Сав, лаазыг 20 төгрөгөөр авах ЭКО ТӨХӨӨРӨМЖ байрлуулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Хог л бол хог гэж харж, ангилан ялгадаггүй байсан үе саяхан. Харин одоо нийслэлийн гудамжинд өнгө нэмсэн хог ангилан хаях сав олон болжээ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр хэсэг хором саатахад гурав алхаад л улаан, шар, цэнхэр өнгөөр ялгасан гурван савыг зэрэгцүүлсэн харагдана.

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимжиж буй энэ цаг үед бид хог хаягдлыг байгальд хор хөнөөл багатайгаар устгах менежментийг бий болгох хэрэгтэй болж байна.  Тэгвэл энэ менежментийн нэг хэсэг болохуйц, нийгэмд сайн жишиг тогтоож буй нэгэн төхөөрөмжийн талаар энэ удаад хүргэж байна. 

Энэ бол хуванцар сав, лааз, жижиг цаасан савыг төлбөртэй авах төхөөрөмж юм. Монголд нэвтрүүлээд удаагүй байгаа энэ төхөөрөмжийг "Экокэш" ХХК-ийн залуус эх орондоо нэвтрүүлж, хөгжүүлэлтийг нь өөрсдөө хийсэн аж. Улмаар одоо нийслэлийн 11 цэг болон Өмнөговь, Дархан-Уул аймгуудад байршуулжээ. 

Тус төхөөрөмжид нэг савыг 20 төгрөгөөр тушаах бөгөөд үүний тулд гар утсан дээрээ "HiPay" аппликэйшн суулгасан байх шаардлагатай. Төхөөрөмжийн дээд хэсэгт байрлах жижиг дөрвөлжин хэсэг рүү тушаах саваа хийж, бар кодыг уншуулсны дараа доод дэлгэц дээр гарч ирсэн QR кодыг утсандаа уншуулахад таны данс руу 20 төгрөг орох юм. 

ВИДЕО ҮЗЭХ
 


"Экокэш" ХХК-ийн захирал П.Очирпүрэв "2018 оноос эхлээд энэ ажлыг эхлүүлсэн юм. Байгаль дээр байгаа хог хаягдлын хэмжээг бууруулах, мөн шингэн хүнс үйлдвэрлэгчид эцсийн хэрэглэгчээ урамшуулахад ач холбогдолтой ажил гэж харж байгаа. 

2019 онд БНХАУ-д эхний 10 ширхэг машиныг захиалгаар хийлгэж, "Номин" сүлжээ дэлгүүрээр туршилтын журмаар байршуулж эхэлсэн. Гэтэл тухайн жилээс эхлээд ковид-19 цар тахал гарсан. Бүтээгдэхүүнийг тушаахын тулд тухайн иргэн төхөөрөмжид заавал гар хүрэх шаардлагатай учраас халдвар хамгааллын дэглэм алдагдана гээд үйл ажиллагаагаа зогсоосон. 

Дараа нь 2022 он эхэлснээс хойш бид хуучин машинаа сэргээн засварлан шинээр угсарч, дахин төхөөрөмжөө суурилуулсан.  Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 11 цэгт байршуулаад байна. Мөн Өмнөговь, Дархан-Уул аймгуудад эхний төхөөрөмжөө суурилуулсан. 

500 граммын ус, ундааны сав 650-750 ширхгийг нэг дор цуглуулах багтаамжтай. Төхөөрөмжийг дүүрсний дараа суллаж аваад түүхий эд нийлүүлдэг цэг рүү тушаадаг. 

Одоогийн байдлаар түүхий эдийн төлбөрийг манай компани санхүүжүүлж байгаа. Цаашид үйлдвэрлэгчид өөрсдөө тухайн бүтээгдэхүүний маркетингийн зардалд гарч байгаа нэг бүтээгдэхүүн тутмаас 50 төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулж, хамтарч ажиллахыг уриалмаар байна. Ингэж байж дахин боловсруулах боломжтой түүхий эдийг эргэлтэд оруулж чадна" гэсэн юм. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top