Улс орны нөхцөл байдал хэцүү, эдийн засгийн боломж бололцоо тааруу, гадаад орчин нөхцөл биднээс хамаарахгүй байгаагаас үүдэн залуучууд жагсаал хийж төр, засгийнханыг “Ажлаа хий”-хийг шаардсан. Үүний дагуу Засгийн газраас Үнэ тогтворжуулах хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг анх удаа санаачлан батлуулсан. Нэг үгээр эдгээр хуулийн дагуу бид хэмнэж болох бүхнээ хэмнээд хэцүү цаг үеийг хохирол багатай даван туулах ёстой.
Гэвч манай улсад хэзээ ч хэмнэж болдоггүй хэд, хэдэн ажлууд бий. Бүр энэ ажлууд аль нам засаглаж байхаас үл хамааран явагдаж л байдаг юм. Тэдгээрийн нэг нь жил бүр дулаан орохоор III, IV хорооллын замын голыг ухаж, шугам хоолойг нь наранд сайтар хатаагаад буцаан булдаг явдал. Нэг ингээд хатаачихаар ямар ч байсан жилээ даадаг бололтой юм шиг билээ.
Дээрээс нь явган хүний замын хавтан, автозамын хашлага солих ажлууд байна. Огт эвдэрч, хэмрээгүй байсан ч дулаан орохоор л хэдэн нөхөр гарч ирээд хуулан авч, хаймар алх барин мөлхөн байж шинээр сольдог юм. Бүр сүүлдээ хуучныг нь авахад зардал гараад байхаар хэмнэсэн үү, ямартаа ч замын хашлагыг давхарлан хийсэн зураг орчинд явж байгаа харагдсан. Эдгээр ажлуудын цаана асар их хөрөнгө мөнгө яригддаг, олон хүний эрх ашиг явдаг болохоор жилийн жилд явагдаж, ямар ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд хийгдэж л байдаг хэмээн хардах хүн олон байна.
Ер нь тэгээд манай дарга, даамлууд энэ мэт жижиг юм шиг хэрнээ ашиг олдог ажлуудыг гаргууд сайн олдог. Сүхбаатарын талбайд дөрвөлжин гантиг чулуу байрлуулсан нь олны дургүйцлийг төрүүлсэн учраас авсан. Гэвч тэдгээр чулуунууд өнөөдөр хотын аль нэг хэсэгт албан байгууллагуудын үүдэнд байж байгааг алхам тутамдаа харж болно. Хэмнэе гэсэн боловч хэмнэж болдоггүй, улс орны хөгжил, эдийн засагт асар чухал үүрэгтэй энэ мэт ажлууд энэ жил ч үргэлжлэх биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Энэ бол ард олныг доромжилсон хулгай
20 мянгын боржурыг 100 мянга гээд л сайхан шаана шүү дээ. 20 ажилчин гээд 10 ыг ажилуулна, 1 сар гээд 3 сар болгож мөнгийг бол янз бүрээр шаана дөө шаана.