Jacobin: Ходоод хоосон жагсагчдын тэмцэл хоосон амлалтаар өндөрлөв

2022 оны 04 сарын 26

“Jacobin” сэтгүүлд нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэг болох Сүхбаатарын  талбайд олон мянган залуу дөрөвдүгээр сарын 07, 08-нд  жагссан. Жагсагчид “Бидэнд ямар ч ирээдүй алга. "Бид амьдарч бус, амь зууж байна”  уриа лоозон барьж, “Бид Монголдоо сайхан амьдармаар байна”, "Бид ийм ирээдүйг хүсэхгүй байна"; "Энэ амьдрал мөн үү", “Монголын эдийн засаг сүйрлээ”  хэмээцгээж байв.

Хазаарлаж тогтоож дийлэхээ больсон  инфляц, улстөрчдийн хоосон амлалт, мэдрэмжгүй үгс жагсагчдыг төв талбайд  “авчирчээ”.  Инфляцын  түвшин өсөхөөс өмнө монголчууд “Өрнөөс өрийн хооронд амьдарч байна” гэж өөрсдийгөө тодорхойлдог байсан.

Жагсаалын эхний өдрийн үдээс хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэсэгхэн хугацаанд гарч ирэн  үг хэлсэнд жагсагчид түүн рүү  хоосон хуванцар савнуудыг  шидэв. Шөнийн 2-3 цагийн үед цагдаа нар 10 гаруй залуу жагсагчийг баривчилжээ. Цагдаа нар жагсагчийг барьж, өшиглөж байгаа бичлэг цахим ертөнцөд тарсан нь дараагийн өдөр нь илүү олон хүнийг талбайд цуглахад хүргэсэн.

Эсэргүүцлийн  жагсаалын хоёр дахь өдрийн орой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын өмнө гарч ирэн, өргөн хэрэглээний барааны үнийг буулгахаас эхлээд тээвэр, бизнесийн нөхцөлийг сайжруулах зэрэг 15 шаардлагын хариуд  тодорхой бус хэд хэдэн амлалт өгөв. Үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал Монголын эдийн засгийн форумтай давхцаж байсан учир  жагсагчдын зарим нь уг форумыг “Монголын гамшгийн форум” хэмээн нэрлэж байв.

Гадаадын Элчин сайдын яамд, хувийн хэвшлийн төлөөлөгчдийн өмнө эдийн засгаа сэргээх  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан  эдийн засгийн форум,  Ерөнхий сайдын хоосон амлалтуудын хамт хүмүүсийн энгийн амьдралаас бүрэн тасарлаа. Жагсаал хоосон ходоодтой жагсагчдын хоосон амлалт, хоосон төрийн ордныг эсэргүүцсэн жагсаал боллоо. Хүн бүр өөр өөрсдийн хүсэл тэмүүлэл, дургүйцлийг илэрхийлж байх хооронд “Бид амьдрахыг хүсэж байна” гэсэн уриа лоозон нийтлэг ажиглагдаж байв.

БИД АМЬДРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА

Жагсагчдын уриа лоозон нь улстөрчдийн хоосон амлалтаас давсан гүн гүнзгий утгатай байв. “Үхэж чадахгүй болохоор  амьдрах ёстой”,  “Би амьдармаар байна” гэсэн лоозон барьсан өсвөр насны хүүхдүүд  сэтгэл хөдөлгөм. Хэдийгээр амьдрах  нь хүний хамгийн энгийн бөгөөд  тайлбарлах шаардлагагүй эрх болов ч энэ удаа ямар ч энгийн зүйл байсангүй. Жагсагчид энэхүү шаардлагаа  өдөр тутмын амьдралын наад захын хэрэгцээг хангахтай холбон тайлбарлаж байв. Талх авч чадаж байна уу гэдэг өөр хэрэг.

Гэвч амьдрах нь гэдэг нь идэх, унтах гэсэн  биологийн  хэрэгцээгээ хангахаас огт өөр ойлголт юм. Өр тавихгүйгээр амьдарч чадаж байна уу. Нийгмийн амьдралыг зохицуулдаг төрийн байгууллага, дэд бүтцэд итгэж болох уу  гэдгийг салгаж болохгүй. Олон уриа лоозон дээр “Эх орондоо сайхан амьдаръя” гэсэн үгс нэмэгдсэн нь өндөр цалин авахын тулд Өмнөд Солонгос эсвэл АНУ руу цагаачлахын оронд Монголдоо үлдэх хүсэл өндөр байгааг харуулж буйгийн илэрхийлэл юм. Жагсаал эх оронч өнгө аястай өрнөж, жагсагчид хамтдаа төрийн дууллаа дуулж, сургуулийн насны хүүхдүүд зүрхэн ташаа газраа гараа тавьж,  

Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй

Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй

Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй гэх мэт агшин зуур танил дуунууд эгшиглэв.  Жагсагчдын уриа лоозонгуудыг хамтатган уншихад амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх,  төр улс үндэстэн, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

“Монголчууд эх орондоо ажиллаж, амьдрахыг хүсэж байна”  гэсэн уриа лоозон нь энгийн бөгөөд хүчтэй  шаардлага байв. Гэтэл нийгмийн зардлыг бууруулах, үндсэн бүтээгдэхүүний  үнийг хязгаарлах зэрэг цөөн хэдэн арга хэмжээнээс өөр Засгийн газар юу хийж чадах нь хэнд ч тодорхойгүй үлдлээ. Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого нь  зовлон зүдгүүрийг түр зуур намдааж болох ч капиталист хямралын гүн гүнзгий үр дагаврыг арилгах боломжгүй юм.

Ялангуяа Монгол Улс уул уурхайгаас хамааралтай байгаа нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлд онцгой өртөмтгий болгодог. 2014 оноос  нүүрс, зэсийн үнэ огцом буурсан нь тус түүхий эдээс олох орлогын  хүлээлтийг алдагдуулж, Монголын Засгийн газар өрөнд баригдсан. Түүнчлэн цар тахал нь Монгол Хятадаас эдийн засгийн хараат байдгийг сануулж, экспортын гол зах зээл төдийгүй өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлоход ч хүндрэлтэй байлаа. Хятад хилээ хаасан нь жижиг бизнес эрхлэгчид болон ажилчин ангийнханд сөргөөр нөлөөлсөөр байна.  Аж үйлдвэрийн хүчирхэг баазгүйгээр Монголын эдийн засаг дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнээс ангид оршин тогтнох боломжгүй.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top