1952 оны хавар 22 настай Америк цэрэг Фредрик Х.Дастин БНСУ-ын Инчон хотноо ирж байжээ. Гапён дүүрэг дэх цэргийн ангид ирэх замдаа галт тэрэгний буудал дээр цугларсан хүүхдүүд цэргүүдээс гуйлга гуйж буй дүр зураг түүний Солонгосын тухай анхны сэтгэгдэл байв.
Гэр бүлийнхэндээ бичсэн захидалдаа тэрээр гудамжинд хоол гуйн суух эмэгтэйчүүд, хүүхдүүдийн тухай бичсэн байдаг бөгөөд "Гудамж бүрт эмэгтэйчүүд хөл нүцгэн хүүхдээ тэврээд, эсвэл хэвтээд байж байдаг. Заримдаа тэд хоол гуйх ч тэнхэлгүй болсон байдаг. Тийм үедээ газар хэвтээд амруугаа хуруугаараа заан аврал эрдэг" хэмээжээ.
"Миний сэтгэл маш их гутарч байна. Цөхрөнгөө барсан хүмүүс хэт их байгаа учраас сая доллартай байсан ч тэдний зовлонг нимгэлж чадахгүй байна. Эцэст нь хэн нэгний зовлон зүдгүүрийг үл тоодог хүйтэн хөндий нэгэн болохвий гэж би айж байна. Эдгээр хүмүүсийг гэвч хэзээ ч мартаж чадахгүй байх" хэмээн Сөүлд ирэх үедээ бичсэн тэрээр цэргийн ангид буцаж ирсэндээ ихэд баярласан гэдэг.
Олон жилийн дараа Дастин тухайн үеийн хүүхдүүдийн тухай дурсахдаа "Хэр хэмжээний чихэр, шоколад тараасныг зөвхөн бурхан л мэдэх байх. Хүүхдүүд сурсан англи үгсээ холбон цэргүүдээс чихэр шоколад гуйдаг байсан. Бид үргэлж хүрэмнийхээ халаасыг дүүртэл чихэр чихээд гардаг байсан. Өсвөр насны зарим хөвгүүд гутал тослох, угаалга хийх зэрэг ажлууд хийдэг байсан. Тэд бусад хөвгүүдийг бодвол илүү цэвэрхэн, чамгүй боловсролтой, англи хэл дээр сонин хүртэл уншдаг байсан" хэмээн ярьжээ.
Дастин дайны дараа Сөүлд ихэнх хугацаагаа өнгөрүүлдэг байсан бөгөөд 2018.05.05-ны өдөр буюу "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" 88 настайдаа таалал төгссөн байна. Дайны хүнд үед хангалттай хэмжээнд тусалж чадаагүй хэмээн өөрийгөө буруутгадаг байсан тэрээр тус улсад ихээхэн хэмжээний хандив тусламж үзүүлдэг байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )