Б.Алтантуяа: Монгол бичгийг чамирхал төдий биш үндсэн зурлагын махбодийг алдагдуулахгүй бичих ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглээд удаж байна. Үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар, эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар өргөн цараатай олон ажлыг хийдэг болсон. Үндэсний дархлаа, баяр бахдалыг сэрээсэн энэ баяраар “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны хошой аварга, “Уран бичлэгийн улсын уралдаан”-ы тэргүүн байрын эзэн монгол бичгийн багш Б.Алтантуяатай ярилцлаа.


-Үндэсний өв соёлоо тээж яваа танд баярын мэнд хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Баттулгын Алтантуяа гэдэг. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат. 2008 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг эх бичиг судлаач, төвдөч мэргэжлээр төгссөн.  2011 онд  тус сургуульдаа Эх бичиг судлалын магистрын зэргийг хамгаалсан. Мөн 2013 онд Солонгосын Сөүлийн Үндэсний Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, солонгос хэл, ханзны уран бичлэгийн чиглэлээр хагас жил суралцсан.

-Яагаад монгол бичгийн багш, уран бичлэгийн чиглэлээр ажиллах болсон бэ?

-Угаас миний мэргэжил маань монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, монгол бичигтэй салшгүй холбоотой. Монголчууд зүгээр ч нэг бичиг үсэгтэй ард түмэн байгаагүй, харин ч  дэлхийд хосгүй хэд хэдэн бичиг үсгийг зохион дэлгэрүүлж, тэрхүү бичиг үсгээрээ маш гоё уран сайхан бичих сонгодог уламжлалыг бий болгосон байдаг. Миний хувьд анх 2006 онд Т.Жамьяансүрэн багшаараа бийрийн бичлэг заалгасан цагаасаа эхлээд энэ урлагт дурлаж, өдөр бүр тасралтгүй хичээн суралцаж, бас өөрийн сурсан мэдсэнээ бусдаддаа зааж сургах энэ үйлсээ биелүүлж, хичээж явна. Монголчуудын бичиг үсгийн соёл нэн эртний олон зуун жилийн түүхтэй. Нэг хий зурлага, хоосон татлага үгүй. Бүгд өөрийн гэсэн бэлгэдэл, дүрстэй, арга билэгтэй, гайхамшигтай гүн ухааныг агуулсан гэж боддог доо.

-Монгол бичгийг өргөн нийтээр хэрэглэх үүднээс дүрмийг өөрчилж кирилл дуудлагатай ойртуулах шаардлага бий болов уу. Бичлэг галигийн онцлогийг мэргэжлийн хүний үүднээс яривал?

-Монгол бичиг энэ олон зуун жил хэрэглэгдэж ирсний нэг онцлог нь үгийн язгуур үндсэндээ байдаг.  Энэ үгийн язгуур үндэс нь монгол хүний сэтгэлгээг тэлж, баяжуулах нандин холбоос байдаг юм.  Өөрөөр хэлбэл цус, царай, чармай (нүцгэн), чинэрэх  гэх мэт үгсийг дуудлага болоод кирилл бичгээс нэг язгууртай үг гэдгийг мэддэггүй.  Харин монгол бичгээр чису, чирай, чирам-а, чинүрэхү гэж бичдэг. Эндээс “чи-“  гэдэг язгуурын цаад утга учир нь “улаан” гэсэн утгыг илэрхийлж нэг язгууртай үг юм гэдгийг ухаарч ойлгох боломж бий болдог юм. Тэгэхээр дур мэдэн өөрчилвөөс үгийн язгуур утга алдагдаж, дүрмийн гажуудал бий болно гэсэн үг шүү дээ.

-Үндэсний бичиг соёлын өдөр тохиож буй энэ долоо хоногт таны хувьд ямар ажил үйлс өрнүүн байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон өдгөө 19 дэхь жилдээ тэмдэглэж байна. Соёлын яам болоод Үндэсний Номын сан, БСШУЯ, МУИС, ШУА зэрэг олон байгууллагууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Баярын хүрээнд олимпиад, уралдаан тэмцээн, ном судар, уран бичлэгийн үзэсгэлэнгүүд өргөн дэлгэр гардаг. Миний хувьд болоод монгол бичиг үсгээ дээдэлдэг хайрладаг хүмүүсийн хувьд улсын наадам шиг баяр хөөр болдог. Улсын чанартай хэд хэдэн тэмцээнд тэргүүлж байсан.

Зарим тэмцээнд нь оролцоно, бас шүүгч хийнэ, шавь нараа дагуулаад үзэсгэлэн гаргах гээд олон ажил өрнөдөг дөө. Энэ жилийн тухайд Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааны шүүгч хийх, шавь нараа олимпиадад бэлдэж, тэмцээн уралдаанд сойж байна. Зарим үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Үндэсний номын сан, их дээд сургууль, аймгийн номын сан, сургуулиуд гээд мөн ч олон газар ажил өрнөж эх бичигтээ хайртай хүмүүсийн маань нар гарч, үндэсний бичгээрээ омогшдог доо.

