Удмын сан хэмээх ойлголт хүнд бус мал амьтанд байдаг талаар генетик судлаач эрдэмтэд тайлбарладаг. Мөн малын генетик нөөцийн тухай хуулийг саяхан УИХ-аас баталсан. Монгол Улс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй эсэх, малын удмын санг хадгалах болон үүлдэр угсааг сайжруулах нь хоорондоо ямар холбоо хамааралтай зэрэг эргэлзээтэй асуудал олны дунд бий. Энэ талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуягтай ярилцлаа.
-Малын удмын сан гэсэн ойлголтыг уншигчдад тайлбарлаач?
-Одоогийн байдлаар Монгол Улсад баталгаажсан 58 үүлдэр, угсааны мал байна. Өөрөөр хэлбэл 58 үүлдэрийн малыг малчин, эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөр судалгааны дагуу бий болгосон. Ингэхдээ туршилт, судалгаа, арга зүйг боловсруулж шинжлэх ухааны түвшинд ажил хэрэг болгосон юм. Тиймээс эдгээр малыг Монгол Улсад тогтвортой өсгөж, үржүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Мөн Монгол Улс мал аж ахуйн орон юм бол дээр дурдсан 58 үүлдэрийн малын удмын санг үндэснийхээ хэмжээнд хамгаалах үүргийг төр хариуцдаг. Үүнийг Үндсэн хуульд хүртэл Мал сүрэг төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг шүү дээ.
Нөгөө талаараа малын генетик нөөцийн тухай хуульд тодорхой тусгагдаж, мэргэжлийн байгууллагуудад энэ чиг үүргийг хариуцуулж өгсөн байдаг. Малын генетик нөөцийн тухай хуульд монгол малын удмын санг хамгаалах, генийн санг бүрдүүлэх, үржүүлэхэд ашиглах болон тоо толгой нь цөөрч устаж байгаа малыг удам зүйн хувьд хамгаалах, өндөр ашиг шимтэй малаар малын чанарыг сайжруулах энэ чиг үүргийг манай байгууллага гүйцэтгэдэг. Монгол мал хөтөлбөрийг 2010 онд УИХ-аас баталсан байдаг.
Үүний хүрээнд 2010 оноос эхлэн малын удмын сангийн үндэсний хүрээлэнгийн цогцолборын ажлыг эхлүүлсэн. Улмаар 2018 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын удмын сангийн үндэсний цогцолборыг улсын төсвөөс баталсан хөрөнгөөр барьж босгосон. Энэ бол сүүлийн 30 жилд мал аж ахуйн салбарт хийгдээгүй нэгдсэн арга хэмжээнд зарцуулсан том хөрөнгө оруулалт болсон юм. Удмын сангийн үндэсний төв одоогоор чиг үүргийнхээ дагуу тоо толгой нь цөөрч байгаа, цаашид хамгаалах шаардлагатай үүлдэр, омгийн мал, гадаадаас сайжруулагч журмаар авчирсан гэх мэт нийт 64 мянган үрийг хасах 196 хэмд хөлдөөж, үрийг нь авч хадгалж буй. Хэрэгтэй тохиолдолд бид хадгалж хөлдөөсөн үрийг авч хээлтүүлж ашиглахад бэлэн байдаг. Цаашид 2024 он гэхэд манай төв Монгол Улсын хэмжээнд баталгаажсан 58 үүлдрийн малын үрийг 100 хувь авч, генийн сан үүсгэнэ.
-Зохиомол хээлтүүлгийн ач холбогдол юу вэ?
-Мөн бид генийн санд байгаагаас гадна импортоор орж ирсэн, иргэд аж ахуй нэгжид байсан малын хээлтүүлэгчийг цогцолбор дээрээ татан авч байршуулаад тэндээсээ үр үйлдвэрлэлийг ажлыг хийдэг. Ер нь сүүлийн жилүүдэд үр үйлдвэрлэлийн хувьд дотооддоо 16-17 мянган үр үйлдвэрлэж байгаа. Дээрх үрийг орон нутагт төвтэй гэрээт 45 ажилтнаар мал үржүүлэгч, малчны захиалгын дагуу зохиомол хээлтүүлгийн ажлыг хийдэг. Монгол Улсын Засгийн газраас тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн бүсэд байх уламжлалт мал аж ахуйг эрчимжүүлж, чанаржуулъя гэсэн чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс тариалангийн бүсэд зохиомол хээлтүүлэг, биотехнологийн үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах ажил эхлүүлсэн.
