Монголын улс төрийн хоёр том жигүүр бол МАН, АН хоёр байж таарна. Өнөөдрийн хувьд АН-ыг жигүүр гэхэд хэцүү болсон учраас нийгэм, улс төрийн нэгэн даль жигүүр нь гэмтэлтэй байна гэсэн үг. Эдгэж илаарших нь цаг хугацааны асуудал болчихлоо. Энэ нь АН-д эртнээсээ өөдтэй эрчүүд байгаагүйн тод жишээ юм.
Байгаагүй ч учраас 30 жилийн өмнөх Э.Бат-Үүл нар одоо болтол чичирч дайраад, С.Эрдэнэ нар нь намаа худалдаад, Н.Алтанхуяг нар нь бусад руу буруугаа чихээд, Ц.Элбэгдорж нь чимээгүй гэтэх замаар явна. Тэд зөвхөн хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдсээр АН-ыг сүнсгүй болгохын зэрэгцээ цагтаа “АН-ын залуус” хэмээн нэрлэгдэж явсан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын олон залууг дарсаар байгаад хөдөлмөрийн чадвар ярихаар өтөл насанд хүргэчихлээ.
Харин АН юу юунаас илүү эмэгтэй гишүүдтэй байж ирсэн нь өнөөдөр арай ч амь тавьчихаагүй, сэхээнд байна. Үе үеийн парламентын түүхэн дэх эмэгтэйчүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил, санаачлан батлуулсан хууль, хөтөлбөр гэвэл АН-ын данстай эмэгтэйчүүдэд бий. МАН-аас сонгогдсон эмэгтэй гишүүдээс үзээд өгье гэсэн ч санал санаачилга, хууль гэж байхгүй.
Мэдээжийн хэрэг олон хууль санаачилж, батлуулсан байж таарна. Гагцхүү өөрсдийнх нь санал санаачилгаар амьдралын хөрсөн дээр яв цав болсон хууль, хөтөлбөр байхгүй гэдгийг л хэлсэн хэрэг. Жендэрийн хууль, тэгш эрхийн дагуу МАН-аас орж ирсэн 11 кноп өнөөдөр чуулганы танхимд сууж байгаа бол АН-аас хоёр эмэгтэй гишүүн байна.
Анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд хоёр эмэгтэй гишүүн ажиллаж байсан бол 1992-1996 оны УИХ-д хоёр, 1996-2000 оны УИХ-д найм, 2000-2004 оны УИХ-д долоо, 2004-2008 оны УИХ-д тав, 2008-2012 оны УИХ-д гурав, 2012-2016 онд тав, 2016-2020 онд 13, өдгөө 13 гэх мэтээр эмэгтэйчүүдийн тоо өссөөр ирсэн. Ийнхүү байнгын ажиллагаатай парламентын эмэгтэйчүүдийн түүхээс аваад үзэхээр МАН-аас сонгогдсон үе үеийн эмэгтэйчүүдийн санал санаачилга, нийгэмд үзүүлэх нөлөөлөл маш бага явж иржээ.
Хэл ам, хэрүүүл тэмцэлтэй ч АН-аас сонгогдсон эмэгтэйчүүд түүхэн үүргээ гүйцэтгэж ирснийг юу юунаас харж болно. Харин 1992-1996 оны парламентад МАХН-аас ажиллаж байсан Д.Мөнхөө гуайг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хүн бол нийгмийн өмнө хүлээсэн үүргээ тухайн цагт гүйцэтгэж ирсэн, өдгөө ч үргэлжлүүлж яваа хүн.
Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй ерээд оны парламентад эмэгтэйчүүдийн оролцоо гэж тэгтлээ байгаагүй гэхэд болно. Харин ерээд оны сүүлээс эхлэн шийдвэр гаргах шат шатны түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн төдийгүй 1996 оны парламентад найман эмэгтэй гишүүн орж ирсэн нь үзэгдэл байв. Түүний дараа буюу 2000 оны сонгуулиар долоон эмэгтэй орж ирсэн бол энэ тоо аажмаар уруудаж, 2004, 2008, 2012 гээд гурван сонгуулиар 3-5 эмэгтэй сонгогдож байв. Харин 2000 оны эхээс нэлээд хүчтэй яригдаж, 2010 он гэхэд шат шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал ч хурцаар тавигдах болсон. Энэ хэрээр хууль, эрх зүйн орчин ч бүрдэж, намуудын дотоод дүрэм журамд ч эмэгтэйчүүдийн оролцоо, хувь хэмжээг нэмж өгснөөр 2016, 2020 оны парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллаж байгаа нь том үзүүлэлт юм.
Урьд өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнд ч эмэгтэй сайд гэж бараг л байсангүй. Сүүлийн үед Засгийн газарт эмэгтэй сайдууд ажилласаар байна. Одоогоор Үндсэн хуулийн 16.11-д “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасан бол Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3-д “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг хуульчилсан. Үүнээс гадна эдгээрийг дагалдаж гарсан олон хууль тогтоомж болон намуудын дотоод журам нь эмэгтэйчүүдийг төрд олноор бий болгох үндэс суурь болсон.
Цаашид ч шийдвэр гаргах шат шатны түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсээр байх болно. Тэгэхээр улс төрийн намууд эмэгтэйчүүдийн боловсрол төлөвшил, мэргэжлийн ур чадвар, туршлагаас эхлээд олон зүйлд анхаарах цаг нь болжээ. Энд ганц нэгэн жишээ дурдъя. АН-аас 2004-2008 онд сонгогдон ажиллаж байсан Б.Мөнхтуяа гэхэд 2007 онд олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хууль санаачлан батлуулсан юм.
Энэ хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж, Б.Мөнхтуяа “Одонтой ээжүүдийн холбоо” Төрийн бус байгууллага байгуулж, түүний санал санаачилгаар жил бүр Ерөнхийлөгчийн ивээл дор “Мянган ээжийн чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ нь төрөөс олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийг мөнгөн тэтгэлэгтэй болгоод зогсохгүй цаг үргэлж төрийн анхааралд байх сайхан үйл болж байгаагаараа онцлог юм.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд МАН-аас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол урьд өмнө тав буюу найман хүүхэдтэй ээжүүд авдаг байсан “Алдарт эхийн одон”-гийн босгыг намасгах хууль санаачлан дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн нэгэн алхам болсон гэж үздэгийг дурдах учиртай. Энэ мэтээр олон хуульд санал, сэдлээ тусгасан эмэгтэй гэдгийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хүн УИХ-д МАН-аас гурван удаа сонгогдож, салбарын сайд, Байнгын хорооны даргаар ажиллаж байсан гэхэд амьдарлын хөрсөн дээр нэрлэх зүйл гэвэл зөвхөн энэ байгаа нь харамсалтай.
АН-аас 2012-2016 онд ганц удаа сонгогдон ажилласан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Тамхины хяналтын тухай хууль”-ийг барьж авсан төдийгүй 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны гуравдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн нь өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоод орчинд тамхи татахгүй болж, гэр бүлээрээ хоолны газар, ресторанд тамхигүй орчинд цагийг өнгөрүүлэх боломж бий болсон. Мөн ерөнхий боловсролын сургуулиас 500 метр зайд тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглосноор тамхинд эхлэн ордог нас болох ахлах ангийн сурагчид завсарлагаанаар тамхи татдаг байдал эрс багассаныг ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаа харуулсан.
Энэ мэтээр нийгэмд үлдэх, амьдралд эерэг тусах хууль, эрх зүйн орчин бий болгох нь тэдний үүрэг. АН-аас сонгогдон парламентад ажиллаж байсан Б.Дэлгэрмаа гэхэд төрийн тогтолцооны гажуудал, системын согогийг онол практикын үүднээс судалж, үүнийгээ ажил хэрэг болгож явсан бол С.Оюун улс төрийн намуудын тухай хуульд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан байх жишээтэй. Мөн АН-аас 2012-2016 онд парламентад ажиллаж байсан М.Батчимэг агсан улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлд олон зүйл хийсэн төдийгүй энэ чиглэлийн хуульд гар бие оролцсон нь өдгөө ч үнэ цэнээ хадгалсаар байна.
Өнөөдрийн хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа С.Одонтуяа, анх удаа сонгогдсон А.Адъяасүрэн нар намын бүлгийн эрчүүдээсээ илүү ажиллаж, тэр хэрээр нэр хүндтэй байна. Ямартай ч бүлгийн дарга Д.Ганбат, гишүүн Ж.Батсуурь нараа хэд нугалах бодлогтнууд аж. Яг өнөөдрийн байдлаас дурдахад С.Одонтуяа гишүүн Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах хуулийн төсөл санаачлаад явж байна. Энэ бол үндэсний хэмжээнд тулгарч буй бас л нэг “чимээгүй тахал” гэдгийг тэр олж харсан хэрэг. Сүүлийн үед хүүхдүүдийн тараглалт ихээхэн өсөж байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа нь хэт чихэрлэг ундаатай салшгүй холбоотой. Тийм ч учраас тэр монголчуудын эрүүл мэндийн асуудал Үндсэн хуульд болон төрийн гол анхааралд байх ёстой гэж үздэг төдийгүй үүнийхээ төлөө тэмцэг цөөн гишүүдийн нэг.
Тэгвэл анх сонгогдсон А.Адъяасүрэн гишүүн гэхэд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барьчихаад байна. Энэ бол яг л амьдралын хөрсөн дээр эерэг үйлчлэх сайн хууль хэдий ч улс төрийн байдлаас болоод хэлэлцэхгүй байгаа болов уу. Энэ мэтээс харахад АН-аас сонгогдсон үе үеийн эмэгтэй гишүүд өөрсдийнхөө хэмжээнд ажилласан. Гэхдээ тэд нийгмийн чиглэлд, амьдралын хөрсөн дээр эерэг үр дүнтэй хэрэгжиж хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг гаргаж байсан нь тодорхой харагдана. Харин МАН-аас сонгогдсон эмэгтэйчүүдийн хувьд аль болох олон хууль батлахад оролцсон ч өөрсдийнх нь санал санаачилгаар орж ирсэн хууль цөөхөн. Хууль байлаа ч нийгэм, амьдралаас хол тасарсан ийм хууль байх аж. Тэгэхээр МАН эмэгтэйчүүддээ анхаарч, АН эрчүүддээ анхаарах цаг нь болжээ. Жендэр гээд хэн хамаагүй орж ирдэг газар биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
маны зомби шиг эмэгтэй гишүүн байдаг бөөлжис хутгамаар шүү битүү засвар хийчихсэн аймаар ядаж насандаа байл даа
Хуралдаа ч суудаггүй Адьяасүрэнг магтаад мөнгөөр бичүүлжээ. Үгээ ч олиогтой хэлж чаддаггүй харагддаг энэ сэтгүүлчид арай л юм даа. Иргэд биднийг юу ч харж мэддэгүй гэж бодох юм даа. Хөөрхий