БНХАУ-ын “Renmin” их сургуулийн Торгоны замын сургуулийн дэд декан, Санхүү судлалын хүрээлэн Чонгяны гүйцэтгэх захирал Ван Вэний бичсэн “Дэлхий улам аюултай болж, дэлхийн III дайн болох магадлал улам өсөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн сунжирч, дэлхийг улам аюултай газар болгож байна. Өнгөн дээрээ энэ нь Киев болон Москвагийн хоорондох тэмцэл. Үнэндээ зүүн Европ дахь Хүйтэн дайны үеийн сөргөлдөөний тэсрэлт бөгөөд АНУ болон НАТО-гийн цэргийн стратегийн өргөтгөлийн эсрэг Оросын сөрөг довтолгоо юм. Хэдийгээр АНУ болон НАТО Украин руу цэргээ илгээгүй ч Оросыг боомилохын тулд санхүүгийн хориг арга хэмжээ авч, хиймэл дагуулын навигац, агаар, сансрын технологи зэрэг дайны бараг бүх хэрэгслийг ашигласан.
Мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд барууны орнууд ОХУ-ын эсрэг 5000 гаруй хориг арга хэмжээ авсан нь сүүлийн 40 жилийн хугацаанд АНУ Иранд тавьсан хоригоос 50 хувиар олон байгаа юм. НАТО-гийн гишүүн орнууд Оросын эсрэг санхүүгийн хориг үргэлжлүүлэн тавьсаар байна. Энэ нь Оросыг эсэргүүцэн тэмцэхэд түлхэц өгч, гал дээр тос нэмж байгаа нь дамжиггүй. Дэлхийн III дайн дэгдэх магадлал нэмэгдсээр байгааг судлаачид анхааруулсаар байгаа бөгөөд энэ нь цөмийн дайнд хүргэж болзошгүй хэмээж байгаа юм. Путин бүтэлгүйтлийг тэвчиж чадахгүй, Байден ч мөн бууж өгөхийг хүсэхгүй байгаа нь Оросыг цөмийн зэвсгээ ашиглахад хүргэж болзошгүй юм. Гэхдээ дэлхий дахинд дайнаас дутахааргүй олон гамшиг тохиолдож байна.
Дайны улмаас Украины олон сая иргэн орон гэрээсээ дүрвэсэн нь хаврын тариалалтын улирлыг өнжихөд хүргэж, тус улсын хөдөө аж ахуйн экспортын бүтээгдэхүүн буурахад нөлөөлж нөлөөлж байна. Украин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн чухал экспортлогчдын нэг бөгөөд улаан буудай, эрдэнэ шиш нь дэлхийн экспортын 10, 15 хувийг тус тус бүрдүүлдэг. Украины улаан буудайн импортоос 14 улс шууд хамааралтай байдаг. Үүнээс Ливи 43, Бангладеш 28 хувийн буюу хамгийн их хамааралтай аж. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг орлох бүтээгдэхүүн байхгүй бол зарим хөгжиж буй орнууд өлсгөлөнд ч нэрвэгдэх магадлалтай гэнэ.
АНУ, Европын холбооны орнууд, Аргентин, Турк зэрэг оронд бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, Европ болон АНУ-д инфляцын түвшин сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Сүүлийн 32 жилийн хугацаанд үзэгдээгүйгээр хүнсний үнэ нэмэгдэж, зөвхөн гуравдугаар сард гэхэд 13 хувиар, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 30 гаруй хувиар өслөө. НҮБ-ын тооцоолсноор, цаашдаа хамгийн багадаа найман хувиар, дээд тал нь 22 хувиар өсөх төлөвтэй байна. Дайны улмаас хөдөө аж ахуйн техникийн шатахуун, далайн болон газрын тээврийн зардал, зээлийн хүү, бордооны үнэ, хадгалалтын зардал улам л нэмэгдсээр.
Хүнсэнд хэрэглэх үр тариа, малын тэжээлийн хомсдол нүүрлэснээр мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өссөөр. “Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөний улмаас хүмүүнлэгийн хямрал дэгдэж, улс төрийн эрсдэл улам нэмэгдэх болно. Үнийн өсөлтийн улмаас “Арабын хавар” эхэлсэн билээ. 10 жилийн өмнө эсэргүүцлийн ажиллагаа, хувьсгалын давлагаанд өртөж Ливи, Тунис, Египет, Йемен дэх улс төрийн дэглэмүүд унасан бол Сирид сунжирсан дайн дэгдсэн билээ. Хүнсний үнэ өссөн нь инфляцыг бүхэлд нь хөөргөдөж, үүний улмаас Төв банкууд бодлогын хүүгээ өсгөхөөс аргагүйд хүргэсэн. Иргэд, компаниуд, улс орнууд өндөр хүүтэй зээлийг бага хэмжээгээр авах болсноор баян орнуудын хөгжил саарч, ядуу улсууд дампуурах аюулын өмнө ирээд байна. Одоогоор цар тахлын улмаас 40 орчим нэн буурай улс өрийн хямралд орооп байгаа аж.
Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас зургаан сая гаруй хүн нас бараад буй. Хэдийгээр барууны орнууд нээлттэй болж, халдвартай өвчтөнүүдийг тусгаарлахаа больсон. Өнгөрсөн сараас хойш халдварын тоо нэмэгдэж, өдөр бүр 1000 орчим хүн КОВИД-19-ийн улмаас нас барж байна. Түүнчлэн эм, вакцинууд КОВИД-19-ийн мутацийн хурдыг гүйцэж чадах уу гэдэг одоог хүртэл тодорхойгүй байна. Дэлхийн хамгийн халуун чухал сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт байсан бол 2022 онд бараг мартагдана гэж хэн ч төсөөлөөгүй. ОХУ Украинд довтолсноор дэлхий дахиныг уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд нэгдэх сүүлчийн боломжийг байхгүй болгосон байж магадгүй юм. Мөсөн уулс хайлж, далайн түвшин нэмэгдэж, жижиг арлууд алга болж, байгалийн гамшиг ойр ойрхон тохиолдож, дэлхий даяараа тэмцсээр. Дэлхий ертөнц хамгийн аюултай мөчийнхөө босгон дээр ирсэн байж магадгүй гэж үзэх судлаачид ч байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Франклин Рузвельтийн "Бид дайныг дуусгахаас илүүтэйгээр дайны эхлэлийг зогсоох хэрэгтэй" гэсэн үгийг эргэн харах цаг болсон болов уу.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
yag unen
Үнэн шүү