Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд буюу "Суут нууц"-ын тухай

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Бидэнд бөө гэж нэг ойлголт бий. Ихэс дээдсийн сүнсийг буулгаж авчирч байгаад амьдран буй хүмүүстэй ярилцуулдаг бололтой юм. Үүн лугаа Д.Дамжинжав зохиолч Ариг бөхөөс эхлээд Галданбошигт, С.Данзан, Ю.Цэдэнбал нарын олон хүний сүнсийг дуудаж ярилцаад “Суут нууц” ном хэвлүүлчихэж. “Цаг хугацаагаар аялагч хангарьд” хэмээн тодотгосон нь дээд тэнгэртэй бүр ч холбогдож байгаа мэт. Ур чадвар, найруулга зүй, үг сонголт гээд яах аргагүй авьяасаар зодоод бичсэн нь харагдана. Би түүх мэдэхгүй л дээ. Гэхдээ зарим сүнс нь өвдсөн, зарим нь шартсан ч байж болох. Гэвч Төрийн шагналт түүхч шарыг нь тайлж, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн нар заримынх нь биеийг нь “эмчлэн” яриулсан болохоор алдаа мадаг бага биз гэж найдна. За энэ ч яахав.

Хойшид Их Монгол Улсын түүхээ хэрхэн яаж нэг мөр зам дээр гаргаж үлдээх вэ хэмээн бичгийн ихэс дээдэс шаналах болсон энэ цагт бас нэг нөхрийн “нууц” олноо дэлгэгдэж байгаа нь зөв үү, буруу юу гэдэг эргэлзээ төрөв. Нөгөө талаар уран зохиолчид нь уран зохиолоо, түүхчид нь түүхээ эргүүлж тойруулмаар байна гэх салбарын зүтгэлтнүүдийн шаналанг нэмсэн нэг ном уншигчдын гар дээр очих төдийгүй талаалалд нийцэж байгаа илт. Энэ нь ирээдүйд хэчнээн амьтны толгойг эргүүлж “мөнхөрөх”-ийг таашгүй.

“Суут нууц”-ыг зохиогч Д.Дамдинжавыг гайгүй сайн мэднэ. Олон амьтны толгойг эргүүлэх хэмжээний авьяас билэгтэй нөхөр. Авъяас билэг их байхын хэрээр сүүдэр нь бас ихээр тусах байх гэсэн эмзэглэл “Суут нууц”-ыг уншаад бодогдов. Юуны өмнө дурдаж хэлэхэд “Суут нууц” номыг би сайн, муу гэж хэлж чадахгүй. Яагаад гэхээр би түүхч биш, эцэг эхээс өвлөж төрсөн өчүүхэн авьяасанд дулдуйдаж, үг, утгын эрэлд хатаж, үзэг түшсэн нэгэн бичээч. Харин “Суут нууц”-ыг уншаад эхлэхэд хойш тавих гэж яарахгүй, “Ийм билүү, тийм билүү” хэмээн хөтлөгдөн уншихаас өөр аргагүй. Нөгөө талаар үг сонголтоос эхлээд хэл, найруулга ч хойш нь чангаахгүй учраас яах аргагүй уншиж дуусгана.

Ийнхүү “Суут нууц” нь ховор содон хэлбэрээр бэлтгэн хэвлүүлсэн нь уншигчдын хорхойг хүргэнэ, магадгүй номын зах зээл дээр чамгүй эрэлттэй ч байж болох. Учир мэдэх нэгэнд бол хадуурч төөрсөн гэмээр энэ мэт зүйл нь олныг байлдан дагуулдаг жамтай гээд аль ч талаас нь харахад нийтэд түгэх нь гарцаагүй. Үүгээр ч зогсохгүй цувралаар гарах юм байна. Ингээд үхсэн хатсан бүхэнтэй ярилцаж, түүнийгээ сэтгүүл зүй, уран зохиол, түүх хэмээн нэгэн ай савд багтаан чихэж тайлбарлаад байвал нэгэн нас бүү хэл хойд насаа нэмээд ч багадах олон цуврал гарч таарна. Миний уншигч олноо учирлан хүргэж байгаа үгс ч “Суут нууц”-ын хүртээмжийг өргөнө үү гэхээс хэлэх гэсэн санааг минь тунгаах нь хэд билээ.

Хамгийн гайхамшигтай нь “Суут нууц”-ын редактораар уран зохиол талаас нь Ардын уран зохиолч Т.Галсан, сэтгүүл зүй талаас нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав, түүх талаас нь Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар нар ажилласан гэдгийг зохиогч өөрөө хэлж байсан. Аль аль нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хоймор залрах аварга амьтад гэдэгтэй маргах аргагүй. Ямартай ч Т.Галсан “Д.Дамдинжав аа ийм уран зохиол гэж байдаггүй юм. Түүх нь түүхээрээ, уран зохиол нь уран зохиолоороо байг” гэж хэлсэнгүй, бахдалтайгаар дэмжиж.  Долгорын Цэнджав “Д.Дамдинжав аа сэтгүүл зүй ийм байж болохгүй. Түүх түүхээрээ байг” гэж хэлсэнгүй, бүр сөгдөж мөргөн шүтэж. Дэмбэрэлийн Өлзийбаатар “Д.Дамдинжав аа эх түүхээр ингэж оролдож болохгүй. Түүх бол өөр зүйл” гэж хэлсэнгүй. Шуудхан л хамтраад явчихаж. Бүгдээрээ бахархаж баадуурсан хүмүүс.

Ингэхээр нийгэмд, уншигч олонд хөдөлшгүй сайн бүтээл хүргэж байна гэж хэнд ч ойлгогдоно. Нийгмийн оюун санаанд хүлээн зөвшөөрөгдсөн салбарын зүтгэлтнүүд ийн өндөр үнэлсэн бүтээлийг хэн хэрхэн сөрөх билээ. Сөрөх гэхээр юу ч мэдэхгүй, мулгуу амьтан болж харагдах гээд хэцүү.

Зохиогчийн болон редакторуудын хэлснээр энэ номд утга зохиол ч байна, сэтгүүл зүй ч байна, түүх ч байна. Цаад санаа нь бол гурван том салбарыг нэгэн ай савд багтаасан түүхэн хүн болох юм уу, яг яах гээд байгааг ойлгох ухаан дутна. Илжиг адуу хоёрын дундаас луус төрдөг гэдэг. Ийм гурван төрөл зүйл нэгэн хавтаст багтахаар чухам юу төрдгийг мань мэт хэлэх аргагүй. Бүтээж гаргаж болсон хойно, тайлбар нь, нэршил нь байж таарна. Т.Галсан, Д.Цэнджав, Д.Өлзийбаатар нарын эрхмүүд нэг нэр бодож олсон байх. Уг нь “Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд байг” гэдэг сэн. Салбарын аваргууд цээж бөгсөө ялгахаа больж, сүүлдээ дунд нь хольж хутгаж байгаа хэрэг юм болов уу.

Нэгэн насаар утга зохиол, эх хэлний төлөө явсан Т.Галсан ямар нэг зүйл тунгаасан учраас дэмжсэн байх. Сэтгүүл зүй, уран зохиолын нэрт төлөөлөгч Д.Цэнджав аль нэг газраас олж сонссон учраас шүтсэн байх. Гол төлөв өчигдрийн хувьсгалын түүх ярьдаг Д.Өлзийбаатар эрх биш аль нэг эх сурвалжаас ямар нэг зүйл олж харсан байх гэж найдна. Ямартай ч эдгээр эрхмүүд шинэ сайхан зүйл төрж гарсныг бахдалтайгаар дуулгасан. Харин өчүүхэн бичигч миний хувьд хаана ч хэзээ ч үхэгдэгсэдтэй ярилцаж, түүнийгээ утга зохиол, түүх, сэтгүүл зүй хэмээн хамтатган тайбарлаж болохгүй хэмээн бодож үзлээ. Гайгүй өсөж яваа эрдэмтэн хоёр ч нөхрөөсөө асуулаа. “Уншаагүй л дээ, чухам ямар зүйл байгааг мэдэхгүй юм. Ер нь бол байж болох зүйл” хэмээн өчнө лээ.