-Та Боловсрол телевизийн “Хүмүүн бичиг” нэвтрүүлэгт багш хөтлөгч хийж байсан шүү дээ. Залуус, оролцогчид монгол бичгээ хэр мэдэж байна вэ? Ер нь монгол бичгийг хамгийн хурдан сурах арга юу вэ?

-Өнгөрсөн жил Боловсрол телевизийн “Хүмүүн бичиг” нэвтрүүлгийн багшаар ажилласан. Нэг хэсэгтээ, хүмүүсийн хандлага нь ч тэр  англи хэл, гадаад хэл хэрэгтэй гэдэг байсан бол одоо залуус маань гадаад хэл мөн үндэсний бичиг үсгээ  давхар сурч судлах ёстой гэдэг ухамсар хандлага илүү болсон шиг санагддаг.

Тэр ч утгаараа  монгол бичгээ  залуучууд маш сайн сурч байна. Монгол бичгийг хурдан сурахын тухайд бол хүн эхлээд би энэ бичиг үсгийг сурна гэсэн чин хүсэл, зорилготой байх хэрэгтэй.  Монгол бичгийг сурахад гадаад хэл шиг үг цээжлэх ч юм уу, тийм хэцүү тогтолцоо байхгүй. Ерөөсөө монгол хэлээрээ монгол үндэснийхээ бичгийг сурч байгаа учраас хүн бүр өөрөө хичээгээд хүсээд маш хурдан сурах боломжтой.  Үүний тулд ном сурах бичгээ бэлдэх, сайн чиглүүлж өгөх багш хэрэгтэй. Өдөр бүр багахан цагийг зарцуулаад бичиж, уншиж байх ёстой.

-Уран бичлэгээр бичиж сурахад ямар ур чадвар шаардагдах вэ. Уран бичлэг дотроо хэдэн төрөл байдаг вэ?

-Монгол уран бичээч байхын тулд монгол бичгээр маш сайн уншдаг, зөв бичдэг байх хэрэгтэй. Уран бичлэгийн гол суурь нь бол бийрийн бичлэг юм. Бийрийн бичлэгээ сайн сурчихсан хүнд цаашаа уран бичлэгийн бүтээл туурвихад өөрийнх нь тэр дотоод сэтгэл, авьяас чадвар, хүч хөдөлмөр хэдий чинээ зарцуулна, төдий чинээ хугацаа шаардагдана. Миний хувьд 10-аад жилийн хугацаанд чамгүй олон шавь нарыг  бэлдэж, бийрийн бичлэгийг зааж сургасан. Монгол бичгийн уран бичлэг дотроо гүйлгэн, таталган, хичээнгүй, эвхмэл, дүрс бичлэг зэрэг олон янзаар хөгжиж байна.

Аль алийг нь орхигдуулахгүй авч явахыг хичээдэг, шавь нартаа ч зааж сургадаг. Дээрх төрлүүд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, гоо сайхантай, өгүүлэмж, зориулалттай байдаг. Жишээ нь эвхмэл бичиг бол уран бүтээлчийн сэтгэх, дүрслэн бодох сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзан гэсэн төрөлтэй. Дөрвөлжин эвхмэл бичгийг гол төлөв тамга тэмдэг, хаяг, тийз, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд, дугуй болон угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд өргөн хэрэглэж иржээ. Таталган бичиг бол цаг хугацааг хэмнэх, ажлыг түргэн шуурхай хийхэд нэн тустай. Бичиг бичгийн дундаас монгол бичиг бол таталган бичихэд хамгийн тохиромжтой нь гэж үздэг.

Монгол бичгээр хурдан сайн бичдэг хүн нэг минутанд 100-120 үг бичдэг. Тэр ч бүү хэл морины давхиан дунд элчийн хэлсэн үгийг ацаг, шүд хураан гүйцэн таталгаж байсан хурдан бичээчид олон байсан гэдэг.  Монгол бичгийн нэг онцлог нь хэчнээн бичивч гар чилж  сульддаггүй, дээрээс доошилсон, баруунаас зүүншилсэн нар зөв эргэсэн хөдөлгөөнтэй байдаг учраас үзэг, цаас салж нийлдэггүй. Зөвхөн хурууны хүчээр биш гар, шууны цацлага, хаялгыг цацалж, хаяж орхидог учраас бичээч хүмүүнд тун эвтэйхэн байдаг. Бийр, цаас нийлсэн цагт гар аяндаа эвлэж, тархи зүрх хоёрыг удирдах лугаа хөглөн хөтөлдөг гайхамшигтай бичиг дээ.

-Та Монгол Улсын Төрийн дууллаа монгол бичгээр олонтаа бичиж байсан. Ер нь таны урлан бичсэн томоохон бүтээлүүд юу байна вэ?

-Төрийн дуулалаа төрийн ёслолын бэлэг дурсгалд нэлээн бичсэн. Төрийн гурван өндөрлөг болоод төрийн тахилгат уулсын бичвэрүүдийг бичээд 10-аад жил болж байна. Эзэн Чингис хааны үеэс төрийн бичиг, зарлиг, лүндэн буулгаж асан төрт ёсны бичиг, ёслол хүндэстгэлийн бичвэрүүдийг бичихэд өөрт ер бусын хүч ороод ирэх шиг санагддаг. Энэ хугацаандаа өөрийгөө бясалгаж, дотоод сэтгэлдээ амгалан тайван оршиж, гүн хүндэтгэлтэй хандаж байж сайхан бүтээл гардаг даа. Ер нь монгол бичиг өөрөө тэнгэрээс буулттай эрхэмсэг бичиг болохоор бичээч хүмүүнийг ч цаанаасаа тийм байхыг шаарддаг юм шиг. Манай өвөг дээдсүүд тэгэхээр дээд язгууртай, тэнгэр заяатай, бурхан ухаантай, ямар эрхэмсэг, сонгодог хүмүүс байгаа вэ гэж бодогддог.

-Та үндэсний өв соёлоо тээж, өвлүүлж яваа хүний хувьд эмзэглэж бас бахдаж явдаг зүйл юу байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд бийрээр бичсэн зүйлс, зар сурталчилгаа, бараа таваар хүнсний зүйл зэрэг өргөн дэлгэр хэрэглэдэг болсон. Энэ нь сайшаан дэмжих зүйл мөн боловч алдаа мадаггүй монгол бичгийн зурлагын үндсэн махбодыг алдагдуулалгүй бичих ёстой. Энэ талаар дутагдалтай бичээс олон харагддаг. Уран бичлэг хэмээх нь урлан бичих ухааныг гаргахын хамт уншиж уншиж болохуйц байх ёстой. Зөвхөн гоёл чимэглэл, чамирхал маягаар алдаа мадагтай бичээд байна гэдэг өөрөө маш буруу үлгэр дуурайл юм шүү дээ.

Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг, Алтай судлалын тэнхимийн олон сайхан багш нар болох Ардын багш Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн, Төмөртогоо, Баярсайхан, Бүрнээ, Т.Жамьянсүрэн, Д.Заяабаатар, Э.Мөнх-Учрал гэх мэт багш нараараа хичээл заалгаж, эрдэм номын шавь болсондоо үнэхээр их бахархаж, баярлаж, хүндэлж явдаг даа.

-Өвөрмонголчууд хэдэн зуун жилээр босоо бичгээ хадгалж үлдсэн. Манайхан ч монгол бичгээ төрийн бичиг болгох гэж ярьж бэлтгэж байна. Монгол бичгийн журамласан толиор зөв бичих дүрмийг жигдлэх ажил хэр шатандаа явж байна вэ?

-Өвөрмонголчууд маань том үндэстэн дунд ондоошиж, онцгойрч явааг нь ялгах гол зүйл нь босоо бичиг байдаг. Бид монгол бичгээ халх аялгуугаараа дуудаж бичдэг бол өвөрмонголчууд өөрийнхөө нутгийн аялгуугаар дуудаж бичдэг. Монгол бичигт эгшиг, гийгүүлэгч авиануудыг нэг тэмдэгтээр тэмдэглэж өгсөн нь нутаг нутгийн хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дуудаж унших боломжийг нь нээж өгсөн байдаг. Энэ утгаараа агуу гайхамшигтай сонгодог бичиг л дээ.

Зарим үгсийг толь бичиг дээр зөрүүтэй жигдлээд өгчихсөн, тэр нь уламжлагдаад явчихсан зүйлс байдаг. Үүнийг монгол бичгийн журамласан толиор жигдлэхээр ажил өрнөж байгаа. Монгол бичгийг төрийн бичиг болгох тал дээр улс даяараа мэрийж байж амжилтанд хүрэх байх. Миний хувьд “Оюун түлхүүр” монгол бчигийн дадлагын ном, Ш.Чоймаа багш нартайгаа хамтарч “Монгол хүний нэрийн тайлбар толь”, “Тасам”-ын Ц.Санчир эгчийн бүтээлүүдийг монгол бичгээр хөрвүүлэх гээд өөрийн хувь нэмрийг оруулж явна. Цаашид сурч мэдэх ч зүйл их байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.71.210) 2022 оны 05 сарын 04

хаха

0  |  0
Зочин(64.119.17.213) 2022 оны 05 сарын 04

Монгол бичиг бол мөнх тэнгэрийн бичиг болой. \nДэлхийд цор ганц босоо бичиг болой.

0  |  1
РАВДАН(66.181.160.94) 2022 оны 05 сарын 04

ТААЖ БИЧИЖ УНШДАГ БИЧИГ ШҮҮ ДЭЭ!

1  |  0
Top