Уг ажлыг Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас эхлүүлэх бодлого чиглэл, төлөвлөгөө гаргасан байгаа. Мөн 2022 оны төсөвт нийтдээ хоёр тэрбум төгрөг зохиомол хээлтүүлэг, биотехнологийн ажилд зарцуулахаар төсөвлөж аян хэлбэрээр уг ажлыг зохион байгуулахаар болсон. Ажлын хүрээнд энэ сараас эхлэн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 256 мянган үржлийн насны малд үзлэг, оношилгоо хийж байгаа. Эндээс баталгаажиж гарсан дүнгээр аль малыг ямар малтай зохиомол аргаар хээлтүүлэх болон үүлдэр угсааг нь сайжруулах чиглэл гарч ирнэ. Түүнчлэн энэ чиглэлийн хүрээнд тус хоёр аймгийн 16 мянга орчим малд улсын төсвийн зардлаар зохиомол хээлтүүлгийн ажлыг эхлүүлээд байна. Үүний гол ач холбогдол юу вэ гэвэл, өндөр ашиг шимтэй малыг зохиомол хээлтүүлгээр үржүүлбэл гарсан төл мал малчны нүдэн дээр өндөр ашиг шимтэй мал болон өснө. Ийм төл мал төрснөөр тухайн малчин энэ төрлийн малыг өсгөх сонирхол нь улам нэмэгдэнэ. Тиймээс уг ажлыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Шинэ үүлдрийн мал гарган авах, эрлийзжүүлэх нь монгол малын удмын санд ямар нэг нөлөө үзүүлэх үү?
-Нэгдүгээрт, шинэ үүлдрийн мал гаргаж авах нь тухайн улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яамны шийдвэрээр хэрэгжих ёстой ажил юм. Монгол Улсын нутагт дэвсгэрт тэсвэртэй эсэхийг харгалзаж үзэх нь чухал асуудал болдог. Хоёрдугаарт, шинэ үүлдэрийн мал бий болгоход заавал мал аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагын тодорхой арга зүй, удирдамж хэрэгтэй. Мөн үржлийн схем, аргачлал болон технологийг эрдэмтдийн зөвлөлөөр баталдаг. Энэ хүрээнд удирдамж, арга зүйн дагуу тодорхой хугацаанд гадаадаас сайжруулагч мал авчрахаар бол Монгол оронд дасан зохицсон, тодорхой удам зүйн хувьд ялгаатай, үр төлийнхөө чанараар шалгагдсан бүлүүдтэй малыг баталгаажуулж бий болгодог.
Үүний дараа ажлын хэсэг гарч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэр тушаалаар хянан магадлагаа хийгээд түүний дүнг үндэслэн тухайн үүлдэр, омгийн малыг сайдын тушаалаар баталдаг. Тиймээс энэ явц нь монгол малын генд нөлөө үзүүлэхгүй. Энэ бол монгол малын удам зүйд харшлах зүйлгүйгээр тодорхой бүс нутагт бий болгож үржүүлэх явц юм. Мөн тоо толгой нь цөөрөх устах бус улам л арвижиж, ашиг шимийн төрлүүд нь өөрчлөгдөнө гэсэн үг.
-Монгол малын хамгийн ашиг шимтэй үүлдэр нь юу вэ?
-Монголчууд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг цөөн орны нэг шүү дээ. Тиймээс монгол таван хошуу мал Төв Азийн эрс тэс уур амьсгалтай орчинд бүрэн дасан зохицсон байдаг. Өнөөдөр Монгол Улсад баталгаажсан 58 малын үүлдэр дотор монгол адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ орж байгаа. Үүнээс гадна 53 үүлдэр, омгийн малыг эрдэмтэд зохион бүтээгчид хөдөлмөрөөрөө бий болгосон. Энэ болгон монгол мал гэсэн ойлголтод багтана. Харамсалтай нь зарим үүлдэр, омгийн мал сүүлийн жилүүдэд, зах зээлийн эдийн засгийн шуурганаар устаж үгүй болж, тоо толгой нь цөөрсөн юм.
Тухайлбал, социалист буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед төвийн бүсэд өнжүүл үүлдрийн буюу ноосны чиглэлийн ямааг өсгөж үржүүлж байсан. Өнжүүл үүлдрийн ямааны ноосоор ноосон алчуур зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. Мөн Орхон, Ерөө гэх үүлдрийн хонины ноосоор даавуу, цэмбэ гэх мэт материалыг үйлдвэрлэж дотоодын үйлдвэрлэлдээ ашигладаг байсан гэх мэт жишээ бий. Тиймээс одоо цөөн үлдсэн эдгээр үүлдэрийн малыг өсгөж тэднээс авсан ноос, ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй байгаа.
-Сүүлийн үед морин спорт сонирхогч зарим иргэн уралдаанд сойх зорилгоор монгол адууг эрлийзжүүлэх болсон. Үүн дээр хүмүүс тухайн адууг монгол морь мөн, биш хэмээн талцаж маргалдах нь ихэссэн. Үнэхээр эрлийз адуу монгол мал биш гэсэн үг үү?
- Хүмүүс хэрэгцээ шаардлагынхаа дагуу зарим адууг эрлийзжүүлж морин уралдаанд ашиглах нь ихэссэн. Үүн дээр тухайлсан буюу гадаадаас сайжруулагч адуу оруулж ирээд эвцэлдүүлдэг тодорхой үүлдэр болчихсон зүйл Монголд байхгүй. Үндэсний хэмжээнд гадаадаас сайжруулагч авчирч эрлийзжүүлээгүй таван төрлийн адуу бий. Тухайлбал, Тэс, Дархад, Галшар, Монгол гэх мэт үүлдэрийн адуу байгаа. Тэгэхээр хүмүүс хувьдаа эрлийзжүүлж байгаа адууг тусгайлан үүлдэр, омог болгон бүртгээгүй.
-Монгол ямаанаас гаргаж авсан ноолуурыг дэлхийд өндрөөр үнэлдэг. Тэгэхээр 3000 ямаа тэжээх, 300 ямаа тэжээхийн хооронд ялгаа бий. Бэлчээрийн даац болон ноолуурын гарц, чанарт тоо толгой нь хэр нөлөөтэй вэ?
-Бэлчээрийн даацад ямааны нөлөөлөл их байдаг. Тийм учраас Монгол Улсын хэмжээнд өсгөж үржүүлж буй 26 сая ямааны тоо толгойг цаашид өсгөх шаардлагагүй гэсэн төрийн бодлого бий. Харин ямааныхаа чанарыг сайжруулъя гэсэн санал гарсан. Өөрөөр хэлбэл ямааны ноолуурын голч ширхэглэг улам бүдүүрч байгаа. Бүдүүн ширхэглэгтэй ноолуур үйлдвэрт очихоороо үйлдвэрийн шугамын шаардлага хангахгүй, эцсийн бүтээгдэхүүн нь тийм ч чанартай болохгүй байх гэх мэт нөлөө үзүүлдэг. Манай улс дэлхийн тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний зах зээлд томоохон тоглогч болдог. Тийм учраас ямааны ноолуурын өшөө илүү сайжруулах асуудал гарч ирдэг. Тоо буюу гарах ноолуурын хэмжээ бус чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Нэг ёсондоо тогтвортой, жигд ноолуурыг үйлдвэрлэх нь чухал болсон.
Ямааны ноолуурын гарц, ширхэглэг хоёр эсрэг шүтэлцээтэй байдаг. Ноолуурын гарц их байх тусам ширхэглэг нь бүдүүрнэ. Эсрэгээрээ ноолуурын ширхэглэг нь нарийн байх тусам гарц нь багасна гэсэн үг. Тэгэхээр үйлдвэрлэлд аль болох чанартай ноолуур ашиглахыг хүсвэл бид нарийн ширхэглэгтэй ноолуураа хадгалах ёстой. Энэ асуудал нөгөө талаараа түүхий эд бэлтгэн нийлүүлдэг системд өөрчлөлт оруулж ирэх ёстойг сануулж байна. Өөрөөр хэлбэл худалдан авах болон бэлтгэн нийлүүлж байгаа үйлдвэрүүд ноолуурын чанарт шаардлага тавьж өөр өөр үнэ тавих хэрэгтэй.
