"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-28 ДУГААР БҮЛЭГ
ЦАЙ ЯНЫГ АЛААД АХ ДҮҮ СЭЖИГЛЭЛИЙГ ТАЙЛСАН ХУУЧИН ХОТОД ХУРЖ ЭЗЭН ТҮШМЭЛ ЖУРАМЛАН НИЙЛСЭН
Өгүүлэх нь: Гуань гүн, Сүньцянь лүгээ хоёр бэргэнээ хамгаалж, Рунаньгийн зүг явахад санамсаргүй Ся Хоудүнь гурван зуу илүү морьтонг авч хойноос нэхэн ирсэнд Сүньцяньгаар тэргийг хамгаалуулан урагш явуулж, Гуань гүн морио зогсоон илд барьж асуун өгүүлрүүн: “Чи намайг нэхэхээр ирсэн нь Цао Чансангийн уудам өршөөлийг зөрчсөн болой”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Чансангаас тодорхой бичиг уламжлан ирсэнгүйн дээр чи зам дагуу бусдыг алаад бас миний доорх жанжинг хөнөөсөн нь даанч ёс бус тул тусгайлан чамайг барихаар ирж чансанд өргөн шийтгүүлсүгэй” хэмээгээд морио давхиулан жадаа далайн байлдсугай хэмээх хооронд хойноос нэгэн морьт хүн нисэх мэт довтолгон хүрч ирээд их дуугаар бархиран: “Юньчан лугаа байлдаж болохгүй!” хэмээхэд Гуань гүн хазаарыг татаж зогсоод хөдлөхгүй. Ирсэн хүн өврөөс бичиг гаргаж Ся Хоудүньд хандан өгүүлрүүн: “Чансан Гуань жанжны шударга журамтайг хайрлаж зам гудаст боомт хавцалд зогсоогуузай хэмээн намайг зарж бичиг бариулан газар газарт дараалан хэлэхтүн хэмээн илгээжээ”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Гуань овогтын замдаа боомт хавцлыг сахисан жанжин цэргийг алсныг мэдмүй”. Ирсэн элч өгүүлрүүн: “Үүнийг харин мэдэхгүй”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Би амьдаар барин аваачиж Чансантай уулзуулсан хойно Чансан өөрөө тавьтугай”.
Гуань гүн уурлан өгүүлрүүн: “Би чамаас аймуй уу?!” хэмээгээд морио давхиулан дам илдээ далайж, Ся Хоудүнийг цавчихаар ирэхүйеэ Ся Хоудүнь угтан ирээд хоёул байлдаж арван удаа болсонгүй. Гэнэт нэгэн морьт хүн нисэх мэт хүрч ирээд их дуугаар дуудруун: “Хоёр жанжин байлдахыг түр зогс!” хэмээв. Ся Хоудүнь жадаа зогсоож элчээс асууруун: “Чансан Гуань овогтыг баримтал хэмээсэн буюу?”. Элч өчрүүн: “Бус болой. Цао Чансан боомт хавцлыг сахих жанжин Гуань жанжныг хориглохоос эмээн тийнхүү надаар албан бичиг довтолгон тавьж явуул хэмээн зарав”. Ся Хоудүнь асууруун: “Чансан түүний замд хүн алсныг мэдмүй үү?”. Элч өгүүлрүүн: “Мэдэхгүй!”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Хүн алсныг мэдэхгүй болбоос тавин илгээж болохгүй!” хэмээгээд харьяат цэргийг дохиж Гуань гүнийг бүслэн авав. Гуань гүн хилэн төрж илдийг эргүүлэн хоёул байлдан атал хойноос бас нэгэн морьт хүн хүрч ирээд: “Юаньчан, Юаньран200 битгий тэмцэлд!” хэмээмүй. Олон үзвэзс Жанляо ажгуу. Хоёул тус бүр морь татаж зогсоосонд Жанляо хүрч ирээд өгүүлрүүн: “Чансангийн зарлигийг хүлээж Юньчангийн боомтыг цавчин жанжныг алсан гэж сонсоод замд хориглохоос болгоомжлон тухайлан намайг зарж ухуулаад олон боомт хавцалд хүрвээс дураар тавин илгээгтүн” хэмээв.
200 Сяохоу Дүньгийн өргөсөн нэр
Ся Хоудүнь өгүүлрүүн: “Циньци болбоос Цай Янгийн их хөвгүүн. Тэр Циньциг миний энд тушаасан бөлгөө. Эдүгээ Гуань овогтод алагдсан тул яахан талаар зогсож болмуй”. Жанляо хэлрүүн: “Би Цай Ян жанжинд золгосон хойно тайлан хэлсүгэй! Чансан нэгэнтээ уудам их өршөөлөөр Юньчаныг тавин илгээ хэмээснийг гүн та нар Чансангийн санааг гээж үл болмуй” хэмээсэнд Ся Хоудүнь арга бус цэргээ хойш эгүүлэв. Жанляо асууруун: “Юньчан эдүгээ хааш одмуй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Сонсвоос ах Юаньшаогийн дэргэд үгүй хэмээмүй. Би эдүгээ тэнгэрийн дор бүрэнд эрж явмуй”. Жанляо өгүүлрүүн: “Хэрвээ Сюаньдөгийн байх газрыг мэдэхгүй болбоос түр дахин эгэж Чансанд уулзваас ямар”. Гуань гүн инээн өгүүлрүүн: “Яахан ийм ёс буй, Вэнь Юань201 Чансанд уулзаж миний төлөө ялыг тайлан хэлж өгөх болов уу?” хэмээн өгүүлээд Жанляо лугаа гар өргөн ёс хийж салан одов. Түүнээс Жанляо, Ся Хоудүнь лүгээ цэргээ хураан эгэв.
Түүнээс Гуань гүн тэргийг нэхэж гүйцээд Сүньцяны зүг тэр үйлийг хэлээд хоёул морь зэрэгцэн явсаар хэдэн өдөр болохуйяа гэнэт нэгэн өдөр их бороо цутган орж ачаа хөсөг цөм норж дэвтсэнд холоос анхаарваас нэгэн айл харагдмуй. Гуань гүн тэргийг дагуулан тэнд хүрч хоног гуйваас хүрээнээс нэг хөгшин гарч угтав. Гуань гүн ирсэн учрыг хэлсэн хойно хөгшин өгүүлрүүн: “Миний овог Гуо, нэр Чан, үе улиран энэ газар суунам бөлгөө. Хэдийнээс их нэрийг сонсов. Завшаанд энэ өдөр сая олж золгов” хэмээн даруй хоёр хатныг хойд гэрт залж оруулаад хонь алж, архи будаа бэлтгэн Гуочан, Гуань гүн, Сүньцянийг ташлан202 гол гэрт архи уулцан сууж нэгэнтээгүүр ачаа хөсгийг хатааж морио идүүлэн атал гэгээ тасрах үес гэнэт нэгэн залуу хэдэн хүнийг авч шууд танхимд орж ирэв. Гуочан дуудаж өгүүлрүүн: “Миний хөвгүүн ирж жанжинд мөргө” хэмээн золгуулаад Гуань гүнд хэлрүүн: “Энэ миний тэнэг хөвгүүн болой”. Гуань гүн асууруун: “Хаанаас ирэв?”. Өчрүүн: “Авлаад сая ирсэн бөлгөө”. Залуус Гуань гүнд золгоод даруй гарч ирсэн хойно Гуочан нулимс унагаан өгүүлрүүн: “Хөгшин би тарьж, уншихаар гэрийг уламжлах бөлгөө. Ганц энэ нэгэн хөвгүүнийг төржээ. Гол хөрөнгийг үйлдэхгүй ямагт авлахыг цэнгэл болгож явах нь миний гэрийн хишиг бус болой!”. Гуань гүн өгүүлрүүн: “Эдүгээ самуун үе тул хэрвээ цэргийн эрдэмд боловсронгуй болбоос бас ч гавьяа нэрийг олж болмуй, юунд хишиггүй хэмээмүй?”. Гуочан өгүүлрүүн: “Тэр цэргийн эрдмийг сайтар сурваас мөн бас ч зоригт хүн болой. Эдүгээ тусгайлан саармаглан явж, үл хийх үйлс үгүй. Иймийн тул хөгшин би гасалнам бөлгөө”. Гуань гүн бас ч шүүрс алдав. Үдэш гүн болсонд Гуочан салж гарсан хойно Гуань гүн, Сүньцянь нар сая хэвтсүгэй хэмээтэл хойд хороонд гэнэт морь янцгааж хүн хэлэлцэх дуу сонсогдмуй. Гуань гүн яаран дагагсдыг дуудваас нэгэн ч өчих хүнгүй тул даруй Сүньцянь лүгээ илд барин очиж үзвээс Гуочангийн хөвгүүн газарт унаад бархирч байх бөгөөд дагах хүн чив хэмээн гацааны хүн лүгээ занчилдаж амуй. Гуань гүн учрыг асууваас дагах хүн хэлрүүн: “Энэ хүн “Улаан туулай” морийг хулгайлахаар ирээд моринд өшиглөгдөв. Бид бархирах дууг сонсоод босож ирэн үзвээс гацааны хүн харин ирээд булаан занчилдмуй” гэжээ. Гуань гүн хилэгнэж өгүүлрүүн: “Хулгана мэт хулгай ямар аймшиггүй миний морийг хулгамуй!” хэмээн сая гар хөдөлсүгэй хэмээтэл Гуочан гуйж өгүүлрүүн: “Өөдлөшгүй хөвгүүн энэ тэрслүү үйлийг хийсэн нь түмэн зэрэг үхэх нь зүй! Гагц хөгшин эмгэн маань энэ хөвгүүнийг тэсгэлгүй хайрлах тул жанжин нигүүлсэн өршөөж хэлтрүүлэх болов уу!” хэмээхэд Гуань гүн өгүүлрүүн: “Энэ хөвгүүн үнэхээр бүтэлгүй, анхан хөгшин хүний хэлсэн нь үнэнхүү хөвгүүнийг мэдэх нь эцгээс өнгөрөхгүй болой. Би хөгшний нүүрийг үзэж түр уучилсугай!” хэмээгээд даруй дагагсдад захиж “Морийг сайтар үзэгтүн” хэмээгээд гацааны хүнийг зандран сарниулаад Сүньцянь лүгээ танхимд орж унтав.
201 Жанляогийн өргөсөн нэр
202 Хань бараа болох.
Дэд өдөр Гуочан эр эм өмнө ирээд ёсолж өгүүлрүүн: “Нохойн хөвгүүн хэтрэмхийлэн барсын сүрийг халдсанд жанжныг өршөөж алсангүй ачлалд гүн талархмуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Хөвгүүнээ дуудан ирэгтүн би сайн үгээр сургаж хэлсүгэй?”. Гуочан өгүүлрүүн: “Тэр дөрөвдүгээр жингийн үес бас хэдэн муу нөхрөө авч хаана очсоныг мэдэхгүй” хэмээв. Тэндээс Гуань гүн Гуочанд тал хийгээд хоёр бэргэнээ тэргэнд суулгаж гацаанаас гарч Сүньцянь лүгээ морь зэрэгцэн тэргийг хамгаалсаар уулын замаар явсаар гучин газар явтал уулын араас хоёр морьтон зуу илүү явган хүнийг авч иржээ.
Тэргүүлсэн хүн тэргүүнийг шар хивээр ороож биедээ байлдах дээл өмсөжээ. Хойдох нь Гуочангийн хөвгүүн болой. Шар хивт хөвгүүн өгүүлрүүн: “Би тэнгэрийн жанжин Жанзяогийн харьяат жанжин болой! ирэх хүн хурдан “Улаан туулай” морио үлдээвээс чамайг тавьж илгээсүгэй!”. Гуань гүн ихэд инээн өгүүлрүүн: “Мэдэлгүй балмад боол чи! Жанзяогийн доорх хулгай болсон болбоос харин Лю, Гуань, Жан ах дүү гурвуулын нэрийг сонссонгүй юу?”. Шар хивт хүн хэлрүүн: “Би ганц нүүр улаан сахал урт нь Гуань Юньчан хэмээн сонссоноос түүний царайг үзсэнгүй. Чи ямар хүн болой?”. Гуань гүн илдийг өргөн морио татаж сахлын шуудайг тайлаад сахлаа гарган үзүүлсэнд тэр хүн эмээлнээс өнхрөн буугаад Гуочангийн хөвгүүний үснээс атгаж морины өмнө өргөв. Гуань гүн түүний овог нэрийг асууваас өчиж өгүүлрүүн: “Би болбоос овог Фэй, нэр Юаньшао. Жанзяог үхсэн хойно эзэнгүй болоод уул шугуйд зайлж түр энд нуун суумуй. Өглөө эрт энэ боол ирж хэлрүүн: “Нэгэн зочин хүн мянган газар явах морь унаж манай гэрт ирж хонов” хэмээгээд тэр тухайлан намайг урин ирж “Энэ морийг булаан авсугай!” хэмээмүй. санамсаргүй харин жанжинд учрав” хэмээжээ. Гуочангийн хөвгүүн мөргөж амийг хэлтрүүлэхийг гуйхад Гуань гүн өгүүлрүүн: “Би эцгийн чинь нүүрийг үзэж чиний амийг хэлтрүүлсүгэй!”. Гуочангийн хөвгүүн толгойгоо тэврэн хулгана мэт шурган явав. Тэндээс Гуань гүн Фэй Юаньшаод өгүүлрүүн: “Чи намайг танихгүй атал яахан миний нэрийг мэдмүй”. Фэй Юаньшао өгүүлрүүн: “Эндээс хорин газрын
эцэст Во Нюшань уул буй. Уулын дээр нэгэн Гуаньси газрын хүн буй. Овог Жоу, нэр Цан хоёр мөрөнд мянган жин өргөх хүчтэй. Нүүр харавтар, хацар дүүрэн, сахал сэхийн ургажээ. Байдал дүр маш сүртэй угтаа шар алчуурт Жанбаогийн доорх жанжин байсан бөлгөө. Жанбао үхсэн хойно ууланд зайлжээ. Тэр над лугаа олонтоо жанжны алдрыг хэлж ганц золгох үүдийг олохгүй хэмээн хорсном болой”. Юньчан хэлрүүн: “Уул ойд баатар идтэнгийн бие орших газар бус. Та нар гажууг гээж төв замд орогтун! Битгий өөрийн биеэ эвдлэгтүн!”. Фэй Юаньшао ёслон хэлэлцэн ахуд холоос нэгэн багийн хүн морины ирэх нь харагдмуй. Фэй Юаньшао өгүүлрүүн: “Энэ эрхгүй Жоуцан болой” хэмээсэнд Гуань гүн морио зогсоон хүлээвээс үнэхээр нүүр харавтар, бие өндөр нэгэн хүн, жад барин морь унаж олныг дагуулан хүрч ирэв. Гуань гүнийг үзээд цочин баярлаж өгүүлрүүн: “Энэ Гуань жанжин болой!” хэмээгээд яаран мориноос бууж, замын хажууд мэхийн сөгдөөд өгүүлрүүн: “Жоуцан ёслон мөргөмүй!” хэмээжээ. Гуань гүн өгүүлрүүн: “Идтэн хаана намайг үзэж таньсан болой?”. Жоуцан өгүүлрүүн: “Урьд шар алчууртны Жанбаог дагах цагт эрхмийн царайг танив. Гагц бие алдагдаад хулгайн хоршоод орсон тул жанжныг олж дагасангүйд хорсном бөлгөө.
Энэ өдөр завшаанд ёслон золгосон тул жанжин хэрвээ гээхгүй болбол хураан авч цэргийн нэрд оруулмуй! Өглөө үдэш ташуурыг атгаж дөрөөг даган чадваас үхэвч мөн гомдохгүй!” хэмээсэнд Гуань гүн түүний санаа маш үнэнчийг мэдээд өгүүлрүүн: “Намайг чи дагасугай хэмээвээс чи доорх хүнээ яамуй?”. Жоуцан хэлрүүн: “Дагах дуртай болбоос цөм дагатугай. Эсвээс тэдний дураар болтугай!” хэмээсэнд олон хүн нэгэн дуугаар “Дагамуй!” хэмээжээ. Үүнд Гуань гүн мориноос бууж тэрэгний өмнө хоёр бэргэндээ мэдүүлэхэд Гань хатан өгүүлрүүн: “Авга Сюйдүгээс салснаас нааш замд ганцаар явсаар энд хүрч иртэл хэдий чинээ гашуун зовлонг өнгөрөөсөн атал нэгэн ч цэрэг морь эрж дагуулсангүй болой. Урьд өдөр Ляохуа бас дагасугай хэмээснийг авга нэгэнтээ зогсоосон бөгөөд эдүгээ яахан гагц Жоуцангийн олныг багтаамуй? Манай эхнэр хүний үзэл гүехэн тул авга өөрөө хянан тогтсугай!” хэмээхэд Гуань гүн хэлрүүн: “Бэргэний үг мөн” хэмээгээд Жоуцангийн зүг өгүүлрүүн: “Гуань овогт би сэтгэл нимгэн бус. Хоёр хатан хүлээхгүй тул та нар түр ууланд эгэж байгтун! Би ахыг эрж олсон хойно эрхгүй авахаар ирсүгэй!”. Жоуцан гуйн мөргөж өгүүлрүүн: “Жоуцан би нэгэн бүдүүлэг эр, бие алдагдан хулгай болоод эдүгээ жанжинд олж учирсан нь тэнгэрийн нарыг дахиж үзсэн мэт байтал юу хэмээн бас тухайг алдмуй! Хэрвээ олон хүн дагахад дөхөм тусгүй болбоос тэдгээр олныг цөм Фэй Юаньшаод дагуулж Жоуцан би гон биеэр явгалж жанжныг дагасугай. Хэдий түмэн газар хэмээвч маргахгүй!” хэмээсэнд Гуань гүн дахин энэ үгийг хоёр бэргэнд хэлсэнд Гань хатан хэлрүүн: “Нэгэн хоёр хүн дагахад юуны хамаа буй!” гэхэд Гуань гүн Жоуцанд “Нөхрөө салган Фэй Юаньшаод дагуулан илгээ!” хэмээв. Фэй Юаньшао өгүүлрүүн: “Би бас Гуань жанжныг дагаж одсугай” хэмээхэд Жоуцан өгүүлрүүн: “Чи одвоос нөхөд цөм сарнимуй. Чи түр олныг авч байгтун! Би жанжныг дагаж одоод буух газар тогтсонд даруй чамайг авахаар ирсүгэй!” хэмээхэд Фэй Юаньшао гомдож салав. Тэндээс Жоуцан Гуань гүнг дагаж Рунаньгийн зүг одоод хэдэн өдөр явсан хойно холоос нэгэн суурь хот харагдав. Гуань гүн газрын хүнээс асууруун: “Энэ хот ямар хот болой?” газрын хүн хэлрүүн: “Энэ хотын нэрийг Гүчэн хэмээмүй. Хэдэн сарын урьд нэгэн жанжин овог Жан, нэр Фэй хэдэн арван морьтонг авч ирээд хотын түшмэлийг үлдэж гарган хотыг эзлээд цэрэг элсэж морь худалдан авч амуу өвс цуглуулсаар өнөө гурав таван мянган хүн болжээ. Дөрвөн тийш эсэргүүцэн чадах хүнгүй” хэмээхэд Гуань гүн баярлаж өгүүлрүүн: “Миний дүү Сюйжоу мужаас сарниад сураг чимээгүй байсан бөлгөө. Хэн санав. Харин энд байх буй за” хэмээгээд Сүньцянийг урьдаар хотод оруулж сонсгоод “Хоёр бэргэнийг угтахаар ирүүл!” хэмээн илгээв. Тэндээс Жанфэй Ман Даншань ууланд сар илүү сууж, гадна Сюаньдөгийн чимээг сурвалжилсугай хэмээн гараад Гүчэн хотыг өнгөрөхдаа сум гацаанд орж амуу зээлсүгэй хэмээвээс хариуцсан түшмэл өгөхгүй тул Жанфэй уурлаж түшмэлийг үлдэж гаргаад тамгыг булаан авч хотыг эзэлж түр бие оршжээ. Тэр өдөр Сүньцянь Гуань гүнгийн захиагаар хотод орж Жанфэйд уулзан ёсолсон хойно “Лю Сюаньдө Юаньшаогаас салж Рунаньд очсон тул эдүгээ Юньчан Сюйдүгөөс хоёр хатныг хүргэж очиход энд хүрч ирэв. Жанжин хотоос гарч угтахаар очмуй!” хэмээвээс Жанфэй сонсоод хариу өчих ч үгүйгээр хуяг өмсөн жадаа бариад морь унаж нэг мянга илүү хүнийг авч шууд хойд үүдийг гарч одов. Сүньцянь гайхах боловч бас айж асуугаагүй аргагүй бас дагаж хотоос гарав. Гуань гүн Жанфэйгийн ирэхийг үзээд тэсгэлгүй баярлан дам илдээ Жоуцанд бариулан морь тавьсаар угтаж ирвэл Жанфэй нүдээ дүгрэглэн нээж барсын сахлаа гэдрэг босгож аянга мэт бархиран жадаа далайсаар Гуань гүнг жадлахаар иржээ. Гуань гүн ихэд цочиж яаран жаднаас зайлаад дуудруун: “Мэргэн дүү ямар учир ийн аашилмуй? Харин тоорын хүрээлэнд журмаар барилдсаныг умартсан буюу?”. Жанфэй зандарч өгүүлрүүн: “Чи нэгэнтээ журамгүй болоод ямар нүүрээр надад золгохоор ирэв”. Гуань гүн өгүүлрүүн: “Би яахан журамгүй болов?”. Жанфэй өгүүлрүүн: “Цаоцаод дагаад Хоу өргөмжлөгдөн хэргэм хүртэж эдүгээ бас намайг хонжихоор ирсэн үү! Би эдүгээ чам лугаа үхэж унатал байлдсугай!”. Гуань гүн өгүүлрүүн: “Чи үзвээс намайг мэдэхгүй! Би бас хэлэхүйеэ бэрх. Эдүгээ хоёр бэргэн энд буй. Мэргэн дүү чи өөрөө асуу!” хэмээхэд хоёр хатан сонсоод тэрэгний орхиулыг сөхөж дуудан өгүүлрүүн: “Гуравдугаар авга юунд энэ мэт үйлдмүй?”. Жанфэй өгүүлрүүн: “Хоёр бэргэн түр нам байгтун! би энэ журмаас үтээрсэн хүнийг алсан хойно сая хотод бэргэнийг залж оруулсутай”. Гань хатан өгүүлрүүн: “Хоёрдугаар авга таны мэдээг мэдэхгүй. Тийнхүү түр зуур Цаоцаод түшсэн болой. Эдүгээ чиний ах Рунаньд байхыг мэдээд тусгайлан бэрх гашуунаас зайлсангүй биднийг хүргэж энд хүрч ирсэн болой. Гуравдугаар авга битгий ташаарч санагтун!”.
