Г.Бумчимэг: Үнэ тогтворжуулах бодлого үр дүнтэй байсан түүх байхгүй

2022 оны 04 сарын 18

Цар тахлын дараах эдийн засгийн хямралын эсрэг төрөөс хэд хэдэн арга хэмжээг авч эхэлсэн билээ. Тэгвэл төрөөс авч буй арга хэмжээ болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засагч Г.Бумчимэгтэй ярилцлаа.


-Үнэ тогтворжуулах хуулийг хэлэлцэж байна. Ер нь төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нь хэр оновчтой вэ?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлж байсан. Гэсэн ч амжилттай болж чадаагүй. Үнэ тогтворжуулах хуулийг хэрэгжүүлэх нь төдийлөн үр дүнтэй байдаггүй юм. Тийм туршлага ч бий. Бараа бүтээгдэхүүний үнийг тухайн үед нь тогтворжуулж болох ч дараа нь зах зээлийн зарчмаар тогтворждог учраас ярвигтай асуудал үүсгэдэг. Харин эсрэгээрээ тээвэр, ложистикийн асуудлыг шийдэх замаар үнийг тогтворжуулах нь үнийг өсөлтийг бууруулах арга болно. Түүнээс биш нэг удаагийн энэ мэт арга нь эргээд зах зээлийг гажуудуулж байдаг. Зах зээлийн эдийн засагт үнэд нөлөөлөх нь зах зээлээ гажуудуулах эрсдэлтэй л гэсэн үг.

-УИХ-аас төсвийн тодотгол хийх ажлын хэсэг гаргалаа. Төсвийн тодотгол буюу тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна гэсэн үг. Төсвийн тодотгол хийж байна гэдэг нь төсвөө буруу тооцоолсных гэсэн үг үү?

-Төсвийн тодотгол хийж байна гэдэг нь төсвөө зөв төлөвлөөгүйн шинж. Орлогоо бодитойгоор төлөвлөх, зардлаа эрэмбэлэх гэсэн хоёр асуудал гарцаагүй хамт яригдана. Төсвийн орлого хязгаарлагдмал шүү дээ. Тэгэхээр зардлаа зөв зохистой хуваарилж өгдөг байвал төсвийн тодотгол хийх шаардлага бага гарна. Төсвийн тодотголыг байн байн хийх үед Төсвийн тухай хууль нь хууль байдлаар хэрэгжих нөхцөлийг сулруулж байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Орос-Украины дайны асуудлаас улбаатайгаар улс орон бүрийн эдийн засгийн өсөлт буурах эрсдэл тулгарсан. Дэлхийн банкнаас эдийн засгийн өсөлтийг ихээхэн бууруулж мэдээлсэн. Цар тахлын үед мөнгөний тэлэх бодлого явуулсан. Тэгэхээр дайнаас улбаатайгаар дахин мөнгөний тэлэх бодлого явуулах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл дэлхийн улс орнуудад төсвийн орон зай байхгүй. Тийм болохоор манай улс аль болох зорилтот бодлого руу чиглэсэн төсвийн бодлого хийх шаардлагатай байгаа. Дайны нөлөө богино хугацаанд арилахгүй. Тиймээс хэмнэлттэй, зорилготой зарцуулалт хийх шаардлагатай.

-УИХ, яам, агентлагууд, ТӨХК, ТӨҮГ, төсөвт байгууллагууд өөрсдийн харьяа бүхий тээврийн хэрэгслийг ашиглахаа болилоо. Энэ нь өнөөгийн цаг үед бодит хэмнэлт болж чадах уу?

-Хөдөө, орон нутаг руу их явдаг нөхцөлд эдгээр байгууллагад тээврийн хэрэгсэл хэрэгтэй байх нь гарцаагүй. Тэгэхээр тээврийн хэрэгслийг нь ашиглахыг болиулснаар оронд нь хэрхэх вэ гэдэг их сонирхолтой л доо. Хэмнэлтийг хаанаас гаргах вэ. Машин түрээсэлж, гэрээтэй ажллах юм уу, эсвэл жижиг тэрэг унах юм уу. Өрх гэр дээр жишээ авъя л даа. Нэг айл үнэтэй машинаа зараад приүс авлаа гэж бодъё. Хэмнэлт хийж байна гээд шүү дээ. Гэтэл лагер, гэр хоорондоо ч приүсээрээ явж чадахааргүй нөхцөл байдалд орвол юун хэмнэхтэй манатай болж байгаа биз. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь бодит хэмнэлт юм хэмээн хэлэхэд их хэцүү.

-Эдийн засгийн хүнд нөхцөлд Монголбанк бодлогын хүүгээ есөн хувьд хүргэсэн нь хэр оновчтой зүйл хэмээн харж байгаа вэ. Мэдээжийн хэрэг бодлогын хүүг өсгөх нь хоёр талтай зүйл шүү дээ?

-Нэгдүгээрт, энэ бол зайлшгүй авах ёстой байсан арга хэмжээ. Дэлхийн зах зээл дээр хүү өсөж байгаа. Улс орон бүр цар тахлын улмаас мөнгөний тэлэх бодлого явуулснаар инфляцын өсөлттэй тулгарсан. Тиймээс улс орнууд бодлогын хүүгээ өсгөөд эхэлсэн байгаа. Бодлогын хүүгээ өсгөснөөр ханш сулрах хүлээлттэй байна. Хүн төгрөг хадгалж байснаас ам.доллар хадгалсан нь илүү ашигтай гэх шийдвэр гаргана шүү дээ.

Ингээд харвал хүмүүс өгөөжийн зөрүүнээс болж хөрөнгөө хэрхэн байршуулахаа шийдэх юм. Тэгэхээр хүүг өсгөсөн нь богино хугацаанд ханшид эерэг нөлөөтэй буюу төгрөгийг хэтэрхий сулрахаас сэргийлэх үйл ажиллагаа. Хоёрдугаарт, инфляц ихээхэн өссөн. Хөтөлбөрийн хүрээнд бага хүүгээр зээл олгосноос үүдэж, эрэлтийн гаралтай инфляц 1-2 жилийн дараа өсөхөөс сэргийлсэн хэмээн харж байгаа.

Гэхдээ бодлогын хүүгээс бага хүүгээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгох нь хүүгийн нэгдсэн бодлогыг үгүй хийж байна. Өөрөөр хэлбэл, хүү нь бодитоор үйлчлэх боломжийг гаргаж ирэхгүй байгаа гэсэн үг. Бодлогын хүү гэдэг бол зээлийн хүүгээс бага байх ёстой. Энэхүү зарчим байгаа цагт бодлогын хүүг нэмсний тус гарна.

-Мөнгөний хатуу бодлого баримталсны үр дүнд валютын нөөц буурсан. Валютын нөөцөө хадгалахын тулд яах ёстой вэ. Нөөцөө хадгалж үлдсэнээр ямар нэгэн зүйлийг алдах уу?

-Валютын нөөц буурсан. Сүүлийн үеийн мэдээгээр гурван тэрбум гаруй ам.долларын нөөцтэй байгаа хэмээх мэдээлэл байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс ихээхэн буурсан үзүүлэлт юм. Валютын нөөц яагаад буураад байна вэ гэвэл бид экспортод гаргаж байгаагаас илүүг худалдан авч байна гэсэн үг. Нөгөө талаас ханшийг хэт барих нь валютын нөөц буурах хүчин зүйл болж байгаа. Ханшийг хамгаалахдаа интервенцээс гадна бодлогын хүүг ашиглана. Төгрөг бага хүүтэй байвал иргэд төгрөгөө ам.доллар руу хөрвүүлнэ. Ингэснээр ам.долларын эргэлт илүү нэмэгдэх жишээтэй.

Нөгөө талаар валютын нөөцөө хадгалж үлдэх, хүүгээ өсгөх, эсвэл ханшаа сулруулах зэргийг хамтад нь барьж болохгүй. Тэгэхээр бодлогын хүүгээ өсгөх нь валютын нөөцөө хамгаалахад, мөн ханшаа хамгаалахад эерэг нөлөө үзүүлсэн. Хэрэв бид ирээдүйн эрсдэлээс сэргийлж, валютын нөөцөө их байлгая гэвэл ханшаа сулруулахаас өөр арга байхгүй. Одоо хоёр ханш тогтоод байна хэмээн яриад байгаа. Үүнийг ганц ханш болгохоос өөр ямар ч сонголтгүй юм. Зах зээлийн механизм нь өөрөө ийм байдаг.

Иргэд төр засгийг нийгмийн халамж өг хэмээн хэлдэг. Гэтэл одоогийн нөхцөл байдалд төр нь энэ мэт үйлдлийг хийснээр төсвийн алдагдлаа нэмээд байна. Товчхондоо өөртөө байхгүй мөнгийг бидэнд өгөөд байна гэсэн үг. Үүнийгээ зээлээр санхүүжүүлдэг. Гэтэл бидэнд байгаа ам.долларын хэмжээ хязгаарлагдмал. Төсвөөр гаргасан зарцуулалтыг ам.доллароор худалдаж аваад гадагшаа гаргах нь төсөв алдагдалтай болж буй нэг шалтгаан. Энэ нь валютын нөөцөд сөргөөр нөлөөлж байгаа юм.

-Хоёр ханш гэх ойлголт яваад байна. Та ч мөн дурдлаа. Уншигчдад энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү. Гэнэт яагаад хоёр ханштай болчихов оо?

-Монголбанкны албан ханш нь банк хоорондоо бэлэн бусаар хийгдсэн арилжааны хэлцлийн дундаж ханш юм. Нөгөө ханш нь бэлэн валютын ханш. Найман шарга дээр худалдаалж буй ханшийг жишээ болгон хэлж болно. Энэ үед өөр ханш тогтож байгаа юм. Банкнаас бэлэн валют гарахаа больсон үйл явдалтай холбоотойгоор хоёр ханштай болсон.

-Нэг ам.доллар хэдийнээ 3000 төгрөгийг давчихлаа. Юанийн ханш ч өслөө. Инфляц ч өндөр байна. Энэ үед хэрхэн төгрөгөө үнэ цэнтэй байлгах вэ. Хуримтлал, хадгаламжийн хүү инфляцаас үүдэн багасаж байгаа шүү дээ?

-Мөнгөө үнэ цэнтэй байлгахын тулд хүн бүр өөрт тохирсон аргаа хэрэглэж байна. Хэрэв хадгаламжийн хүү өндөр байвал хадгалуулж болно. Ам.доллар суларна гэсэн хүлээлттэй байвал ам.доллароор хадгалах боломжтой. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна гэвэл үл хөдлөх, хөдлөх хөрөнгө болгон хувиргах жишээтэй. Эдгээр үйл ажиллагаа бүрийн ард манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар алдагдах гол зүйл нь экспортод бага бүтээгдэхүүн гаргаж байгаатай л холбоотой юм.

Тиймээс л улсын хэмжээнд бид мөнгө багатай байна гэсэн үг. Монголбанкны хувьд үнийн механизмыг зөв ажиллуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, үнийг хэт өсгөхгүй, орлогыг хамгаалах үндсэн үүрэгтэй юм. Харин Засгийн газраас хийх ёстой бодит арга хэмжээнүүд бол ойрын хугацаандаа тээвэр, ложистикийг шийдэх юм. Манай улсад байхгүй зүйл олон болсон байна шүү дээ.

-Тээвэр, ложистикийн асуудлыг ойрын хугацандаа шийдэх хэрэгтэй гэлээ. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр байна. Бид ашиглаж чадахгүй байгаа нь үнэн. Урд хөрш маань хилээ хэзээ нээх нь ч тодорхойгүй байна. Тээвэр, ложистикийг шийдэхгүйгээр экспорт хийх боломжгүй асуудал удаа дараа тулгарсаар байна. Тэгвэл уул уурхай хөгжсөн улсад өөр ямар салбарыг хөгжүүлбэл илүү зохистой байдаг юм бол?

-Байгалийн баялаг бүхий улс орнуудыг хувьд Голланд өвчин буюу байгалийн баялгийн хараал гэх зүйл бий. Энэ нь юу вэ гэвэл уул уурхай руу хэт анхаарлаа хандуулж, түүнээс их хэмжээний ашиг олдог учраас бусад салбар нь хөгждөггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, ажилчдын цалин уул уурхайг дагаж өсөөд байдаг. Гэтэл импортыг орлох бүтээгдэхүүн хийх хүн олдохгүй тохиолдол гардаг юм.

Тэгэхээр эдгээр улс орон уул уурхайгаас өөр ямар салбараа хөгжүүлэх боломжтой вэ гэх асуулт тулгарч байна шүү дээ. Уул уурхай ихээхэн хөгжсөн улс орнууд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлснээр ихээхэн ашигтай, эдийн засгаа сэргээх боломжтой байдаг. Жишээлбэл, Австрали хонины мах, Чили улсын дарс гэх мэт. Дараа нь IT, техник технологи гэх мэт эрэмбэтэй хөгжих боломжтой.

Энэ бүхний цаана хүн өөрөө байгаа. Хүмүүсийг боловсруулах хэрэгтэй байна. Уул уурхайгаас олсон ашгаа боловсролыг хөгжүүлэхэд зориулах шаардлагатай. Боловсролыг дурдаад буй шалтгаан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсролын хоцрогдол, уруудалтад орсонтой холбоотой юм. Урт хугацаанд боловсролын энэхүү хоцрогдол нь ихээхэн сөрөг үр дагаврыг үүсгэнэ. Дэлхийн банкны өнгөрсөн жилийн тайланд манай улсын боловсролтой боловсон хүчин гаднын улсыг ихээр зорьж байна гэх мэдээлэл байсан юм. Үүнд бид ихээхэн анхаарах хэрэгтэй. Үгүй бол ирээдүйд хүний нөөцийн асар том хомсдол үүсэх болно. Мөн Засгийн газрын бодлогыг анзаараад байхад урт хугацааны бодлого зорилт тавьдаг. Тийм атлаа богино хугацаанд гал унтраах ажил хийсээр тухайн зорилтод хүрдэггүй. Үүнийг эдийн засагт “Time consistency” хэмээн нэрлэдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.46.225) 2022 оны 04 сарын 18

ГАДНЫ БРЕНД ШҮТСЭН ҮХЭР МОНГОЛЧУУД. ДОЛЛАР ӨСӨЖ Л БАЙВАЛ ЮМНЫ ҮНЭ ӨСНӨӨ Л ГЭСЭН ҮГ , ЯМАР Ч ХУУЛЬ ТОГТООМЖ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАЖ ЧАДАХГУЙ

1  |  0
Зочин(202.9.46.36) 2022 оны 04 сарын 18

Paa ikh yum meddeg gar bna

0  |  0
Top