Төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтны өөрийн гэсэн имиж бүрдүүлэлт гэж байдаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн өөрийгөө зөв илэрхийлэх, олны өмнө илтгэх урлаг гээд зүй ёсны чадваруудыг эзэмшсэн байх ёстой. Улс төрийн имиж судлаач, имижмэйкер, докторант Л. Цолмонгэрэлтэй энэ сэдвээр ярилцлаа.
-Төрийн албан хаагчид өөрийн гэсэн имижийг бүрдүүлсэн байдаг. Имижээ олоогүй, зөв ярьж чадахгүй байгаа албан хаагчдад юу гэж зөвлөх вэ. Имиж гэдэг нь дотроо олон ойлголттой байх?
-Имиж гэдэг нь тухайн хүний мөн чанар, үзэл баримтлал, харилцаа хандлага, гадаад харагдах байдал, биеийн хэлэмж, үг яриа, үйл хөдлөл гээд тухайн хүнийг бүтээж буй бүх зүйл нь юм. Үүнд нь мэдээж эерэг, сөрөг имиж аль аль нь багтана. Английн имиж судлаач Эльри Семпсон имижийг нэгдүгээрт өөрийн имиж, хоёрт бусдад ойлгогдох имиж, гуравт хүлээгдэж буй имиж гэж ангилсан байдаг. Төрийн албан хаагчдын хувьд бол хүлээгдэж буй имиж буюу шаардагдах имижтэй ажил мэргэжил юм.
Аливаа ажлын байранд тавигдах шаардлага байдаг шиг шаардагдах имиж давхар дагалдаж явдаг. Жишээ нь, удирдах албан тушаалтан хүн хүн удирдах арга барил эзэмшээгүй, бусдад нөлөөлөх болон багаар ажиллах чадваргүй байвал түүний удирдлагад ажиллаж байгаа хүмүүс дарга, удирдлага гэж бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Өгсөн үүрэг даалгаврыг нь тэр бүрийд хангалттай гүйцэтгэхгүй байх жишээтэй. Тиймээс шаардагдах имижтэй ажил хийж байгаа хүн зайлшгүй түүнийг бүрдүүлэх шаардлагатай.
-Удирдах албан тушаалтнуудын өөрийгөө илэрхийлэх чадварт дутагдалтай чанар ажиглагддаг. Дарга нарын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
-Дээр дурдсанчлан тухайн ажлын байрны шаардагдах имиж юу вэ гэдгийг хамгийн түрүүнд ойлгох юм. Мэдээж удирдах албан тушаалтан хүний наад захын шаардагдах визуаль, вербаль имижийг бүрдүүлэх юм. Хэрвээ тухайн ажлын байр болох удирдах албан тушаалтан хүний шаардагдах имижээс өөрт нь огт байхгүй эсвэл сул имижийг тухайн хүн өөрөө хөгжүүлэх, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах замаар суралцаж болно. Түүнээс удирдах албан тушаалтан гэхээр удирдуулж байгаа хүмүүс нь юу ч гэсэн дагана, хүлээн зөвшөөрнө гэж ойлговол өрөөсгөл ойлголт юм.
Манай зарим дарга нарт байдаг буруу ойлголт нь дарга л болсон бол миний эерэг, сөрөг бүх имижийг миний удирдлагад ажилладаг хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн өрөөсгөл ойлголт харагддаг. Угтаа нь энэ нь эргээд өөрсдөд нь сөрөг байдлыг бий болгодог юм. Төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнуудын гаргадаг нийтлэг алдаа нь хайхрамжгүй, эсвэл ажлаа мэдэхгүй хариуцлагагүй байдлаасаа болсон байдаг. Тиймээс хувь хүний хариуцлага, зарчимч байдал гээд бүх зүйл цогцоороо бүрдэж байж хувь хүний имиж бүрдүүлэлт бий болох юм.
-Өнгө гэдэг хүний сэтгэл зүйд шууд нөлөөлөх хүчтэй. Өөрийгөө илэрхийлэх өнгийг олох нь чухал юм шиг. Тухайн орчин, үйл явдлаасаа хамаарч өнгөний зохирол өөрчлөгдөх үү?