Ми хатан өгүүлрүүн: “Хоёрдугаар авга Сюйдүд байсан нь угаас аргагүйн учир болой”. Жанфэй хэлрүүн: “Бэргэн битгий түүнд мэхлэгдэгтүн! Шударга сайд үхэвч ичгүүрийг хүлээхгүй. Эр хүн хэмээн төрөөд хоёр эзэнд хүч өгөх ёсон буюу!”. Гуань гүн өгүүлрүүн: “Мэргэн дүү битгий намайг хилсээр хэлэгтүн!”. Сүньцянь өгүүлрүүн: “Юньчан тусгайлан жанжин чамайг эрэхээр ирсэн болой”. Жанфэй зандарч өгүүлрүүн: “Чи бас юунд дэмий хэлмүй! Түүнд ямар сайн сэтгэл буй. Эрхгүй намайг барихаар иржээ!”. Гуань гүн өгүүлрүүн: “Би чамайг барихаар ирсэн болбоос эрхгүй цэрэг авчрах бөлгөө”. Жанфэй гараар зааж өгүүлрүүн: “Тэр ирэх нь цэрэг бус уу!”. Түүнээс Юньчан хойш харж үзвэл үнэхээр тоос дэгдэж нэгэн багийн цэрэг хүрч ирэв. Салхинд дарвалзах туг хиур цав хэмээн Цаоцаогийн цэрэг тул Жанфэй ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Эдүгээ бас зайлуулан хэлмүй үү?” хэмээгээд жадаа далайн хатгахаар иржээ. Гуань гүн яаран зогсоож өгүүлрүүн: “Мэргэн дүү түр зогс! Чи миний энэ ирсэн жанжныг алахыг үзэгтүн! Түүгээр миний сэтгэлийг илрүүлсүгэй!”. Жанфэй өгүүлрүүн: “Чамд үнэнхүү сэтгэл байваас би энд гурван зэрэг хэнгэрэг дэлдтэл чи энэ ирсэн жанжныг алагтун!” хэмээв. Гуань гүн хүлээн автал удалгүй Цаоцаогийн цэрэг хүрч ирэв. Тэргүүлэх жанжин Цай Ян болой. Илдийг өргөж морийг давхиулан их дуугаар өгүүлрүүн: “Чи миний их хөвгүүн Циньциг алаад харин энд оргон ирсэн ажгуу! Чансангийн захиагаар чамайг барихаар ирэв!”. Гуань гүн үг дуу ч үгүй илдийг өргөмөгц цавчин ирмүй. Жанфэй өөрөө хэнгэрэг дэлдэн нэг удаа болоогүй байтал Гуань гүн нэгэнтээ Цай Яныг цавчин унагаав. Олон цэрэг цөм буруулахад Гуань гүн туг барьсан нэгэн бага цэргийг амьд бариад авчирч асууваас тэр цэрэг хэлрүүн: “Чай Ян жанжин түүний их хөвгүүнийг алагдсаныг сонсоод ихэд хорсож даруй Хөбэйд ирж жанжин лугаа байлдсугай хэмээснийг Цао Чансан тогтоосонгүй. Түүнийг Рунаньд илгээж “Люпиг байлд!” хэмээн илгээсэн бөлгөө. Санамсаргүй энд хүрч ирээд жанжинд учрав” гэж хэлэх үгийг Гуань гүн сонсоод түүнийг Жанфэйгийн өмнө очиж хэл хэмээн илгээсэнд Жанфэй Гуань гүнгийн Сюйдүд байсан учрыг асуусанд тэр цэрэг эхнээс адагт хүртэл нэгэн зэрэг нарийвчлан хэлсэн хойно Жанфэй сая итгэмжлэв.
Тэндээс гэнэт хэрмийн дотроос цэрэг ирж хэлрүүн: “Өмнө хаалганы гадна бас арван хэдэн морьт хүн дэмий л яаран ирмүй. Яасан хүнийг мэдэхгүй!”. Жанфэй дотроо сэжиглэн зовж өмнө хаалганд очиж үзвзэс үнэхээр арав илүү морьт хүн нум саадаг зүүж ирмүй. Жанфэйг үзмэгц мориноос харайн буув. Үзвээс харин Мижу, Мифан болой. Жанфэй бас мориноос бууж учирваас Мижу өгүүлрүүн: “Сюйжоугоос салаад бид ах дүү хоёул нутаг газартаа одож хүн зарж хол ойрын мэдээ авахуулбаас “Юньчаныг Цаоцаод дагав. Эзэн гүнийг Хөбэйд буй гэж сонсоод Зянь Юнийг Хөбэйд очив” хэмээн сонссон боловч гагц жанжны энд байхыг сонссонгүй. Өчигдөр замд нэгэн сүрэг худалдааны хүнтэй учирваас тэд хэлрүүн: “Нэгэн Жан овогт жанжин ямар ямар овор дүртэй, эдүгээ Гүчэн хотыг эзлэн суужээ” хэмээсэнд бид ах дүү бодвоос эрхгүй жанжин мөн хэмээж тийнхүү эрэхээр ирэв. Завшаанд уулзжээ!”.
Жанфэй өгүүлрүүн: “Юньчан ах Сүньцянь лугаа хоёр бэргэнийг хүргэж бас энэ өдөр сая хүрч ирэв. Ахын байх газрыг нэгэнт мэджээ” хэмээсэнд хоёр Ми овогт ихэд баярлаж хамт ирж Гуань гүн хийгээд хоёр хатанд золгосон хойно, Жанфэй хоёр хатныг угтаж хотод залан оруулж, яаманд хүрч суусны дараа хоёр хатан Гуань гүнгийн өнгөрсөн хэргийг тоочсонд Жанфэй сая ихэд уйлан Юньчанд мөргөв. Хоёр Ми бас цөм Гуньхрав. Жанфэй бас өөрийн салсан хойнох хэргийг хэлэлцэн нэгэнтээгүүр хуримын ширээ базааж баярлан хуримлав. Тэндээс дэд өдөр Жанфэй Гуань гүн лугаа Рунаньд очиж Сюаньдөд золгосугай хэмээвээс Гуань гүн өгүүлрүүн: “Мэргэн дүү хоёр бэргэнийг хамгаалан түр энэ хотод суу. Би Сүньцянь лугаа урагш очиж ахын чимээг авсугай!” хэмээсэнд Жанфэй үгийг дагав. Гуань гүн, Сүньцянь лугаа Рүнаньд хүрвээс Люпи, Гундү угтсанд Гуань гүн асууруун: “Хааны авга хаана буй”. Люпи өгүүлрүүн: “Хааны авга энд ирээд хэдэн өдөр суугаад цэрэг цөөн хэмээн дахин Хөбэйгийн Юань Бэньчугийн дэргэд зөвлөхөөр одов”. Юньчан сонсоод баяргүй болсонд Сүньцянь өгүүлрүүн: “Зовних хэрэггүй. Бас нэгэн удаа гашуунаар явж дахин Хөбэйд очиж хааны авгад хэлээд хамт Гүчэнд ирвээс барав”. Юньчан үгийг дагаж Люпи, Гундүгээс салаад хойш Гүчэнд ирж Жанфэйд энэ хэргийг хэлсэнд Жанфэй бас “Хамт очсугай!” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Энэ нэгэн хот болбоос бидний бие орших газар болох тул хялбараар гээж үл болмуй. Би бас ч Сүньцянь лугаа Юаньшаогийн дэргэд ахыг авахаар очоод энд ирж хурсугай! Мэргэн дүү чи хотыг сайхан сахь!”. Жанфэй өгүүлрүүн: “Ах түүний нэрт жанжин Яньлян, Вэньчоу нарыг алсан тул яахан одож болмуй”. Юньчан өгүүлрүүн: “Хамаагүй! Би тэнд хүрвээс зохисыг үзэж явуулна” хэмээгээд даруй Жоуцаныг дуудаж асуун өгүүлрүүн: “Во Нюшань уулын Фэй Юаньшаогийн дэргэд нийт хэдэн цэрэг морь буй”. Жоуцан өгүүлрүүн: “Бараг дөрөв таван зуу буй”. Гуань гүн хэлрүүн: “Бид ойр замаар ахыг эрэхээр одмуй. Чи Во Нюшань уулнаа очиж энэ нэгэн салааны цэрэг морийг авч их замаар угтаж ирэгтүн!” гэхэд Жоуцан захиаг хүлээн оджээ.
Тэндээс Гуань гүн Сүньцянь лугаа гагц хорь илүү морьтонг авч Хөбэйгийн зүг ирэв. Нэгэн өдөр түүний хязгаарт хүрээд Сүньцянь өгүүлрүүн: “Жанжин хөнгөлөн орж болохгүй. Энэ хооронд бие амарч байгтун. Би урьдаар очиж хааны авгад уулзаад дахин зөвлөсүгэй!”. Гуань гүн үгийг дагаж Сүньцянийг урьд илгээгээд анхаарваас өмнө гацаанд нэгэн их өрх буй тул дагагсад лугаа хамт очиж буусугай хэмээхэд тэр гэрээс нэгэн өтгөс таяг тулсаар гарч ирээд ёсолж барсан хойно Гуань гүн үнэнээр хэлэв. Өтгөс өгүүлрүүн: “Би бас Гуань овогтой, нэр Дин. Хэдийнээ жанжны их алдрыг сонссон бөлгөө. Эдүгээ олж уулзсан нь үнэхээр завшаан бөлгөө” хэмээгээд даруй хоёр хөвгүүнээ дуудан гаргаж учруулан, Гуань гүнг ихэд хүндлээд дагагсдыг цөм гэртээ үлдээв. Тэндээс Сүньцянь ганцаар Зижоу мужид ороод Сюаньдө лүгээ золгон урьдын үйлийг хэлсэн хойно Сюаньдө өгүүлрүүн: “Зянь Юн бас энд буй. Сэмээр урьж авчран зөвлөсүгэй!” хэмээгээд удсангүй Зянь Юнг авч ирэв. Сүньцянь золгож “Бие гарах” аргыг зөвлөхөд Зянь Юн зөвлөрүүн: “Эзэн гүн маргааш Юаньшаод золгоод Зинжоугийн Любяод золгохоор очиж хамтдаа Цаоцаог дайлсугай хэмээн хэлээд мөн тухайгаар очиж болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ арга маш сайн! Гагц гүн чи намайг дагаж очмуй уу?”. Зянь Юн хэлрүүн: “Надад бас “Бие гарах” арга буй” хэмээн зөвлөж тогтоод жич өдөр Сюаньдө Юаньшаогийн дэргэд орж өгүүлрүүн: “Лю Зиншэн, Зинсянгийн есөн хошууг эзлээд цэрэг чийрэг, амуу элбэг, түүн лүгээ болзож Цаоцаог эвдэлбээс болох буй”. Юаньшао өгүүлрүүн: “Би үргэлж элч зарж болзсон боловч тэр дагахгүйг хэрхсү?”. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ хүн над лугаа төрөл болох тул би очиж хэлэлцвээс эрхгүй үгийг авмуй”. Юаньшао өгүүлрүүн: “Хэрвээ Любяог олбоос Люпигээс хэтэрмүй” хэмээгээд даруй Сюаньдөг “Очсугай!” хэмээгээд бас өгүүлрүүн: “Эдүгээ сонсвоос Гуань Юньчан нэгэнтээ Цаоцаогаас салаад Хөбэйд ирсүгэй хэмээмүй. Ирвээс би алж Яньлян, Вэньчоугийн өсийг цагаатгасугай!” гэхэд Сюаньдө өгүүлрүүн: “Гэгээн гүн урьд нь хэрэглэсүгэй хэмээсэнд би дуудсан бөлгөө. Эдүгээ юунд бас алсугай хэмээмүй. Адилтгаваас Яньлян, Вэньчоу хоёр буга болой. Юньчан нэгэн барс бөлгөө. Хоёр бугыг алдаад нэг барсыг олоход ямар хорсох учир буй?”.
Юаньшао инээн өгүүлрүүн: “Би үнэндээ наадам үг хэлсэн болой. Гүн дахин хүн илгээж түүнийг түргэн ирүүл!” хэмээв. Сюаньдө өгүүлрүүн: “Сүньцянийг авахаар илгээвээс болмуй”. Юаньшао үгийг дагав. Сюаньдө гарсан хойно Зянь Юн өгүүлрүүн: “Сюаньдө энэ удаа очиход лав эгэж ирэхгүй болой. Би дагаж очихыг хүсмүй. Нэгд болбоос хамт Любяог хэлэлцэж хоёрт Любэйг захирсугай!”. Юаньшао үгийг авч даруй Зянь Юнг Сюаньдө лүгээ явуулав. Гуоту орж Юаньшаог ятган өгүүлрүүн: “Любэй урьд өдөр Люпиг хэлэлцэхээр очоод хэрэг бүтээсэнгүй. Эдүгээ бас Зянь Юншйн хамт Зинжоу мужид илгээвээс лав хойш эгэж ирэхгүй болой”. Юаньшао өгүүлрүүн: “Чи битгий олонтоо сэжиглэгтүн! Зянь Юн өөртөө үзэл мэдэл буй” хэмээв. Гуоту шүүрс алдаж гарав.
Тэндээс Сюаньдө урьдаар Сүньцянийг явуулж Гуань гүнд хэлүүлэн нэгэнтээгүүр Зянь Юн лугаа Юаньшаогаас салаад хотоос гарч явсаар хязгаарын газар хүрсэн хойно, Сүньцянь угтан авч хамт Гуаньдингийн гэрт одвоос Гуань гүн үүдэнд угтаж, сөгдөн золгоод гар барилцан уйлан зогсохгүй. Гуаньдин хоёр хөвгүүнээ дуудаж танхимд учруулбаас Сюаньдө нэр овгийг асуусанд Гуань гүн өгүүлрүүн: “Энэ хүн дүү над лугаа нэгэн овогтой. Хоёр хөвгүүн буйгийн ахмад нь Гуаньнин. Бичиг сурчээ. Дэд нь Гуаньпин цэргийн эрдмийг боловсруулав хэмээмүй”. Гуаньдин өгүүлрүүн: “Эдүгээ миний мунхаг санаанд хоёрдугаар хөвгүүнийг Гуань жанжинг дагуулан илгээсүгэй” хэмээмүй “Багтаах ба үгүйг эс мэдмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Нас хэд болов?”. Гуаньдин өгүүлрүүн: “Арван найм насалжээ”.
Сюаньдө өгүүлрүүн: “Нэгэнтээ ахас хүн ийм санаатай болбоос миний дүү бас хөвгүүнгүй байсаар тул эдүгээ мэргэн ачийг хөвгүүн болговоос ямар” хэмээсэнд Гуаньдин ихэд баярлаад даруй Гуаньпинг Гуань гүнд мөргүүлж журмын эцэг болгоод, Сюаньдөг их авга хэмээн дуудуулав. Сюаньдө Юаньшаог нэхүүзэй хэмээн даруй хөсгийг засаж морджээ. Гуаньпин бас Гуань гүнийг дагаж хамт одов. Гуаньдин нэгэн өртөө үдээд хойш эгснийг өгүүлэхгүй.
Тэндээс Гуань гүн, Во Нюшань уулнаа одох замд орж яван атал гэнэт үзвээс Жоуцан арваад хүнийг авч шарх олж ирмүй. Гуань гүн түүнийг дагуулж, Сюаньдөд уулзуулсан хойно шарх олсон учрыг асууваас Жоуцан хэлрүүн: “Би Во Нюшань уулын өмнө хүрвээс урьд нэгэн жанжин ганц мориор ирээд Фэй Юаньшао лүгээ байлдаж нэгэн удаад Фэй Юаньшаог алаад олныг цөм дагуулж уулыг эзлэн суужээ. Жоуцан би хүрээд олныг элсэн дагуулахад гагц хэдэн хүн ирээд бусад айж дураар салахгүй тул Жоуцан би уурлаж тэр жанжин лугаа байлдаж хэд хэдэн удаа дийлэгдээд биед гурван газар жадлагдсан тул эзэн гүнд мэдүүлэхээр ирэв”. Сюаньдө асууруун: “Тэр хүний зүс байдал ямар? Овог нэр хэн буй?”. Жоуцан өгүүлрүүн: “Нилээд баатар эрэмгий нэр овгийг мэдэхгүй” хэмээсэнд Гуань гүн морь довтолгон урьдаар явж Сюаньдө хойноос даган шууд Во Нюшань уулын зүг очжээ. Уулын дор ирээд Жоуцан хараан дуудваас гэр жанжин хуяг дуулга өмсөөд жад барьж морь тавин олныг авч уулнаас бууж ирэв. Сюаньдө хэдийн өмнө гараад ташуураар зааж дуудан өгүүлрүүн: “Ирэх нь Зылун бус уу?” гэвэл тэр жанжин Сюаньдөг үзээд мориноос бууж замын хажууд сөгдөв. Үзвээс үнэхээр Жао Зылун бөлгөө. Үүнд Сюаньдө, Гуань гүн цөм мориноос бууж харилцан золгоод энд ирсэн учрыг асууваас Жао Юнь203 өгүүлрүүн: “Жао Юнь би авгай танаас салсан хойно гун Сүньзань хүний үгийг авахгүй тул цэрэг дарагдаж өөрөө галд бие барав.
Юаньшао удаа дараа урьсан боловч Жао Юнь би бодоход Юаньшао бас хүн хэрэглэн чадах хүн бус тул очсонгүй бөлгөө. Хойно Сюйжоу мужид очиж авгай таныг эрсүгэй хэмээхүл сонсвоос Сюйжоу мужийг алдаад Юньчан, Цаоцаод дагаж авгай та Юаньшаогийн дэргэд буй хэмээмүй. Жао Юнь би хэдий эрж дагасугай хэмээсэн боловч гагц Юаньшао буруушаагуузай хэмээн дөрвөн далайн дотор энд тэнд явж бие орших газаргүй агсаар урьд өдөр энэ уулыг өнгөрөн одоход Фэй Юаньшао уулнаас бууж ирээд миний морийг булаасугай хэмээхэд Жао Юнь би алаад энэ газрыг зээлэн бие оршив. Жан Идөг Гүчэн хотод буй хэмээн сонсоод одсугай хэмээвч үнэн ташааг мэдэхгүй байсан бөлгөө. Эдүгээ завшаанд авгай тантай уулзжээ!” гэхэд Сюаньдө ихэд баярлаж урьдын хэргийг нэгэн зэрэг хэлсэн хойно Гуань гүн бас урагшийн явдлыг өгүүлэв. Сюаньдө өгүүлрүүн: “Би анхан Зылунд золгосноос хорголзон салж төвдөхгүй байсан бөлгөө. Энэ өдөр олж золгосон нь ихэд завшаан болой!”. Жао Юнь өгүүлрүүн: “Би дөрвөн зүгт эзнийг сонговоос авгайн мэт нь
203 Жао Зылуны өргөсөн нэр
373
үгүй бөлгөө. Эдүгээ олж дагасан нь үнэхээр ерийн санал гүйцжээ. Хэдий элэг цөсөөр газрыг илэвч хорсохгүй болов” хэмээн өгүүлээд тэр өдөр даруй мөн уулын цайзад гал тавиад олныг авч сюаньдөг дагасаар гүчэнгийн зүг ирэв.
Түүнээс Жанфэй, Мижу, Мифан нар угтаж хотод ороод олон харилцан золгож, өөр өөрийн явснаа хэлэлцсэн хойно хоёр хатан юньчангийн хэргийг хэлсэнд Сюаньдө гайхаж барахгүй бөлгөө. Түүнээс үхэр, хонь алж урьдаар тэнгэрийг тахиад, хойно олон цэргийг хуримлав. Сюаньдө ах дүү дахин учраад жанжин түшмэд дутагдалгүй бүрний дээр бас шинэхэн зылунг олж Гуань гүн бас Гуаньпин, Жоуцан хоёулыг олсноор тэсгэлгүй баярлаж, залгалдаагаар хэдэн өдөр сайтар хуримлан уулцав. Хожмын хүн магтан шүлэглэсэн шүлгийн үг:
“Урьд үед ах дүү зүг зүгтээ сарниад
Орон сууцгүй болоод чимээ тасарсан бөлгөө
Олдохуйяа бэрх энэ өдөр эзэн түшмэл дахин нэгэн хурсан нь
Одоо чухам луу, барс салхи үүлэнд уулзсан мэт болой”
Тэр цагт Сюаньдө, Гуань, Жан, Жао Юнь, Сүньцянь, Зянь Юн, Мижу, Мифан, Гуаньпин, Жоуцан морьт явган цэрэг бүгд дөрөв таван мянган хүн буй. Сюаньдө Гүчэнг гээж “Рунаньгийн зүг очсугай!” хэмээн зөвлөхөд цав хэмээн Люпи, Гундү хоёр хүн зарж залахаар ирсэнд даруй цэрэг дагуулан мордож рунаньд очиж суув. Цэрэг цуглуулан морь худалдан авч алгуураар урагш дэвшсүгэй хэмээн бодолхийлэхийг өгүүлэхгүй. Тэндээс Юаньшао Сюаньдөг эгэж ирэхгүй болсонд ихэд хилэгнэн цэрэг байгуулж “Байлдахаар очсугай!” хэмээхэд Гуоту хориглож өгүүлрүүн: “Любэйгийн төлөө зовниход хэрэгтүй. Цаоцао харин хатуу дайсан тул арилгахгүй болбоос үл болмуй. Любяо хэдий Зинжоуг эзлэвч чийргийн тоонд орохгүй. Зяндунгийн Сүнь Бофүгийн сүр гурван мөрөнд
374
алдаршиж, газар нутаг зургаан хошууг эзэлжээ. Зөвлөлийн сайд цэргийн түшмэл маш олон тул хүн илгээж, найрлаад хамт Цаоцаог байлдваас болмуй” хэмээсэнд Юаньшао үгийг авч, даруй бичиг хийж Чэньжэнийг элч болгон зараад Сүньцө лүгээ нийлэхээр илгээв. Энэ чухамхүү:
“Хөбэйгийн аруухан баатар очсоны учир
Зиндунгийн эрэмгий идтэнийг татаж гаргав”
Эгнэгт тэр хэрэг ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )