ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн даваа гарагт “Russia’s Channel One”-д өгсөн ярилцлагадаа дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул “бодитой” болсныг анхааруулсан байна.
Тэрбээр “Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь НАТО дайнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлж буйг онцлоод “Эдгээр зэвсгүүд нь тусгай ажиллагааны хүрээнд Оросын зэвсэгт хүчний хууль ёсны бай болох юм. Баруун Украин дахь зэвсгийн байгууламжуудад манай арми хэд хэдэн удаа цохилт өгсөн. Өөрөөр бид яах ёстой юм. НАТО үндсэндээ өөрийн төлөөллөөрөө дамжуулан Оростой дайтаж, тэр төлөөллөө зэвсэглэж байна. Дайн бол дайн. Хэрвээ талууд ижил хүсэл эрмэлзэлтэй байхгүй бол яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй. Ямартай ч бид Зеленскийн томилсон багтай хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэжээ.
Түүнчлэн тэрбээр ОХУ-ын анхны байр суурь бол атомын дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан бөгөөд Москва өнгөрсөн нэгдүгээр сард АНУ болон бусад цөмийн зэвсэгтэй гүрнийг энэ талаар тохиролцохыг амжилттай ятгасан. Гэсэн хэдий ч үүнээс хойш нөхцөл байдал ноцтой аюул заналхийлэх хэмжээнд хүртэл муудаад байна. Энэ бол бидний зарчмын байр суурь. Цөмийн дайны эрсдэл асар их. Гэхдээ үүнийг хүсэх хүн олон бий. Аюул нь ноцтой, бодитой. Үүнийг дутуу үнэлж болохгүй” гэжээ.
Оросын дипломатч одоогийн нөхцөл байдлыг 1962 оны Кубын пуужингийн хямрал буюу Карибын тэнгисийн хямралтай харьцуулсан байна. Тэрбээр тэр үед гараар бичсэн ямар ч дүрэм, журам байгаагүй ч Вашингтон, Москва хоёрын харилцаа харилцан итгэлцэл тогтож байсан. Тэр жилүүдэд хоёр орны удирдагчдын хооронд итгэлцлийн харилцаа холбооны суваг байсан. Одоо тийм суваг байхгүй. Хэн ч үүнийг бүтээх гэж оролддоггүй. Эхэндээ оролдлого төдий зүйл хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй" гэсэн байна.
Лавровын мэдэгдэлтэй холбоотойгоор олон улсын зарим ажиглагч ОХУ-ын Гадаад хэргийн сайдын байр суурь болон барууны орнуудын оролцоо, дэмжлэгийг Украины дайн хамгийн хурц үе шат руугаа шилжих эхлэл гэж дүгнэж байна. Учир нь, Украины зүүн хэсэгт явуулж байгаа ОХУ-ын дайны ажиллагаа хангамж, логистикийн асуудлаас шалтгаалан тогтмол эрчтэй үргэлжлэх боломжгүй.
Тиймээс талууд ээлжлэн давшиж, ширүүн тулалдаанууд үргэлжилж, олон хүний амь нас эрсдэх аюултай. Ийм нөхцөлд, Москва фронтод хүнд гарз амсахаас зайлсхийж, стратегийн довтолгооны зэвсгүүд ашиглаж болзошгүй.
Хэрэв Москва тактикийн зэвсэг ашиглаж эхэлсэн тохиолдолд дайны дүр зураг бүрэн өөрчлөгдөх магадлалтай. Хамгийн гол нь, Кремлийн эрх баригчдад тактикийн зэвсэг ашиглах ноцтой шалтгаан хэрэгтэй. Тэр шалтаг нь, ямар нэг байдлаар Украинд үзүүлж буй барууны орнуудын дэмжлэгтэй холбогдох өндөр магадлалтай гэж дүгнэж байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар өнгөрсөн ням гарагт Киевт гэнэтийн айлчлал хийх үеэрээ Украин улсад нэмж зэвсгийн тусламж үзүүлэхээ амласан. ОХУ цэргийн эзлэн түрэмгийлэл эхлүүлснээс хойш АНУ одоогоор Украин улсад ойролцоогоор 2.5 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа юм.
Мөн Вашингтон энэ долоо хоногт Украиныг батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар дэлхийн 40 гаруй орныг хамарсан уулзалт зохион байгуулж, Украиныг зэвсэглэлээр хангах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Нутгаа дайны талбар болгож байгаа Украйны урагшгүй ерөнхийлөгч нэр зүүсэн тэнэгт ухаан хайрла