"Хөөх энд тоть байна хар даа... Нааш ир ээ, энд бүр загас байна... Гоё юм аа" гээд л хүүхэд бүр амандаа уулга алдаж, нүдээ бүлт хийлгэнэ. Нэг нь дуу алдахад л алив гээд бусад нь араас нь ухасхийнэ. Яг л үлгэрийн ертөнцөд гардаг сонирхол татам зүйлээр дүүрсэн ойн цоорхойд ирсэн мэт. Энэ бол байгаль дэлхий, ургамал амьтантай танилцаж яваа багачуудын өртөөлсөн аялал. Тэдний хувьд энэ аялал "Хорвоотой танилцсан түүх"-ийнх нь нэг хэсэг болж үлдэх биз.
Урин дулаан цаг ирж, цэцэг ногоо дэлгэрч эхэлснийг ч хэлэх үү хүн бүрийн сэтгэл гоголзож, байгалийн сайхныг харах аж. Яг энэ үед хүүхдийн сэтгэлийг сэргээж, байгаль эхээ хайрлах, хамгаалах ухамсар суулгаж буй нэгэн газраар зочлов. Энэ бол МУИС-ийн Экологийн боловсролын төв. Ургамал, амьтан, усан сан гээд л байгалийн дүр зургийг нэг дор харуулсан энэ газраар хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч аялахад үзэх юм их.
Тус төвд дунджаар жилд 10 мянга орчим хүүхэд ирж, өртөөлсөн аялал хийдэг гэнэ. Сургуулийнхаа таван өрөөнд олон төрлийн амьтан, ургамал байрлуулж, тохижуулсан байна. Өрөө тус бүрийг өртөө хэмээн нэрлэх бөгөөд энэ таван танхимаар орж, танилцахыг "Өртөөлсөн аялал" хэмээн нэрлэжээ. Эхний танхим буюу өртөө бол цэцэг, ногооны үрсэлгээ байрлуулсан хүлэмж.
Энд агаар, салхигүй, нарны тусгалыг нэвт оруулсан болохоор бүгчим, халуун байлаа. Гэсэн ч сонирхол татсан олон ургамал байсан учир хүүхдүүд халууныг үл ажирна. Сургагч багшийг тайлбарлахын сөхөөгүй "Багшаа, багшаа" гээд л гараа өргөөд асууж эхэлнэ.
Тус төвөөр өртөөлсөн аялал хийхэд 5000 төгрөгийн төлбөртэй байдаг аж. Харин энэ удаад ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэтгэлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” төслийг хүрээнд хүүхдүүдийг үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж.
Үүнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 12-оос дээш насны 5000 хүүхэд оролцож буйгаас УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дэмжин Чингэлтэй дүүргийн 4500 хүүхдийг хамруулж байгаа гэнэ.
Төслийг дэмжиж, дүүргийнхээ хүүхдүүдийг хамруулах болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан 30 жилийн ойн босгон дээрээ шинэ төсөл хэрэгжүүлж байгаа. Байнга хууль, шүүхийн шинэчлэл, эрх зүйн боловсрол олгох ажил хийдэг учраас энэ удаа байгаль орчны боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлэхээр санаачилсан юм. Тус байгууллагатай Эрхзүйн чиглэлээр хамтарч ажилладаг хүний хувьд энэ шинэ төслийг дэмжиж ажиллаж байна. Экологийн боловсролын төвөөр аялах хүүхдүүдийн төлбөрийг бол Ханнс Зайделийн сангаас гаргаж байгаа. Харин бусад ажлыг миний бие зохион байгуулж байна.
Өнөөдөр бол 72-р сургуулийн 200 гаруй хүүхдийг өртөөгөөр аялуулж байгаа. Энэ аялалд дүүргийнхээ 8-р ангийн сурагчдыг түлхүү хамруулахыг зорьж байна. Ургамал, амьтдыг нэг дор амьдаар нь харах газар манай улсад цөөн бий. Мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед байгаль, экологийн талаар хүүхдүүдэд боловсрол олгоно гэдэг маш өндөр ач холбогдолтой гэж харж байгаа" хэмээн ярьсан юм.
Бидний эхэлж орсон энэ өртөөг “Үрийн аялал” хэмээн нэрлэжээ. Харин дараа нь “Манай музейн амьтад”, “Ажилсаг чийгийн улаан”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр”, “Амьд үлдээгээч” гэх өртөөгөөр аялж, байгалийг бодит орчинд нь мэдэрч танилцах аж.
“Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” төсөл үргэлжлэн 5,9,10 дугаар сард хэрэгжиж, хүүхдүүдээ өртөөгөөр аялуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )