М.Даваасүрэн: Махны хэт хэрэглээ нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Хүн төрөлхтөн хооллох соёлыг хэдэн мянганы туршид боловсруулж, хөгжүүлж ирсэн. Зарим үндэстэн далайн гаралтай хоол түлхүү хэрэглэж байхад зарим орны хүмүүс сүүн тэжээлтэй амьтны маханд дуртай байдаг. Амьдарч буй газар нутаг орон, ёс заншил, цаг уур, шашин гээд бүх зүйл хооллох хэвшилд нь нөлөөгөө үзүүлсээр иржээ. Тэгвэл жил ирэх тусам веган болон вежетариан хоолтон хүмүүс нэмэгдэх болсон нь эрүүл зөв хооллолтыг эрэлхийлж буй нэг дэвшил гэхэд болно. Манай улсад веган хоолны газар цөөнгүй байдаг. “Loving hut-13” рестораны захирал, веган хоол судлаач М.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Та хэзээнээс веган хоолтон болсон бэ. Веган хоол болон вежетарчиан хоолны ялгаа нь юу вэ?

-Би 2009 оноос веган хоолтон болсон. Тэр үед чөлөөт бөхийн тамирчин хүүхэд байлаа. Спортынхоо амжилтыг ахиулахын тулд өндөг, сүү, загас зэрэг амьтны гаралтай махан бүтээгдэхүүнээс татгалзаж байлаа. Вежетариан /vegetarian/ гэдэг нь сүү цагаан идээ хэрэглэдэг цагаан хоолтонууд. Веган гэдэг нь цэвэр ногоон хоолтон буюу хоолны орцноос мах, загас, өндөг, сүү цагаан идээ бүгдийг хассан цэвэр ургамлан хоолтнууд гэсэн үг. Веган хоолны дэглэм нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс зайлсхийж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэдэг. Бүр цаашилбал жимсэн хоолтон /fruitarian /, усан хоолтон /waterian/,  агааран хоолтон /breathtarian агааран/ гэж байдаг.

-Дэлхий дахинд хэчнээн веган хоол­тон байдаг вэ. Монголд нэмэгдэж байх шиг. Мөн манайд цагаан хоолоор үйл­чилдэг ресторанууд нэлээн хэд байх шиг?

-Монгол Улсад 100 хувь веган хоолтой 5000 орчим хүн байдаг, сүү цагаан идээ хэрэглэдэг вежетариан хүмүүс 30 мянга орчим байдаг гэсэн судалгаа бий. Энэтхэг улс 1.5 тэрбум хүнтэй бөгөөд түүний 80 хувь нь цагаан хоолтон. Европын холбооны улсын хүн амын  7-15 хувь нь цагаан хоол хэрэглэдэг бүтэн веган хоолтой, 20-40 хувь нь долоо хоногт 2-3 удаа цагаан, ногоон хоол хэрэглэдэг гэж үздэг юм билээ. Сүүлийн жилүүдэд баруунд веган хоол маш эрчимтэй хөгжиж, веган хоолны газрууд эрс нэмэгдэж байгаа. Уур амьсгалын дулаарал, эрүүл мэндийн шалтгаанаас хамаараад веган хоолыг сонгож буй нь элбэг байна. Манай улсын нийслэлд гэхэд 15-16 веган хоолны ресторан ажилладаг бол Дархан, Эрдэнэтэд тус бүр хоёр веган хоолны газар байдаг.

Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь веган болон вежетариан хоолонд шилжсэн гэж үздэг. 2050 он гэхэд дэлхийн хүн ам 100 хувь веган болно гэсэн судалгаа ч бий. Өвс ургамал, үр тариаг малд өгөөд малын бие махбодоор дамжсан дам бүтээгдэхүүнийг бид хэрэглэж байна. Фермийн үхрийн мах бий болоход ой модыг тайрч бэлчээрийн талбай бий болгох, үр тариа, өвс ургамал, усалгаа, арчилгааны зардал гээд байгальд маш их хортой, зардал ихтэй байна. Америкчуудын гаргасан судалгаагаар нэг кг мах бий болоход 15 тн 700 л усыг зарцуулж байна гэсэн тооцоо гарсан. Нэг бургерт 200 гр мах орлоо гэхэд түүнд 2.4 тн ус зарцуулагдсан гэсэн үг. Махан хоолны хэрэглээ нь ундны усанд хамгийн их халтай хэрэглээ гэж үзэж байна.

