"Үйлдвэрлэгчдэд зээл олгож, зарим татварыг түр хугацаанд тэглэнэ"

2022 оны 04 сарын 18

Монгол Улсын Засгийн газар төсөв тодотгох асуудлаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, зохих шийдвэрүүдийг гаргасан билээ. 

Залуучуудын жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Эдгээр шаардлагын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлжээ.

Мөн тэрээр Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталснаар олон улсын зах зээл дээр огцом өсөж буй шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэсэн гэдгийг онцолжээ.

Энэ арга хэмжээнд нийт 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан байна. Мөн хурлаар төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаанбуудайн нөөцийг худалдаж авах, цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтсон гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлжээ. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Сургууль, цэцэрлэгийн дутагдалтай байгаа хороо дүүрэг дээр хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулбал хувьсах зардлыг нь хоёр дахин олгоно.

Төрийн тусгайгаас бусад газруудын дүрэмт хувцас дээр хоёр тэрбум төгрөг төсөвлөдгийг танана” гэсэн бол ХНХ-ийн сайд А.Ариунзаяа “Сайн дураараа НДШ төлдөг хүмүүсийн 50 хувь буцаан олгогдоно. Энэ бол зөвхөн энэ жил хэрэгжих заалт. Төрийн байгууллагад ажиллаж буй даатгуулагчид, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж буй даатгуулагчид, газрын тос, уул уурхайн чиглэлээр ажилладаг даатгуулагчид НДШ-ийн чөлөөлөлт, буцаан олголтод хамрагдахгүй. Бусад бүхий л байгууллагад ажилладаг даатгуулагчид НДШ-ийн ажилтны өөрийн төлдөг даатгалын 4.5 хувийг буцаан олгоно. Үүнд мөн сайн дураараа шимтгэл төлдөг даатгуулагчид хамрагдана” гэсэн байна.

 

Үүний дараагаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна. 

 

-Хил хэзээ нээгдэх вэ?

-Бидний хүлээж буй хамгийн том асуудал бол хил нээх. Манай улсын хувьд эдийн засгийн гол харилцагч БНХАУ-д цар тахлын асуудал хүндэрч байна. Монгол Улстай хиллэж буй газруудад нь халдвар их гарсан. Ихэнх газрууд нь хаалттай, хотууд хоорондын зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал байгаа. Энэ талаар бид байнга мэдээлэл авч байна. Цар тахлын нөхцөл байдал хэзээ сайжрах вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Ирэх арваннэгдүгээр сараас байдал гайгүй болно гэж манай ГХЯ, тусгай албад гээд албаныхан өгч байна.

Үүнээс өмнө гайгүй болчихоосой гэж хүсэж байгаа. Бидний зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна. БНХАУ дотроо манайхтай хиллэдэг боомтууд харьцангуй нээлттэй орж байгаа ч бүрэн нээгдэнэ гэдэг энэ жилийн хувьд амаргүй. Орос, Украины зөрчилт байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Энэ хоёр давагдашгүй хүчин зүйлийг бид хамтдаа давж гарах учиртай.

Харин үнийн хувьд гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ гаднаа өсвөл яаж ч чадахгүй. Зөрүүг нь төр зохицуулах боломжгүй. Өнөөдрийн шийдвэр бол онцгой үеийн шийдвэр. Бензиний үнийг төр зохицуулах нь аргаа барсан арга. Инфляц, валют бол Засгийн газрын шууд хариуцах асуудал биш. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн учир Засгийн газар бүхий л дэмжлэгийг Монголбанканд үзүүлж байна. Энэ зохицуулалт он дуусаад үгүй болох ёстой. Улстөрчид маань нөхцөл байдлыг мэдсээр байж үүнийг битгий мушгиач гэж хэлье.

Бид чадах бүхнээ л хийж байна. Гурил үйлдвэрлэгчид, будаа, тос, сахар оруулж ирдэг компаниуд ашгаас гадна эх оронч хандаарай гэж Аж ахуй нэгжүүддээ уриалмаар байна. Зохиомол хөөрөгдөл битгий үүсгээрэй. Төр шаардлага, хяналт тавьж ажиллах болно.

-Бензиний үнийг барих мөнгийг хаанаас гаргах юм бэ. Төгрөг хэвлэх үү?

-Бид мөнгө хэвлэхгүйгээр зохицуулалт хийх боломжтой. Засгийн газар, Төв банкинд дэмжлэг үзүүлэх гол зүйл бол валютын нөөцийг бүрдүүлэх. Томоохон төрийн өмчийн компаниуд бусад уул уурхайн компаниудад график гаргаад Засгийн газар хэлцэл дээр нь оролцоод явж байгаа. Нэг тэрбум орчим ам.долларын дутагдалд Монгол Улс орчихсон яваа учраас энэ тал дээр нь дэмжлэг үзүүлж байгаа. Хармагтай зэрэг зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр ярилцаж байна.

-Нефтийн үйлдвэр хэзээ баригдаж дуусах вэ?

-Нефьтийн үйлдвэр дээр хоолой тавих, хайгуул хийх зэрэг асуудлууд бий. Ачаа тээврийн эргэлт муудсантай холбоотойгоор тендерийн үнэ огцом өссөн. Миний хувьд үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд руу захидал бичсэн. Үүний дагуу хоёр улсын Засгийн газраас Ажлын хэсэг гаргасан. Харин хугацааны хувьд хэдий хэр алдагдал хүлээх вэ гэдэг дээр ярилцаж байна. Бид нефтийн үйлдвэр барих зорилгоосоо буцахгүй. Ингэж байж бид хараат байдлаасаа гарна. Мөн нефтийг дотооддоо үйлдвэрлэх зорилго, боломжтой аж ахуйн нэгж, компаниудыг бид дэмжинэ.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр гаргасан шийдвэр дээрээ бат зогсож чадах уу?

-Би Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс хонзон байхгүй. Төр, хувийн эзэмшлийн өмчийг булааж авах гээд байгаа юм биш. Энэ бол луйвар. Хэсэг бүлэг хүмүүс төр, хуулийн дээр байж болохгүй. Хөгжлийн банкны зээлийн 50 орчим хувь нь Д.Эрдэнэбилэг гэж хүний хамаарал бүхий компаниудынх байгаа. Яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ. Зээлээ төлөхгүй байгаа чинь зах зээл биш. Өөрөө уг нь банктай хүн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хууль бусаар авсан. “Кью Эс Си” компани төмрийн хүдэр олборлож хууль бусаар мөнгө олж байсан болохоос гэрээгээр хүлээсэн үйлдвэрээ бариагүй. Хөтөл бас тийм. Цаасан дээр компани байгуулаад ашигтай хэсгийг нь авч яваа санхүүгийн схем. Цаашид ийм зүйл байж болохгүй. 430 орчим сая ам.доллар шилжээд Эрдэнэтийн асуудал шийдэгдсэн. Харин энэ мөнгө хэрхэн задрах вэ, хэн оролцсон бэ гэдгийг шүүх тогтооно.

-Том оврын автомашинуудыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах уу?

-Том оврын автомашинуудыг нэгтгээд захиалга өгч унадаг болгоно. Илүү гарсныг нь олон нийтэд нээлттэй худалдаална. Хэн нэгэн улстөрч өөрөө авна гэж байхгүй. Хуулийн төсөлд дугаарыг нь өнгөөр ялгана гээд заачихсан байгаа. Тийм болохоор олон нийт хянаж болно.

-Сонгуулийн тогтолцооны талаар та ямар байр, суурьтай байгаа вэ?

-Бид холимог тогтолцооны асуудлыг авч үзэх хэрэгтэй. Тавь дээр нэмэх нь нэг хүрэхгүй санал авч, парламентийн дийлэнх хэсгийг бүрдүүлнэ гэдэг нь төлөөллийн зарчим хангагдахгүй байна гэж хувь хүнийхээ хувьд дүгнэж байгаа. Нийгэмд болж байгаа бухимдал, олон асуудал төлөөллийн төв байгууллага дээрээ л яригдах ёстой. Ингэж байж нийгмийн тогтвортой байдал хангагддаг. Хүн амын тоо нэмэгдэх хэрээрээ парламентийн гишүүдийн тоо өсөх ёстой. Олон намын төлөөлөл байх хэрэгтэй. Нийгмийн зөвшилцлийн хувьд бид холимог тогтолцоог сонгох ёстой. Ингэж байж парламент төлөөллийн төв байгууллагынхаа үүргийг илүү гүйцэтгэж чадна.    

-Хариуцлагагүй компаниудад ямар хариуцлага тооцох вэ?

-Цаашдаа төрөөс дэмжихгүй. Мах, гурил, шатахууны хэдхэн компани бий. Эдгээр компаниуд маань хариуцлагатай хандана гэж найдаж байгаа. Дотооддоо шатахуун үйлдвэрлэж, төмөр замтай болж байж л энэ амаргүй байдлаас гарна. Засгийн газар гэрээ хийхгүй. Зээлийн хүү, Засгийн газар баталгаа зэрэг дээр нь бид дэмжинэ. Хэрэв ингээд үнээ тогтворжуулж чадахгүй бол энэ бүх дэмжлэгээ больж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top