-Өнгө гэдэг ойлголт нь маш өргөн хүрээний ойлголт юм. Жишээ нь, өөрийн өнгийг тодорхойлж өөрт тохиромжтой өнгөөр хувцаслах нь тухайн хүний арьс үсийг гайхалтай сайхан харагдуулдаг хэдий ч нөгөө талаасаа өнгө нь хүний сэтгэл зүй бие физиологид санамсаргүй байдлаар асар хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Тийм ч учраас томоохон байгууллагууд ажлын байрны өнгөө зүгээр ч нэг сонгодоггүй, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажлын бүтээмж сайжруулдаг, тайвшруулдаг, илүү бүтээмжтэй эрч хүчтэй ажиллах эсвэл төвлөрч ажиллах нөхцөл боломжийг бий болгодог гэх мэтээр тохиромжтой өнгийг сонгодог.
Тэгвэл хувь хүмүүсийн хувьд хэзээ ямар өнгөөр хувцаслах вэ гэдгээ тухайн өдрийн ажил, уулзалтын хэв маягтаа тохируулж сонговол өөртөө давуу байр суурьтай байх, өөрийн бодол санаагаа үггүйгээр илэрхийлэх гэх зэрэг олон давуу талуудыг бий болгож байдаг. Улстөрчид сонгуулийн үеэр улаан, хөх, ягаан гэх мэт өөрийн гэсэн өнгөө бүрдүүлж хүмүүсийн сэтгэлд хоногшуулдаг шүү дээ. Тухайн албн байгууллагын уриа үг, эрхэм зорилго, үнэт чанар юу байна гэдгээсээ шалтгаалж брэнд өнгөө сонгодог. Төрийн албан хаагчдын хувьд эрээн мяраан, гял цал, хурц тод өнгөнөөс аль болох зайлсхийж төлөв, зарчимч өнгийг сонгох хэрэгтэй.
-Төрийн албан хаагчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахдаа хамгийн түрүүнд бие болон сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
-Камерын өмнө анх гарч байгаа хүмүүс их сандралтай байдаг, гэхдээ хэрвээ тухайн ажлын байр сэтгүүлчдэд яриа өгөх магадлалтай бол энэ тал дээр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яг ямар сэдвээр, ямар өнцгөөр ярих гэж байгаагаа урьдчилан ойлголцож байж яриаг эхлүүлэх нь зөв. Хэдийгээр тэр бүр яриа, ярилцлага өгөх шаардлага гардаггүй ч, өөрийн ажилтай холбоотой хэн нэгэнд тайлбар, мэдээлэл өгдөг бол тухайн үеийн сэтгэл зүйн байдалдаа төвлөрөх бус өөрийн ярих сэдэвтээ анхаарлаа төвлөрүүлэх нь сандралаас гарах бас нэг арга юм.
Мэдээж сэтгүүлчдийн хувьд цохилдуулах, мушгин гуйвуулах, сандаргах асуултууд тавьж болох ч ярих сэдвийнхээ агуулгадаа анхаарлаа төвлөрүүлэх, ярих зүйлээ цэгцтэй бодож хариулах нь зөв, буруу ярихаас сэргийлэх юм. Ярих илтгэх ур чадвараа хөгжүүлэх буюу вербаль имижээ хөгжүүлэх нь энэ тал дээр алдаа гаргахаас сэргийлэх, өөрийн бодол санаагаа зөв цэгцтэй илэрхийлэх сурах боломжийг нээж өгдөг. Нөгөө талаар сэтгүүл зүйн ёс суртахуунд ч санамсаргүй гаргасан хүний алдаан дээр дөрөөлж сэвэх нь хүнлэг бус харагдуулж байгаа юм. Тэгэхээр аль аль талдаа харилцан ойлголцож нийт ард иргэдийн сайн сайхны төлөө бурууд хурц, зөвд зөөлөн хандах нь чухал юм.
-Шууд бичлэгээр камерын өмнө сандраад паникт орох үедээ яах ёстой вэ. Жижигхэн алдаанаас болоод том эрсдэлд орсон жишээ олон шүү дээ?
-Хэдхээн хоногийн өмнө сошиалоор нэг сэдвээр бас шуураад л өнгөрлөө. Шууд бичлэгийн нэг бэрхшээл нь алдаагаа засах боломжгүй байдаг, гэхдээ саяын сошиалоор шуугьсан бичлэгийн хувьд бол яг шууд бичлэг байсан уу, монтажлах боломжтой бичлэг байсан уу гэдгийг сайн мэдэхгүй юм.
Ер нь нэг сандарсан хүн ар араас нь алдаа гаргачих тохиолдол элбэг байдаг. Гэхдээ энэ тохиолдолд мэргэжлийн хүний зүгээс харахад удирдах албан тушаалтан хүн шаардагдах имижээ хангалттай бүрдүүлж чадаагүй байна уу даа гэж дүгнэсэн. Ийм тохиолдолд гоё сайхан гарах гэхээсээ илүүтэй асуултын голд анхаарлаа хандуулаад хийсэн ажлуудаа ярьсан бол нэг их сандрахааргүй байсан болов уу. Энэ жишээн дээр удирдах албаныхан сургамж авах хэрэгтэй.
-Төрийн албан хаагч ажлаа аваад удаагүй байтал дээрхтэй адил зүйл тохиолдвол эвгүй байдлаас өөрийгөө авч гарах чадвартай байх ёстой юм шиг ээ?
-Мэдээж ямар ч ажилд хүн шинээр ороод эхний ажлаа хийхэд сандрал бэрхшээл тулгарах байх. Гэхдээ ажлаа бүрэн мэдэж байгаа хүний хувьд тэр сандрал удаан үргэлжлэхгүй л болов уу. Ер нь сандрал ихэнхдээ тухайн зүйлээ хангалттай сайн мэдэхгүй байхаас үүсдэг болов уу гэж боддог. Нөгөө талаас хэт их баярлах, догдлох эсвэл айх үед сандрал үүснэ. Тухайн хүний сэтгэл зүйн байдалтай холбоотой. Тиймээс ажлын байран дээр анхаарлаа төвлөрүүлэх, хувийн амьдралын асуудал бэрхшээлийг түр хойш тавих, ажил үүргийнхээ жанжин шугамыг алдахгүй байх хэрэгтэй.
-Биеийн хэлэмж гэж тусдаа судалгааны салбар бий. Үүн дээр гаргах ёстой, ёсгүй үйлдлүүдийг дурдана уу?
-Биеийн хэлэмжийн хэл нь хүн төрөлхтний анхдагч хэл, хэдийгээр түүнээс хойш харилцааны хэл, бичгийн хэл, ярианы хэл хөгжиж өнөөдрийг хүрсэн ч биеийн хэл одоог хүртэл бат бөх оршсоор бид хэрэглэсээр л байгаа. Биеийн хэлэмж нь хүний дотоод мэдрэмжийг шууд илэрхийлдэг гэдэг утгаараа хамгийн үнэн зөв байдаг. Хүн амаараа худлаа ярьж байсан ч үйлдлээрээ би худлаа ярьж байгаа шүү гэдгээ илэрхийлж байдаг.
Хэрвээ та биеийн хэлэмжийг төгс уншаад сурчихвал маш олон давуу талыг харилцаандаа бий болгох боломжтой байдаг. Биеийн хэлэмжийн хувьд мэдээж ажил мэргэжил, албан тушаалын хувьд хийж болох болохгүй үйлдлүүд байдаг. Нээлттэй хаалттай, хүчирхэг, сул дорой, найрсаг сөрөг, үл тоосон, итгэлтэй итгэлгүй гээд маш олон биеийн хэлэмж бий. Тэдгээрийг хаана хэзээ, хэн хэрэглэж болох болохгүй гэх зэрэг нь өөр өөр байна. Тэр бүрийг энд дурдана гэвэл маш өргөн хүрээний асуудал учир боломжгүй юм.
-Удирдах албаны дарга нарын хэлж болохгүй үг гэж бий юу?
-“За яах вэ, хоцорчихсон уу, би угаасаа л хоцордог” юм гэх мэт иймэрхүү маш олон үгнүүд тухайн үедээ сошиалоор давлагаалаад нийгмийн дунд “жоке” маягаар тарж, одоо ч оршсоор байгаа ч цаад утгаар нь харвал бас инээд ханиад, наргиа наадам болгоод байхаар ч зүйл биш юм. Энэ нь манай нийгмийн үнэн дүр төрх, хариуцлагагүй байдал, тэгш бус хуулийн хэрэгжилт гэх мэт олон зүйлийг харуулж байна. Угтаа бол нийгэмд зөв үлгэр дуурайл, дүр төрх үзүүлж байх ёстой хүмүүс нь иймэрхүү байхаар харамсалтай санагддаг. Тиймээс амнаас гарч буй үг бүхэн өөрийг тань илэрхийлэх тул сул үг, тоомжиргүй хандлага, ихэрхсэн зан байдлыг төрийн албан хаагчид, удирдах албан тушаалтнууд ог гаргаж болохгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
kuts yanhan gichii mni