Монгол Улсын хэмжээнд нэг сард 200 тонн зэсийн хаягдал гардаг ч үүнийг хог гэж хаялгүй нунтаг металл болгож байна. Энэ хүрээнд Их Британи, Герман улсын дэвшилтэт технологид суурилсан, катодын болон хаягдал зэсийг дахин боловсруулж, нунтаг металл гарган авах үйлдвэрийг Талын Металл нунтаг компани байгуулжээ. Ингэснээр дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гаднын улс руу экспортолж байгаа юм. Мөн үйлдвэрлэлийн явцад ашигласан усыг дахин цэвэршүүлж саарал ус болгож байгаа аж. Ингээд тус компанийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөж, нунтаг металлын үйлдвэрлэлийн технологийн талаар Талын Металл нунтаг компанийн гүйцэтгэх захирал Б.Асхартай ярилцлаа.
-Үйлдвэрийн ажиллагаа, техник технологио танилцуулахаас гадна ирээдүйн чиг хандлагын талаар яриагаа эхлүүлэх үү?
-Манайх Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр. Нунтаг төмөрлөг дотор ган, төмөр, зэс, цайр, цагаан тугалга гээд олон янзын металл багтана. Харин манай үйлдвэр гол төлөв зэс, гууль, хүрэл нунтаг үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зорилтот зах зээл хэмээн тодорхойлсон Хятад, Япон, Солонгос, Хойд Америк, Европын орнуудад экспортлохоор төлөвлөсөн.
Гэхдээ төлөвлөсөн гэхээс илүү төсөл анх эхлүүлэхдээ л энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн юм. Мөн өндөр хөгжилтэй орнуудын технологийг нутагшуулж, тоног төхөөрөмжийг Их Британи, Германаас 90 хувийг нь татсан. Харин үлдсэн 10 хувь буюу зарим төхөөрөмжийг дотоодын болон Хятад улсын үйлдвэрээс татан авсан. Үйлдвэрийн төсөл 2019 онд эхэлж, нээлтээ 2022 онд хийсэн. Угтаа бол төлөвлөгөө ёсоор 2020 оны сүүлээр үйлдвэрээ нээх байсан юм.
Гэвч 2020 оны эхээр КОВИД-19-тэй холбоотой хилийн хоригийн улмаас өндөр технологийн тоног төхөөрөмжийг авчрах, угсрах, мэргэжилтнүүдээ сургах болон үйлдвэрлэлийн аргачлалыг таниулах хүмүүс Монголд ирэх боломжгүй болсон. Тиймээс 2021 оны арваннэгдүгээр сар хүртэл үйлдвэрийн ажил нэлээд удаашралтай байсан. Мөн 2021 оны аравдугаар сараас эхлэн Монгол болон Их Британи улсуудын хооронд КОВИД-19-тэй холбоотой хилийн хязгаарлалт алга болсноос хойш ажил хурдацтай байна.
Үндсэндээ 2021 оны аравдугаар сараас 2022 оны гуравдугаар сарын сүүлч хүртэл төслийн ажлын бараг тал хувь нь хэрэгжсэн. Үйлдвэр байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлог. Учир юу вэ гэвэл ашигласан усныхаа 90 хувийг дахин боловсруулж, хаягдал металлын хог байхгүй, утаа тортог гаргахгүйгээр бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Мөн дуу чимээ багатай бөгөөд дотоодод байгаа зэс, цагаан тугалга, гуулийн хаягдлыг дахин боловсруулж байна. Ийм төрлийн металлын хаягдал манай оронд их бий. Түүнийг нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн болгох боломжийг манай үйлдвэр бий болголоо. Түүхий эдийн нэг эх үүсвэр нь дотоодод үйлдвэрлэж буй катодын зэс юм. Үүнийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой болсон.
-Металлын хаягдлыг нунтаг болгон экспортолж байгаа гэлээ. Энэхүү материалаар ямар эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг юм бол?
-Хамгийн ойрхон жишээ гэхэд автомашины зарим тоног төхөөрөмжийг нунтаг төмөрлөгөөр үйлдвэрлэж болно. Жишээлбэл, машины накладкийн дийлэнх нь металл нунтаг байдаг. Металл нунтаг нь үрэгдэж дуусмагц бид машиныхаа накладкийг сольдог шүү дээ. Мөн машины хөдөлгүүрийн очлуурыг хийхэд зэс нунтаг ашигладаг. Машины дотоод эд ангиудыг холбох цахилгаан дамжуулах хөдөлгөөнт контактыг /цахилгаан сойз/ ч мөн зэс нунтгаар хийнэ. Ерөнхийдөө металлурги хоёр чиглэлээр үйлдвэрлэгддэг. Эхнийх нь металлыг хайлуулж хэвэнд цутгах буюу уламжлалт хэв загвар юм.
Нөгөө хэв загвар нь хайлуулж, нунтаг болгон түүнийгээ янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулдаг. Нунтаг металлын давуу тал нь зөвхөн металл гэлтгүй хуванцар материалын жин, нягтыг тааруулах боломжтой. Энэ нь ямар үйлдвэрлэлд нэн чухал вэ гэвэл сансрын болон агаарын тээврийн хэрэгсэлд ашиглагддаг. Тухайн чиглэлийн техник, төхөөрөмжийг хөнгөн хэрнээ, бат бөх байхаар үйлдвэрлэх ёстой. Мөн нисэх онгоцны их бие хөнгөн байх ёстой үүднээс нунтаг металлыг ихээхэн ашигладаг. Нунтаг металлыг ихэвчлэн хайлах хэмээс бага хэмд байлгаж, барьцалдуулсны дараа эцсийн бүтээгдэхүүн болгодог. Түүнчлэн сүүлийн үед нунтаг металлыг 3D хэвлэгчээр хэвлэх болсон. Таван жилийн өмнө гэхэд л 3D хэвлэгч манай оронд дөнгөж нэвтэрч эхэлж байсан.
Харин одоо пластик хэвлэгч ихээр ашиглагдаж байна. Лазерийн туяагаар металл нунтгийг шараад хүссэн эд анги, объектоо хэвлэж болно. Тухайлбал, нэг тоног төхөөрөмжийн жижиг араа нь хугарчихлаа гэж бодъё.Манай оронд металл хайлуулах үйлдвэр байхгүй учраас гаднын улсаас тухайн эд ангийг захиалах хэрэгтэй болно. Хөл хорио, хилийн хязгаарлалтгүй үед ачаа бараа 14 хоногоос хоёр сарын хооронд ирдэг байсан.
Гэтэл одоо урд хөршөөсөө авах бараагаа гурван сараас ч илүү хүлээж байна. Тиймээс тухайн нийлүүлэгч байгууллага нь төхөөрөмжийнхөө дизайн, зураг зэргийг нэг удаа ашиглах зориулалттайгаар системд өгнө. Түүнийг нь шууд 3D хэвлэгчээрээ хэвлэж олшруулах боломжтой болж буй юм. Ерөнхийдөө захиалгаа өгөөд л эвдэрч, гэмтсэн тоног төхөөрөмжийнхөө сэлбэгийг газар дээр нь авах боломжтой юм. Эдийн засгийн үр ашгаа бодвол барааг олон үйлдвэрлэж байж ашиг олно. Гэхдээ 3D хэвлэгчээр тухайн эд ангийг цөөн тоогоор олшруулах боломжтой юм. Харин хамгийн том давуу тал нь орон зай, цаг хугацаа хэмнэж байгаа явдал. Мөн энэ технологи хэрэглээнд нэвтрэхийн хэрээр металлын болон 3D хэвлэгчийн үнэ буурч байгаа.
-Танай үйлдвэр хэд орчим ажилчинтай вэ. Гаднын инженер, мэргэжилтнүүдтэй бас хамтарч ажиллаж байгаа байх?
-Одоогоор манай үйлдвэр есөн ажилтантай байна. Тэдгээр ажилчид маань үйлдвэрийн болон оффис, лабораторийн гэсэн бүтэцтэйгээр ажилладаг. Энэ бол нэг ээлжээр ажиллах бүрэлдэхүүн юм. Үйлдвэр хагас автомажсан тул тийм ч олон ажилтан хэрэггүй. Цаашдаа гурван ээлжээр ажиллаж эхлэх юм бол 22 ажилтантай болох төлөвтэй. Төслийн шатанд гадаад ажилтан олон байсан.
Харин одоогоор тэд нутаг буцсан учир үйлдвэрийн бүх ажилчид монгол хүмүүс. Ерөнхийдөө төслийн шатанд 15 компанитай хамтарч ажилласан байна. Үүний дийлэнхийг зөвлөх үйлчилгээ үзүүлсэн байгууллагууд эзэлсэн. Тэдний зөвлөгөөний дагуу үйлдвэрээ барьж, технологио сайжруулж бүх ажлаа монголчууд өөрсдөө хамтарч хийсэн. КОВИД-19-ийн нэг сул тал нь төслийг нэлээд удаашруулсан ч нөгөө талаараа гадаадын хамтрагчидтайгаа олон цагаар цахимаар хуралдаж, мэдлэг солилцох боломжийг олгосон. Үүний үр дүнд ажилтнууд маань технологийн аргачлалыг маш сайн эзэмшиж авсан. Үйлдвэрийн туршилтын үе дээр голдуу англичууд тусалж, мэргэжлийн үйлдвэрийн үйл ажиллагааг явуулах талаар заасан.
-Дэлхийн 23 оронд нунтаг металлын үйлдвэр бий гэсэн. Манай улсын үйлдвэр тэдгээрээс ямар онцлогтой вэ?
-23 орон гэдэг нь ерөнхийдөө төмөрлөгийн үйлдвэртэй гэсэн тоо нь. Яг нунтаг металлын үйлдвэртэй гэвэл арай цөөн тоотой болно. Голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад энэ чиглэлийн үйлдвэрлэл бий. Мөн зэсийн нунтаг бэлтгэдэг гэвэл 20 хүрэхгүй тоотой орон байдаг. Бид нэг зүйлийг итгэлтэйгээр хэлж чадна. Нунтгийн үйлдвэрээ барихаас өмнө олон улсын үзэсгэлэн худалдаанд их очсон. Түүгээр хэд хэдэн үйлдвэртэй танилцах боломж олдсон юм. Жишээлбэл, Хятадын үйлдвэр гэхэд манай үйлдвэртэй харьцуулалтгүй муу байсан. Аюулгүй ажиллагааны стандарт, ашиглаж буй тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадал бүгд доогуур. Бид Их Британи, Германы тоног төхөөрөмжийг суурилуулсан.
Гэхдээ Их Британид байгаа үйлдвэрийн технологийг бүр илүү сайжруулж эх орондоо нутагшуулсан байгаа. Мөн зарим нэг төхөөрөмжийг илүү инновац шингээж суурилуулсан. Үүнийг тухайн үйлдвэрт нь ажиллаж байсан мэргэжилтэн хэлж байсан юм. “Намайг үйлдвэрт ажиллаж байхад ийм асуудал гарч байсан, үүнийг хянах боломжгүй байсан, том хэмжээний төмрийн хаягдал гарахад шүүх шүүлтүүр байгаагүй” хэмээсэн. Тиймээс монгол инженерүүд үүнийг сонсоод 3D хэвлэгч, төхөөрөмж дээрээ нэмэлт тохируулга хийж босгосон. Ерөнхийдөө Англид байгаа ижил төстэй үйлдвэрээс ч технологи болон, хүчин чадлаараа илүү.
Мөн технологиос гадна үйлдвэрээс гарч буй эцсийн бүтээгдэхүүн хэр зэрэг чанартай байна вэ гэдэг чухал асуудал. Эцсийн бүтээгдэхүүнийхээ чанарыг харвал эхний ээлжид гарсан бүтээгдэхүүний дээжийг авахад ихэнх нь маш бага болон дунд ширхэглэгтэй болсон байсан. Том буюу 150 микроноос /Нэг микрон=1 миллиметрийг мянга хуваасны нэгтэй тэнцүү хэмжүүр/ дээш ширхэглэгтэй бүтээгдэхүүн нийц гарцын дөнгөж найман хувийг эзэлж байна. Энэ бол сайн үзүүлэлт юм. Ерөнхийдөө 45 микрон хүртэлх нь хамгийн бага ширхэглэгтэй гэсэн үг. Бага ширхэглэгтэй их байгаа ба энэ хэмжээ нь бага байх тусам сайн гэж үздэг. Мөн зэсийн агууламж нь их байх тусмаа сайн. Манай бүтээгдэхүүний 99.99 хувь нь зэсийн агууламжтай байна.