Тухайлбал, дундаж ширхэглэг нь 14-16 микрон хэмжээтэй байвал хамгийн сайн ноолуур гэж үздэг. Тиймээс тухайн ноолуурын килограммыг 150-200 мянган төгрөгөөр авах гэх мэтээр үнэлж болно. Бүдүүн ширхэглэгтэй ноолуурыг нь арай бага үнэлгээгээр худалдан авч зохицуулах боломжтой. Зах зээлд нийлүүлэхдээ өнгө, ширхэглэг зэргээр нь ангилж үнэ ханшийг нь ялгаж байж нарийн ширхэглэгтэй ноолуураа хадгалж үлдэнэ. Нарийн ноолууртай ямаанаас үндсэндээ 320-330 грамм ноолуур гарна. Харин бүдүүн ширхэглэгтэй ноостой ямаанаас 500 хүртэлх грамм ноолуур гарах боломжтой. Үүн дээр 200 граммын ялгаа гарч байна. Тиймээс үнэ нь чанараараа бус хэмжээгээрээ дээшилдэг. Угтаа бол нарийн ширхэглэгтэй ямааны ноолуур хоёр дахин үнэтэй байх ёстой.
-Монголчууд олон зуун жил бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлсээр ирсэн. Тэгвэл эдийн засгийн үр өгөөж, малын түүхий эдийн гарц зэргийг бодоод эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой гэх хэсэг бий болж. Тэгэхээр бид өнөөгийн нөхцөлд ямар аргаар мал аж ахуйн салбараа хөгжүүлэх шаардлагатай вэ. Энэ хоёрыг хослуулах хамгийн боломжтой арга бий юу?
-Манай улсын төрийн бодлого бэлчээрийн мал аж ахуйг дагнан малаа үржүүлэх зорилготой. Бэлчээрийн мал аж ахуйг өшөө чанаржуулах хэрэгцээ бий. Өөрөөр хэлбэл тухайн орон нутагт бий болсон үүлдрийн малын бүх байгаа түвшинг нь өшөө нэмэгдүүлж, ашиг шим илүү авах асуудалд анхаарах ёстой. Харин газар тариалангийн бүс буюу суурин, хүн ам төвлөрсөн газарт эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх нь зүйтэй. Ингэхдээ тухайн нутгийн онцлогт тохируулж, гаднын улсаас сайжруулагч мал авч ирж эвцэлдүүлэн тухайн малаас гарах ашиг шимийг өндөрсгөх боломжтой.
Өндөр тэжээллэг орчин шаарддаг, тодорхой орон байрны нөхцөл шаарддаг малыг газар тариалангийн бүсэд дагнан үржүүлж, төвлөрүүлэх төрийн бодлого байгаа. Хүн амын өсөлт, хүнсний хэрэгцээ, хот суурин газрын төвлөрлөөс хамаарч эрчимжсэн мал аж ахуйг аль бүсэд хэрэгжүүлэхийг шийддэг. Одоо байгаа, Монголд нутагшсан гадаадын сайн чанарын үүлдэр омгийн малыг түлхүү өсгөж байж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх учиртай. Түүнээс биш аль сайн нь гээд хаа байсан Африкаас мал авчраад эрлийзжүүлээд байж болохгүй.
-Малын генетик нөөцийг хамгаалах тухай хууль батлагдлаа. Энэ хуулиас иргэдийн хамгийн сайн мэдэх ёстой зүйл юу вэ?
-Малчин хүн тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Малыг эрсдэлээс хамгаалах, тухайн бүс нутагтаа тогтвортой үржүүлэх, бэлчээрийн даац хэтрүүлэхээс зайлсхийж түүнийг тооцоолох гэх мэт хуулиар хүлээсэн үүрэг бий. Мөн тухайн хууль үндсэн хоёр мэдээллийн санг агуулж байгаа. Удмын сангийн бүртгэл мэдээллийг нэгтгэх чиг үүргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүлээж буй. Малын үндэсний мэдээллийн нэгдсэн санд үржлийн насны бүх мал бүртгэлтэй байна. Үржлийн насны малыг бүртгэлжүүлснээр тухайн малын чанар, ашиг шимийг тодорхойлно. Бүртгэлээр дамжуулж мөн тэдний тоо толгойг хянах боломжтой болсон. Түүнчлэн бүртгэлээр дамжуулж төрөөс олгогдох урамшууллыг бүртгэл мэдээллийн системтэй нь холбож байна. Ингэснээр сүүний, ноосны гэх мэт урамшууллыг очих ёстой хүнд нь бодит мөнгөн дүнгээр нь өгөх болсон. Энэ хуулийн гол санаа нь монгол малын генийг хадгалж үлдээе, чанартай өсгөж үржүүлье гэсэн агуулгатай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )