Украины дайн 1970-аад оноос хойших хамгийн том түүхий эдийн “шок"-ыг бий болгож, энэ нь 2024 он хүртэл үргэлжилнэ гэж Дэлхийн банкнаас мэдэгджээ.
Дэлхийн банк түүхий эдийн зах зээлийн төлөв байдлын тайландаа “Зүүн Европ дахь зөрчилдөөнөөс үүдэлтэйгээр түүхий эдийн ханш дунд хугацаандаа өндөр хэвээр байна. Энэ онд өмнөх жилүүдийнхээс хамаагүй өндөр байх төлөвтэй байна” гэжээ.
Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 84 хувиар өссөн нь 2008 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа юм. Дэлхийн банкны Санхүүгийн байгууллагуудын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Индермит Гилл “Ерөнхийдөө энэ нь 1970-аад оноос хойших бидний харж байсан хамгийн том түүхий эдийн "шок" болж байна. Тэр үеийнхтэй адил хоол хүнс, түлш, бордооны худалдааг хязгаарласан нь цочролыг улам хурцатгаж байна” гэжээ.
Энэ сарын эхээр Украины мөргөлдөөний улмаас дэлхийн хүнсний үнэ дээд амжилт тогтоосон үед уг тайланг гаргажээ.
НҮБ-ын мэдээлснээр, хөгжиж буй 108 орны 1.7 тэрбум хүн эдийн засгийн шинэ цочролд өртөөд байгаа аж. Мөн тус тайланд эрчим хүчний үнэ 2022 онд 50 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд 2023, 2024 онд буурахаар байгааг онцолжээ. Харин эрчим хүчний бус бус хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ энэ онд бараг 20 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.
Украин, Орос хоёр дэлхийн улаан буудай, арвайн экспортын гуравны нэгийг хангадаг. Тэд мөн дэлхийн наранцэцгийн тосны талаас илүү хувийг үйлдвэрлэдэг бөгөөд Орос, Беларусь улс дэлхийн бордооны тавны нэгийг экспортлодог байна. Украины дайны улмаас хэд хэдэн түүхий эдийн нийлүүлэлт тасалдсан нь эрчим хүч, бордоо болон зарим үр тарианы үнэ огцом өсөхөд хүрээд буй. Дэлхийн банкны тайланд дурдсанаар, Брент маркийн нефтийн үнэ 2022 онд дунджаар 100 ам.доллар байх төлөвтэй байгаа нь 2013 оноос хойших хамгийн дээд түвшин бөгөөд 40 гаруй хувиар өсөөд байгаа аж. Дэлхийн банкны үзэж буйгаар газрын тосны үнэ ирэх онд ч өссөөр байх бөгөөд 2023 онд нэг баррель нь 92 ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Тайланд дэлхийн улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжих нь эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулах гол арга зам гэдгийг тодотгожээ. "Бодлого боловсруулагчид эрчим хүчний өсөхөд нөлөөлж буй дарамтыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, нүүрстөрөгч багатай эрчим хүчний шинэ эх үүсвэрийг дэмжих зэрэг бүтцийн өөрчлөлтийг хурдасгах арга хэмжээ авч болно" гэж тайланд дурджээ.
“JP Morgan” компанийн мэдэгдсэнээр, Орос, Украин нь дэлхийн улаан буудайн экспортын 28.9 хувийг бүрдүүлдэг бөгөөд дайн дэгдсэнээс хойш Чикагогийн фьючерсийн бирж дээр улаан буудайн үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүй өндөр үнэд хүрээд байгаа билээ. Өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээний улмаас ОХУ эдгээр бүтээгдэхүүнийг дэлхийн бусад улс оронд нийлүүлэх боломжгүй болсон бөгөөд дайн байлдааны улмаас боомтууд нь хаагдсанаар Украины нийлүүлэлт ч зогсоод байна. “Украин болон Оросын нийлүүлэлтийн “цоорхой”-г тийм ч хурдан нөхөх аргагүй. Тийм ч учраас бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Малпасс хэлжээ.
Түүнчлэн Оросын эсрэг авсан эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хориг хязгаарлалт ч хангалттай цахилгаан эрчим хүчтэй байхаас бусад асуудлыг төдийлөн ойшоодоггүй Европын улс орнуудад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Европын холбооны (ЕХ) цахилгаан эрчим хүчний ойролцоогоор 39 хувийг байгалийн гаралтай түлш шатаадаг цахилгаан станцууд хангадаг бөгөөд ОХУ нь тус холбооны газрын тос болон байгалийн хийн хамгийн том эх үүсвэр юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Украйны асуудал биш нэг гэр бүлийн гаргасан доллар хэмээх цаасыг дэлхийг боолчлох гинжээ болгож элдэв гоё нэртэй сан ман, тусламж, эм, вакцин, зэвсгийн наймаагаар угаадаг та муусайн АНУс уудад учирбайна. улс бүр өөр өөрсдийн мөнгөн тэмдэгттэй тэрүүгээрээ адил тэгш худалдаанд оролцох зарчмыг та нарын зохиосон эзийн засгийн онолын үндсэнд нэг гэр бүлийн мөнгийг угаадаг бусармаг боолчлолын системийг Орос улс устгахад толгойлон орж байгаа юм\n