Тиймээс хүн төрөлхтөн ногоон хоолтон болох нь хамгийн зөв гарц юм л даа. Дэлхий дахинд Т.Колин  гэдэг хүн хүүтэйгээ хамтарч “Хятад судалгаа” хэмээх номыг гаргасан байдаг. АНУ, БНХАУ хоёр улсын хоол тэжээлийг харьцуулан судалж үзээд энэ хоёр улсын хооронд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, хэт таргалалт тэнгэр, газар шиг зөрүүтэй байгааг дурдсан. Хятадууд хүнсний ногоо, махыг маш их хэрэглэдэг атал өвчлөл бага байна. Гэтэл америкчууд шарсан, хуурсан, хайрсан түргэн хоол, үхрийн махан стейкний хэрэглээ маш өндөр байгаа нь өвчлөл их байгаа юм. Энэ ном нь 2015 онд бестселлер болж байсан. Мөн Энэтхэг болон Америк хоёрын хоол тэжээлийн судалгааг харьцуулахад америкчуудын дунд маш олон төрлийн өвчлөл  энэтхэгчүүдээс 5-10 дахин өндөр гарсан.

-Махан хоолыг байнга хэрэглэснээр хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ. Веган хоолтон болсноор хүний биед ямар өөрчлөлт авчрах вэ?

-Манай монголчууд цаг уурын хувьд хүйтэн сэрүүн байдаг учраас уламжлалт анагаах ухаан дээр суурилаад идээ ундааг хүйтэн, сэрүүн, халуун, дулаан улиралдаа тааруулж, явдал мөрдөө тохируулж хэрэглэдэг байсан. Хүйтэн сэрүүн улиралдаа өөх тостой, махан хоолоо хэрэглэдэг уламжлалтай. Хавартаа өвөлжин идсэн махны ялзралын хорыг биенээс зайлуулдаг гашуун, ислэг арвай буудай хэрэглэнэ. Зундаа гэдэсний ашигтай бактерыг дэмжиж  сүү цагаан идээ хэрэглэж, намартаа тараг, айраг, боловсорсон жимс ногоог түлхүү хэрэглэдэг байсан.

Гэтэл энэ уламжлал алдагдаж монголчууд паалантай жорлон, паартай байшинд суудаг хэрнээ жилийн дөрвөн улиралд махан хоолыг өдрийн гурван удаа иддэг болсон нь маш олон төрлийн өвчний шалтгаан болж байгаа юм. Монголчууд хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчлөлөөрөө дэлхийд дээгүүр байранд орж байгаа нь махан хоолны хэт хэрэглээтэй шууд холбоотой.

Холливудын 70-80 хувь нь веган болон вежетариан хоолтнууд байдаг. Нэгдүгээрт амьтдыг хайрлах үүднээс веган болсон байдаг ч хамгийн гол нь гоо сайхнаа илүү удаан хадгалах зорилготой байдаг. ДЭМБ-аас хүний өдөрт идэх махны хэмжэээг 75-80 граммаар тооцоолсон байдаг бол хүнсний ногоог хамгийн багадаа 450-500 гр гэж заасан байдаг. Веган хоол нь амархан батгаших, царай хэт харлах, эрт хөгшрөх асуудлыг шийдэж өгдөг. Гүн ногоон, хүрэн улаан өнгийн ургамал тэр чигтээ хөгшрөлтөөс хамгаалдаг, хорт хавдраас сэргийлдэг учраас махан хоолтноос хамгийн багадаа 15 жилээр урт насалдаг.

Америкийн анагаах ухаанд зүрх судасны маш хүнд өвчтэй хүмүүст хагалгаа хийгээд байхад титэм судасны хана өөхлөөд байж л дээ. Тэгэхээр нь хоолоор дамжуулж ажиглалт хийсэн байна. Эхлээд сүү цагаан идээ, дараа нь ногоон хоолтон болгоход туршилтанд орсон өвчтөнүүдэд маш өндөр нөлөө үзүүлж, сарын дараа судасны ханын өөх тосны хэмжээ буурч, жилийн дараа 75-80 хувь нь бүрэн эдгээд гарсан байна. Монголчууд ханасан өөх тос хэрэглэдэг, өндөрлөг бүсэд амьдардаг учир зүрх судасны өвчлөл номер нэгт байдаг.

-Цагаан хоол идсэнээр үйлийн ер буюу карма талаасаа амьтны амь таслахгүй, нүгэл хилэнцээс ангид байна гэж үздэг. Манайхан шашны талаасаа цагаан хоолыг сонирхож байгаад ороод байх шиг?

-Европчууд амьтдыг хайрлах, гоо сайхан талаасаа веган хоолтон болдог бол дорно дахины хүмүүс шашин болон йоги, бясалгалаар дамжиж веган хоолтон болдог. Дорнынхон билэг ухаан нь илүү хөгжсөн, барууныхан арга ухаан нь түлхүү хөгжсөн байдаг. Дорно дахин асар их шүтлэгтэй ард түмэн. Энэтхэгт Кришна, Японд  Зэн буддизм, Хятадад Бодь рама, Лао цый гээд олон гэгээрсэн хүмүүс байсан. Тэдгээр гэгээрсэн хүмүүсийн өндөр ёс суртахуун, номлолоос амьтны амь хороох нь нүгэл хилэнц гэдгийг эртнээс ухаарсан байдаг. Ямар ч амьтныг хороож байхад тухайн амьтанд инээхгүй шүү дээ, маш стресстдэг. Стресстсэн амьтны маханд маш их хэмжээний хор ялгарч байдаг. Тэр хортой махыг идэхэд хүний бие хорддог байх нь. Энэ бол шинжлэх ухаан талаасаа ч батлагдсан зүйл. Нөгөө талаасаа үйлийн үр талаасаа 10 хар нүглийн хамгийн нэгдүгээрх нь амьтны амь хороох шүү дээ. Хүн өөрөө амьтны амь хороогоогүй юм чинь энэ нүгэл биш гэж боддог. Чи амьтны махыг идэж л байгаа  бол амьтны амь хороосон өрөнд ордог гэж буддын шашинд сургасан байдаг. Өөрөөр хэлбэр өөрийнхөө биеийг амьтны булшны газар болгож байгаатай адилхан.

Цагаан хоолтон болсны дараа бие хөнгөн, сэтгэл өр төлөөсгүй, эрүүл саруул, эрч хүчтэй болдог шүү. Нэг хүн 100 наслахдаа 20 мянган амьтан идсэн байдаг гээд бодохоор маш их амь хороож байна гэсэн үг. Би махан хоолтон байхдаа сард 2-3 удаа ханиад хүрдэг, жилдээ нэг удаа хатиг шаваад, цусаа солиулдаг байсан. Цагаан хоолонд орсноос хойш ханиад хүрэхээ ч байж улам л эрүүлжсэн. Дэлхийн алдартай тамирчны “Би далавч нь гэмтсэн шувууг эдгээгээд нисгэсэн хэр нь шарсан тахиа аваад идэж байгаа минь ямар ч утга алга. Тийм учраас би веган хоолтон болсон” гэдэг алдартай үг байдаг шүү дээ.

-Мах идэхээ больчихвол хүлцэнгүй, унж дорой болчихно гээд л манай монгол эрчүүд цээжээ дэлдээд өөхтэй мах огтлоод байдаг шүү дээ.

-Өвсөн тэжээлтэй амьтдыг анзаараад байхад заан, анааш, хирс, бух гөрөөс, адуу гээд маш хүчтэй амьтад байдаг. Эсрэгээр махан тэжээлтэн арслан, бар, чоно гэх мэт амьтад маш догшин, ууртай амьтад байдаг. Би мах идсэнээр хүчтэй болно гэж бодохгүй байна. Хүн хэдий чинээ мах иднэ араатанлиг шинж нь давамгайлж, догшин хэрцгий зантай, мунхаг, уур хилэнтэй, оюун санааны хөгжил нь зогсонги байдалтай болно. Энэ нь ч өөртөө болон бусдад муу зүйл хийх аюултай. Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх нь араатны ертөнцийн хууль болохоос хүний ертөнцийн хууль биш. Хүний ертөнцийн хууль бол хүн хүнээ хайрлах, сул дорой нэгнээ хамгаалах юм. Цагаан хоолтнууд хүч чадалгүй, сул дорой болох гэж биш бусдыг хайрлах гэж, хүн ёсоор амьдрах гэж махнаас гарсан юм шүү.

-Веган хоолоор хүний биед шим тэжээлтэй уураг, амин дэмийг хангалттай хэмжээгээр авч чадах уу. Мөн жирэмсэн хүмүүс идэхэд тохиромжтой юу?

-Хүний бие өдөрт авах ёстой илчлэгийн 15 хувийг уургаас, 20-25 хувийг тосноос, 55-65 хувийг нүүрс уснаас авч байх ёстой. Тэгвэл цагаан хоолтой ч бай, махан хоолтой ч бай уургаа авахгүй бол ядарна шүү дээ. Уураг гэдэг хүний биеийн булчин шөрмөсийг бүрдүүлж томруулж, эсийн хуваагдлыг дэмжиж өгдөг. Цагаан хоолтон болж байгаа бол уураг ихтэй ургамал тогтмол хэрэглэнэ. 100 гр мах тутамд 15-21 граммын уургийг агуулж байдаг бол шар буурцагт 36-44 хувь, бүх төрлийн шошинд 16-24 хувь, шар буурцгийн сүүний бяслагт /дүпү/ 15-21 хувийн уургийг агуулдаг.

Ялангуяа шар буурцагт агуулсан уураг нь орлогдох болон үл орлогдох бүх амин хүчлийг агуулсан төгс уургийг агуулдаг.  Тиймээс цагаан хоолтон хүмүүс хүүхэд байна уу, настай хүн байна уу, жирэмсэн байна уу, хүүхэд төрүүлнэ үү аль ч үед уургийн дутагдалд орохгүй. Жишээ нь манай эхнэр 15 жилийн турш веган хоол идсэн. Манай хүү 10 настай, охин маань найман настай, хоёулаа эхийнхээ хэвлийд байхаас авхуулаад л веган хоолтон байсан. Одоо ч веган хоолтон. Манай хүү ангидаа өндрөөрөө хамгийн нэгт жагсдаг. Ургамал иддэг хүмүүс чинь ургаад байдаг юм уу гэж хүмүүс их гайхадаг. Цагаан хоолтны хүүхдүүд бие бялдар сайтай, оюун ухаан сийрэг, сэргэлэн цовоо өсөж бойждог.

-Эдгэшгүй оноштой, хорт хавдартай хүн цагаан хоолтон болоод эдгэсэн тохиолдол байдаг уу?

-Майкл Грейгер хэмээх Америкийн эрдэмтэн хүний түүхийг яръя л даа. Тэр хүнийг бага байхад эмч нар 60 настай эмээг нь 14 хоногийн настай эдгэшгүй хүнд өвчтэй гээд эмнэлгээс гаргасан байгаа юм. Тэр үед нь цагаан, ногоон хоолны сургалт явагдаж таараад түүнд нь Майкл Грейгерийн аав, ээж сууж эмээг нь цагаан, ногоон хоолоор хооллож эхэлсэн гэдэг. Эмээгийнх нь бие бага багаар сайжирч, эрүүлжиж 96 нас зооглосон түүхтэй.

Жимс, хүнсний ногоо чинь тэр чигээрээ антиоксидант учраас хорт хавдрын урьтал нэгдлүүдийг маш хурдан саармагжуулдаг байх нь. Жишээ нь витамин С нь лимон, жүрж, шинэ ногоонд маш их хэмжээгээр агуулагддаг шүү дээ. Солонгос улсад нэг лам хүн хорт хавдраар өвчилсөн хүнийг ууланд 40 хоног зөвхөн алимны шүүсээр хооллож мацаг бариулж, йогийн дасгал хөдөлгөөн хийлгэж анагаадаг гэж сонссон. Ийм аргаар хорт хавдрыг эдгээдэг цагаан хоолтой лам хүн байдаг юм билээ.

-Хүмүүс ойрын жишээнд их дуртай шүү дээ. Таны хувьд веган хоолтон болсноор өөртөө ямар, ямар ахиц дэвшлийг мэдэрсэн бэ?

-Би 21 нас хүртлээ махан хоол хэрэглэжээ. Түүнээс хойш веган болоод  13 жил болж байна. Тухайн үед тамирчин байхдаа миний цээжний шахалтын хүч 80 кг-тай байсан бол цагаан хоолтон болсноор жилийн дараа 140 кг болж нэмэгдсэн байсан. Мөн өмнө нь миний суултын хүч 130 кг суудаг байсан бол хоёр жилийн дараа 180 кг болсон байсан. Газраас таталтын хүч 150 кг байсан 210 кг болсон. Би 76 кг-аас 95 кг-руу дээд жинд орж барилдах сонирхолтой байхдаа жингээ нэмж чаддаггүй байсан бол веган болсноос хойш өөрийнхөө биеийн жинг 100 кг хүртэл нэмж чадсан. Жингээ нэмснээр чөлөөт болон үндэсний бөхөөр барилдаж байсан.

Махан хоол идэж байх үед холын зайнд гүйх, бэлтгэл сургуулилт хийхэд биед хүндрээд их ядардаг байсан бол веган болсноор ядралт багатай байдаг. Ургамалд агуулагдаж буй нүүрс ус нь маш их энерги, эрчим хүчийг хүнд өгдөг. Сүүлийн үед хоол зүйчид тамирчдадаа тэмцээний урьд өдөр махан хоол биш ургамлын гаралтай хүнс, үр тариа өгч энергийг нь нөхдөг болсон байна лээ. Тийм учраас манай тамирчид түүхэндээ байгаагүй амжилтыг авчирсан болов уу.

-Манай орон малын гаралтай бүтээгдэхүүндээ түшиглэж амьдардаг. Олон төрлийн жимс ногоог гаднаас импортлохоос өөр аргагүй. Тийм учраас веган болоход өртөг өндөр санагддаг. Хэрхэн хямд төсөр аргаар веган хоолтон болох вэ?

-Махан хоол, гурилан бүтээгдэхүүн нь бие махбодод хүчиллэг байдлыг үүсгэдэг. Монголчуудыг авардаг гол бүтээгдэхүүн нь сүү цагаан идээ байсан. Сүү цагаан идээгээр 400 төрлийн бүтээгдэхүүн боловсруулж ирсэн уламжлалтай. Нэг литр сүүнд 30 гр уураг агуулдаг. 100 гр аарц нь 25 гр уураг агуулдаг. Ааруулны уураг нь 67 хувьтай. Монголчууд зундаа сүү цагаан идээг хэрэглэж уургаа хангалттай авч чаддаг байжээ.

Одоо бол иргэд гаднаас оруулж ирж байгаа хэт их амтлагчтай, будагч бодистой, шавжны хортой, химийн гаралтай хоол хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж байна. Жимс, нарийн ногоог хэрэглэхээсээ өмнө давстай усанд сайн сойж угаагаад хэрэглэх нь шавжны хорыг арилгах ач тустай. Мөн жимсийг ионжуулсан аппаратаар цэвэрлээд, зөв технологиор хэрэглэх нь зүйтэй.

Манай улс төмс, лууван, байцаагаа дотооддоо 100 хувь хангадаг болчихлоо. Нэг үеэ бодвол манайхан нарийн ногооны хүлэмж барьж өргөст хэмх, улаан лоолио өөрсдөө ургуулаад идчихдэг болж байна. Дээр нь микро грийн буюу жижиг лабораторийг гэртээ эрхэлж улаанбуудай соёолж, наранцэцгийн үрийн соёолжийг ургуулах ашигтай Эдгээр нь хүнсний ногооноос 10 дахин их антиоксиданттай. Монголдоо ургасан гишүүгэнэ, ань, нэрс, чацарганыг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Аньсны  антиоксидант чанар нь гадилаас 50 дахин өндөр байдаг. Чацаргад омега7 буюу тосны хүчил маш өндөр байдаг. Монголчууд намартаа эмийн чанартай дээрх жимс жимсгэнүүдээ намартаа сайн нөөцлөөд, хөлдөөгөөд авчихмаар байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anon(202.126.89.187) 2022 оны 04 сарын 25

”Мах бол амьдрахыг хүссэн нэгний цогцос юм”

0  |  0
Махатма Ганди(202.126.89.187) 2022 оны 04 сарын 25

”Улс үндэстний ёс суртахууны ухамсрын түвшнийг амьтадтайгаа хэрхэн харьцаж буйгаас нь мэдэх боломжтой” - Махатма Ганди

1  |  0
Лев Толстой(202.126.89.187) 2022 оны 04 сарын 25

”Мал нядалгааны газар байгаа цагт хүн төрөлхтөн хоорондоо дайтсаар л байх болно” Лев Толстой.

0  |  0
hahaha(202.126.89.205) 2022 оны 04 сарын 25

хошин логик юм аа

0  |  2
ыбө(103.26.193.193) 2022 оны 04 сарын 25

Тэнэгтээрэй. Тэр ургамлаар элбэг Африк тивд очиж амьдар.

0  |  2
зочин(192.82.68.112) 2022 оны 04 сарын 25

Маш сайхан ярилцлага байна. Баяр хүргэе . Даваасүрэндээ улам их амжилт хүсье.

1  |  0
веган(202.9.40.20) 2022 оны 04 сарын 25

Маш чухал асуудал, манайхан ургамлан хоолны ач тусыг мэдрээд, энэрэнгүй уламжлалаа сэргээх нь үнэхээр чухал байна.

3  |  1
Top