“Intellinews”: Монгол ам.долларын хомстолтой тэмцэж байна

2022 оны 05 сарын 06

Монголын тухай “Intellinews” сайтад нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна


Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэгдүгээр сарын сүүлчээс тогтмол буурч, харин инфляц  өссөөр байна. Төгрөгийн ханш унаж, инфляц өсөхөд  Украины дайны нөлөөгөөр Оросын байгалийн хий, эрчим хүч, улаан буудайн үнэ нэмэгдсэн зэрэг хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн. Цаашилбал, БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогоос үүдэн экспорт буурч, улмаар хилээ хаасны үр дүнд Монгол Улсын ам.долларын орлого буурсаар байгаа юм. Эдгээр нь мөн Хятадаас бараа, бүтээгдэхүүн  импортлоход саад болж, тус улсад худалдаалагдаж буй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнийг өсгөөд байна.

Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын жуулчин ирэхгүй, экспорт багассан нь ам.доллар багасах шалтгаан болсон. Импорт, зээл, мөнгөн гуйвуулга, аялал жуулчлал, олон улсын зээл тусламжийн чиглэлээр Монголд голчлон ам.доллар  орж ирдэг. Эдгээр ам.долларын дийлэнх нь Монголбанканд эргэлддэг. Валютын нөөцдөө хэдэн ам.доллар нэмэхийг Монголбанк тодорхойлдог. Үлдсэн хэсгийг долоо хоногт хоёр удаа арилжааны банкууд руу дуудлага худалдаагаар зардаг. Арилжааны банкууд үйлчлүүлэгчдийнхээ хүлээгдэж буй эрэлтэд тулгуурлан ам.долларын үнийн санал гаргадаг.

Хоёрдугаар сарын сүүлээр ОХУ Украин руу довтлохын өмнөхөн оросууд олноороо Монголд ирж ам.доллар худалдаж авсан нь нийлүүлэлтийг улам бүр бууруулсныг  Улаанбаатарын валютын  ченжүүд  мэдээлсэн. Банкирууд болон ченжүүдийн хувьд улс нь валютын нөөцтэй эсэхээс үл хамааран  геополитикийн үйл явдлуудаас  ашиг олохыг хичээдэг. Төгрөгийн ханш буурч буйтай холбоотойгоор иргэд төгрөгийн хадгаламжаа  ам.долларынх болгож хөрвүүлэх хүсэлтэй байна. Гурав, дөрөвдүгээр сард арилжааны банкууд болон “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларын арилжаанд хязгаарлалт тогтоосон.

Гэхдээ  одоо бол эмнэлгийн зардал, гадаадын их, дээд сургуулиудад сургалтын төлбөр төлөх зэрэг яаралтай үед их хэмжээний мөнгө шилжүүлэхэд ямар ч асуудал гарахгүй гэдгийг Монголбанкнаас мэдэгдсэн. Мөн Төв банкнаас валют хөрвүүлэхэд хязгаарлалт тавиагүй, харин арилжааны банкууд тавьсан хэмээж байв. Гуравдугаар сард банкуудын хөрвүүлэх өдрийн хязгаар 50 сая төгрөг буюу ойролцоогоор 16.550 ам.доллар байсан. Харин дөрөвдүгээр сарын дундуур гэхэд 300 мянган төгрөг буюу  99.30 ам. доллар болтлоо буурсан. Улаанбаатар хотод банк, ченж, Фэйсбүүк гэсэн гурван үндсэн зах зээл байдаг. Хувийн иргэд Фэйсбүүкээр дамжуулан валют арилжаа хийдэг.  Банкны ханш, ченжийн ханш, Фэйсбүүк дэх ханшийн  хооронд хэдэн зуун төгрөгийн зөрүү гарч болно.

Дөрөвдүгээр сарын 15-нд Фэйсбүүкээр нэг хүн ам.долларыг 3140 төгрөгөөр худалдаж авах санал тавьсан бол нөгөө хүн 3150 төгрөгөөр худалдан авах санал тавьж байв. Мөн банкууд 3470 төгрөгөөр авч, 3530 төгрөгөөр зарж байв. Түүнчлэн ченжүүд янз бүрийн үнэ санал болгож байв. Тухайлбал,  нэг нь 3420 төгрөгөөр, нөгөө нь 3460 төгрөгөөр авч байна. Тэдний худалдах үнэ 3510, 3550 төгрөг.

Харин тухайн өдөр, яг тэр цагт Монголбанкны албан ёсны ханш 3250 төгрөгөөр худалдан авч, 3551 төгрөгөөр зарагдсан байна. Онолоор бол Фэйсбүүкээр 3150 төгрөгөөр худалдаж аваад банканд 3470 төгрөгөөр зарах боломжтой. Ийм үед Монгол Улс валютын зах зээлийг гажуудуулахгүйн тулд арилжааны банкуудад валютын арбитраж хийх хатуу журамтай. Ам.доллараас гадна бусад гадаад валют ч тус улс хомсдож байна.

Фэйсбүүкт ам.доллараас гадна юань ихээхэн эрэлттэй байсан.  Гэхдээ ам.доллараас ялгаатай нь худалдагчид ханшаа олон нийтэд мэдээлээгүй. Гэхдээ холбоо барих хаягаа үлдээсэн байна. Худалдан авагч нь тэдэн рүү залгаж ханшийг нь  асууж эсвэл илүү сайн үнээр тохиролцож магадгүй юм. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн арилжааны банкны ажилтан бусад  валют ч гэсэн  Монголд хомс байгаа учраас ханш нь өсөж магадгүй гэж үзэж байгаагаа хэлэв. Ам.долларын хомсдолоос болж гадаадын бизнес эрхлэгчид олон улсын төлбөр тооцоог хийхэд хүндрэлтэй байгаа.

“Оорцогийн хөндий” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Төрболд “Зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй жирийн иргэдэд ч хэцүү болж байна. Би Худалдаа хөгжлийн банкны олон улсын виза картаараа төлбөр хийх гэсэн боловч өдрийн хязгаар нь ердөө 330 ам.долларт хүрсэн тул чадаагүй. Компаниуд худалдан авалт хийхдээ өөр өөр валют ашиглаж байгаа байх” хэмээв.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top