-Үйлдвэрийн хүчин чадлын талаар дурдаач?
- Нунтаг металл бол хагас үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн юм. Мөн нунтаг зэс нь зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг шиг уул уурхайн бүтээгдэхүүн биш. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд хүлээн авагчид нь бэлэн байдаг. Жишээ нь, 100 тонн зэсийн баяжмал боловсрууллаа гэхэд хаанаас ч авсан нэг янзын учраас үүнийг худалдан авагч нь бэлэн байна. Харин нунтаг металлын хувьд маркетинг хийж, бүтээгдэхүүнээ танилцуулж, шинжлүүлэх ёстой болно.
Мөн худалдан авагч тэдэн ширхгийг нь авъя гэвэл захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Тиймээс захиалга хэр зэрэг байна тэр хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тул хүчин чадлыг тийм хэмжээтэй гээд шууд хэлж болохгүй. Захиалгын хэмжээ хамгийн дээд талдаа 3000 тонн хүрэх боломжтой. Өөрөөр хэлбэл нэг жилд 3000 тонн хүртэлх хэмжээтэй нунтаг төмөрлөгийн захиалгыг авна. Нээлтээ энэ сард хийлээ. Үйлдвэрийн анхны туршилт энэ оны нэгдүгээр сарын 31-нд хийгдсэн. Одоо бид захиалгаа аваад захиалгынхаа дагуу үйлдвэрлэлээ явуулах гээд бэлтгэж байна. Захиалгаасаа хамаарч үйлдвэрлэлийн зарцуулалтуудаа төлөвлөөд тохируулж байж үйлдвэрлэлээ явуулна. Одоогийн байдлаар бид гурван тонн орчим зэсийн нунтаг гаргасан.
-Үйлдвэрлэлд ашигласан усаа 90 хувь хүртэл дахин боловсруулдаг гэсэн. Үүнийгээ өөр зүйлд ашигладаг уу, эргээгээд үйлдвэртээ дахин ашигладаг уу?
-Манайх үйлдвэрлэлийн үйл явцын хүрээнд хайлуулсан зэсээ өндөр даралттай усаар шүршдэг. Дараа нь шүүгч төхөөрөмж зэсийн нунтгийг аарц шахаж байгаа мэт уснаас шүүдэг. Шүүгчээс гарч буй усаа ерөнхийд нь буцаачихдаг. Мөн энэ явцад ус уурших үзэгдэл маш бага. Шүүсэн усаа бүгдийг нь саарал усны саванд хийнэ. Гурван саванд хуваан хийсэн усаа цэвэршүүлээд буцаагаад нөөцийн сав руу зөөдөг. Энэ усыг бид үйлдвэрлэлдээ эргүүлэн ашигладаг. Тиймээс бид хаягдал огт гаргахгүй, нэгэнт ашигласан усаа хаяхгүйгээр ажиллаж байна.
-Хөрөнгө оруулалтаа хаанаас босгосон бэ. Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн үү?
-Уг төсөл маш шинэлэг, Монголд өмнө нь байгаагүй зүйлийг хийхээр төлөвлөсөн. Мөн энэ чиглэлд дотоодын өрсөлдөөн байхгүй. Харин гадаадад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж, экспортын орлогыг тэлэх зорилгоор эхлүүлсэн бизнес юм. Манай төсөлд Монгол Улсын хэмжээнд ямар ч арилжааны болон төрийн байгууллага, аж ахуйн нэгж зээл, тусламж гэх мэт санхүүгийн туслалцаа үзүүлээгүй. Төслийн 30 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид босгож санхүүжүүлсэн. Үлдсэн 70 хувийг Будапешт хотод төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас зээлж авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын банк улс орондоо шинэлэг, ногоон хөгжлийг эрхэмлэсэн, нэмүү өртөг шингээсэн мөн тогтвортой бизнесүүдэд хөрөнгө оруулалт өгдөг.
Тиймээс тус банк энэхүү төсөл хөтөлбөрийг дэмжиж, үйлдвэрлэл үйл ажиллагаагаа нээхэд маш том тус болсон. Мэдээж бид гадаадаас тоног төхөөрөмж худалдсан авсан. Ингэхдээ тоног төхөөрөмжийн угсралт, барилгын ажил, гадна тохижилт, лабораторийн үйл ажиллагаа гээд энэ бүхний багагүй хувийг дотоодын компаниудад даалгасан. Мөн 2020 оны эхэн үед буюу цар тахлаас үүдэн хөрөнгө оруулалтын зах зээл хумигдсан үед төсөлдөө хэрэгтэй хөрөнгө оруулалтаа авч чадсан нь бидний хувьд ач холбогдолтой зүйл болсон.
-Цаашдаа орон нутагт шинэ үйлдвэр барих, тэлэх бодлого байна уу?
-Нунтаг төмөрлөг үйлдвэрлэх үйлдвэр нэмж барих гэсэн санаа одоогоор байхгүй. Харин бидэнд ийм төлөвлөгөө бий. Нунтаг төмөрлөгийг ашиглан Монголд аж үйлдвэрийн хамгийн эцсийн бүтээгдэхүүн хийе гэсэн төлөвлөгөө гаргасан. Үүнийг дангаараа болон хамтраад хийх санаа байна. Ялангуяа машин механизмын, тоног төхөөрөмжийн инженер, зохион бүтээгчидтэй хамтран ажиллахад бэлэн.
Түрүүн дурдсан араа, очлуур, накладк зэргийг Монголдоо хийх материалыг нь бид үйлдвэрлэчихлээ. Одоо харин жижигхэн хэмжээтэй цехийн түвшинд ч хамаагүй энэ материалыг ашиглаад машин, онгоц зэрэг аж үйлдвэрийн төхөөрөмжүүдийн эд ангийг үйлдвэрлээсэй. Үүн дээр хамтран ажиллаж, хамтран судлахад, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үргэлж нээлттэй. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаадад экспортолж гаргахыг хүсч байна.
-Бүтээгдэхүүнээс гаднын улс орон руу экспортолж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсон цагаас дотоодын үйлдвэрлэгчид танай бүтээгдэхүүнийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн үү?
-Ер нь бол дэлхийн орнуудад электрон бараа, машин зэргийг угсарч байгаа нэг газар байна. Угсрах гэж байгаа эд ангиудаа өөр өөр орноос худалдан авдаг. Хэрэв манай бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хүсвэл энэ тал дээр бүрэн нээлттэй. Дотооддоо цахилгаан бараа угсрах гэж байгаа үйлдвэрүүдэд хэрэгтэй түүхий эд, анги 90 хувь нь гаднаас импортолж авахаар байгаа бол үлдсэн 10 хувь нь манай үйлдвэрт байна.
-Жилд хэчнээн ам.долларын ашигтай ажиллах боломжтой вэ. Нунтаг металл боловсруулах нь дэлхийн зах зээлд ихээхэн эрэлттэй юм байна шүү дээ?
-Энэ тооцоог нэлээд даруухнаар хэлбэл жилдээ бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулбал 15 сая ам.доллар орчмын борлуулалтын орлого олно. Энэ нь ийм хэмжээгээр валют эх оронд маань орж ирнэ гэсэн үг. Үүний дийлэнх нь буюу 70-аас дээш хувь нь үйлдвэрлэлийн өртөгт зарцуулагдана. Гэхдээ энэ өртгийн мөн дийлэнх нь Монгол Улсад зарцуулагдах юм. Үүнд, ажилчдын цалин, тог цахилгааны төлбөр, ажил гүйцэтгэгчийн хөлс, татвар, хураамж зэрэг багтана. Мөн ашиг оллоо гэхэд түүний хэдэн хувийг зээлд зарцуулагдах нь тусдаа тооцоо, судалгаагаар гарч ирэх байх.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )