Төв талбайн жагсаалаас хөллөсөн арга хэмжээ шил шилээ даран үргэлжилж байна. Юуны өмнө Ерөнхий сайд олны өмнө гарч, жагсагчдаас мэдүүлсэн шаардлагын хариуг өгсөн учраас жагсаалын гол цөм саарсан. Гэхдээ дэлхий нийтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас харж байхад энэ хавар жагсаал цуглааны дуун тасрахгүй болов уу. УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг үүрэгдэж, төрийн алба хаагчид том оврын автомашин унахгүй байх үүрэг чиглэл өгсөн. Одоогийн байдлаар “приус” автомашинтай зураг тавьсан төрийн түшээдийн гэгээн дүр цахим орчинд дүүрэн байна.
Мөн төрийн байгууллагуудад тавилга авах нэг тэрбум гаруй төгрөгийн тендерийг цуцалчихаж. Хэмнэлт эхэлж байна гэж гүжирдэн ойлгож болохоос бус эндээс ямар ч хэмнэлт харагдахгүй байгааг нуух юун. Мөн олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй “Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн төслийг Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Мөнгөний бодлогоо чангалсан Төв банк болон бодлогоо чангална гэж буй Засгийн газар хоёр нэгдэж нийлээд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр бодлогын шийдвэрүүдээ хүчгүйдүүлээд, эдийн засагт үүссэн асуудал илүү урт хугацаанд үргэлжлэх вий гэсэн айдас ч бий. Үүнийг эдийн засагчид л хэлж байгаа. Энэ мэтээс ямар үр дүн гарах вэ гэх олон асуудал хүлээж байна.
Манай улс 2022 оны төсвийг 18 наяд төгрөгөөр баталсан. Тэгэхээр энэ хэмнэлт гээд эхлүүлж байгаа зүйл бол “Их мөрний эрэгт худаг ухаж” байгаатай л адил зүйл болно. Гэхдээ энэ нь Төрийн дээрээс эхлүүлж байгаа хэмнэлт цааш үргэлжилнэ гэж ойлгож байна. Гагцхүү төсвийн тодотголоор чухам хэмнэлт гэж юу байдгийг харуулах учиртай. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө төсвийн тодотголыг яаралтай хийхийг үүрэгдсэн дагуу ажилдаа ханцуй шамлан орж байх шиг.
Энэ удаагийн төсвийн тодотгол цаг үеийн шаардлагын дагуу хийгдэж байгаа ч “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр дамжин зардлыг тэлэх, нэмэгдүүлэх шийдвэрийг эрх баригчид мөн гаргах гэж байгааг эдийн засагчид хэлсэн. Тулгамдаж буй асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзсан. Өчигдөр гэхэд холбогдох бүхий л хүмүүстэй уулзаж үүрэг өгч, гарц гаргалгаа ярилцсан. Энэ жилийн төсөвт царцаах зүйл байгаагаас гадна бараг хэрэггүй шахам зүйл олон байгааг ч эдийн засагчид хэлж байсан.
Тухайлбал, тойргоос сонгогдсон гишүүд бүхэн гүйсээр байгаад нийтдээ 80 шахам Соёлын төвийн барилга барих өртгийг төсөвт суулгасан гэдгийг эх сурвалж хэлж байна. Үнэхээр хэмнэх гэж байгаа бол сум болгонд баригдах 80 шахам Соёлын төвийн барилгын төсвийг царцаах хэрэгтэй. Учир нь сум болгонд болсон болоогүй Соёлын төвийн барилга бий. Социализмын үеийн арай балгас болчихоогүй барилга байгууламж үүргээ гүйцэтгээд өнөөдөрт ирсэн. Эдийн засаг сэргэтэл нурчихгүй байх. Тэндээ хуралдаж, бүжиглээд байхад алзахгүй.
Мөн аялал жуулчлалын чиглэлд хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламж, стратегийн ач холбогдолгүй зам гүүр, сумын захиргааны барилга байгууламж шинээр барих болон сэргээн засварлах гэх мэт тэвчиж болох олон зүйлд мөнгө суулгасан байгааг дурдана лээ. Үүнийг ч хойшлуулах шаарлагатай. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүдийн тойргийнхоо сонгогчдод таалагдах гэсэн асар их хөрөнгө 18 их наяд төгрөгт зүй ёсоор байгаа. Үүнийг л таначих. Тэгвэл хэмнэлт болно. Тийм ч учраас УИХ-ын гишүүд бүгд л төсвийн тодотгол хийж хэмнэлт гаргахгүй бол цааш явах аргагүй болсон гэдэгтэй санал нийлж байна.
Тухайлбал, Сангийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Бид богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна. Мөнгөний хатуу бодлого явуулна. Энэ нь бодлогын хүүг нэмэгдүүлж, ханшийг сулруулахын зэрэгцээ төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна гэсэн үг” хэмээсэн бол Сангийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын зүгээс УИХ-аар шийдүүлж, зарим нэг эрх мэдэл авах асуудлыг тодорхой болгох, мөнгөний болон төсвийн бодлогоо зөв болгох чиглэлээр ажлын хэсэг ажиллана” гэсэн.
Мөн Сангийн дэд сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсээд байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж, нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс аргагүй болсон” хэмээсэн юм. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нь бидэнд төсвөө танаж, тэвчиж болох зардлыг тэвчихээс өөр аргагүй байдалд хүргэсэн” хэмээсэн. Энэ мэтчилэн мөнгөний бодлогод оролцож, Монголын мөнгөний авдарны түлхүүрийг атгаж байсан эрхмүүд нөхцөл байдал өөрөөр эргэж, төсөв тодотгохоос өөр аргагүй болсныг хэлсэн хэрэг.
Гэхдээ хэмнэж байна гээд хөдөлгөж урагшлуулж байх ёстой зайлшгүй стратегийн томоохон бүтээн байгуулалтуудыг царцааж болохгүй байх. Тухайлбал, 2022 онд хөгжлийн төслүүдийг эхлүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг сэргээх чиглэлд 2.5 их наяд төгрөгийн төсөв суулгасан. Үүнд зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон. Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүлсэн.
Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 километр хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 километр авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 километр авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Мөн Замын-Үүд, Гашуунсухайтад Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Үүнээс гадна концесс, гадна дотны зээлийн шугамаар барьж байгуулах зүйлс бий.
Цар тахал, хөл хорионы хоёр жилийн хугацаанд бид хил боомтын гарцыг нэмэгдүүлэх, олон талаар харилцах зайлшгүй шаардлага байгааг сайтар ойлгосон учраас хэмнэж байна гээд энэ мэт стратегийн гол бүтээн байгуулалтаа царцааж болохгүй байх. Үүнээс гадна нийслэлийн төсөв дээр нэмээд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг хэмнэлт гээд танахад хэцүү. Нөхцөл байдал хүндэрч байгаа ч хэдэн цагаар түгжирч зогсохыг хэн ч хүсэхгүй. Танахгүй байя гэхэд Хотын удирдлагууд 420 тэрбум төгрөгөөр түгжрэл бууруулж чадах уу гэх мэт эргэлзээ ч бий.
Мөн хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжийн тогтолцоогоор хамруулах чиглэлд төсөв баталсан. Үүнийг бол хэмнэлтэд оруулах аргагүй. Ямартай ч төрийн алба хаагчид том автомашинаас татгалзаж, тавилга худалдан авах тендерээ цуцалчихлаа. Одоо авлигачдад зээл нэрээр алдсан мөнгөө оруулж ирээд төсвөө зөв тодотгоод нүүрсээ гаргаж чадвал асуудал алга.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )