэл яаж ийгээд зөрчил илрүүлээд торгоод байдаг тогтолцоо чинь иргэдийнхээ ажил хөдөлмөр хийх, амьдрал ахуйгаа хүнээс гуйхгүй авч явах хүсэл, зорилгыг нь мохоогоод байгаа юм. Ер нь зах зээл гэдэг цэвэр өрсөлдөөн. Хүмүүсээ юм хийхэд нь чөлөөтэй болгоод өгчихвөл өрсөлдөөн бий болно. Тэгж байж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тогтвортой үйл ажиллагаа явуулсан нь цаашаа хөгжиж баялаг бүтээгээд явна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Ийм хүн байдаг юмуу
Xuzuugui EBI iin gar xul..AN GURUU XIIX AMITAN XYADAH nugliig ih hiisen xun dee......
Генерал маш зөв ярьжээ.Ер нь мэргэжлийн хяналт гэдэг хахууль авдаг байгууллага их олон хүн шал дэмий хөрөнгө үрж байна.маш цомхон,мэргэжлийн үнэлгээ өгдөг үүрэгтэй болгох,торгодог эрхийг өөр байгууллагад шилжүүлэх нь зөв юм.Мэргэжлийн хяналтынхан жилд 3 удаа идэвхждэг.Шинэ жил,цагаан сар, наадмаар ”сайн”ажиллаад хүүхдийн сургалтын төлбөр,улирлын хүнсээ базааж авдаг зүй тогтол бий болгосон