Сайн мэдэж байгаагаар 10 гаруй жилийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш “Чан чун бумбатай эдүүгээчилсэн ярилцлага” хэмээн хэвлүүлж байсан санагдана. Бодоход хашир хүн ингэж болохгүйг мэдээд цааш үргэлжлүүлээгүй биз ээ. Д.Дамдинжавын хувьд маш том эрэлхийлэл хийсэн, зүтгэсэн, бүтээсэн гэдгийг “Суут нууц”-аас харж болно. Чамгүй цаг хугацааг зарж, өөрийн болгосон гэдэг нь ч илт.

Урт удаан хугацаанд намын үзэл суртлын лантуун дор бодлогоор боловсруулсан түүх цээжилж, тодруулсан дүрийг нь шүтэж дээдэлж явсан монголчууд ардчилсан нийгэмд шилжсэн цагаас эхлээд галзуурсан. Их Монгол Улсыг байгуулж, эх газрын талыг эзэлж явсан эзэн Чингис хаан, түүний байлдан дагуулалт, улс төр, ахуй амьдралыг сүүлийн 30 гаруй жилд 30 гаруй янзаар хүлээж авсан ард түмэн гэхэд болно. Үүгээрээ бид хүчирхэг үндэстний түүхийг бүтээчихсэн гэж бодохгүй байна. Харин ч хэтэрхий төөрүүлж орхисон.

Манай уран зохиолд гэхэд өрнөдөд 100 гаруй жилийн өмнө мандаад унтарсан модернист гэх зүйл орж ирсэн нь өнөөдөр ч уугиж байна. Байх л ёстой зүйл. Гагцхүү энэ нь авьяас билэггүй нэгнийг зохиолч яруу найрагч болгон харагдуулснаас бус уран зохиолд шинэчлэл байсан гэдэгт эргэлздэг. Сэтгүүл зүйн ертөнцөд гэхэд “шар” хэмээх төрөл зүйл морилсон. Үүнийг шуудхан үгүйсгэж байгаа хэрэг биш ч сэтгүүл зүйд байх хэм хэмжээнээс хэтэрч, энэ салбарын нэр хүнд, сэтгүүлчдийн нэр хүндэд чамгүй хар толбо үлдээсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх байх. Энэ шилжилтийн үед нийгмийн бүх зүйл өөрчлөгдсөн, зарим нь гажуудсан ч өнөөдөр бага багаар өндийх хандлага байна. Өөрөөр хэлбэл зөв замдаа орох хандлага бий. Түүх нь түүхээ бараадаж, шар хэвлэлийн зах зээл хумигдах хэрээр сэтгүүл зүйн цус цэвэршиж таарна.

Элдэв изм хөөж, эх хэлээ хараасан “уранзохиолчид” эргээд тэр л Монгол хэлний ай сав руу алгуурхан ирж явна. Бүтэн 30 жил галзуурсан хүмүүс мухардалд орж байгаа хэрэг болов уу. Нэн шинэ үеийн түүхэн романчид уншигчдын тархийг угааж байгаа ч цаашид хэм хэмжээндээ байх нь зүйтэй юм гэдэгт байр сууриа нэгтгээд эхэлснийг эрдэмтдийн шүүмжид дурджээ. Гэхдээ энэ 30 жилийн алдаа завхралыг арилгахад ахиад хэдэн жилийн хугацаа шаардлагатай вэ гэдэг том асуудал бидний өмнө бий. Уранзохиолчид нь мундаг түүхч болж харагдах гэдэг, сэтгүүлчид нь бүхнийг мэддэг хүн болох гэдэг, түүхчид нь хуучин улс төрийн нөлөөнөөс бүр мөсөн хагацаагүй ийм мөчлөгт бид амьдарч байна. Энд салбар салбартаа үнэнчээр зүтгэж, бүтээж туурвиж яваа хүмүүсийг бултаар нь хэлээгүй юм шүү. Гагцхүү энд л утга зохиол, сэтгүүл зүй, түүхийн ухааны ноён нуруу, түшиж тулах багана байгаа гэдэгт эргэлздэггүй.

Гэтэл бас бус зүйлс цагийн аясаар гарч ирсээр байна, хэзээ энэ шилжилт дуусах юм бол. Тэр тусмаа утга зохиол, сэтгүүл зүй, түүх хэмээн хамтатган тайлбарлаад зүтгүүлж байгаа нь таатай биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Мал сүрэг гэх нэг бүтэц байдаг ч адуу нь адуугаараа, хонь нь хониороо байх нь чухал. Монголчууд адуу, тэмээ, ямаа, хонь, үхэр гээд бүхэлд нь мал сүрэг хэмээдэг, таван хошуу мал ч гэдэг, “Таван эрдэнэ” гэж магтан дуулсан нь ч бий. Үүн улгаа өгүүллэг, роман, яруу найраг, жүжиг гэх мэт бүхий л төрөл зүйлээ утга зохиол хэмээн нэрлэж ирсэн. Өдгөө хэл шинжлэлийн хүрээлэн, түүхийн хүрээлэн гээд олон байгууллагуудыг нэгтгэн шинжлэх ухааны академи хэмээн нэрийдэх аж. Чухам яах гэж ийн ялгаж салгаж, ангилан буурийг нь зассан хэрэг вэ гэхээр тун ойлгомжтой хариу гарна. 

Өнгөрөгч 2020 онд шиг санаж байна. “Суут нууц”-ыг зохиогч Д.Дамдинжавын “Гол тоглогч” хэмээх улстөрчдийн хөрөг нийтлэлийн номыг Монголын зохиолчдын эвлэл оны шилдэг бүтээлээр шалгаруулан, “Алтан-Өд” шагналаа өгчихсөн. “Гол тоглогч” бол цэвэр сэтгүүл зүйн бүтээл. Харин энэ төрөлдөө чанартай бүтээлийн тоонд зүй ёсоор орно. Хойшид ч нэрлэгдэж үлдэх цөөн бүтээлийн нэг байх болов уу гэж боддог. Миний санаж байгаагаар “Гол тоглогч” ном нь урьд өмнө нь Сэтгүүлдчийн нэгдсэн эвлэлээс шалгаруулдаг “Ган үзэг” наадмаас сэтгүүл зүйн оны шилдэг бүтээлээр шалгарч байсан санагдана.

Гэтэл дараа жил нь Монголын зохиолчдын эвлэл нь оныхоо шилдэг бүтээлээр шалгаруулж байгаагаас харахад шилжилтийн үеийн элийрэл амь бөхтэй оршсоор байгааг илтгэнэ. Миний хувьд үргэлжилсэн үгийн, намтар зохиолын төрөлд оны шилдэгт багтах чансаатай бүтээл төрөхгүй байна гэж огт бодохгүй байна. Муу сайн ч утга зохиол нь утга зохиолоороо, сэтгүүл зүй нь сэтгүүл зүйгээр орших нь зөв биз дээ. Энэ нь манай салбарууд дампуурлынхаа шокноос гараагүйг харуулна. Уг нь “Гол тоглогч”-ийг сэтгүүл зүйн салбар нь аль эрт таниад “манайх шүү” хэмээн “Ган үзэг”-ээр им тамгаа хайрласныг л тухайн үеийн Зохиолчдын хорооны нөхөд анзаарах ч сөхөөгүй шилбүүрдсэн. Чухам юу уншиж, юу судалж, ямар шийдвэр гаргаж байсныг ганц энэ жишээ харуулна. Энэ үед өдгөө “Суут нууц”-ыг тодруулаад байгаа Д.Цэнджав Монголын зохиолчдын эвлэлийг удирдаж байв. Удирдах бүрэлдэхүүнд нь бас бус хүмүүс байсан л байх.

Өдгөө 100 гаруй настай гэх сэтгүүл зүйн салбарын хоймор эзэлсэн Х.Цэвлээ, Т.Баасансүрэн, Ж.Дашдондов гээд аваргууд сэтгүүл зүйн төрлөөр ч бичсэн, утга зохиолын төрлөөр ч бичсэн. Гэхдээ утга зохиол, сэтгүүл зүйн бүтээлээ ялгаж салгаж байсныг зохиол бүтээлээс нь харж болно. Өдгөө Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол Утга зохиол, урлаг сониноос шинэ чөлөөт хэвлэл үүссэн цаг хүртэл 20 гаруй жил сонинд ажилласан. Төрийн шагналт Долгорын Нямаа, Дамбын Төрбат нар “Залуучуудын үнэн” сонинг зах зээлд хөл тавих хүртэл сонин хэвлэлд ажилласан. Ийм олон зохиолч, сэтгүүлч, яруу найрагчид байдаг. Бүгд л ялгаж салгаж бичиж туурвиж иржээ. Хөдөлмөрийн баатар, нэрт зохиолч, сэтгүүлч Л.Түдэв гэхэд утга зохиол, сэтгүүл зүйн салбарын нэртэй зүтгэлтэн, алдартай зохиолч, сэтгүүлч хүн. Энэ хүн хоёр том салбарт зүтгэж, алдрын оргилд хүрэхдээ утга зохиол, сэтгүүл зүйгээ хольж хутгаж яваагүй гэдгийг ч бид мэднэ.

Харин нэрт судлаач Ч.Билигсайхан багш нэгэнтээ “Монголын нууц товчоо бол эртний судар бичиг. Энэ сударт түүх ч бий, уран зохиолч бий. Зарим талаараа угийн бичиг юм” гэж хэлж байсныг бол сонсож байсан. Энд би Д.Дамдинжавын “Суут нууц” номын нэрийг барьж, төлөөлөл болгоод байгаа болохоос бус нийгмийн гажуудал, тэр тусмаа утга зохиол, сэтгүүл зүй, түүх гэсэн гурван салбарын тухайд л дурдаж байгаа хэрэг юм. Учир нь бид аливаа зүйлийг төрөл зүйлээр нь мөн чанараар нь хөгжүүлж цааш явах ёстой. Тэр тусмаа дээр дурдсан гурван салбар бол Монгол Улсын нийгмийн тулгуур хүчин зүйл гэж болно. Энэ мэт тулгуур зүйлсээ хольж хутгалгүй хөгжүүлж явах нь зүйн хэрэг гэж бодсон учраас Д.Дамдинжав дүүгийн “Суут нууц”-ыг төлөөллүүлэн барьж авсан хэрэг юм шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зул(202.9.46.232) 2022 оны 05 сарын 06

Асуудлыг маш зөв өнцгөөс хөнджээ

1  |  0
zochin (202.131.243.86) 2022 оны 05 сарын 06

ih goy bichjee setgeld hurlee amjilt husey\n

1  |  0
Zochin (66.181.160.51) 2022 оны 05 сарын 06

Nomiig ni olj unshihaar yum ba daa

1  |  0
Zochin (66.181.160.51) 2022 оны 05 сарын 06

Shvvmj ni saihan l bolj

1  |  0
Top