Чингэлэг тээврийн хөлөг онгоцны 10% нь Хятадын боомтуудад гацжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 16

Ши Жиньпиний халдварын тохиолдлыг тэг байлгах гэсэн бодлогын улмаас бараг 500 чингэлэг тээврийн хөлөг онгоц Хятадын боомтууд дээр гацаад байгаа аж. Омикроны хувилбарыг зогсоох зорилгоор тогтоож буй хөл хорионуудын улмаас Хятадын  боомт хотууд  хөлөг онгоц буулгах ажиллах хүчний хүчний хомсдол, хөлөг онгоц руу ачаа тээвэрлэх ачааны машины жолоочийн дутагдалд ороод байгаа аж. Шанхай зэрэг хэд хэдэн хот халдварын түвшинг хяналтдаа байлгахын тулд хатуу хөл хорио тогтоосон бол Хонконгод  нас баралтын түвшин нэмэгдсээр байгаа ажээ.

“Bloomberg”-ийн тоо баримтаас харахад  Хятадын боомтуудад 477 ачаа тээврийн хөлөг онгоц эргийн ойролцоо гацаад байгаа нь  өргөн хэрэглээний бараа, үйлдвэрийн хангамж, барилгын материалын нийлүүлэлтийг тасалдуулж, дэлхийн өнцөг булан бүрд  дараалал үүсгэж байна. Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар Шанхайн боомтод  222 ачаа тээврийн онгоц гацаад байгаа нь өмнөх сарынхаас 15 хувиар өсөөд байгаа аж.

Харин Нинбо-Жоушань боомтод 134 байгаа нь  өнгөрсөн сарынхаас 0.8 хувиар, Рижао, Дунжякоу, Чиндаогийн нэгдсэн боомтууд дахь ачаа тээврийн онгоцнуудын тоо 33 хувиар нэмэгдэж, 121 болжээ. Үүнээс үүдэж  зарим хөлөг онгоц хойд зүгт Чиндао, Тяньжин зэрэг боомтыг чиглэж эхэлсэн байна. Тяньжинд дөрөвдүгээр  сарын 11-ны байдлаар  54 хөлөг онгоц гацаад  байсан нь нэг сарын дотор 29 хувиар өссөн үзүүлэлт аж.

 “Citi”-гийн эдийн засагч Йоханна Чуа "Шанхай бол Хятадын цахилгаан бараа, тээврийн хэрэгслийн экспортын томоохон экспортлогч учраас нийлүүлэлтийн сүлжээний асуудал улс орон даяар болон олон улсын хэмжээнд тархах эрсдэлтэй. Энэ нь Өмнөд Солонгос, Тайвань зэрэг үйлдвэрлэгчдэд онцгой ач холбогдолтой. Ачаа тээврийн асуудал үүсэж, агуулахууд хаагдсан нь логистикийн саад тотгор үүсгэж, Хятадын нийт экспортын 29 хувийг бүрдүүлдэг томоохон үйлдвэрлэлийн төв болох Жянсу, Жэжян мужийн логистикт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна" гэжээ.

Боомтын түгжрэл нь  дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлж буй талаар “Deutsche Bank”-ын эдийн засагч Санжай Ража мөн онцолжээ. Тэрбээр  "Эрчим хүчний төлбөр нэмэгдэж, хүнсний бүтээгдэхүүний дарамт нэмэгдсээр байгаа энэ үед үндсэн барааны дарамт нь нийлүүлэлтийн сүлжээний гацаанаас болж улам өсөхөөр байна” хэмээсэн байна. “Ocean Network Express”-ээс гаргасан мэдээллээс харахад дэлхий даяарх чингэлэг тээврийн хөлөг онгоцны 10 орчим хувь нь БНХАУ-ын боомтуудад гацжээ. 2021 онд Хятадын ачаа тээврийн 20 хувийг Шанхайн боомтоор дамжин өнгөрчээ.

BBVA-ийн судлаач Бетти Хуан, Шиа Ле нар тайландаа "Шанхайн боомтын  орон зайг нөхөхөд хэцүү. Хэрэв Шанхайд тогтоосон хөл хорио дахин үргэлжилбэл  дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад хүрнэ” гэжээ. Түүнчлэн "Вьетнам, Камбож зэрэг хөгжиж буй Азийн эдийн засаг Хятадын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа тул хамгийн их хохирол амсаж магадгүй” гэж "Capital Economics" сүүлийн үеийн тайландаа анхааруулсан байна. Хятадаас шууд болон шууд бусаар импортлосон бараа нь Японы нийт импортын 20 гаруй хувийг, АНУ-ын гадаадаас худалдан авалтын 15 гаруй хувийг бүрдүүлдэг. Цар тахал нь  олон орон, компаниуд  Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээнээс хэт их хамааралтай байгааг харуулж байгаа юм. Судлаачид  цар тахал нь нийлүүлэлтийн сүлжээг илүү төрөлжүүлэх, уян хатан болгох хэрэгцээтэйг харуулж байна гэдгийг онцолж байгаа билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.27.133) 2022 оны 04 сарын 17

Хятадын тэрбум гаруй хүн ам өвчилж байж тэнд халдвар буурах бх даа Ши жин Пи хужаа гуай.

0  |  0
Top